Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/61

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, хохирогч Г.З, шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт М-ын С-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Б ургийн овогт М-ын С 1960 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 61 настай, тусгай дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэртэй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 02 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.С нь Увс аймгийн Тариалан сумын 01 дүгээр багийн нутагт 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр өөрийнхөө эзэмшлийн 13-30 УВС улсын дугаартай Тоёота Сиента загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.1, 12.3-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Г.З-гийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Ж.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000000039 дугаартай хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг[2],

3. Хохирогч Ж.Б-ийн “Би 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өлгий сумаас эхнэр Х.О, охин Б.У, хүү Б.Б нарын хамт өөрийн хадам М.С-гийн гэрт цагаан сарын золголт хийж очсон юм. ...Тухайн шөнө бид нар М.С ахын гэрт хоноод маргааш нь буюу 2021 оны 02 дугаар 23-ны өглөө эртхэн М.С ахын 13-30 УВС улсын дугаартай Тоёота сиента загварын автомашинтай Харганатын хүдрийн уурхайгаас Улаангом сум руу хөдөлсөн юм. Тухайн үед М.С өөрийнхөө машиныг жолоодож явсан. М.С ахын хажууд манай эхнэр, ар талын жолоочийн арын буланд би, эсрэг талын буланд Г.З эгч, бид хоёрын дунд Б.У, харин миний өвөр дээр Б.Б сууж явсан. Харганатаас Улаангом руу явж байхад хэр хурдтай явж байсныг би сайн анзаарч хараагүй бөгөөд бид нарыг замд явж байхад М.С ах надад тамхи асаагаад өг гэхээр нь би өөрөөсөө тамхи асаагаад урагшаа хүү Б.Б-гээр дамжуулсан, тэр үед Б.Б-гийн гар нь хүрэхгүй болохоор Б.Б тамхийг Г.З эгчид өгч байсан юм. Тэгээд Г.З эгч тамхийг урагшаа өгсөн бөгөөд удалгүй машин хоёр тийшээ савлаад байх шиг байсан ба машин гэнэт зүүн тал руугаа эргэж замын зүүн талын 1 шонг мөргөөд осолдсон юм. Тэрнээс хойш болсон явдлын талаар надад мэдэх зүйл байхгүй. ...Би уг ослын улмаас хөлийн чөмөг хугарсан, баруун эгэм хугарсан зэрэг гэмтэл авсан юм. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа, эдгэрч байгаа юм...” гэх мэдүүлэг[3]

4. Хохирогч Г.З-гийн “2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би нөхөр М.С, хадам дүү Х.О, хүргэн Ж.Б, тэдний охин Б.У, хүү Б.Б нарын хамт зургуулаа Харганатын төмрийн хүдрийн уурхайгаас Улаангом сум руу ... 09:00 цагийн үед гарсан юм. Манай нөхөр өөрийн 13-30 УВС улсын дугаартай машинаа жолоодож явсан ба хажуу талд нь Х.О сууж явсан. Би Х.О-ийн ар талын суудалд, нөгөө талын суудлын буланд Ж.Б, бид хоёрын голд У, Ж.Б-ийн өвөр дээр Б.Б сууж явсан юм. Бид нар аймаг руу явж байх замд манай нөхөр М.С тамхи асаагаад өг гэхэд Ж.Б тамхи асааж өгсөн. Тэр тамхийг би нөхөр М.С-д өгсөн. Тэгээд цааш явж байтал удалгүй машин гэнэт хачин болсон. Тэгээд би яаж байгаа юм бол гээд дотроо бодсон. Тэгээд л хоёр талдаа эргэж харахад урд болон ар талд ямар нэгэн машин байгаагүй юм. Тэгээд би ухаан алдчихсан бөгөөд сэрээд ухаан ороход машин онхолдсон байсан бөгөөд машин 4 дугуйн дээрээ зогсож байсан юм...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Х.О-ийн “...зам дээр явж байтал Хар толгой руу салах замын ойролцоо ирж явахад М.С ах манай нөхрийг тамхи асаагаад өг гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр Ж.Б нь өврөөсөө тамхи гаргаж асаагаад, асаасан тамхиа урагшаа М.С ах руу өгөхөд М.С ах хажуу тал руугаа эргээд тамхиа аваад амандаа зуугаад эргэхэд машин баруун тал руугаа жолооны хүрд нь булаасан тэр үед М.С ах сандраад машиныхаа хүрдийг эсрэг тал руугаа буюу зүүн тал руу дарахад машин зүүн тал руу чиглэлээ өөрчилж, замын хажууд байсан шонг мөргөсөн. Тэгээд машин замын зүүн тал руу замаасаа гарч доошоо унасан. Тэрнээс хойш юу болсныг мэдэх сөхөө байгаагүй тэр хооронд ухаан алдсан...” гэх мэдүүлэг[5],

6. Насанд хүрээгүй гэрч Б.У-ын “...Бид нар М.С ахын гэрээс хөдлөөд хар зам дээр гараад Улаангом руу явж байхад М.С ах машиныг жолоодож байсан ба би М.С ахын урд байх машины хурд хэмжигч зүүг харахад 80 гэсэн тоо хүртэл тулгаж явсан бөгөөд бид нар машин хурдтай яваад байх шиг байхаар нь тогтуун яв, юундаа яардаг юм бэ гэхэд М.С ах “газар уруу болохоор машин хурдтай яваад байна” гэж хэлсэн. М.С ах машин барьж яваад тамхи асаагаад өг гэхэд манай аав Ж.Б өврөөсөө тамхи гаргаж ирж асаагаад Б.Б-д тамхиа өгөөд урагшаа өгчих гэхэд Б.Б-гийн гар нь хүрэхгүй байсан, тэгээд Г.З эгч тамхийг аваад урагшаа М.С ахад өгсөн. Тэр үед М.С ах машиныхаа жолоогоо тавихгүй хойшоо эргээд Г.З эгчийн өгч байсан тамхийг амаараа зууж авах гээд толгой, цээжээрээ хойшоо өндийж тамхиа амандаа зуусан, тэгээд эргэж харангуут машин хоёр тийшээ дайвалзаад байсан. М.С ах машиныхаа жолооны хүрдийг огцом зүүн тал руугаа дарахад машин замын зүүн тал руу гараад унасан...” гэх мэдүүлэг[6],

7. Иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн гэрчээр өгсөн “...М.С ах манай аавыг тамхи асаагаад өг гэхээр нь аав маань тамхи асаагаад надад өгсөн, би уг тамхийг аваад М.С ахад өгөх гэхэд гар хүрэхгүй байсан. Уг тамхийг Г.З эгч аваад М.С ахад өгсөн. М.С ах уг тамхийг авахдаа эргэж хараад тамхи аваад зууж байгаа харагдсан. Тэгээд эргэх үед машин гэнэт 2 тал руугаа жолоо алдсан ба М.С ах тамхи авахдаа машиныхаа жолоог алдсан. Тэгээд тухайн үед машин хурдан явж байсан ба замын зүүн талын шонг мөргөөд замын зүүн тал руу машин унасан...” гэх мэдүүлэг[7],

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 117 дугаартай “...Үзүүлэгч Ж.Б-н биед гэмтэл тогтоогдлоо. Зүүн дунд чөмөг ясны дээд төвгөрийн /булууны/ их, бага эргүүлгийн дунд шугамаар зөрөөтэй далд хугарал, баруун эгэм ясны далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, нүдний алимны салстад, эрүүний зүүн доод хэсэгт хуралт, нүүрний зүүн хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал, баруун завжинд язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Зүүн дунд чөмөг ясны дээд төвгөрийн /булууны/ их, бага эргүүлгийн дунд шугамаар зөрөөтэй далд хугарал, баруун эгэм ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт[8],

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 116 дугаартай “...Үзүүлэгч Г.З-н биед гэмтэл тогтоогдлоо. Аарцаг ясны 2 талын умдаг, суудал ясны эрвээхэй хэлбэрийн зөрөөгүй хугарал, зүүн сарвууны ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Аарцаг ясны 2 талын умдаг, суудал ясны эрвээхэй хэлбэрийн зөрөөгүй хугарал гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[9],

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаартай “...Үзүүлэгч Б.Б-н биед гэмтэл тогтоогдлоо. Дух, зүүн бугуйн үе хэсэгт язарсан шарх, зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд, зүүн шуу, баруун гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дух, зүүн бугуйн үе хэсэгт язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[10],

11. Увс аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Эрдэнэболдын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай “...13-30 УВС улсын дугаартай Тоёота сиента загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Мягмар овогтой С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. ...Осол гарахад шууд нөлөөлсөн шалтгаан нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.1-д зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Мөн дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон байна...” гэх магадлагаа[11],

12. Шүүгдэгч М.С яллагдагчаар өгсөн “...Бид нар хар зам дээр гараад Улаангом сум руу чиглээд Хар толгой руу салах зам дөхөөд явж байхад ар талаас манай эхнэр Г.З надад тогтуун яв гэж хэлсэн. Тэгээд явж байгаад би хүргэн Ж.Б-д тамхи асаагаад өгөөч гэхэд манай хүргэн Ж.Б тамхи асаагаад ар талаас яг хэн нь тамхи надад өгснийг нь санахгүй байна би эргэж хараад амандаа асаасан тамхиа зуугаад буцаж урагш эргэх үед машины жолоодлого алдагдаж машин замынхаа баруун тал руу явсан. Тэр үед би сандраад жолооны хүрдийг эсрэг тал руугаа буюу зүүн тал руу дарахад машин замын зүүн хэсэг рүү чиглэж замын зүүн талд байсан шонг мөргөсөн. Тэгээд би ухаан алдчихсан юм. Тэгээд нэг мэдэхэд л Х.О бид хоёр суудал дээрээ сууж байсан ба бид хоёр хоёулаа бүсээ зүүсэн учир суудлаасаа шидэгдээгүй байсан. Машин онхолдож 4 дугуйн дээрээ боссон байдалтай байсан...” гэх мэдүүлэг[12] зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч М.С нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын 01 дүгээр багийн нутагт өөрийн эзэмшлийн 13-30 УВС улсын дугаартай Тоёота сиента загварын автомашиныг жолоодож яваад хамт зорчиж явсан хохирогч Г.З-гаас тамхи авахаар хойшоо эргэж харах явцад автомашины жолоодлого алдагдаж, шүүгдэгч нь уг автомашины зогсоох арга хэмжээ авалгүй жолооны хүрдийг огцом зүүн тал руу дарсны улмаас замын шон мөргөж, замаас гарч онхолдож зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч М.С нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, мөн дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн болох нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай магадлагаагаар тогтоогджээ.

Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Г.З-гийн биед хүнд зэргийн, хохирогч Ж.Б-ийн биед хүндэвтэр зэргийн, насанд хүрээгүй Б.Б-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 117 дугаартай, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 116 дугаартай, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.З-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Ж.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг буюу объектын шинжийг харгалздаг. Тодруулбал хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Иймд насанд хүрээгүй Б.Б-г мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн”, 2.3-д “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.

Шүүгдэгч М.С-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зам тээврийн осол гаргаж хохирогч Ж.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Г.З-гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.С нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчиж, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан боловч бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С “Мөнгийг нь тооцож үзээгүй, эм тариа, шаардлагатай зүйлсийг нь аль болж бүтэхээрээ зохицуулсан. Зээл хүртэл авч эм тариа шаардлагатай зүйлийг нь авч өгсөн” гэж мэдүүлсэн, хохирогч Ж.Б-ийн “...Надад ямар нэгэн санал, хүсэлт, гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[13], хохирогч Г.З-гийн “...Надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[14], иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-ийн “...Надад ямар нэгэн санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[15] зэргийг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч М.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч С.А-ын “...Манай аав М.С нь зан аашийн хувьд даруу төлөв, ер нь бол уурлаад байдаггүй, юманд хүлээцтэй ханддаг, гэр бүлдээ хайр халамж сайтай хүн юм. ...М.С нь урьд өмнө нь гэмт хэрэг зөрчил гаргаж байгаагүй, хорт муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй бөгөөд эрүүл мэндийн хувьд зүрх нь өвдөөд байдаг ба тогтмол эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг” гэх мэдүүлэг[16], гэрч Б.М-ын “...М.С нь зан аашийн хувьд үр хүүхдүүддээ хайр халамж сайтай хүн юм. ...С.С-гийн сайн тал нь хүнд тусархуу, цагаан цайлган сэтгэлтэй, бусадтай нийтэч зантай, аливаа болж бүтэхгүй зүйл байвал чинь шударгаар хэлчихдэг зантай хүн юм...” гэх мэдүүлэг[17], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], Увс аймгийн Наранбулаг сумын 02 /Алдар/ дугаар багийн Засаг даргын тодорхойлолт[19] зэрэг нотлох баримтууд цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч М.С нь өндөр насны тэтгэвэртэй, эхнэр, хоёр хүүхдийн хамтаар Увс аймгийн Наранбулаг сумын 02 дугаар багт оршин суудаг, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул шүүгдэгч М.С-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Улсын яллагч “...шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Энэ хэрэгт хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг барагдуулсан гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эдгээр байдлуудыг харгалзаж үзээд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар улсын яллагчийн гаргасан 1 жилийн хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж шүүхэд үүрэг болгосон байх тул мөн хуулийн ерөнхийн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч М.С-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээ тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Улсын яллагчийн саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт М-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч М.С-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч М.С-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус тогтоосугай.

4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.С-д хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.С нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

9. Шүүгдэгч М.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХЗАЯА

 

 

[1] хх-ийн 6-15 дугаар хуудас

[2] хх-ийн 16-17 дугаар хуудас

[3] хх-ийн 20-21 дүгээр хуудас

[4] хх-ийн 24-25 дугаар хуудас

[5] хх-ийн 31-32 дугаар хуудас

[6] хх-ийн 34-35 дугаар хуудас

[7] хх-ийн 37-39 дүгээр хуудас

[8] хх-ийн 50-52 дугаар хуудас

[9] хх-ийн 58-60 дугаар хуудас

[10] хх-ийн 73-75 дугаар хуудас

[11] хх-ийн 111-112 дугаар хуудас

[12] хх-ийн 176-177 дугаар хуудас

[13] хх-ийн 21 дүгээр хуудас

[14] хх-ийн 24-25 дугаар хуудас

[15] хх-ийн 28 дугаар хуудас

[16] хх-ийн 44 дүгээр хуудас

[17] хх-ийн 46 дугаар хуудас

[18] хх-ийн 181 дүгээр хуудас

[19] хх-ийн 198 дугаар хуудас