Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/286

 

 

     

 

 

     2021           3             18                                          2021/ШЦТ/286

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч С.П,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Х овогт Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..... дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Б.М нь Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, асрагч мэргэжилтэй, .....-т асрагч ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ..... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Б.М нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Саппоро” худалдааны төвийн уулзварын баруун талын замд “Nissan Teana” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан зорчигч С.Пыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэгт:

Шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Орбитоос гэр рүүгээ харих гээд Саппорогийн уулзар дээр явж байтал явган хүний гарцаар 2 хүн зам хөндлөн гарах гээд зогсож байсан. Арай залуухан хүн нь гүйгээд  зам хөндлөн гарсан. Нөгөө настай хүн нь зам хөндлөн гарч амжаагүй. Би тоормос гишгээд миний машин зогсож амжилгүй хохирогчийг мөргөж, түүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь үнэн. Миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн;

 

            Хохирогч С.П мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цаг 20 минутын үед тэтгэврээ авах гээд нэг хүнтэй хамт Саппорогийн автобусны буудлын ойролцоох явган хүний гарцаар зам хөндлөн гарах гээд машин харж зогсож байгаад машин харагдахгүй болохоор нь зам гарч байтал гэнэт моторын дуу гараад би мөргүүлээд унасан байсан. Б.М энэ хугацаанд надаас таны бие яаж байна гэж огт асуугаагүй. Баримтаар гарсан 920.370 төгрөгийг нэхэмжилж байна. Нэмж нэхэмжлэх хохирол байхгүй гэсэн тус тус мэдүүлгийг гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн ...... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 5-11 дүгээр тал),

 

2. Хохирогч С.Пын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн:

“...Би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрээсээ гараад Саппорогийн Хаан банк орж тэтгэврээ авах гээд явж байгаад осолд орсон. Би Саппорогийн автобусны буудлын баруун талын явган хүний гэрлэн дохиогүй гарцаар урдаас хойш чиглэлд зам хөндлөн гарах гээд зам руу орохдоо ертөнцийн зүгээр баруун тийш хартал машинууд нэлээн хол байхаар нь 1 дүгээр эгнээ өнгөрөөд 2 дугаар эгнээнд орж байтал баруун талаас гэнэт тар няр хийгээд машин сүнгэнээд өнгөрөх шиг болсон. Би нэг хартал зам дээр хэвтэж байсан. Машин нь зүүн тийш нэлээн яваад зогссон байсан. Жолооч эмэгтэй намайг босооч, гэмтэл явъя гээд байсан боловч би босож чадахгүй байсан. Мөргүүлсэн газрын баруун талаас ирж байсан машинаас 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс гарч ирээд намайг мөргөсөн машиныг ухрааж авч ир гэж жолоочид хэлээд, намайг өргөж суулгасан. Би гэмтлийн эмнэлэг рүү тэргэнцрээр ороод рентген зураг авхуулахад эмч “хөлийн яс хугараагүй байна, томографын шинжилгээнд ороорой, хөдөлгөөнгүй хэвтээрэй” гээд эм бичиж өгсөн. ...Томографын зураг авхуулахад нурууны ахар сүүлнээс дээш 5 дахь үеийн L сэртэн хугарсан гэсэн дүгнэлт гарсан. Би осол гарснаас хойш жолооч Б.Мг зөндөө дуудсан боловч утас нь холбогдохгүй, дуудаад авахгүй байсан. Б.Мтай 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тааралдсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиход рентген зураг, эм тариа, тос авч өгсөн. Хэдэн төгрөг болсныг сайн мэдэхгүй байна. Би эмчилгээнд гарах бүх зардлаа нэхэмжилнэ. Осол гарахаас өмнө ямар байсан, тийм хэмжээнд эмчлүүлэх хүсэлттэй байгаа ба одоогоор бүх тооцоо гараагүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал),

-2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...Би одоо яс борлуулах, ардын эмчилгээний эм тан ууж байна. Мөн өвчин намдаах эм ууж, байнга хэвтэрт байгаа. Осол гарсан өдөр Б.М надад тос, барагшун авч өгсөн. Сүүлд ирэхдээ нойрны эм авчирч өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Одоо эмчилгээ хийлгэж дуусаагүй. Шинжилгээ өгөх шаардлагатай байгаа. Одоогоор 920.000 төгрөг баримтаар өгсөн. Эмнэлэгт дахин үзүүлээд зардлын тооцоо гаргаж өгнө. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дугаар тал),

 

3. Иргэний хариуцагч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би ээжийндээ байсан учир осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Осол гарсан талаар маргааш нь Б.Мгаас утсаар ярихад нь сонссон. Би Н.Теана маркийн .... улсын дугаартай автомашиныг 2018 онд худалдаж авсан юм. Тухайн үед 5.200.000 төгрөгөөр авч, одоо тооцоо дуусаад 2020 оны 9 дүгээр сард нэр дээрээ шилжүүлж авсан. Уг автомашиныг эхнэр байнга унаж байгаа. Эхнэр бид хоёр муудалцаад 2020 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байна. 2020 оны 6 дугаар сард оношилгоонд ороход гэрэл нь муу байна гээд тэнцээгүй учир янзлаад дахиж ороод тэнцсэн. Өөр ямар нэгэн эвдрэлгүй, тоормос нь зүгээр ажиллаж байсан. Автомашинд эвдэрсэн зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

 

4. Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр PCR шинжилгээ өгөх гээд нөхөр Э.Э-н нэр дээр бүртгэлтэй “Ниссан Теана” маркийн ... УНА улсын дугаартай автомашиныг жолоодон Хархорин захын хойд замаар баруун зүүн тийш чиглэлд Саппорогийн автобусны буудлын баруун талын зохицуулдаггүй явган хүний гарц руу дөхөж ирж байх үед миний урд явж байсан Т.Приус маркийн автомашин явган хүний гарц өнгөрөөд явсан. Би араас нь явж байтал замын урд талаас хоёр эмэгтэй хүн гарч ирээд арай залуухан нэг хүн нь гүйгээд гарсан. Харин эмээ замын хоёрдугаар эгнээнд гарч ирээд хойш, урагш зангаад машинд мөргүүлсэн. Би тэр хүнийг хараад тоормос гишгэсэн боловч зам халтиргаатай байсан тул гулгаж очоод автомашины баруун гар талын урд кирло хэсгээр шүргэж газарт унагаасан. Эмээ газарт унахдаа хоёр гараараа зам дээр түшээд унасан. Би зүүн гар тийш жолоогоо дарж байж эмээг бага шүргээд машинаа зогсоосон ба буугаад очтол эмээ зам дээр дөрвөн хөлөлчихсөн, босож чадахгүй байсан. 3 дугаар эгнээнд явж байгаад зогссон машины жолооч ах эмээг босгох гээд байсан боловч эмээ өндийж чадахгүй, хөл өвдөж байна гээд байсан. Нөгөө жолооч ах гэмтэл ойрхон байгаа тул хурдан аваад яв, хөгшин хүн учир хурдан яв гээд байхаар нь би туслалцаж машинд суулгаад гэмтэл явсан. Би өөрөөс нь эмнэлэг явах уу гэхэд “энд ойрхон байдаг юм чинь очъё” гэж хэлсэн. Гэмтэл дээр очоод рентген зураг авхуулахад яс нь хугараагүй, зөөлөн эдийн гэмтэл байна гээд эм, тос, дусаагуур бичиж, зөвлөгөө өгөөд хэвтрийн дэглэм барь гэж хэлээд явуулсан. Гэмтэл дээр хүүхэд нь ирээд эмээг авч явсан. Би эмчийн бичиж өгсөн эм, тос зэргийг 54.000 төгрөгөөр авч өгөөд гэртээ харьсан. Тус гарц нь автобусны буудалтай ойрхон, буудал дээр зогсож байсан автобусны хойд талаар гараад ирсэн. Мөргүүлсэн хүний урд явж байсан хүн урдуур гүйсэн, эмээ амжиж гарч чадаагүй. Би тулж ирээд зүүн гар тийш дараад тоормос гишгэсэн. Уг автомашинд бага зэргийн засвар хийх шаардлагатай байсан. Тоормос, эд ангийн хувьд ямар байсныг мэдэхгүй. Мотор нь хааяа доголдоод байх шиг байсан. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулах хүсэлтэй байгаа боловч одоогоор санхүүгийн асуудал хүнд байгаа тул төлж барагдуулсан зүйл байхгүй. Тооцоогоор гарсан 920.000 төгрөгийг төлж барагдуулна.

Би сард үндсэн цалин 505.000 төгрөг авахаас татвар төлөөд 380.000-410.000 орчим төгрөг авдаг. Эмнэлэгт 6 жил ажиллаж байна. Хамаатан саднаас тусалж дэмжиж байгаа зүйл огт байхгүй. Нөхөр ч туслахгүй байгаа. 3 хүүхдийн мөнгө орж ирж байгаа бөгөөд 1 хүүхдийн мөнгийг зээлийн төлбөрт өгдөг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дүгээр тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 619 дугаартай дүгнэлтэд:

            Хэсэг газрын үзлэгт: Бүсэлхий, нуруунд бэхэлгээ зүүсэн, бэхэлгээг авч үзэхэд нугалам дагуу эмзэглэл ихтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан, зүүн тахимд 3х3 см, зүүн өвдөг, шилбэний урд, гадна хажуу гадаргуу хамарсан 42х18 см, зүүн шагайн эргэн тойрон хүрэн ногоон, захаараа шаргал өнгийн шимэгдэж буй цус хуралттай, хаван хавдартай, эмзэглэлтэй, үений хөдөлгөөн хязгаарлагдсан.

            2021.01.09-ний өдрийн эмчийн үзлэгт: онош: Бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал. /Эмч Ганбаярын Лхагвадорж гэх тамга дарагдсан/.

            2021.01.08-ны өдрийн “Мед траума” толгойн КТГ-д: 2 талын дух болон зулайн дэлбэнгийн гадрын доорхи болон гүний цагаан бодист алаг цоог байрлалтай олон тооны гиподенсив өөрчлөлттэй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. ...суурь болон гавлын ясанд хугаралгүй. ...эмч Ч.Мөнхцэцэг гэжээ.

            2021.01.08-ны өдрийн “Мед траума” бүсэлхий нурууны КТГ-д: Бүсэлхийн лордоз хадгалагдана, бүсэлхий нуруу зүүн тийш мурийлттай. Бүсэлхийн 5 нугалмууд хэвийн дарааллаар тодорхойлогдоно. Бүсэлхийн 1 дүгээр нугалмын өндөр намссан, дарагдлын шинэ хугаралтай ба нугасны сувгийн өмнөд зай хэвийн. Сээрний доод болон бүсэлхийн нугалмуудын гадаргууд яс ургалттай. Бүсэлхийн 2, 5-р нугалмуудад Шморлын ивэрийтэй. TH8/9-L1/2 түвшинд нугалам хоорондын жийргэвчинд хийтэй. /Vacuum Phenomenon/. /Эмч Ч.Мөнхцэцэг гэх тамга дарагдсан/.

            Дүгнэлт:

1. С.Пын биед бүсэлхийн 1-р нугалмын хугарал, зүүн өвдөг, шилбэ, шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Б.Ганзориг/ ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),

 

6. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн шинжээчийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтэд:

Хариулт 1. Уг автотээврийн хэрэгслийг багаж, тоног төхөөрөмж дээр шалгахад: урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүүний идэвхжилтийн хэмжилтүүд, зогсоолын тоормос, дугуйн хээний гүн, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал зэрэг нь стандартын шаардлага хангасан нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Зүүн гар талын холын гэрлийн тусгал байхгүй, уг автотээврийн хэрэгсэл ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: урд буфер баруун гар талын их гэрлийн доод хэсэгт сэвтэй, зүүн гар талын крыло урд хэсэгтээ зурагдаж будаг нь халцарч хонхойсон, зүүн гар талын тоормосны гэрлийн бүрхүүл хагархай, хойд хоёр амортизатор тос гоожсон, иж бүрдэл /эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг гэх мэт/ байхгүй зэрэг эвдрэл гэмтлүүд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

Хариулт 2. Урд буфер баруун гар талын их гэрлийн доод хэсэгт сэвтэй, зүүн гар талын крыло урд хэсэгтээ зурагдаж будаг нь халцарч хонхойсон, зүүн гар талын тоормосны гэрлийн бүрхүүл хагархай, зүүн гар талын холын гэрлийн чийдэн асахгүй хойд хоёр амортизатор тос гоожсон эвдрэлтэй байна.

Хариулт 3. Урд буфер баруун гар талын их гэрлийн доод хэсэгт сэвтэй, зүүн гар талын крыло урд хэсэгтээ зурагдаж будаг нь халцарч хонхойсон, зүүн гар талын тоормосны гэрлийн бүрхүүл хагархай, зүүн гар талын холын гэрлийн чийдэн асахгүй хойд хоёр амортизатор тоос гоожсон эвдрэл нь зам тээврийн ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтлүүд тул осол гарахад нөлөөлөхгүй.

Хариулт 4. Хэмжилтээр зүүн гар талын холын гэрлийн чийдэн асахгүй ч осол өдрийн цагт гарсан гэх тул осолд нөлөөлөхгүй. Осол гарахад нөлөөлсөн гэх өөр эвдрэл байхгүй.

Хариулт 5. Ниссан маркийн Тийна загварын автотээврийн хэрэгсэл шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй байна.

Хариулт 6. Тоног төхөөрөмж дээр үзлэг хийж  шалгахад тоормосны систем хэвийн ажиллагаатай болсон.

Хариулт 7. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 3-5 мм (стандарт суудлын автотээврийн хэрэгслийн дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.6 мм-ээс багагүй байх) стандартын шаардлага хангаж байна.

Хариулт 8. Нисса маркийн Тийна загварын .... улсын дугаартай автотээврийн хэрэгсэл нь 2019 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, 2020 оны техникийн хяналтын үзлэгт 2020 оны 5 дугаар сарын 26-нд хамрагдаж тэнцсэн үнэлгээ авсан байна.

Хариулт 9. 2020 оны 5 дугаар сарын 28-нд хамрагдаж тэнцсэн үнэлгээ авсан хугацаа нь 2021 оны 5 дугаар сарын 27-ныг дуустал хүчинтэй байна. /Шинжээч Л.Ганбат, Э.Золбоо, Н.Мөнх-Очир/ ...” гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 48-53 дугаар тал),

 

7. Мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дугаартай:

“...-1. N.Teana маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухай тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч С.П нь Замын Хөдөлгөөний Дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь N.Teana маркийн 54-76 УНА улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан  “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй байна. /Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ү.Оюун-Эрдэнэ/ ...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 56-57 дугаар тал),

 

            8. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цаг 30 минутад осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн тухай хуудас (хавтаст хэргийн 18 дугаар тал),

 

            9. Хохирогч С.Паас хэрэгт ирүүлсэн хор уршгийн зардал нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 21-24 дүгээр тал),

 

            10. ..... дугаартай Nissan Teana маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөр Э.Э бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн лавлагаа болон гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 28, 70 дугаар тал),

 

            11.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

            Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн:“...Б.М нь миний төрсөн охин юм. Одоо 4 хүүхэдтэй, бага нь 1 ой өнгөрч байна. Том нь 12 настай, дараагийнх нь 6 настай, 4 настай. Саяхан нөхөртэйгөө муудалцаад Б.Мг маш их зодсон байсан тул нөхрөө цагдаад өгөөд баривчлуулсан байсан. Нөхөр нь баривчилгаанаас гараад салаад ээж рүүгээ явчихсан. Унаж явсан машин нь нөхрийнх нь машин. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

 

            12. Гэрч А.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн:“...Б.М нь миний төрсөн охин юм. Хөдөө аж ахуйн их сургуульд элсэн орсон боловч сургуулиа төгсөлгүй гараад хүнтэй сууж тусдаа амьдардаг болсон. Нөхөр Э нь анх 1 хүүхэд нь гарсан байх үед зодсон гээд салаад бидэнтэй 1 жил хамт амьдарсан боловч буцаад суусан. Одоо 4 хүүхэдтэй. ...Б.М .....-т асрагч хийж байгаа. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дугаар тал),

 

            13. Гэрч Г.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 02-оны өдөр өгсөн:“...Б.М ам бүл 6,  нөхөр, 1-5 насны 4 хүүхэдтэй. Амьдрал аж ахуй сайн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),

 

            14. Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:“...Б.Мгийн амьдрал ахуй сайн, боломжийн байдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал),

 

            15. Шүүгдэгч Б.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 79 дүгээр тал), Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /2028 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй/ (хавтаст хэргийн 40, 60, 67 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дугаар тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дугаар тал), эд хөрөнгө болон тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 64-65 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 72-75 дугаар тал), ....-н тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Мд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...Шүүгдэгч Б.М нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Саппоро” худалдааны төвийн уулзварын баруун талын замд “Nissan Teana” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан зорчигч С.Пыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Мгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Саппоро” худалдааны төвийн уулзварын баруун талын замд “Nissan Teana” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан зорчигч С.Пыг мөргөж, эрүүл мэндэд нь бүсэлхийн 1-р нугалмын хугарал, зүүн өвдөг, шилбэ, шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

-2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 5-11 дүгээр тал),

-Хохирогч С.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ...Саппорогийн автобусны буудлын баруун талын явган хүний гэрлэн дохиогүй гарцаар урдаас хойш чиглэлд зам хөндлөн гарах гээд зам руу орохдоо ертөнцийн зүгээр баруун тийш хартал машинууд нэлээн хол байхаар нь 1 дүгээр эгнээ өнгөрөөд 2 дугаар эгнээнд орж байтал баруун талаас гэнэт тар няр хийгээд машин сүнгэнээд өнгөрөх шиг болсон. Би нэг хартал зам дээр хэвтэж байсан. ...машин нь зүүн тийш нэлээн яваад зогссон байсан. Жолооч эмэгтэй намайг босооч, гэмтэл явъя гээд байсан боловч би босож чадахгүй байсан. ...Би гэмтлийн эмнэлэг рүү тэргэнцрээр ороод рентген зураг авхуулахад эмч “хөлийн яс хугараагүй байна, томографын шинжилгээнд ороорой, хөдөлгөөнгүй хэвтээрэй” гээд эм бичиж өгсөн. ...Томографын зураг авхуулахад нурууны ахар сүүлнээс дээш 5 дахь үеийн L сэртэн хугарсан гэсэн дүгнэлт гарсан. Би осол гарснаас хойш жолооч Б.Мг зөндөө дуудсан боловч утас нь холбогдохгүй, дуудаад авахгүй байсан. ...Би эмчилгээнд гарах бүх зардлаа нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дугаар тал), шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

-Иргэний хариуцагч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.Теана маркийн ..... улсын дугаартай автомашиныг ...эхнэр байнга унаж байгаа... тоормос нь зүгээр ажиллаж байсан. Автомашинд эвдэрсэн зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

-Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Ниссан Теана маркийн ..... улсын дугаартай автомашиныг жолоодон Хархорин захын хойд замаар баруун зүүн тийш чиглэлд Саппорогийн автобусны буудлын баруун талын зохицуулдаггүй явган хүний гарц руу дөхөж ирж байх үед миний урд явж байсан Т.Приус маркийн автомашин явган хүний гарц өнгөрөөд явсан, би араас нь явж байтал замын урд талаас хоёр эмэгтэй хүн гарч ирээд арай залуухан нэг хүн нь гүйгээд гарсан. Харин эмээ замын хоёрдугаар эгнээнд гарч ирээд хойш, урагш зангаад машинд мөргүүлсэн. Би тэр хүнийг хараад тоормос гишгэсэн боловч зам халтиргаатай байсан тул гулгаж очоод автомашины баруун гар талын урд кирло хэсгээр шүргэж газарт унагаасан. ...эмээ зам дээр дөрвөн хөлөлчихсөн, босож чадахгүй байсан. ...Мөргүүлсэн хүний урд явж байсан хүн урдуур гүйсэн ба эмээ амжиж гарч чадаагүй. Би тулж ирээд зүүн гар тийш дараад тоормос гишгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 619 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дугаар тал),

-Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн шинжээчийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 48-53 дугаар тал),

-Мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дугаартай “...N.Teana маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн, ...Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь 16.1-т заасан заалтыг зөрчсөн үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй байна. /Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ү.Оюун-Эрдэнэ/ ...” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 56-57 дугаар тал),

            - Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 12 цаг 30 минутад осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуудас (хавтаст хэргийн 18 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч С.Пын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Мг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан ба, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг энэ гэмт хэргийн хор уршигт тооцно.

Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч С.Пын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогч С.П нь хэрэгт эм тарианы зардалд 155.120 төгрөгийн, “Med Trauma” эмнэлэгт дүрс оношилгоо хийлгэсэн 260.000 төгрөгийн, нийт 415.120 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн, мөн баримтгүйгээр тэргэнцэрийн 204.000 төгрөг, био нойл 230.000 төгрөг, бүс 70.000 төгрөг, эм 50.000 төгрөг зэргийг тус тус нэхэмжилсэн байх ба шүүх шүүгдэгч Б.Мгаас нотлох баримттай 415.120 төгрөгийг гаргуулж хохирогч С.Пд олгохоор шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Мг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч нь хохирол нөхөн төлөх үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн боловч тус хугацаанд шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин хохирогч С.П нь тэргэнцэр, био нойл, бүс, эм зэрэгт 505.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэх боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул тус баримтаа болон цаашид гарах зардлын нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.М нь нэг хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан эрх хасах ялыг нэмж оногдуулж болно гэж заасан байдаг. Нэмэлтээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.М нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, урьд ял шийтгэлгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг” хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Шүүгдэгч Б.М нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Батхуягийн Б.Мг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 560 (таван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Мд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний болон жолооны бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгаас 415.120 (дөрвөн зуун арван таван мянга нэг зуун хорь) төгрөгийг гаргуулж хохирогч С.Пд олгосугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.П нь тус гэмт хэргийн улмаас учирсан 505.000 төгрөгийн зардлыг болон бусад хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА