Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/69

 

                             

                                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Ц.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Буд овгийн Ц.Т холбогдох 2129000860072 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Т нь 2021 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р баг, Цагаан овоо, ямаан хүрэнгийн 6-602 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Алтансүхтэй хувийн таарамжгүй харилцаанаас буюу “архи нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний хугарал, зулайд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т нь мэдүүлэхдээ: “ …Миний буруу, өөр хэлэх зүйлгүй “ гэв.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №194 дугаартай дүгнэлтээр:

  1. Б.Алтансүхийн биед баруун дээд 1-р шүдний хугарал, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно.
  3. Б.Алтансүхийн биед учирсан 1 шүдний хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдана.
  4. Б.Алтансүхийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн гэрэг тогтоох журмын 2.4.1д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 43-44/

Шүүгдэгч Ц.Т хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Ц.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Т иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний мэдээлэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа Б.Алтансүхэд өгсөн хохирлын мөнгөн дүнгийн жагсаалт  /хх-ийн 67-р хуудас/,  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх яллах болон цагаатгах нотлох баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно

Хохирогч Б.Алтансүхийн нүүрэн тус газар нь өшиглөсөн, баруун дээд 1-р шүдний хугарал, зулайд зулгаралт үүссэн,  энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах тухай  шүүх эмнэлгийн №194  дугаартай дүгнэлтээр  /хх-ийн 43-44-р хуудас/ хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан,   Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, “… гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, …шууд учирсан үр дагаврын гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан тул шүүгдэгч Ц.Т үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Алтансүхийн биед хөнгөн хохирол учирсан байгаа нь шууд хохиролд тооцогдоно.

Хохирогч Б.Алтансүх нь прокурорт гаргасан хүсэлтдээ: “...Миний бие Ц.Т холбогдох эрүүгийн хэрэгт ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 75-р хуудас/ байх тул шүүгдэгч Ц.Т бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  шүүхэд шилжүүлсэн байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөлийг хангасан байна  гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Ц.Т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч Ц.Т ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Т ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг хянаад улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох  ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буд овгийн Ц.Т  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т 500 /таван зуу/-н нэгж буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүхээс биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА