| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2021/0045/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/44 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/44
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Ж.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Жы Ут холбогдох эрүүгийн 2117000350054 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Жы У /РД:ЕЙ/, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1978 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын ....дүгээр баг, ..... гэх газар оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Ж.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Уулзварын 2-217 тоотод 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн С.Атой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь дээд, доод уруулын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Ж.У нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 21 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Уулзварын 2-217 тоотод С.Атой маргалдаж, нүүрэн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь дээд, доод уруулын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Ж.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Атой цэрэгт танилцсан найзууд. Тухайн өдөр би 0,75 литрийн 2 шил архи уусан. Нэгийг нь Аийнд уугаад, нөгөөхийг нь Згийн гэрт уусан. А уухаараа жоохон агсам хүн. Түүнээс болоод Атой муудаад нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Хохиролд 1 500 000 төгрөгийг дансаар нь өгсөн. Би Аийн биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр найз Сийг гэртээ урьж хоол цай уулгахаар 14 цагийн орчим Утай хамт гэртээ ирсэн. Би 0,5 литрийн савлагаатай Соёрхол нэртэй нэг шил архи гаргаад бид нар архиныхаа талыг уугаад манайхаас 16 цагийн үед гарсан. Тэр архинаас У би хоёр л уусан. Тэндээсээ шууд Згийн гэрт ирээд өмнө нь авсан байсан 0,75 литрийн савлагаатай Ерөөл нэртэй архиа гаргаж ирээд ууцгаасан. У жаахан согтоод надаас үг өдөөд, жаахан агсраад байсан. Би тамхи татаад сууж байтал У босож ирээд ямар нэг үг хэлэлгүйгээр миний уруул орчим хөлөөрөө нэг удаа өшиглөөд шууд гэрээс гараад явсан. Миний амнаас цус гараад байхаар нь гараараа амаа дарж байгаад гэрээс гараад такси бариад гэртээ очоод амнаас гарсан цусаа угаагаад толинд харсан чинь миний уруулын баруун хэсгийн дээд, доод уруул сэтэрсэн байсан. Тэгээд эмнэлэг дээр ирж үзүүлээд дээд уруулд 2, доод уруулд 1 ширхэг оёдол тавьсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-21 хуудас/
1.3. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр А 13-14 цагийн орчим залгаад би С гэдэг найзтайгаа очих гэж байна шүү, хоол хийж байгаарай гэсэн. Тэгээд гэрт ирэхдээ архи уусан байдалтай С гэх залуу болон үл таних бас нэг залуутай хамт орж ирээд хоол унд идэж байх зуур манай нөхрийн найзын бэлэглэсэн тортой зүйл дотор 0,5 литрийн савлагаатай Соёрхол нэртэй 1 шил архи байхаар нь би гаргаж өгсөн. Тэд нар тухайн архиныхаа талыг нь уугаад өдрийн 16 цагийн орчим гэрээс гарсан. А орой 21 цаг өнгөрч байх үед цус гарчихсан орж ирээд нүүрээ угаатал уруулаас нь цус гараад тогтохгүй байхаар нь хартал дээд, доод уруул баруун хэсгээрээ сэтэрч урагдсан байсан. Би яасан талаар асуухад өдөр хамт манай гэрт орж ирсэн Ууганаа гэдэг залуу зүгээр сууж байсан чинь гэнэт босож ирээд өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд би нөхрийгөө аваад эмнэлэгт дээр ирээд оёдол тавиулсан. А орой гэрээс гарахдаа биед нь ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-24 хуудас/
1.4. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр найз Згийн гэрт байж байтал өглөөний 10 цагийн орчим А ирээд өдрийн 15 цагийн орчим Уын хамт А бид гурав Аийн гэрт ирсэн. Эхнэр нь бид нарт хоол унд хийж өгөөд байж байх зуур А 0,5 литрийн савлагаатай Соёрхол нэртэй 1 шил архи гаргаж ирснийг нь А У нар хувааж уусан. Би архинаас уугаагүй. Аийн гэрээс 17 цагийн орчим гараад шууд Згийн гэрт нь ирээд А өдөр авсан байсан гээд 0,75 литрийн савлагаатай Хараа нэртэй нэг шил архи гаргаж ирснийг У, А хоёр хувааж уусан. А Ут агсраад байсан. У гэрийн зүүн хойморт газар сууж байгаад босож ирээд гэрийн баруун орны өмнө газар сууж байсан А дээр очоод түүний нүүр хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд л шууд гэрээс гараад явсан. Аийн амнаас цус гараад газарт байсан шалны алчуур аваад амаа дараад шууд гэрээс гараад явсан. Тухайн үед гэрт У, А бид гурваас өөр хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-27 хуудас/
1.5. Гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 03 дугаар сарын 28-ны орой хөдөөнөөс 21 цагийн орчим Чойрт байдаг гэртээ ирээд гал түлээд байж байтал 22 цагийн орчим манай нөхөр гэртээ нэлээд согтуу орж ирээд шууд орон дээр гараад унтаад өгсөн. Гар утас нь дугараад байхаар нь би утсыг нь автал манай нөхрийн найз Аийн эхнэр нь гэх эмэгтэй хүн яриад танай нөхөр манай нөхрийг зодоод уруулыг нь сэтэлсэн байна, бүгдээрээ найз нөхөд юм чинь эмнэлэг дээр цуглараад манай нөхрийн уруулыг нь оёулчихъя гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд эмнэлэг дээр ганцаараа очих үед А эмнэлэг рүү уруулаа оёулах гээд орсон байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-33 хуудас/
1.6. Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 28-ны орой 17 цагийн орчимд манай гэрт У, А, С нар ирээд 0,75 литрийн савлагаатай Хараа гэх архи уусан. Тэр үед намайг цуг ууя гээд байхаар нь би гэрээсээ гараад хашаанд байх ахынхаа гэрт орсон юм. Тэгээд 19 цагийн орчимд гэртээ ороход У Аийг өшиглөөд гараад явчихсан, цусыг нь би цэвэрлэсэн гэж С надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/
1.7. Шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаар дүгнэлтэд: С.Аийн биед дээд, доод уруулд язарсан шарх, баруун дээд 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаа болох 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлээс дээд, доод уруулын язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд 2 дугаар шүдний сулрал гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 44-45 хуудас/
1.8. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудасны хуулбар /х.х-ийн 5-6, 78 хуудас/
1.9. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 82-84 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Ж.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.У нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ж.У нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Ж.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “У нь надад 1 500 000 төгрөг төлж барагдуулж уучлалт гуйсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-21 хуудас/
2.2. Гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “У нь найз нөхдийн хүрээлэл сайтай, архи дарс нэг их уугаад байдаггүй, хааяа л архи уудаг, хэр баргийн хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй, үг дуу цөөнтэй хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-33 хуудас/
2.3. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “У нь төлөв даруу зантай, ажил хөдөлмөрч, хурдан морь уядаг нягт нямбай хүн байгаа юм. Архи дарс нэг их уугаад байдаг талаар би мэдэхгүй. Хүнтэй хэл амаа ололцохдоо сайн дуулгавартай” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38-39 хуудас/
2.4. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “У нь хүний үгнээс гардаггүй, хэлсэн ярьсан зүйлийг цаг тухайд нь биелүүлдэг хүн. Хүн амьтантай хэл амаа ололцчихдог, хүний өөдөөс үг сөрөөд хэрүүл хийгээд байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40-41 хуудас/
2.5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 56-58 хуудас/
2.6. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, яллагдагчид торгох ял оногдуулах тухай прокурорын санал /х.х-ийн 60-63, 90 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Ут эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.
Прокуророос шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Ж.У нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.У нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Жы Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Уыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ут оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ут торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.У нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА