| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/07290/И |
| Дугаар | 101/ШШ2017/00210 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2017/00210
| 2017 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2017/00210 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч З.Баярмаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 50-304 тоот хаягт оршин суух, Хар туг овогт Пүрэвийн Ариунаа /РД:ДК66010501/,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 50-304 тоот хаягт оршин суух, Жалайр овогт Мэндбаярын Золзаяа /РД:ДК87030800/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Д.Нянтайсүрэнгийн гудамж, 16 дугаар хороо, Улаанхуаран дахь байр, Монгол Улсын Батлан хамгаалахын Их сургууль,
Харицуагч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Газарчингийн 7-12 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Бямбасүрэнгийн Мягмарсүрэн /РД:ФД84052915/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнтолгойн 44-174 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Сонинбаярын Сайханбаяр /РД:ЖМ89050375/ нарт холбогдох
Гэм хор учруулсны хохирол 13,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, хариуцагч Б.Мягмарсүрэн, хариуцагч Батлан хамгаалахын их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнхүү, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ариунаа, М.Золзаяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч М.Золзаяа би өөрийн эх П.Ариунаагийн хамт нэхэмжлэл гаргасан бөгөөд итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэгч П.Ариунааг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа билээ. П.Ариунаагийн хүү, М.Золзаяагийн дүү М.Мөнх-Эрдэнэ нь Батлан хамгаалахын Их сургуулийн Ахлагчийн сургуульд 2014 оны 9 дүгээр сараас эхлэн суралцаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Батлан хамгаалахын Их сургуулийн холбогдох албан тушаалтнуудын албандаа хайнга хандаж, хариуцлага алдсан буруутай үйл ажиллагааны улмаас амь насаа алдсан харамсалтай үйл явдал болсон юм.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс шалган мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, БХИС-ийн багш Б.Мягмарсүрэн, С.Сайханбаяр нарыг сэжигтнээр тооцож, гэм буруутайг тогтоон яллагдагчаар татаад байсан юм. Б.Мягмарсүрэн, С.Сайханбаяр нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өршөөлийн хуульд хамрагдаж ялаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар хэргийг Нийслэлийн Баянзүрх дүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 92 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Мягмарсүрэн, С.Сайханбаяр нар нь хохирол нөхөн төлөх болохоо прокурорын байгууллагад илэрхийлж, өршөөлд хамрагдсан хэрнээ бидний хохирол төлбөрийг барагдуулах талаар ямар ч арга хэмжээ аваагүйд гомдолтой байна.
Иймд Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу гэм хор учруулсны төлбөрт буюу оршуулгын зардал 10,300,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,800,000 төгрөг, нийт 13,100,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Оршуулгын зардлыг хариуцагч Батлан хамгаалахын Их сургуулиас, өмгөөллийн зардлыг хариуцагч С.Сайханбаяр, Б.Мягмарсүрэн нараас гаргуулна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Оршуулгын зардлыг хариуцагч Батлан хамгаалахын Их сургуулиас, өмгөөллийн зардлыг хариуцагч С.Сайханбаяр, Б.Мягмарсүрэн нараас гаргуулна гэв.
Хариуцагч Батлан хамгаалахын Их сургууль шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Батлан хамгаалахын Их сургууль нь энэхүү хэрэгт хариуцагч байх боломжгүй дараах хуулийн үндэслэлүүд байна. Үүнд:
а/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагдсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан ба тухайн хэрэг нь албан хаагчдын албан тушаалаа гүйцэтгэх явцад тэдний шууд оролцоотойгоор болоогүй, өөрөөр хэлбэл тэдний эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл болон тухайн хэрэг явдал хоёрын хооронд шууд шалтгаанд холбоо байхгүй байгаа.
б/ Тухайн хэрэг явдал сургуулийн нутаг дэвсгэрт болоогүй.
в/ Монгол Улсын Цэрийн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн тухайн хэрэг явдал бий болох нөхцлийг бүрдүүлсэн С.Сайханбаяр, Б.Мягмарсүрэн нар нь Өршөөлийн хуульд хамрагдан Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 92 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хохирлын нөхөн төлбөрийг өөрсдөө бүрэн хариуцан барагдуулахаа илэрхийлэн мэдүүлсэн, мөн тус шүүхэд С.Сайханбаяр, Б.Мягмарсүрэн нар нь тухайн хэрэгт холбоотой шүүхээс тогтоогдох бодит хохирлыг өөрсдөө бүрэн хариуцан барагдуулах, БХИС-ийг хариуцагчаас хасуулах хүсэлт гаргасан.
г/ Мөн хуулийн 498.3-т “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцагчаас чөлөөлж болно” гэсний дагуу хохирогчийн нас барсан явдал нь сургуулийн албан тушаалтнуудын шууд үйлдлээс болоогүй харин хохирогчийн өөрийн нь санаатай юм уу илтэд болгоомжгүй үйлдлээс болсон зэрэг болно.
Иймд дээр дурдсан үндэслэлүүд болон С.Сайханбаяр, Б.Мягмарсүрэн нарын гаргасан хүсэлтийн дагуу холбогдох арга хэмжээг авч БХИС-ийг тус хэргийн хариуцагчаас хасах шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Мягмарсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Б.Мягмарсүрэн нь БХИС-ийн Ахлагчийн сургуульд сурч байсан сурагч М.Мөнх-Эрдэнийн амь насаа алдсан хэрэгт сэжиглэгдэн 2015 оны 6 дугаар сарын 25-наас 2016 оны 01 дүгээр сар хүртэл цагдаа, прокурорын байгууллагад шалгагдсан юм.
Анх Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 гэсэн зүйлээр шалгагдан энэхүү хэрэг хэрэгсэхгүй болон хаагдсан.
Гэтэл ар гэрийн хүсэлтээр Эрүүгийн хуулийн 295 дугаар зүйлийн 295.2-т зааснаар дахин шалгагдаж Өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгүй болон хаагдсан. Миний бие энэхүү хэргийн улмаас байгууллагын зүгээс өөрт ногдсон шийтгэлийг хүртсэн.
Энэ хэрэг прокурорын газар хэрэгсэхгүй болж хаагдсан байхад оршуулгын зардал ойролцоогоор 850,000 төгрөгийн 5-7 ширхэг баримт байсан. Би хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт дээр баримтын дагуу 850,000 төгрөгөөс өөрт ногдох мөнгө төлбөрийг төлөхөө илэрхийлсэн.
Энэ хүсэлтийг П.Ариунаа, М.Золзаяа нар уншаад хаанаас нэмж 10-15 ширхэг баримт гаргаж ирснийг хууль дүрмийн дагуу баримт гаргасан байгууллагын жил, улирлын санхүүгийн тайлан, баланс, орлого зарлагын баримтаар мэргэжлийн байгууллагаар шалгуулахыг хүсч байна. 13,100,000 төгрөг нь ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл юм.
М.Золзаяа нь хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж байхад 50 сая болон 9 сая төгрөг нэхсэн. Хэрэв 9 сая төгрөг өгвөл өргөдлөө буцаан авъя гэж байсан. Анхнаасаа хүүгийнхээ амь насыг үнэлж мөнгө авах зорилготой байсан.
Талийгаач М.Мөнх-Эрдэнэ нь амиа хорлосон явдал нь надад ямар ч хамааралгүй гэдэг нь хууль хяналтын байгууллагаа шалгагдаж тогтоогдсон. Талийгаачийг оршуулсны дараа оршуулгын зардалд 9 сая төгрөг гарлаа гээд биднээс нэхэмжилсэн. Одоо яагаад энэ тоо нь 10,300,000 болсныг хуулийн дагуу шалгуулахыг хүсч байна.
Зах, худалдааны төвөөс авсан шаардлага хангахгүй баримтууд байгаа. Ийм баримтыг хэдэн ч төгрөгөөр өөрсдөө бичүүлж авч болох тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч С.Сайханбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтуяа шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн хувьд хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч гэж хэн бэ гэдэг нь эргэлзээтэй. М.Золзаяа садан төрлийн холбоотой лавлагаа авч ирсэн байдаг. Үүнээс итгэмжлэл өгөөд байгаа П.Ариунаа гэдэг хүн нь бас нэхэмжлэл гаргах эрхтэй юу, мөн Мөнх-Эрдэнэ нь золгүй явдлаас болоод өндөр дээрээс унаж нас барсан байна гэж шинжээч дүгнэлт өгсөн байдаг. Үхсэн шалтгаанд энэ хүмүүсийн ажил мэргэжил гэм буруугийн асуудал яригдаагүй. Тухайн үед шалгагдаж байгаад өршөөлийн хуульд хамрагдсан гэдэг боловч эдгээр хүмүүсийн гэм буруутайг тогтоогоогүй. Тухайн үед энэ хүмүүсийг ажил албан тушаалын байдлаасаа болоод бид төлье бидний буруу гээд явсан. Гэм буруу нь тогтоогдоогүй байхад гэм буруутай мэтээр гэм хорын мөнгө нэхээд байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед шалтгаан нь найз охиноосоо болсон гэсэн мэдүүлэг байдаг тул хариуцагч Сайханбаяр, Мягмарсүрэн, Батлан хамгаалахын их сургууль нар нь хариуцагч биш юм. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Энэ хэрэг дээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийг тайлбарлахаас өөр аргагүй. Хууль ёсны өвлөгч гэдгийг хуулиар зохицуулсан байдаг. Өнөөдөр талийгаач нас барсан нь цаг хугацааны хувьд 1 жил өнгөрсөн байна. Иргэний хуулийн 520.1-т зааснаар хууль ёсны өвлөгч гэдгийг тогтоосон байх ёстой. Нэгэнт нас барсан бол өвийн асуудал яригдах ёстой. Өвлөгч хэн юм гэдгийг тогтоох ёстой. Энэ нь эргэлзээтэй байна. М.Золзаяад өвлөх эрх нь байгаа эсэх баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэх эрхгүй этгээд байна. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Ариунаа, М.Золзаяа нар нь хариуцагч Батлан хамгаалахын Их сургууль болон Б.Мягмарсүрэн, С.Сайханбаяр нарт холбогдуулан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 13,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагч С.Сайханбаяр нь Батлан хамгаалахын Их сургуулийн дамжааны багшаар ажиллаж байхдаа тус сургуулийн Ахлагчийн сургуулийн сурагч М.Мөнх-Эрдэнийг Цэргийн инженерийн сургуулийн хуягт танкийн дадлагын багш Б.Мягмарсүрэнд тушаал зөрчиж өгч явуулаад сурагч М.Мөнх-Эрдэнэ сургуульд дээрээ эргэж ирээгүйг мэдсээр байж сурагчийн ар гэрт нь мэдэгдэж хайж олох талаар арга хэмжээ авалгүй албандаа хайнга хандсан,
Хариуцагч Б.Мягмарсүрэн нь Батлан хамгаалахын Их сургуулийн Цэргийн инженерийн сургуулийн хуягт танкийн дадлагын багшаар ажиллаж байхдаа тус сургуулийн Ахлагчийн сургуулийн сурагч М.Мөнх-Эрдэнийг тушаал зөрчин авч яваад буцааж сургууль дээрээ хүргэж, хүлээлгэн өгөлгүй явуулж тус тус албандаа хайнга хандсаны улмаас 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүгийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Харуул Алтай” хотхоны 108 дугаар байрны гадаа сурагч М.Мөнх-Эрдэнэ нас барж, хүнд хор уршиг учирсан болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 92 дугаар тогтоолоор тогтоогджээ.
Хариуцагч С.Сайханбаяр, Б.Мягмарсүрэн нар нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан, мөрдөн байцаалтын ажиллагааны үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6, 10.7-д тус тус заасан үндэслэлүүдээр С.Сайханбаяр, Б.Мягмарсүрэн нарт холбогдох эрүүгийн 201525010968 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон байв.
Талийгаач М.Мөнх-Эрдэнэ нь Батлан хамгаалахын Их сургуулийн Ахлагчийн сургуулийн Пуужин чиглүүлэх станцын операторын дамжаанд суралцаж байхдаа тус сургуулийн захирлын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар дотуур байрлан ажиллах тушаалтай байсан буюу сургуулийн бүсээс гадагш гарахгүй байх тушаалтай байжээ.
Гэтэл хариуцагч С.Сайханбаяр, Б.Мягмарсүрэн нар нь дээр дурдсанаар албандаа хайнга хандаж, хүнд хор уршиг учруулсан болох нь тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д зааснаар ажиллагсад буюу С.Сайханбаяр, Б.Мягмарсүрэн нар нь албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа дээр дурдсанаар албандаа хайнга хандаж хүнд хор уршиг учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хариуцлагыг тэднийг ажиллуулж байсан ажил олгогч Батлан хамгаалахын Их сургууль хүлээнэ.
Нэхэмжлэгч нар нь гэм хор учруулсны төлбөрт буюу оршуулгын зардал 10,300,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,800,000 төгрөг, нийт 13,100,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн бөгөөд оршуулгын зардлыг хариуцагч Батлан хамгаалахын Их сургуулиас, өмгөөллийн зардлыг хариуцагч С.Сайханбаяр, Б.Мягмарсүрэн нараас гаргуулахаар шаардсан тул оршуулгын зардлыг хариуцагч Батлан хамгаалахын Их сургуулиас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, өмгөөллийн хөлсийг хариуцагч С.Сайханбаяр, Б.Мягмарсүрэн нараас гаргуулах шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бэлэн мөнгөний орлогын баримтуудаар талийгаачийг оршуулах, буяны ёслол үйлдэхэд 8,360,380 төгрөг зарцуулагдсан болох нь тогтоогдож байна. Харин хэргийн 13 дугаар талд авагдсан зарлагын баримтад 85,000 төгрөгийн дүн бичсэн байх боловч баримтад бичигдсэн барааны үнийн дүн 85,000 төгрөгөөс зөрүүтэй байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Хэдийгээр хариуцагч Б.Мягмарсүрэн нь бэлэн мөнгөний зарлагын баримтыг ямар ч худалдаачнаас аваад хүссэн мөнгөн дүн бичих боломжтой хэмээн маргаж, жишээ болгож зарлагын баримтыг хэрэгт хавсаргасан боловч маргаж буй үндэслэлийнхээ эх үүсвэрийг нотлоогүй тул нэхэмжлэгчийн бэлэн мөнгөний зарлагын баримтуудыг үгүйсгэх боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Батлан хамгаалахын Их сургуулиас оршуулгын зардал 8,360,380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ариунаа, М.Золзаяа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,739,620 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч С.Сайханбаяр, Б.Мягмарсүрэн нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч С.Сайханбаяр, Б.Мягмасүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тэднийг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хариуцлагыг тэднийг ажиллуулж байсан ажил олгогчид ногдуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Батлан хамгаалахын Их сургуулиас оршуулгын зардалд 8,360,380 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ариунаа, М.Золзаяа нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,739,620 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч С.Сайханбаяр, Б.Мягмарсүрэн нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар хариуцагч Батлан хамгаалахын Их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 148,716 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Б.МАНДАЛБАЯР