Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2017/00266

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2017/00266

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Булгачин 4 гудамж, 71 тоот хаягт оршин суух, Хошууд овогт Эрдэнэбаатарын Бямбадолгор /РД:ЦИ83011408/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Булгачин 4 гудамж, 71 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Дэмбэрэлийн Баттөвшин /РД:ЦИ82111318/-д холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.                                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэвтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Бямбадолгор нь Д.Баттөвшинтэй 2006 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсон бөгөөд хамтын амьдралын хугацаанд 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Болоржин, 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Маргад-Эрдэнэ нар төрсөн. Хамтын амьдралын хугацаанд хувийн таарамжгүй харьцаатай байсан. Д.Баттөвшин нь Э.Бямбадолгорыг Солонгос улсад ажиллаж байх хугацаанд 2 хүүхэдтэйгээ байхдаа мөн л хүүхдүүдээ дарамталж, 3 хоногоор хоолгүй гэртээ түгжсэн, буцалсан халуун усаар хөлийг түлсэн, өдөрт 3 ширхэг боорцогоор хооллодог байсан байна.

Д.Баттөвшин нь, Э.Бямбадолгорыг удаа дараа дарамталж зоддог байсан. Хүү Маргад-Эрдэнээ төрүүлэх гээд 7 сартай жирэмсэн байхад нь Баттөвшин 2 давхарын шатан дээрээс унагааж хөл гарыг нь гэмтээж байсан. Д.Баттөвшин 2012 онд БНСУ-руу гэрээгээр ажиллахаар явсан. Яваад 3 сар болоход сураггүй гэр бүлтэйгээ холбоо бариагүй. Үүний дараагаар Э.Бямбадолгор нь 2012 оны 01 сарын 25-нд хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан. Энэ үедээ 2 хүүхдээ миний асрамжинд үлдээгээд явж байсан. Солонгост байх хугацаанд нь Баттөвшинтэй утсаар холбогдож байсан. Баттөвшин үйлдвэр дээр нь очоод зодож нүдэж удаа дараа дарамталж хөөж явуулсан байсан. Э.Бямбадолгор 5 жилийн хугацаанд хариуцагчийн ээжид хүүхдүүдийн хэрэгцээнд зориулж 360.000 төгрөг өгдөг байсан.  Э.Бямбадолгор 2 хүүхэддээ тусламж үзүүлдэг байсан. Д.Баттөвшин хүүхдүүддээ хүртэл гэмтээж, гар хүрсэн асуудал гарч байсан. Мөн ээжийгээ усны саваар цохисон асуудал гарч байсан. Ийм байдалтай байсан учраас Бадам гуай Э.Бямбадолгорт хүүхдүүдээ ав гэж утсаар ярьсан. Улмаар Э.Бямбадолгор ажлаасаа 14 хоногийн чөлөө аваад Монголд ирсэн. Ирмэгцээ 2016 оны 10 сард 2 хүүхдүүдээ өөр дээрээ авсан. Одоо 2 хүүхэд миний асрамжид байгаа. Э.Бямбадолгор  нь  гэрээнийхээ хугацааг дуусгаад удахгүй Монголд ирнэ. Сүүлийн 5 жилийн хугацаанд Э.Бямбадолгор, Д.Баттөвшин нар тусдаа амьдарч байсан. Иймээс зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Баттөвшин өөрөө хуралд оролцсон бол хувийн байдлыг нь тогтоолгох зорилготойгоор хүсэлтүүд гаргах байсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна.  Хариуцагч нь байнга архи дарс ууж, захиргааны зөрчил гаргадаг. Гэр бүлийн хүчирхийлэл байнга үзүүлдэг. Хүүхдүүд  одоогоор итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хамт амьдардаг. Хэрэгт хүүхдүүдийн саналыг авсан байгаа. Дундын хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаж болох байсан ч гэсэн нэхэмжлээгүй. Д.Баттөвшин байсан эд хөрөнгүүдийг зарж үрсэн.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад хүүхдүүдийг аавтай нь уулзуулах гэж очтол хариуцагч Д.Баттөвшин гэртээ согтуу байж байсан. Хүүхдүүдээ ерөөсөө тоодоггүй. Одоогийн нөхцөл байдлаар хүчирхийлэгч гэдгийг нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй боловч хариуцагч хүчирхийлэгч мөн юм. Өөрөө гэрлэлт цуцлуулах асуудлыг хүлээн зөвшөөрдөг. Эцэг гэсэн үүргээ ухамсарлаж байсан бол шүүх хуралдаанд ирэх байсан гэв.

 

Хариуцагч Д.Баттөвшин нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                     

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Бямбадолгор нь хариуцагч Д.Баттөвшинд холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хариуцагч Д.Баттөвшинд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарласан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

Гэрлэгчид болох Д.Баттөвшин, Э.Бямбадолгор нар нь 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсноо 2008 оны 8 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд тэд 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Болоржин, 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Маргад-Эрдэнэ нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн №0046957 Г-1165 дугаартай гэрчилгээ, хүүхдийн төрсний №0000531776Г-482, №0305308Г-3148 дугаартай гэрчилгээнүүдийн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д “Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.” гэж тухайлан зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хариуцагч Д.Баттөвшин нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх талаар идэвхи санаачилгагүй хандсанаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон нь хэрэгт авагдсан эвлэрүүлэн зуучлагч Б.Даваасүрэнгийн үйлдсэн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 11 цаг 00 минутад хэлэлцэхээр товлосон боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох, тайлбар гаргах эрхээр нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн.

Гэвч хариуцагч Д.Баттөвшин хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дахин хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Гэрлэгчдийн дундаас төрсөн, охин Б.Болоржин, хүү Б.Маргад-Эрдэнэ нар эрүүл өсч бойжиж байгаа нь хэрэгт авагдсан эмнэлэг, сургуулийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасантай нийцнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэний журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т ”хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх ... ” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж тус тус заасны дагуу хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь эцэг Д.Баттөвшиний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдүүдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Э.Бямбадолгор саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэгийг хариуцагчаас гаргуулахгүй гэснийг  дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хошууд овогт Эрдэнэбаатарын Бямбадолгор /РД:ЦИ83011408/, Боржигин овогт Дэмбэрэлийн Баттөвшин /РД:ЦИ82111318/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар, охин Б.Болоржин, хүү Б.Маргад-Эрдэнэ нарыг эх Э.Бямбадолгорын асрамжид үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаангүй, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Д.Баттөвшинд, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх Э.Бямбадолгорт тус тус даалгасугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баттөвшингөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Бямбадолгорт олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА