Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/00313

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/00313

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам 51-92 тоот хаягт оршин суух, Сарик овогт Таниэлийн Болд /регистрийн дугаарУХ67032836/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Дандарын гудамж, 72 хотхоны урд 48 дугаар байрны 1 давхарт байрлах “Их наран өргөө констракшн” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5162084/-д  холбогдох,

“62,126,550 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Д.Болдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Даниэль овогтой Болд нь 2012 оны 10 дугаар 09-ний өдөр “Их наран өргөө констракшн” ХХК-тай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх” №1\17 тоот гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 72 хотхоны урд байрлах 48-р байрны 5 дугаар давхарт, 18 тоотод байрлах 67.59 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 81,108,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байдаг.

Гэрээний 2 дугаар зүйл, 2.3 дахь хэсэгт заасан үүргийн дагуу хариуцагч "Их Наран Өргөө Констракшн” ХХК нь 2013 оны 3-р улиралд багтааж дээрх орон сууцыг ашиглалтад оруулж нэхэмжлэгч Д.Болдын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байсан. Харин нэхэмжлэгч нь гэрээний 3 дугаар зүйл, 3.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу орон сууцны захиалгын төлбөрийг хуваарийн дагуу, хугацаандаа төлөх үүргийг хүлээсэн бөгөөд Д.Болд нь гэрээний үүргийн дагуу хугацаандаа төлбөрөө төлөөд зогсохгүй графикаас өмнө төлбөрөө төлж хариуцагчийг ажил гүйцэтгэх боломжоор хангаж байсан байна.

Гэрээний хугацаа дуусахад Д.Болд нь нийт 34,332,400 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлсөн байсан боловч “Их Наран Өргөө Констракшн” ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилгаа ашиглалтад оруулаагүй байдаг. Тухайн үед нэхэмжлэгч Д.Болдод нэн яаралтай орон байртай болох хэрэгцээ, шаардлага байсан тул 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас нэг сарын 1.6%-ийн хүүтэй 54,300,000 төгрөгийн зээл авч орон сууц худалдан аваад хариуцагчид гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учир гэрээг цуцлах санал тавьж, хариуцагчаас урьдчилгаа төлбөрөө нэн яаралтай буцаан авч банкны зээлээс хасахгүй бол cap бүр өндөр хүү банканд төлж байгаа тухай анхааруулахад “Их Наран Өргөө Констракшн” ХХК нь санхүүжилт байхгүй учир өөр худалдан авагч дээрх байрыг захиалж авах хүртэл урьдчилгаа төлбөрийг буцаан олгох боломжгүй бөгөөд урьдчилгаа төлбөрөөс 10 хувийн торгууль суутган авч, мөн гэрээг цуцалсантай холбоотой алданги нэхэмжилнэ гэж сүрдүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч арга буюу үлдэгдэл мөнгөө өгч байраа авахаар шийдсэн байдаг. Гэтэл Хариуцагч нь өөрөө гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй байж, байр нь ашиглалтад ороогүй байхад, “Байрыг хурдан шуурхай ашиглалтад оруулахын тулд хөрөнгө шаардлагатай байна” хэмээгээд Д.Болдыг байрны үлдэгдэл төлбөрөө төлөхийг өдөр шөнөгүй шаардаж байсан тул нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 57,332,400 төгрөгийг байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн байдаг. Д.Болд нь захиалгын байраа авахын тулд өөрт байгаа бүхий л хүч чадлаа дайчилж байтал 2016 онд байр ашиглалтад ороход "Их Наран Өргөө Констракшн" ХХК нь бэлэн мөнгөтэй хүн 18 тоот байрыг худалдаж авах гээд байх тул үлдэгдэл мөнгөө 24 цагийн дотор багтааж төлөхийг шаардсан байна. Тухайн үед Д.Болдод тийм боломж огт байгаагүй тул аргагүйн эрхэнд 2016.03.24-ний өдөр гэрээнээс татгалзаж, “Их Наран Өргөө Констракшн” ХХК-ийн захирал О.Хонгорзултай тохиролцон урьдчилгаа төлбөрт төлсөн 57,332,400 төгрөгөө 14 хоногийн дотор буцаан авахаар болж, хариуцагч нь албан бичиг өгсөн байдаг. Гэвч хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 18,000,000 төгрөг буцаан олгоод үлдэгдэл 39,332,400 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Иймд Иргэний хуульд заасан үндэслэлийн дагуу гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 39,332,400 төгрөг, хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол буюу 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Худалдаа хөгжлийн Банкны орон сууцны зээлийн хүүнд төлсөн 22,794,150 төгрөг, нийт 62,126,550 төгрөгийг хариуцагч “Их Наран Өргөө Констракшн” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч “Их Наран Өргөө Констракшн” ХХК-ийн албан бланк дээр Сүхбаатар дүүрэг, Тусгаар тогтнолын ордон, 511 тоот гэх хаяг байх боловч дээрх хаягт үйл ажиллагаа эрхлэхээ больсон байв.

Иймд миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, 14.2 дахь хэсэг “14.2.Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.” 14.3 дахь хэсэгт “14.3.Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно.” заасныг үндэслэн хариуцагчийн үйл ажиллагаагаа байнга явуулж байгаа газар буюу эд хөрөнгө байгаа газрын хаягаар нэхэмжлэл гаргасан болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их наран өргөө констракшн” ХХК нь гэрээнд заасан хугацаанд байраа ашиглалтад оруулаагүй гэж байна. Уг орон сууц захиалах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т орон сууцыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн байдаг. Гэвч гэрээ байгуулагдсанаас хойш 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1407 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээг иргэн Д.Болд нь Н.Мөнх-Эрдэнэтэй байгуулсан байдаг. Уг гэрээг байгуулахаас өмнө 18 тоот байрыг зарах сонирхолтой байгаагаа илэрхийлж, зар мэдээ сонинд зар тавьж байсан байдаг.

Уг байр ашиглалтад орохоос өмнө уг байрыг зарах бодол үүссэн гэж үзэж байна. Байр ашиглалтад оруулахаас өмнө байрыг зарах бодол үүссэн гэж бодож байгаа. Хариуцагч тал гэрээг цуцлах санал гаргаагүй. Нэхэмжлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах санал гаргаж гэрээг цуцалсан байдаг. Манайх гэрээг цуцлах хүсэл зориг байгаагүй. Гэрээ цуцалсантай холбогдуулан хохирол нэхэмжилж байна.

Хохирол нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас орон сууцны хүүд төлсөн 22.794.150 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээ нь Худалдаа хөгжлийн банк болон Д.Болд нарын хооронд байгуулагдсан гэрээ байна. Гэрээний үүргийг Д.Болд нь хариуцна. Энэ гэрээний нэг тал биш, энэ гэрээний үүргийг гүйцэтгэх үүрэг “Их наран өргөө констракшн” ХХК-д байхгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэн заалтын дагуу Д.Болдоос байрны урьдчилгаанд шилжүүлсэн 57.332.400 төгрөгөөс 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 18.000.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Иймээс үлдэгдэл 39.332.400 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Худалдаа хөгжлийн банкнаас зээлсэн зээлийн хүү болох 22.794.150 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орон сууц захиалах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээ нь 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болсон. Д.Болдын хүсэлтийн дагуу харилцан тохиролцож дуусгавар болгосон. Энэ албан тоот дээр гэрээний 5.1 дэх заалтын дагуу гээд маш тодорхой заасан байгаа. Гэрээний 5.1 дэх заалт нь ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд эвийн журмаар шийдвэрлэхээр тохирсон заалт юм. Нэгэнт захиалагчийн зүгээс гэрээг цуцлах санаачилгыг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан. Энэ дээр харилцан тохиролцсон гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн шаардлагадаа дурдаад байгаа Худалдаа хөгжлийн банктай байгуулсан гэрээ нь 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээ нь цаг хугацааны хувьд 3 жилийн өмнөх асуудал. Энэ бол гэрээ цуцалсантай холбоотой хохирол биш. Энэ бол Д.Болдын өөрийнх нь хүсэл зоригоос хамаарсан зүйл байсан. Гэрээний хариуцлага, алданги бол өөр хэрэг. Гэрээнээс учирсан хохирол алданги, гэм хорын асуудал энэнээс хойш яригдах байсан. Цаг хугацааны хувьд боломжгүй байна гэж харагдаж байна.

Худалдаа хөгжлийн банктай байгуулсан гэрээний харилцаанд хариуцагч талаас оролцоогүй тул гэрээний зээлийн хүүг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Д.Болд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун нь хариуцагч “Их наран өргөө” ХХК-д холбогдуулан, орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр 39,332,400 төгрөг, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол буюу өөр орон сууц зээлээр худалдан авч хүүнд төлсөн 22,794,150 төгрөг нийт 62,126,550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 39,332,400 төгрөг буюу гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн төлбөрийг нэхэмжлэгчид буцаан олгохыг зөвшөөрч, хохирол гэх 22,794,150 төгрөгийг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Талууд 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай №1/17 дугаар гэрээ байгуулж, захиалагч Д.Болд нь гүйцэтгэгч “Их наран өргөө констракшн” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны  нутаг дэвсгэрт баригдах орон сууцны зориулалттай барилгын 18 тоот 67,59 м.кв талбайтай 5 давхрын 3 өрөө орон сууцыг 81,108,000 төгрөгийн үнээр бариулах, гүйцэтгэгч тал нь орон сууцыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхаар харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч Д.Болд дээрх гэрээний дагуу нийт 57,332,400 төгрөгийг хариуцагч “Их наран өргөө констракшн” ХХК-д төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд талууд гэрээг цуцалж, хариуцагч нь уг 57,332,400 төгрөгийг 14 хоногийн дотор нэхэмжлэгч Д.Болдод гаргаж өгөхөө мэдэгдэж байсан нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан  “Их наран өргөө” ХХК-иас захиалагч Д.Болдод хаягласан 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Төлбөр тооцоо дуусгах тухай” албан бичиг зэргээр тогтоогдов.

 

Хариуцагч нь дээрх 57,332,400 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчид буцаан олгосон, одоо 39,332,400 төгрөгийн үлдэгдэлтэй талаар зохигчид хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар 39,332,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулаагүйгүйгээс 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 1,6 хувийн хүүтэй 54,300,000 төгрөгийн зээлээр орон сууц худалдан авч, хүү төлж хохирсон хэмээн буруутгаж, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн зээлийн хүүнд төлсөн 22,794,150 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулаагүйгээс өөр орон сууц худалдан авч зээлийн хүү төлсөн хэмээн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Гэвч  нэхэмжлэгч Д.Болд Худалдаа хөгжлийн банктай 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-ВСС2013102230-1 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, зээл, хүү төлснийг хохирол гэж үзэх үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдсон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцдог.

 

Иймд өөр орон сууц худалдан авахад төлсөн зээлийн хүүг хохирол хэмээн хариуцагчаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч “Их наран өргөө констракшн” ХХК-иас 39,332,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Болдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,794,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Их наран өргөө констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 354,611 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Болдод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА