| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0040/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/41 |
| Огноо | 2021-04-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/41
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д-н Б-д холбогдох эрүүгийн 2117000070044 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19 оны 10 дугаар сарын 20-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт Г аймгийн С сумын дугаар баг, Х-н 1 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо Г аймгийн С сумын дугаар баг, Ханангийн ......... тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгүүлж, ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 10 хоногийн хорих ялаар,
- Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар эдлээгүй үлдсэн ялын зарим буюу 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,
- Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар,
- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б-н овогт Д-н Б /РД: ................./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 7-713 тоотод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Д.Э-ы эзэмшлийн Хасбанкны 5002636454 тоот дансны дугаартай 601 305 төгрөг бүхий виза картыг хулгайлан авч Г аймгийн С сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чандмань Эрдэнэ нэртэй дэлгүүрт байрлах бэлэн мөнгөний машинд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 44 минут 48 секундэд картыг уншуулж 100 000 төгрөгийг, 10 цаг 47 минутад дахин уншуулж 100 000 төгрөгийг авсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаанбанкны тооцооны төвийн бэлэн мөнгөний машинд 12 цаг 59 минут 39 секундэд уншуулж 100 000 төгрөгийг, 13 цаг 01 минутад дахин уншуулж 200 000 төгрөгийг авсан,
Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Уулзварын 129 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Сансар хайрхан” дэлгүүрийн посс машинд 40 000 төгрөгийн гүйлгээ хийж нийт 540 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 7-713 тоотод хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн буюу хохирогч Д.Э-ы эзэмшлийн Хасбанкны 5002636454 тоот дансны дугаартай 601 305 төгрөг бүхий виза картыг хулгайлан авч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чандмань Эрдэнэ нэртэй дэлгүүрт байрлах бэлэн мөнгөний машинд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 44 минут 48 секундэд картыг уншуулж 100 000 төгрөгийг, 10 цаг 47 минутад дахин уншуулж 100 000 төгрөгийг авсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны тооцооны төвийн бэлэн мөнгөний машинд 12 цаг 59 минут 39 секундэд уншуулж 100 000 төгрөгийг, 13 цаг 01 минутад дахин уншуулж 200 000 төгрөгийг авсан,
Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Уулзварын 129 тоотод үйл ажиллагаа явуулдаг "Сансар хайрхан” дэлгүүрийн посс машинд 40 000 төгрөгийн гүйлгээ хийж нийт 540 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдэж Д.Э-д 540 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр найз Б-ы гэрт өглөө 09 цагийн үед очоод эхнэртэй нь 3-лаа пиво уучихаад гэртээ ирсэн. Тэгсэн орой 11 цаг өнгөрч байхад Б над руу утсаар залгаад архи авах гэсэн архи олдохгүй байна олоод өгөөч гэхээр нь би төмөр замд байдаг архи зардаг айлыг зааж өгөөд Б орж авсан архиныхаа тооцоог хийсэн. Тэгээд бид нар буцаад Б-ы гэрт очиход миний танихгүй 3-4 хүн байсан. Би шөнө гэр лүүгээ явсан. Маргааш өглөө нь буцаад Б-ы гэрт ирээд 5-лаа нийлээд өчигдрийн авсан архинаас үлдсэн нэг шил архийг бид нар хувааж уусан. Гаднаас Г, Г, Д нар ирсэн. Э Э-ы утсаар яриад утсыг нь ширээн дээр тавиад цаашаа өгчих гэхээр нь Э-ы утсыг өгөхдөө картыг авсан. Согтуу байсан болохоор АТМ болон дэлгүүрт уншуулсан гэв.
1.2. Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2021 оны 01 дүгээр сарын 02-ны орой Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 7-713 тоот хаягт байдаг ангийн эмэгтэй болох Х-нд 18 цагийн орчим очсон. Тэгээд тухайн хашаанд байдаг хажуу гэрт нь яваад ортол Д, Х, Х-ийн нөхөр байсан. Бас нэг шар залуу байсан. Тэр залууг танихгүй. Тэгээд тэр өдөр Х-гийн гэрт ууж хоносон. Өглөө босоод Х-гийн гэр лүү ороход Х нөхөртэйгөө хэвтэж байсан. Нөхөр нь орны араас тал шил архи гаргаж ирсэн. Тэгэхээр нь би уугаагүй. Тэгээд сууж байтал Х билүү хэн ч билээ утсаа өгчих гээд надаас утас авсан. Тэгэхэд миний карт утасны хавтсанд байсан. Тэгээд байж байтал гаднаас Г, Д 2 ороод ирсэн. Тэгээд намайг хүргэж өгнө гээд бид хэд Х-гийн гэрээс гарсан. Гарахдаа карт байгаа гэдгийг үзээгүй. Тэгээд гэрт очоод амарсан. Орой босоод ирсэн чинь манай охин Амина таны карт байхгүй байна. Таны картнаас мөнгө гарсан байна гэж байсан. Тэгээд тэр оройдоо Х-гийн гэрт картаа асуух гээд очсон чинь Х нөхөртэйгөө хөдөө явсан гэж байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө ажлаар Даланжаргалан сум руу явсан. Манай охин Амина цагдаад өргөдөл гаргасан байсан.
2021 оны 01 дүгээр сарын 02-нд 828 000 төгрөг байснаас 01 сарын 02-ны орой 230 000 төгрөг уншуулаад үлдэгдэл 598 000 төгрөг үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
...Би өмнө өдөр уншуулсан 230 000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Харин маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний картнаас гарсан 540 000 төгрөгөө нэхэмжилнэ. Нэхэмжилж байгаа мөнгөө авчихвал надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Д.Б-өөс 540 000 төгрөгөө бэлнээр нь хүлээн авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
1.3. Гэрч Э.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн орчим манай аав гэрт ирэхээс өмнө аавын дансыг шалгаж үзэхэд 400 000 төгрөг дансанд байсан. Тэрний өмнө данснаас 100 000 төгрөгөөр 2 удаагийн зарлага гарсан байсан. Тэгээд аав гэрт ирээд шууд унтаад өгсөн. Тэгээд байж байтал аавын утсанд мессеж ирээд байхаар нь үзсэн чинь 100 000 төгрөгийн зарлага 200 000 төгрөгийн зарлага, 40 000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байсан. Тэгээд дансанд нь 58 000 төгрөг үлдэхээр нь би аавын хугацаагүй хадгаламжид нь хийсэн. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр цагдаад өргөдөл гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
1.4. Гэрч З.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 01 дүгээр сарын 02-ны оройхон манай эхнэрийн ангийн хүүхэд Э залгаад танайд яваад очъё, өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийг чинь тэмдэглэнэ гээд манай гэрт буюу Баянбулагийн 7-713 тоот хашаанд бүрэнхий болж байхад ирсэн. Тухайн үед 21 цаг болж байсан. Э ирэхдээ нэг бүдүүн ахтай хамт ирсэн. Нэрийг нь мэдэхгүй. Тэр 2-г ирэхэд манай эхнэр О, Э, Д, Г бид нар архи уугаад сууж байсан. Тэгээд бид нарын ууж байсан юм дуусаад бид нарын архинаас уусан юм чинь дэлгүүр орж архи авахаар болоод Э картаа гаргаж ирээд надад өгөөд кодоо хэлээд 200 000 төгрөг аваарай гэж байсан. Тэгээд манай эхнэр О, Д бид 3 гэрээс гарч яваад такси бариад хонхор ороод 8 дугаар байрны АТМ-с 230 000 төгрөг уншуулж аваад дээшээ гараад архи авах газар олдохгүй байхаар нь Б гээд найз руугаа залгаад гараад ир, архи авах газар заагаад өг гэсэн. Тэгээд Б-ийг гэртээ байна гэхээр нь Ханангийн 137 тоот гэрээс нь очиж аваад Төмөр замд 4 айлын орон сууцанд байдаг шаг зардаг айлаас Б Д бид 3 буугаад архиа аваад би тэр айлын хүнд 180 000 төгрөг төлсөн шиг санагдаж байна. Тэгээд гарч ирсэн. Тэгээд Д Б манай эхнэр бид нар манайд буцаж ирсэн. Гэрт байсан хүмүүс бүгд байсан. Тэгээд би Эд 230 000 төгрөг авсан шүү гээд картыг нь буцааж өгсөн. Тэгээд бид нар авчирсан архиа ууж байгаад нилээн согтоод Э, Э 2 согтоод унтаад өгсөн. Бусад нь харилаа гээд явсан. Эхнэр бид 2 том гэр лүүгээ орж унтсан. Маргааш нь өглөө нь эхнэр бид 2 орондоо хэвтэж байхад Э Э 2 гэрт орж ирсэн. Тэгээд өмнө орой нь манай эхнэр 1 шил архи нуусан гээд архиа гаргаж ирээд бид нар уугаад сууж байсан чинь гаднаас Б орж ирсэн. Ер нь Б орж гараад байгаад байсан. Удалгүй Г, Д, Г 3 ар араасаа орж ирсэн. Тэгээд бид нар эхнэрийн гаргаж ирсэн архийг ууж дуусгаад хүмүүс нилээн согтоод Г-т ахыг хүргээд өг гээд Г-т ах хүргэж өгнө гээд гараад явсан. Д, Б, Г нар бас гараад явсан. Би шартаад босож чадахгүй байсан болохоор гараагүй. Гадаа шуугилдаж байгаад чимээгүй болсон. Хаашаа явсан талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
1.5. Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үдээс хойш Б гэж найзындаа ирсэн. Намайг ирэхэд Б, О, Г 3 пиво уугаад сууж байсан. Би тэр 3-тай нийлээд уусан. Тэгээд орой харанхуй болж байхад гаднаас Д орж ирсэн. Тэгээд бид нар пиво уугаад байж байхад Э нэг бүдүүн ахтай орж ирсэн. Бид нар ууж байгаад ууж байсан юм дуусаад Э би та нарын юмнаас уусан юм чинь архи авч өгнө гээд картаа гаргаж ирээд Б-д өгөөд кодоо хэлж байсан. Тэр үед цээжлэхэд их амархан код байсан. Одоо хэд гэдгийг нь санахгүй байна. Тэгээд Д, Б, О 3 архи авч ирнэ гээд гараад явсан. Нилээн байж байгаад Б гээд шар залуу дагуулаад архи пиво аваад орж ирсэн. Б орж ирээд Эд картыг нь өгөөд Э картаа утасныхаа хавтсанд хийсэн. Би тэр үед хажууд нь сууж байсан. Тэгээд бид нар бужигнаад авчирсан архи пивоо хувааж уусан. Нэг мэдсэн тасраад унтаад өгсөн байсан. Э бид 2 хоносон байсан. Маргааш нь өглөө нь босоод Э бид 2 хажуу том гэр лүү ороод очсон чинь Б, О 2 орноосоо босож ирээд 1 шил архиа гаргаж ирсэн. Бид нар уугаад байж байсан чинь гаднаас Б ороод ирсэн. Удалгүй Г-т, Г, Д орж ирсэн. Тэндээ ууж бужигнаж байгаад би Э-ы утсыг аваад нэг хүнтэй ярьсан. Тэгээд утсыг нь буцааж өгөхдөө Э-ыг утсаа аваарай гээд ширээн дээр утсыг нь тавьсан. Карт байсан үгүйг тухайн үед анзаараагүй. Б Э-ы утсыг нь авч өгч байгаа харагдсан. Тэгээд тэнд байсан хүмүүс орж гараад бужигнаад байсан. Э нилээн согтсон бололтой Г-т ахад намайг хүргээд өгөөч гэж байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс архи уух тэнхэлгүй болсон. Э-ыг Г-т ах хүргэж өгнө гэж байсан. Би баруун талын жижиг гэрт ороод байж байх үед бөөндөө бужигнаад гарсан байсан. Тэгээд би удаагүй гэртээ харьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
1.6. Гэрч М.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Х хочтой Б гэдэг айлд очсон. Очиход Х эхнэр О-той хамт байсан. Би очихдоо 2 ширхэг нийслэл нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво авч очсон. Тэгээд ууж байхад шар залуу орж ирсэн. Тэгтэл Д, Б ирсэн. Бид хэд хөзөр тоглонгоо уусан. Тэгээд би орой нь гэр лүүгээ явсан. 2021 оны 01 дүгээр сарын 03-нд Х-н гэрт 11 цагийн орчим очсон. Тэгэхэд Хумбалай эхнэр О нар байсан. Тэр үед Э байгаагүй. Би үнэмлэхийн гэрээ асуучихаад гэр лүүгээ харьсан. Орой нь Э-ыд очсон чинь карт алга болсон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
...2021 оны 01 дугаар сарын 02-ны өдөр Б-ыд очсон. Гэрт очиход Б эхнэртэйгээ хамт байсан. Бид 3 өдрөөс хойш пиво ууж байгаад өдөрхөн Э орж ирж бид 3-тай нийлээд уусан. Оройхон Д орж ирээд З, Э нар орж ирсэн. Тэгээд бид нар ууж байгаад ууж байсан юм дуусаад 23 цагийн үед байх Э картаа гаргаж ирээд Б-д өгөөд 200 000 төгрөг аваад архи аваад ир гэж байсан. Би өдрөөс хойш архи уусан болохоор сайн санахгүй байна. Тэгээд Д, Б, О 3 архиа авахаар гараад явсан. Нилээн байж байгаад тэр 3 шар залуу дагуулж орж ирсэн. Би нилээн согтоод гэртээ харьсан. Маргааш өглөө нь Г-т ахтай хамт Б-ыд очсон. Араас нь Д ирсэн. Б-ы зүүн талын том гэрт очсон чинь Б, О, Э, Э тэгээд өмнө өдөр архи уусан шар залуу байсан. Бид нар архи уугаад сууж байсан. Тэгээд тэндээ бужигнаж байгаад ууж байсан архи дуусаад 11 цагийн үед гарцгаасан. Тэгээд би гэртээ харьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
1.7. Гэрч С.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 01 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед Х-н гэрт Э-тай цуг очсон. Очиход Хумбалай эхнэртэйгээ бас нэр шар залуу, нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд бас нэг шар хүүхэн байсан. Тэгээд очсон чинь бүгд ууж байсан. Бид 2 очихдоо хоосон очсон. Тэгээд ууж сууж байгаад 23 цагийн үед О-той хамт архинд явсан. Би өөрөө гарч архи аваагүй болохоор яг хаанаас архи авсныг мэдэхгүй байна. 230 000 төгрөгөөр архи авсан. Тухайн мөнгийг Э-ы Хасбанкны картнаас авсан. Э өөрөө явуулсан. Тэгээд бид хэд ууж байгаад би 00 цагийн орчим харьсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 11 цагийн орчим Э манай гэрт ирсэн. Миний Хасбанкны карт алга болсон байна гэж байсан. Мөн мөнгө гарсан гэж мессеж ирээд байна гэсэн. Тэгээд манайхаас гараад явсан. Би буцаж Х-н гэрт очоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,
1.8. Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 01 дугаар сарын 02-ны оройхон манай ангийн хүүхэд Э залгаад танайд яваад очъё, өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийг чинь тэмдэглэнэ гээд манай гэрт 21 цагийн үед ирсэн. Тухайн үед харанхуй болсон байсан. Э ирэхдээ нэг бүдүүн ахтай хамт ирсэн. Тэр 2-г ирэхэд манай нөхөр Б, Э, Д, Г бид нар архиа уугаад сууж байсан. Тэгээд бид нарын ууж байсан юм дуусаад бид нарын архинаас уусан юм чинь Э архи авч өгнө гээд дэлгүүр явж архи авахаар болоод Э картаа гаргаж ирээд манай нөхөр Б-д өгөөд кодоо хэлээд 200 000 төгрөг аваарай гэж байсан. Б, Д бид 3 гэрээс гарч яваад такси бариад хонхор ороод 8-р байрны АТМ-с 230 000 төгрөг уншуулж аваад дээшээ гараад архи авах газар олдохгүй байсан чинь манай нөхөр Б, Б гээд шар залуу руу залгаад гараад ир архи авах газар заагаад өг гэсэн. Би жаахан согтсон байсан учир хаанаас Б-ийг суусан эсэхийг мэдэхгүй байна. Нэг мэдсэн төмөр замд нэг айлын гадаа зогсож байсан. Б, Б, Д 3 буугаад айлаас архи аваад ирсэн. Тэгээд бид нар манайд буцаад ирсэн. Гэрт байсан хүмүүс бүгд байсан. Манай нөхөр Б Эд 230 000 төгрөг авсан шүү гээд картыг нь буцааж өгч байгаа харагдсан. Тэгээд бид нар авчирсан архиа ууж байгаад хүмүүс нилээн согтоод би 1 шил архи нуусан. Г, Д, Б нар гэрээс гараад явсан. Нөгөө гэрт ороод унтсан байх гэж бодсон чинь нөгөө гэрт Э, Э 2 тасраад унтаад өгсөн байсан. Бусад нь байхгүй байсан. Э-тай ирсэн ах ууж байгаад гараад явсан байсан. Маргааш өглөө нь нөхөр бид 2 орондоо хэвтэж байсан чинь Э, Э 2 гэрт орж ирсэн. Тэгээд би өмнө орой нуусан архиа гаргаж ирээд уугаад сууж байсан чинь гаднаас Б орж ирээд гараад явсан. Ер нь Б орж гараад байсан. Удалгүй Г, Д, Г-т 3 ар араасаа орж ирсэн. Тэгээд бид нар миний гаргаж ирсэн архийг ууж дуусгаад нөхөр бид 2 үлдсэн. Э манай жижиг гэрт бас үлдсэн байсан. Бусад нь бөөндөө гараад явсан. Хаашаа явсан талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
1.9. Гэрч М.Г-т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дэнжид байдаг Х гэх эмэгтэй гэрт 11 цагийн орчим очиход Э баруун орон дээр согтуу унтаж байсан. Х нөхөртэйгөө байсан. Тэгээд ороход Б Г ахаа намайг хүргээд өгөөч гэхээр нь би машинтай гэрт нь хүргэж өгсөн. Би бүүр хашааных нь хаалгаар оруулж өгсөн. Гэрт нь оруулах гэсэн болноо ах би өөрөө орчихно гэхээр нь хараад байж байсан чинь гэр лүүгээ яваад орсон. Тэгээд тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна. Би өөрөө гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
1.10. Гэрч Н.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Оноос өмнө цагдаа дээр цуг ирсэн. Тэгээд хамгийн сүүлд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянбулагийн 7-713 тоотод бид 2 уулзсан. Тэрнээс хойш уулзаагүй. Саяхан над руу 8878... гэсэн дугаараас идшинд явлаа гэж залгаж байсан. Би 2019 оны 10 сард Эко сүмбэр хотхоноос барилгын материал хулгай хийгээд одоо цагдаа дээр шалгагдаж байгаа. Б бас хулгайн хэргээр шалгагдаж байгаа. Тэгээд бид 2 цагдаа дээр хамт байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
1.11. Гэрч Э.А-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 4 дүгээр хуудас/,
1.12. Теле камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 51-54 дүгээр хуудас/,
1.13. Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 58-60 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Д.Б нь шунахайн сэдэлтээр үйлдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/,
2.2. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-72 дугаар хуудас/,
2.3. Сум дундын 6 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-85 дугаар хуудас/,
2.4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-81 дүгээр хуудас/,
2.5. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-75 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Б нь хувийн байдлын тухайд урьд нь 4 удаагийн ял шийтгэлтэй байхад прокуророос хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг цаашид анхаарах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоов.
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-н Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ