Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/42

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.АзЖ,

улсын яллагч Т.ТүмэнЖ,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-ын Бт холбогдох эрүүгийн 2117000320053 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 29-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү, менежмент мэргэжилтэй, Багануур Зүүн Өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Говьсүмбэр аймгийн Цахилгаан түгээх сүлжээнд дуудлага хүлээн авагч  ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б-ын Б /РД:................./

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сүмбэр-Алт зочид буудлын караокегоор үйлчлүүлж байхдаа караокены өрөөнд байсан тортны суурь, архины хундага 5 ширхэг, зуушны таваг 4 ширхэг, ундааны аяга 2 ширхэгийг авч хагалж шидэн, улмаар Самсунг брендийн LCD зурагтыг онон хагалж, хаалганы түгжээг эвдэлж, таамбарын өрөөний 90х90 хэмжээтэй 2 ширхэг цонхыг хөлөөрөө өшиглөж, чулуугаар шидэн хагалж устган бусдад нийт 1.704.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сүмбэр-Алт зочид буудлын караокегоор үйлчлүүлж байхдаа караокены өрөөнд байсан тортны суурь, архины хундага 5 ширхэг, зуушны таваг 4 ширхэг, ундааны аяга 2 ширхэгийг авч хагалж шидэн, улмаар Самсунг брендийн LCD зурагтыг онон хагалж, хаалганы түгжээг эвдэлж, таамбарын өрөөний 90х90 хэмжээтэй 2 ширхэг цонхыг хөлөөрөө өшиглөж, чулуугаар шидэн хагалж устган бусдад нийт 1.704.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэхдээ “ 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай ажлын газрын эгч Жын төрсөн өдөр болоод би 16 цагаас Ж эгчийнд ажлын газрын У, М, Ж нартай 0,75 литрийн архи хувааж уугаад байж байтал манай ажлын газрын Б, Б, Ө, Б нар нэг шил архи авчирсан. Ө орж ирээд удаагүй гараад явсан. Тэгээд тэр архийг хувааж ууж дуусаад Б, Б, У бид хэд 20 цагийн үед Сүмбэр-Алтын караокед орсон. Тэнд С эхнэртэйгээ, Ө эхнэртэйгээ, Ш эхнэртэйгээ бас нэг шар залуу байсан нэрийг нь мэдэхгүй, Сгийн төрсөн өдөр болж байна гээд архи уугаад сууж байсан. Бид нарын араас манай ажлын Б, Т нар орж ирсэн. Тэгээд бид нар олуулаа болоод өрөөнд багтахгүй гээд том өрөөрүү шилжиж орсон. Тэгээд удалгүй шар залуу явлаа гээд гарсан, Б согтоод Б, Т 2 түүнийг хүргэж өгөх гээд гарсан. 23 цагийн үед архи дуусаад би нэг шилж архи авсан. Тэгээд байж байгаад би Өтай муудсан, яагаад муудсанаа сайн санахгүй байгаа би нилээн согтсон байсан. Маргааш нь Өаас асуухад би эхнэртээ базуулдаг энэ тэр гэж хэлснээс болоод муудсан гэж байсан. Тэнд байсан хүмүүс Өыг аваад караокеноос гарсан чинь Ө хаалга нээчхээд надтай хэрэлдээд би Ө луу ширээн дээр байсан юмнуудаас аваад шидсэнээ санаж байгаа, яг юу авч шидсэнээ санахгүй байна. Тэгж байгаад караокены өрөөнд байсан зурагтыг онож хагалснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг би санахгүй байна, нэг мэдсэн цагдаа ирээд намайг аваад явж байсан. Би караокеноос гарахдаа Сүмбэр-Алтын үүдний хэсгийн жижиг цонхыг хагалаад гараад үүдэнд нь зогсож байхдаа том цонх руу нь чулуу шидсэн гэж маргааш нь Сгээс сонссон. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 59-60-р тал/

Хохирогч Сүмбэр-Алт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “ Би Сүмбэр-Алт ХХК-д нягтлан бодогчийн ажил хийдэг. 2021 оны 03 дугаар сарын 21-ний орой манай Сүмбэр-Алт зочид буудлын караокед үйлчлүүлсэн хүн манай байгууллагын эд зүйл эвдсэн талаар би маргааш өглөө нь ажил дээрээ ирээд мэдсэн. Тэр өдрөө эвдэрч хэмхэрсэн юмны тооцоо гаргахад  Самсунг брендийн 49 инчийн LCD телевизор, тортны суурь, архины шот 5 ширхэг, усны шот 4 ширхэг, зуушны таваг 4 ширхэг, ундааны стакан 2 ширхэг, үүдний том цонх, үүдний жижиг цонхыг эвдсэн байсан бөгөөд үнийн дүн нь нийт 1.704.000 төгрөг болсон. Эвдэж гэмтээсэн хүн нь энэ хохирлыг бүрэн барагдуулсан. Манай байгууллагын зүгээс гаргах гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19-р тал/,

            Гэрч Т.У мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “ 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр манай ажлын эгч Жын төрсөн өдөр болоод тэдний гэрт нь Б, М нар 0,75 литрийн архи хувааж уугаад байж байтал гаднаас манай ажлын Б, Б, Ө, Б нар 1 шил архи авч орж ирсэн. Ө орж ирээд удаагүй гараад явсан. Тэгээд архиа ууж дуусаад 20 цагийн үед Сүмбэр-Алтын караокед Б, Б, Б нарын хамт орсон. Тэнд манай ажлын С ахын төрсөн өдөр болж байгаа гээд С ах эхнэртэйгээ, Ө эхнэртэйгээ, Ш эхнэртэйгээ бас нэг шар залуу байсан нэрийг нь мэдэхгүй байна тэд нар ширээ засчихсан архи уугаад сууж байсан. Б, Т нар бид нарыг ирсний дараа ирсэн. Өрөөндөө багтахгүй болоод том өрөөнд шилжиж орсон. Тэгээд бид нар бужигнаад дуулаад байж байтал нөгөө шар залуу нь яваад өгсөн. Б согтоод Б, Т нар хүргэж өгөх гээд явсан. 23 цагийн үед юм дуусаад тарах гээд би хувцсаа өмсөөд үүдний өрөөнд зогсож байтал Б эгч Өтай муудаад хэрэлдээд эхэлсэн. Өыг С, Х нар аваад гартал Б эгч уурандаа ширээнд дээр байсан аяга, таваг, хундага шидэж байгаад караокены өрөөнд байсан зурагт оноод булан дээр нь хагалчихсан. Тэгээд би Б эгчийг аваад Сүмбэр-Алтаас гараад үүдэнд нь зогсож байтал таамбарт байсан үүдний 2 цонхыг хагалчихсан. Жижиг цонхыг нь гарахдаа өшиглөж хагалаад том цонхыг нь гадаа зогсож байгаад чулуу шидээд хагалчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Өын эхнэр Х нөхөртөө хандаад явах уу гээд тэр 2 явах гэж байтал Б Өыг чи дандаа эхнэртээ базуулсан гэх зэрэг үг хэлсэн чинь Х Бтэй маргалдаад эхэлтэл Ө уурлаад босоод ирсэн. Тэгээд би Өыг хойш нь түлхээд Х С 2 Өыг аваад гарсан. Би Бтэй дотор үлдээд тайвшруулах гэтэл хашгираад байсан. Тэгээд би орхиод гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/

Гэрч Т мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд байж байтал 23 цагийн үед караокены өрөөнд хүмүүс орилолдоод байхаар нь орсон чинь ширээн дээр байсан аяга, хундага, таваг нь хагараад шалаар нь хөглөрчихсөн Б орилж чарлаад ширээн дээр байсан юмыг авч шидэж байгаад караокены зурагт оноод буланг нь хагалчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

Гэрч Г.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд бид нар ууж байсан архиа дуусгаад манай эхнэр Х намайг харих уу гээд бид 2 харих гээд Бтой юм яриад зогсож байтал Б надад хандаад чам шиг эхнэртээ базуулдаг хүн байгаа биш гээд байхаар нь би чи юу гээд байгаа юм гэж уурлаад босоод ирсэн чинь Б бас өөдөөс босоод ирсэн. С Х 2 намайг татаад караокены өрөөнөөс гаргасан. Тэр үед Б ширээн дээр байсан архины хундага, таваг зэргийг миний араас шидээд байсан боловч оноогүй. Тэгээд С Х 2 намайг хориод оруулаагүй аваад гарсан тэгээд гадаа байж байгаад С, Э, Х бид 4 харих гээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/

Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр миний төрсөн өдөр болоод орой 17 цагийн үед манай эхнэр Э, манай найзууд болох Ш эхнэртэйгээ, найз Б нар хамтдаа Сүмбэр-Алт зочид буудлын караоке ороод байж байтал манай найз Ө эхнэртэйгээ ирсэн. Тэгээд бид нар ууж байтал орой 20 цагийн үед манай ажлын Б, Б, Т, Б, У нар айлд ууж байгаад ирлээ гээд ирсэн. Тэгээд бид нар жижиг өрөөнд багтахгүй байсан болохоор том өрөөрүү шилжиж ороод байж байтал Б Өт хандаад чи эхнэрийнхээ амнаас гардаггүй гэх зэргээр хэлсэн чинь Ө уурлаад босоод ирэхээр нь би Өын араас тэврээд өрөөнөөс аваад гарсан. Бийг тэнд байсан хүмүүс хориод аваад үлдсэн. Б ширээн дээр байсан аяга таваг аваад хаа хамаагүй шидээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/

Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд бид нар ууж байсан архи дуусаад би Өыг явах уу гээд Быг гэртээ харь гээд ярилцаад байж байсан чинь Б яриан дундуур орж ирээд манай нөхөр  Өыг чам шиг эхнэрийнхээ амнаас гардаггүй хүн байгаа биш яах гээд байгаа юм гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгээд манай нөхөр уурлаад босоод ирэхээр нь С бид 2 караокены өрөөнөөс аваад гарсан чинь Б араас ширээн дээр байсан аяга, таваг, хундага зэргийг шидэлсэн. Тэгээд бид нар дахиж тэр өрөөрүү ороогүй гадаа байж байгаад харьцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Би Бтэй нөхөрлөөд 10 гаран жил болж байна. Айлын том хүүхэд байгаа юм. Одоо нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Дээд боловсролтой аймгийн цахилгаан түгээх сүлжээнд ажилладаг. Их шулуухан зантай, хүнд хэлэх гэсэн үгээ шууд хэлчихдэг, хүнд тусархуу зантай, хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/

Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 43-р тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Н, гэрч Т.У, Т, Г.Ө, А.С, Т.Х, Ц.Б, Т.Б нарын мэдүүлэг болон Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу  шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 2117000320053 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болно.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Сүмбэр-Алт ХХК-д учруулсан 1.704.000 төгрөгийг бүрэн барагдуулсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б-ын Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Бийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.АРИУНЖАРГАЛ