Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/00290

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 1 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/00290

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сэрээтэр овогт Бавуудоржийн Энхболд /регистрийн дугаар ТЖ57121915/-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй хэргийг хэлэлцэв.

 

Гуравдагч этгээдийн биеийн байцаалт: Сэрээтэр овогт Бавуудоржийн Энхболд, 1957 оны 12 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Аманхуур хотхоны 33 а тоотод оршин суух, регистрийн дугаар ТЖ57121915

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т.Жавхлан, гуравдагч этгээд Б.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Аман хуур хотхоны 33 А байрны 6 тоотод оршин суух хаягтай Бавуудоржийн Энхболд /ТЖ57121915/ нь тус дүүргийн нутаг дэвсгэр дээр байнга архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдэн, нийтийн хэв журам байнга зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинд донтох өвчтэй байх тул согтууруулах мансууруулах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан албадан эмчилгээнд явуулж өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээд Б.Энхболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архинд донтох өвчтэй болсон минь үнэн. Албадан эмчилгээнд явъя. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс 2016 оны 11 сард архины албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон. Улмаар би дахиж архи уухгүй гэж амлаад, Толгойтын наркологийн эмнэлэгт хэвтэх гэж байсан боловч ор байхгүй хүлээж байгаад үргэлжлүүлээд архи уусан.

Би архи уухаараа 7 хоног үргэлжлүүлээд уучихдаг, нэг сарын хугацаанд дунд нь завсарлаад 20 гаруй хоног архи уучихдаг. Харин эхнэрээ няслаж ч үзээгүй, зодож цохидоггүй. Согтуу үедээ эхнэрээ үг хэлээр доромжилсон, төвөгтэй байдаг минь үнэн гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад                                                                           

 

 ҮНДЭСЛЭХ нь:

  

Б.Энхболд нь байнга архи ууж согтуурдаг, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архинд донтох эмгэг 2 дугаар үедээ орсон өвчтэй, албадан эмчилгээнд явуулах шаардлагатай болох нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар тодорхойлолт, Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын Комиссын 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээллийн нэгдсэн сүлжээн дэх Б.Энхболдын зөрчлийн талаархи лавлагаа, 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагчид өгсөн түүний тайлбар, мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд Б.Энхболдыг согтуурах донтой өвчнөөс нь ангижруулах зорилгоор албадан эмчлэх байгууллагат шилжүүлж, эмчилгээ хийлгэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

  1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Сэрээтэр овогт Бавуудоржийн Энхболд /регистрийн дугаар ТЖ57121915/-ийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлүүлсүгэй.

 

  1. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Б.Энхболдыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

  1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурдсугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.УНДРАА