| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0475/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/436 |
| Огноо | 2021-05-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/436
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан, улсын яллагч А.Оюунгэрэл, шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц овгийн М.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103 00030 0060 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц овгийн М.Ц, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн Дарив суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, “***” ХХК-д инженер ажилтай, ам бүл хоёр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, БАӨ *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц овгийн М.Ц нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Содон хорооллын баруун талын замд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 19 цаг 05 минутын орчимд “Toyota Crown” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “Эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, энэ хавсралтын 6.6-д “Бүхээгийн шилэн дээр юм бичсэн, зураг наасан, хөшиг татсан, цацаг унжуулсан, салхины шил их хэмжээгээр цуурсан бохирдсон зэргээс жолоочийн харах боломжийг хязгаарласан,Тайлбар:Салхины шилний дээд хэсэгт өнгөт, тунгалаг хальс нааж болно. Салхины шилнээс бусад шилэнд гэрэл гэрэл бууруулагч наалт (толины тусгал харагдах хэсгээс бусад хэсэгт) ашиглаж болох бөгөөд гэрэл нэвтрүүлэх чадвар нь урд хаалганы шилэнд 70 хувь, бусад шилэнд 60 хувиас багагүй байна” гэснийг, мөн дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, энэ дүрмийн 18.3-д “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч 85 настай Т.Ц-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ц овгийн М.Ц нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн “Toyota Crown” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Содон хорооллын баруун талын зам дээр 19 цаг 05 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “Эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, энэ хавсралтын 6.6-д “...Салхины шилний дээд хэсэгт өнгөт, тунгалаг хальс нааж болно...” гэж, мөн 18.3-д “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч, 85 настай, хохирогч Т.Ц-г мөргөж, бие махбодод нь “...зүүн умдаг ясны дээд, доод салааны далд хугарал, тархи доргилт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч М.Ц-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй, тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийнх...” гэсэн мэдүүлэг;
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг (хх-ийн 3-13 дугаар хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 16 дугаар хуудас), ослын дүрс бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг эд мөрийн баримтаар тооцуулах тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 17 дугаар хуудас);
3. Хохирогч Т.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Содон хорооллын харалдаа замын баруун талаас зүүн зүгт чиглэлтэй зам хөндлөн гарч явахад нэг машин мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас);
4. Хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жолоочийн зүгээс эмчилгээний зардалд нийт 1,520,500 төгрөг өгсөн. Шүүх хуралд суухгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас);
5. Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 999011 дугаартай: “...урд салхины шилэнд бууруулагч буюу хальс наасан байгаа нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлөх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 39-40 дүгээр хуудас);
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаартай шинжээчийн: “...Т.Ц-гийн биед зүүн умдаг ясны дээд, доод салааны далд хугарал, тархи доргилт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 45-46 дугаар хуудас);
7. 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 54 дүгээр хуудас);
8. Шүүгдэгч М.Ц-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 70 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 73 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 65 дугаар хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн 69 дүгээр хуудас), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 72 дугаар хуудас), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хх-ийн 66 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 67 дугаар хуудас), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 78 дугаар хуудас), нас барсны гэрчилгээний хуулбар (хх-ийн 78 дугаар хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 68 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Ц-гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч М.Ц-ийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хайхрамжгүй хандаж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэсэн үндсэн шинжийг, “энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг тус тус хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч М.Ц нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Ц-ийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Ц нь “...хийлгэсэн эмчилгээний төлбөрт 520,500.0 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 1,000,000.0 төгрөг, нийт 1,520,500.0 төгрөг авсан, гомдол, саналгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Ц нь бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Ц-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч М.Ц нь “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулав.
Прокуророос шүүгдэгчийн жолоодох эрхийн үнэмлэхийг хэргийн хамт ирүүлээгүй нь эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд саад учруулахгүй боловч цаашид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялтай гэмт хэргийн тухайд шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг хэргийн хамт ирүүлэх талаар анхаарвал зохино.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн 11 настай хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Ц-д хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, болгоомжгүй гэм буруу болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ хэмээн дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Тэнссэн хугацаанд ... хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заасан тул шүүгдэгч М.Ц-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг тогтоолоор сануулсан болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогч Т.Ц-д 1,520,500.0 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ц овгийн М.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар шүүгдэгч М.Ц-д тэнссэн хугацаанд “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.
4.Шүүгдэгч М.Ц-д шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогч Т.Ц-д 1,520,500.0 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА