Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/459

 

                          

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан, улсын яллагч У.Анхжаргал (томилолтоор), шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Ч.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02151 0979 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Ч.О, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл долоо, эхнэр, таван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансар 10 дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ч.О нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ** тоот хашаанаас иргэн Т.Б-ийн эзэмшлийн 5 ханатай монгол гэр болон дотор нь байсан зуух, хөргөгч, хивс зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Ч.О нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ** тоот хашаанаас хохирогч Т.Б-ийн эзэмшлийн 5 ханатай монгол гэр болон дотор нь байсан зуух, хөргөгч, хивс зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нэг сая төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.О-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр анх Б-тай танилцаж байсан. Б-д Ба гэдэг хамт амьдардаг залуу байсан юм байна лээ, би тэр талаар мэдээгүй байсан. Танилцаад удалгүй Бийн хамт амьдарна гээд гэр бариад Сонгинохайрхан дүүрэгт нэг хашаанд буусан. Гэрийг зарах шалтгаан нь Б Ба гэдэг залуутай 2-3 хоног яваад алга болчихоор нь гомдсондоо зарчихсан юм, миний буруу. Гэрийг нь зарсны дараа 160,000 төгрөгийг Б-д өгсөн. Саяхан 840,000 төгрөгийг төлсөн. Би ажил хийж олсон мөнгөө дансанд байршуулсан байсан, тэр мөнгөө шилжүүлсэн. Гэрийг тухайн үед 480,000 төгрөгөөр зарсан. Харин 2019 онд хэрэг шүүхийн шатанд ирсэн байхад оргон зайлсан тухайд тайлбар хэлэхэд одоо амьдарч байгаа эхнэр жирэмсэн байсан, шүүхэд очвол хоригдчих байх гэж бодоод ирээгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ч овогтой О гэх залуутай 2018 оны өвөл танилцаад 2019 оны 02 дугаар сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол ** тоотод миний гэрийг барьж хамт амьдрах болсон. Намайг эзэнгүй байх хооронд О миний гэрийг зөвшөөрөлгүйгээр зарсан. Тэгэхээр нь би цагдаад хандсан. Миний гэр бол 5 ханатай, давхар бүрээстэй, энгийн гэр байсан бөгөөд 2011 онд 1,200,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо гэрээ 1,000,000 төгрөгөөр үнэлнэ. Гэр дотор төмөр зуух, 2 хаалгатай жижиг хөргөгч (250,000 төгрөг), 2x3 хэмжээтэй хивс (100,000 төгрөг) байсан. Би О-т гэрээ өгнө гэж хэлсэн зүйл байхгүй. О надад гэр зарсан гэдгээ хэлээд 160,000 төгрөг өгсөн, өөрөөр хохирол барагдуулсан зүйл байхгүй. Үлдсэн мөнгийг нэхэмжлэх болно....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14,16 дугаар хуудас);

3. Гэрч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О-ын зарах гэж байгаа гэрийн гадна очиход гэр авах гэж байгаа хүн нь ирээд гэрийг нь үзсэн. Тэгээд тухайн хүн О-тай уулзаад ачааны Бонго машин авчраад М, О бид гурав гэрийг нь буулгаж ачаад явуулсан. Гэрийг 440,000 төгрөгөөр зараад мөнгийг О авсан. ...О Бийн гэрийг хэлэлгүй зарсан тухайгаа сүүлд бид нарт хэлсэн. Тэгэхээр нь М бид хоёр орой 19 цагийн үед Б-тай уулзаж энэ талаар хэлсэн. Яг гэрийг ачилцаж өгч байхдаа Б-ийн гэр гэдгийг мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);

4. Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О надад “өөрийнхөө гэрийг зарах гэж байгаа, хамт яваад заралцаад өгөөч” гэж хэлэхээр нь Ч бид хоёр О-т туслаад Ханын материалын Өндөр настны автобусны буудлын хажууд байрлах хашаанд байсан гэрийг танихгүй хүнд 440,000 төгрөгөөр зарсан. Гэр зарсан мөнгийг О өөрөө авсан. Орой нь Б-ийн гэр байсныг мэдээд Б-д хэлэх гээд санаа зовоод хэлж чадалгүй байж байгаад нөгөөдөр нь О, Ч нартай хамт Б-тай уулзаад гэрийг нь зарсан талаар би эхэлж хэлсэн. О надад “миний гэр” гэж хэлсэн болохоор нь итгээд хамт явж, гэрийг нь ачилцаж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас);

5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 628 дугаартай “...нийт хохирлын дүн нь 1,000,000 төгрөг...” гэсэн эд зүйлийн үнэлгээ (хх-ийн 28-30 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Ч.О-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 4 дүгээр сард Ч, М нартай 2-3 хоног гадуур явж дэмий тэнэсэн. Тэгээд гурвуулаа хамт нийтийн байранд амьдрахаар тохирч мөнгө олохоор болсон. Би Б-д гомдоод түүний гэрийг зарахаар болж зар дээрээс гэр авдаг хүн дуудаад 400,000 төгрөгөөр зарсан. Гэр зарсан мөнгөнөөс 160,000 төгрөгийг Б-д өгсөн бөгөөд үлдсэн мөнгийг хэрэглээд дуусгасан. Гэрт байсан хаалгатай хөргөгчийг танихгүй хүнд зарсан. Зуух болон янданг гэртэй хамт явуулсан. Б гэрийг намайг ав гэж хэлж байсан. Ч, М нар гэрийг зөвшөөрөлгүй зарж байгаа гэдгийг мэдээгүй. Гэр авсан хүний дугаарыг мэдэхгүй, би өөрөө санаачилсан, ямар нэг хүн нөлөөлөөгүй....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40-41 дүгээр хуудас);

7. Шүүгдэгч Ч.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 52 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 50 дугаар хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 42-46 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (шинээр гаргаж өгсөн), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (шинээр гаргаж өгсөн) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.О-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэгт тооцно.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох 5 ханатай монгол гэр, төмөр зуух (яндантай), 2 хаалгатай жижиг хөргөгч, 2/3 хэмжээтэй хивс зэргийг нийт 1,000,000.0 төгрөгөөр үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 1,000,000.0 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэхүү хэмжээ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Ч.О-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ч.О нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.О-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.О нь хохирогч Т.Б-д нийт 1,000,000.0 төгрөгийг төлж барагдуулсан болох нь баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:             

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ч.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш нийт 32 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруу зүйлчлэл дээр маргахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан. Шүүгдэгч Ч.О-ын хувьд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, мөн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, бага насны 5 хүүхэдтэй, тэднийг өдрийн цагаар өөрөө асарч халамжилдаг, төлөв даруу зантай, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлоо бүрэн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг  хүлээлгэж өгнө үү...” гэв.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх нэмэлт дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Тэнсэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал...” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн 6 сараас 7 нас хүртэлх бага насны таван хүүхэдтэй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-т хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

Шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг шүүгдэгч Ч.О-т тогтоолоор санууллаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан үндэслэлээр 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш гучин гурав хоног цагдан хоригдсон, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Ч.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-т хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.О-т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Ч.О-т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.О нь 33 (гучин гурав) хоног цагдан хоригдсон, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ч.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА