| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/09381/И |
| Дугаар | 101/ШШ2017/00191 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2017/00191
| 2017 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2017/00191 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 58 дугаар гудамж, 16 тоот хаягт оршин суух, Олхонууд овогт Энхтөрийн Өлзийсайхан /РД:ЧД85092613/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуут АОС 4 дүгээр гудамж, 84 тоот хаягт оршин суух, Халх овогт Хайдавдоржийн Эрдэнэ-Оюун /РД:ЗВ79081402/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Өлзийсайхан миний бие хариуцагч Х.Эрдэнэ-Оюунтай 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр барилгын ажилд зуучилна гэсэн зараар уулзаж, танилцан Дүүхээ төвийн өргөтгөлийн ажлыг өөрийн бригадын 8 ажилчдын хамт хийж гүйцэтгэхээр болж ажлын хөлсийг 14,500,000 төгрөгөөр тохиролцон 7 сая төгрөгийг урьдчилгаа болгон өгч үлдэгдэл 7,500,000 төгрөгийг ажлыг хийж гүйцэтгэсний дараа өгөхөөр тохиролцсон.
Х.Эрдэнэ-Оюун нь ийнхүү зуучлахдаа Дүүхээ төвөөс бидэнд олгох ёстой ажлын хөлсийг бүхэлд нь авсан гэх мөртлөө биднийг ажлаа хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөөд 2 сар гаран болж байхад өнөөдрийг хүртэл бидний үлдэгдэл цалинг өгөөгүй байна.
2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Х.Эрдэнэ-Оюунтай миний бие өөрийн биеэр уулзаж “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. Тус гэрээнд Х.Эрдэнэ-Оюун нь “Ажлын гүйцэтгэлийн мөнгийг хувьдаа авч ашигласан тооцоо болох 7,500,000 төгрөгийг 2016 орны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна” гэж заан гарын үсгээ зурж нотариатаар баталгаажуулсан.
Гэвч өнөөдрийн байдлаар дээрх гэрээг хийсэн өдрөөс хойш бидэнтэй нэг ч удаа холбогдоогүй утсаар холбогдож асуух гэхээр утсаа авахгүй ямар нэгэн тайлбар өгөхгүй санаатай биднээс зугтаж байна гэж үзэж байна.
Иймд бид хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 7,500,000 төгрөгийг хариуцагч Х.Эрдэнэ-Оюунаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Эрдэнэ-Оюун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2016 оны 6 дугаар сарын 04-нд өөрийн танил Сүхээгийн найзаар дамжуулан Э.Өлзийсайхантай 3 дугаар хорооллын Дүүхээ төв дээр уулзаж барилгын өнгөлгөөний өрлөгийн ажил хийлгэхээр тохирсон. Үүнд нийт 437,5 м.кв-ын гадна өнгөлгөөг 1 м.кв-ыг 16,000 төгрөг буюу 7,000,000 төгрөгөөр хийхээр тохирсон.
Мөн дотор хананы өрлөг 8000 төгрөгөөр тооцохоор тохирч хийсэн боловч чанарын шаардлага, стандартад нийцэхгүй байсан тул уг хөлсийг тооцохгүй гэж харилцан тохирч шаврын ажил гүйцэтгэгч бригадаар хийлгэж дуусгасан.
Ингээд ажлын явц 40 хувьтай байхад 2016 оны 6 дугаар сарын 17-нд 3,000,000 төгрөг 70 хувьтай байхад буюу 7 дугаар сарын 09-нд 4,000,000 төгрөг тус тус өгч тооцоо дууссан болно.
Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 20-нд Э.Өлзийсайханы бригадын өрсөн хана нь сетка бэхэлгээ тавиагүй өрсний улмаас 8,5 м.кв хана нь нурсан. Гэрээнд заасан хугацааг 30 хоног хэтрүүлсэн зэргээ шалтгаалж захиалагч тал болох “Хүрээ шийдэл” ХХК нь гэрээг цуцалж, Э.Өлзийсайханы ажлын доголдлын улмаас тохирсон хөлснөөс 8 дугаар сарын 29-нд 5,500,000 төгрөгийг суутган авсан.
Иймд нэхэмжлэгч талд тохирсон хөлс болох 7,000,000 төгрөгийг өгсөн тул хуульд заасан журмын дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Өлзийсайхан нь хариуцагч Х.Эрдэнэ-Оюунд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Талууд 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр барилгын өнгөлгөөний өрлөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцож, нэхэмжлэгч Э.Өлзийсайхан нь өөрийн бригадтайгаа өрлөгийн ажил хийж гүйцэтгэх, Х.Эрдэнэ-Оюун төлбөрийг төлөх үүрэг тус тус хүлээсэн болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь нийт 437,5 м.кв-ын гадна өнгөлгөөг 1 м.кв-ыг 16,000 төгрөгөөр буюу 7,000,000 төгрөгөөр тохирсон, дотор хананы өрлөг 8000 төгрөгөөр тохирсон боловч чанарын шаардлага хангаагүйгээс дотор хананы ажлыг өөр гүйцэтгэгчээр хийлгэсэн, ажлын явц 40 хувьтай байхад буюу 2016 оны 6 дугаар сарын 17-нд 3,000,000 төгрөг, 70 хувьтай байхад буюу 7 дугаар сарын 9-нд 4,000,000 төгрөг тус тус өгч тооцоо дууссан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарласан боловч нотлох баримтаар нотлоогүй байна.
Хэрэгт авагдсан, 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-нээс үзэхэд, төлбөр төлөгч Х.Эрдэнэ-Оюун нь төлбөр авагч Э.Өлзийсайханд 7,500,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байх бөгөөд төлбөр төлөх үүргийн үндэслэлийг “ажлын гүйцэтгэлийн мөнгийг хувьдаа авч ашигласан” хэмээн тодорхойлсон байх бөгөөд уг хэлцэл нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдсэн, хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар хариуцагч Х.Эрдэнэ-Оюуныг ажил гүйцэтгүүлэгч буюу захиалагч тал, нэхэмжлэгч Э.Өлзийсайханыг гүйцэтгэгч тал гэж үзэхээр байх бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр, хийсэн ажлын үр дүнг хүлээлцсэн талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаагүй боловч дээр дурдсан төлбөр барагдуулах гэрээнээс үзэхэд хариуцагч Х.Эрдэнэ-Оюун нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул гүйцэтгэсэн ажлын үр дүн бодитой бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Х.Эрдэнэ-Оюунаас 7,500,000 төгрөг гаргуулах тухай Э.Өлзийсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Х. Эрдэнэ-Оюунаас 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Өлзийсайханд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Өлзийсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Эрдэнэ-Оюунаас 134,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Өлзийсайханд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА