Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З овогт Нийн Бт холбогдох эрүүгийн 2117000000052 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, З овогт Нийн Б /РД:ЛЮ/, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1964 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын ... дугаар баг, ....дугаар байрны .... тоотод оршин суух, тэтгэвэрт, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 2 дугаар байрны 47 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Г.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн тохой хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн гарын бугалга ясны доод үзүүр хэсгийн далд зөрүүтэй хугарал бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Н.Б нь согтуугаар 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн үед Г аймгийн С сумын .... дугаар баг, .... дугаар байрны ....тоотод өөрийн гэртээ эхнэр Г.Нтэй архитай холбоотой асуудлаар маргалдаж, улмаар түүний зүүн тохой хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн гарын бугалга ясны доод үзүүр хэсгийн далд зөрүүтэй хугарал бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр найз Бийн авч ирсэн нэг шил архийг уусан.  Тэгээд эхнэртэйгээ архи их бага аягалсан гэдгээс болж маргалдаж зүй бусаар харьцаж гарыг нь гэмтээсэн. Би эхнэрийнхээ зүүн гарын тохой хэсэгт цохисон. Эхнэр Нийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би сард 350 000 төгрөгийн тэтгэвэр авдаг. Түүнээс банкны зээл төлөөд 100 000 төгрөг үлддэг. Түүгээрээ төлбөрөө төлнө. Дахин эхнэртээ гар хүрэхгүй. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

1.2. Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд манай гэрт найз Б 0,5 литрийн савлагаатай Ерөөл гэх архи авч орж ирээд манай нөхөр Б, Б бид 3 тухайн архийг ууж дуусгаад Б нь гэртээ орлоо гээд гараад явсан. Баясгаланг гарсны дараа манай нөхөр Б нь архийг ууж байх үед өөртөө их хийж уугаад байсан учраас би чи чинь одоо зочиндоо өгөхгүй өөртөө л хийгээд уугаад байх юм хаашаа юм бэ гэж хэлэхэд Б надад би өөрөө аягалж байгаа хүн өөрөө мэдэж байна гээд бид маргалдсан. Б над руу баруун гараа далайхаар нь би сандраад өөрийн зүүн гараар хаатал миний зүүн гарын тохойны дээд хэсэгт цохисон. Тэр үед бага зэрэг эвгүй болсон. Би архийг нь гарахаар уулзъя гээд гадаа гарч байж байгаад 20 цагийн орчимд гэртээ ороход цагдаа нар ороод ирсэн. Би эмнэлэгт үзүүлж рентген зураг авхуулахад гар хугарсан байна гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-18 хуудас/

1.3. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд өөрийн найзууд болох Н, Б нарын гэрт нь 0,5 литрийн Хараа гэх архи авч ороод ууж дуусгаад 17 цагийн орчимд гэртээ харихаар гараад явсан. Намайг гарах үед Б Н 2 үлдсэн. Намайг байх үед тэр 2 муудалцаж маргалдсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-25 хуудас/

1.4. Шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 133 дугаар дүгнэлтэд: Г.Нийн биед зүүн гарын бугалга ясны доод үзүүр хэсгийн далд зөрүүтэй хугарал гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 44-45 хуудас/

1.5. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 3-10 хуудас/

1.6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, эмчийн бичилтийн хуулбарууд /х.х-ийн 11-13, 51-52 хуудас/

1.7. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 84-86 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Н.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            Шүүгдэгч Н.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа. 

ХОЁР. Шүүгдэгч Н.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-18 хуудас/

2.2. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний аав Болдхуяг нь ямар нэгэн муухай ааш зангүй, төлөв даруу тогтуун зан араншинтай хүн. Хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага зэрэг тавтиргүй болчих гээд байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-27 хуудас/

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай прокурорын санал /х.х-ийн 61, 92-93 хуудас/

2.4. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /х.х-ийн 64, 76, 78, 80 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.Бийн анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргасныг шүүгдэгч Н.Б нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Н.Б нь Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолтоор өндөр насны тэтгэвэрт байдаг болох нь тогтоогдож байх ба шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Нийн Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА