Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/241

 

 

 

 

 

 

 

  

     2021            05           11                                      2021/ШЦТ/241                                

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Б-ийн А-д холбогдох эрүүгийн 20100 1275 0048 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц, хохирогч Д.Ц, түүний өмгөөлөгч К.Отгонцэцэг, шүүгдэгч Б.А нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ОХУ-ын Москва хотод Иргэний хамгаалалтын академийн нэгдүгээр дамжааны оюутан гэх, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ч овогт Б-ийн А /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 6 дугаар сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Саарлын 4 дүгээр байрны гадна О.У гэх эмэгтэйг гэрт нь хүргэж өгнө гэснээс болж Д.Цтэй маргалдаж, улмаар түүний толгой руу нь тохойгоороо цохиж, биед нь “...тархи доргилт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би Ц гэх залуугийн нүүрэнд нь гар хүрээгүй, цохиогүй. Намайг Очироо гэх хүүхдийн гэрээс гарч ирэхэд Ц гадаа ирчихсэн, хүмүүстэй муудалцаад байж байхаар нь “согтуу байна, боль” гэхэд “ална шүү” гээд гараа далайхад нь санаандгүй араас нь цохисон. Би гараараа хохирогчийн толгойны ард талд нь нэг удаа цохисон. Тухайн хэрэг гарах үед би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөн хохирогчийг танихгүй, ямар нэгэн өс хонзон байхгүй. Намайг гарч ирэхэд хохирогчийн нүүр нь шалбарсан байсан. Маргаан юунаас болж гарсныг бол мэдэхгүй байна. Хохирогчийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хохирогчийн биед учирсан хамрын гэмтэл нь миний цохисноос учраагүй тул хамрын гэмтлийн эмчилгээтэй холбоотой хохирлыг төлөхөөс татгалзаж байна. Харин тархи доргилт гэмтэлтэй холбоотой гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтын хүрээнд нөхөн төлж барагдуулна. Тархины гэмтэлтэй холбоотой гарсан хохирлын зардлыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хийсэн буруу үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Д.Цээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр найз Түвшээтэй /О.У гэх хүнийг бага зэрэг таньдаг байсан/ ойрд уулзаагүй болохоор 4-5 жилийн дараа уулзсан. О.Угийн найз Лхамаатай хамт машин дотор пиво уугаад байж байхад О.У нь машинаас буухаар нь машины цонхоор харахад хоёр хүнтэй юм яриад зогсож байсан. Эмэгтэй хүн болохоор нь би санаа зовоод “яасан бэ” гээд араас нь очиход хамт байсан хоёр залуу нь “эгчийгээ гэрт нь оруулах гэж байна” гэхэд нь “ах нь оруулаад өгчихнө” гэж хэлээд О.Уг машинд суулгасан. Тэгээд удалгүй 5-10 минутын дараа гэрт нь оруулж өгөх гээд орцных нь гадаа сууж байтал 2-3 залуу хүрч ирээд “та эгчийг гэр рүү нь оруулна гэсэн яасан бэ” гээд О.Уг авч явна гээд чирээд аваад явсан. Тухайн үед би араас нь очоод “эмэгтэй хүнийг яагаад чирч, гулдчаад байгаа юм бэ” гэсэн. Тэр талаар камерын бичлэг дээр тусгагдсан байгаа. Энэ үйл явцыг мөрдөгч дутуу бичсэн байсан.

О.Уг аваад байрны булан эргэтэл тэр хавиас хэдэн хүүхдүүд олуулаа болоод гараад ирсэн ба над руу “ална” гээд дайрсан. Тэгээд би зугтааж явахдаа байрны зогсоолын тэнд бүдэрч унасан. Унасан байхад эд нар бөөнөөрөө дайрч зодсон. 2-3 удаагийн халдлагаар зодсон. Хамгаалагч нь байсан, хамгаалагчийг “дуугай байгаарай, ална шүү” гээд байсан. Миний нүүрэнд хэн цохисныг мэдэхгүй байгаа. Шүүгдэгч Б.Агийн хувьд миний тархи, нүүр рүү цохисон.

Шүүх хуралдаанд эмчилгээний зардлын талаар баримтыг гаргаж өгсөн. Миний нүүрний хоншоор яс хугарсан, толгой тархи, дагз, нуруу хэсэгт гэмтсэн. Эмнэлгээр явахад тэдний ээж, аав нь надтай цуг явсан. Саруул эмийн сангаас 356.100 төгрөгийн булчин суллах, тархины цусан хангамж сайжруулах, тархины хавдар буулгах эм, тосыг авсан. Гранд мед, Мөнгөн гүүр, ГССҮТ зэрэг эмнэлэгт үзүүлж, эмчийн зөвлөгөө авч, үзлэг шинжилгээ хийлгэсэн. Тархины КТГ, нуруу бүсэлхийн КТГ-ийн шинжилгээ хийлгэсэн. Мөн булчин суллах, тархины цусан хангамж сайжруулах эмийн эмчилгээ хийлгэсэн. ЭМЖЖ чих хамар хоолойн эмчийн үзлэг, шүдний эмчийн үзлэг, мөн хамрын шонтон ясны хугарал засах эмчилгээ зэрэгт одоогоор гарсан зардалд нийт 867.254 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед миний бие бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч болсон үйл явдлыг тодорхой сайн санаж байгаа.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 1275 0048 дугаартай хэргээс:

 

1. Хэрэг учрал гарсан гэх Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Сааралын 7 дугаар байрны хяналтын камерын бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 14х, 15-16х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ций хохирогчоор өгсөн:

“...Би 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр найз Б.Түвшинтөрийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах Сааралын 4 дүгээр байранд ирж өөр хоёр найзтайгаа уулзсан. Тэгээд бид дөрөв нэг том пиво авч Яармагийн тийшээ очиж уучихаад, буцаж Сааралын 4 дүгээр байранд ирж дахин нэг пиво аваад “уух” гээд сууж байхад бид нартай хамт явж байсан О.У нь танил дүү гэх хоёр залуутай таарсан.

Тухайн залуучууд нь О.Уг авч явах гээд байхаар нь “ахын дүү нар яасан юм бэ, ах нь гэрт нь оруулаад өгчихнө” гэж хэлсэн. Тэгэхэд О.У хажуунаас “зүгээрээ, эгч нь гурван найзтайгаа сууж байгаад орчихно” гэхэд нөгөө хоёр залуу цаашаа явсан. Бид хоёр ч машиндаа суугаад 10 алхам явалгүй зогсоод, орцны үүдэнд О.Угийн хамт сууж байхад нөгөө хоёр залуу, өөр нэг залуугийн хамт хүрээд ирснээ нэг нь үдээсээ чангалаад, нөгөө хоёр нь О.Уг аваад яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь “хөөе, ахын дүү нар” гээд явж байхад байрны цаагуур ороод, буцаад зургаа долуулаа болоод гүйгээд гараад ирсэн ба над руу сарвагнаад байхаар нь би буцаж зугтаж байгаад зогсоолын тэнд байсан жижиг гинжинд бүдэрч унасан.

Тэгэхэд хоёр хүүхэд ирээд шууд толгой руу өшиглөсөн, мөн араас дахин хэдүүлээ нэмэгдэж ирсэн. Би газар уначихсан байсан учраас яг хэн намайг цохиж зодоод байгаа нь мэдэгдэхгүй байсан. ...Би эмчилгээ хийлгэсэн зардал болон ирээдүйд гарах эмчилгээний зардлыг нэхэмжилмээр байна, өөр гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Угийн гэрчээр өгсөн:

“...Би 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байхад манай найз н.Лхагвадулам ирсэн. Бид хоёр гэрт хоол идэнгээ хоёр пиво уусан. Тэгэхэд н.Лхагвадуламын утас дуугараад “Түвшээ, Ц хоёр ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгээд бид дөрөв уулзаад Яармагийн урагш ууланд очиж нэг том пиво уусан.

Тэндээсээ буцаж манай гэр буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Сааралын 4 дүгээр байрны гадаа машин дотор дахин нэг том пиво уусан. Би бие засмаар санагдаад Д.Ций хамт машинаас буухад Орчлон, А гэх манай байрны хоёр дүү явж байхаар нь дуудахад хүрээд ирсэн. Би тэр хоёрт “эгч нь жоохон муудчихсан байна, эгчийгээ гэр лүү оруулаад өг” гэхэд Д.Ц хажуу талаас “би оруулаад өгчихнө, ахын дүү нар харь харь” гээд тэр хоёр хүүхдэд хэлэхэд “манай эгч муудчихсан байна, аваад явъя” гэсэн.

Тэгэхэд Д.Ц “ах нь өнөөдөртөө эгчийг чинь оруулаад өгчих чадалтай байна” гэж хэлээд доошоо тонгойгоод гутлаа үдсэн. Тэгснээ “нэг нэгээрээ ахтайгаа үзвэл үз” гэхэд нөгөө хоёр хүүхэд цаашаа гүйгээд яваад өгсөн.

Д.Ц бид хоёр алхаад манай орцны үүдэнд байхад манай хоёр дүү цаанаас найзуудыгаа дагуулаад долоо наймуулаа болоод хүрээд ирсэн ба намайг дагуулаад Нутгийн буяны тийшээ аваад явсан. Би “манай найз шүү, зодож болохгүй” гэж хэлсэн, тэр үед Д.Ц машин руугаа гүйж байгаад зогсоолын гинжинд бүдрээд уначихсан. Тэгээд цаашаа явсан болохоор юу болсныг нь хараагүй. Удалгүй манай дүү нар н.Лхагвадуламыг дагуулаад гэрт оруулж өгсөн. Би явчихсан болохоор Д.Цийг хэн, хаана нь яаж цохисныг хараагүй. Надтай уулзахдаа Д.Ц зүгээр байсан, ямар нэгэн шарх гэмтэл байгаагүй. Тэр хүүхдүүд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Түвшинтөрийн гэрчээр өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө би найз Д.Ций хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт н.Лхамаа, О.У хоёртой уулзаж, ойр зуурын юм ярингаа машинд пиво уусан. Тэгээд Д.Ц, О.У нар бие засах гээд машинаас буугаад удаад байхаар нь араас нь гарахад хоёр залуу ирчихсэн “О.Уг авч явна” гээд зогсож байсан.

Би Д.Цд “юун хүүхдүүд вэ” гэхэд “мэдэхгүй” гэж хэлсэн. Нөгөө хүүхдүүд нь ч юу ч дуугарахгүй байсан ба О.У “эгч нь өөрөө явчихна” гэж хэлээд нөгөө хоёр хүүхдийг явуулчихсан. Удалгүй хамт сууж байсан хоёр охин “гэртээ орлоо” гэхээр нь Д.Ц хүргэж өгөхөөр хамт явсан. Би араас нь машинаа аваад очиход нөгөө хоёр залуу дөрвүүлээ болчихсон, О.Уг цаашаа чирээд аваад яваад өгсөн.

Д.Ц “та нар яах гээд байгаа юм бэ, би өөрөө оруулаад өгчихнө” гэхэд үгийн зөрүүгүй цаашаа аваад явсан. Цаанаас нөгөө хүүхдүүд найзуудынхаа хамтаар буцаж гарч ирээд Д.Цийг хөөсөн ба Д.Ц “зугтаарай” гэхээр нь би зугтаасан. Тэгээд байр тойрчихоод ирэхэд Д.Ц нь “зодуулчихлаа, цагдаа дуудаарай” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Энх-Орчлонгийн гэрчээр өгсөн:

“...Манай найзын төрсөн өдөр болоод бид нар Нарны хорооллын орчимд байдаг “Атилла” гэх нэртэй зааланд сагс тоглож байгаад н.Мөнх-Очирын гэрт хонохоор болсон. Тэгээд хэдүүлээ н.Мөнх-Очирын гэрт орсон. Би харин цүнхээ тавихаар болоод н.А гэх найзтайгаа гэр лүү явж байхдаа О.У эгчтэй таарсан. Тэгэхэд О.У “эгч нь жоохон согтчихсон байна, гэр лүү хүргээд өг” гэхээр нь эгчийг дагуулаад явж байхад Д.Ц гэх залуу “хөөе, наадахаа тавиач” гэхээр нь А “яасан бэ” гэхэд тэд нартай хамт явж байсан эмэгтэй Д.Цд “хуурай дүү нь байгаа юм” гэж хэлсэн.

Тэгэхэд Д.Ц “ах нь аваад явчих чадалтай байна” гэхээр нь А бид хоёр “за” гэхэд эгчийг цаашаа тэврээд аваад яваад өгсөн. А бид хоёр н.Мөнх-Очирын гэрт ороод “О.У эгчийг нэг ах тэврээд аваад явчихлаа” гэж хэлээд гурвуулаа буцаж гараад О.У эгч болон нөгөө залуу дээр очсон. Би гутлынхаа үдээсийг чангалаад “за эгчээ, явъя” гэхэд Д.Ц гэх залуу нь босож ирээд “ах нь наад санааг чинь мэднэ шүү дээ” гэхээр нь би хойшоо хоёр алхсан.

А руу нөгөө ах “яасан бэ” гэж байсан ба би О.У эгчийг аваад цаашаа яваад өгсөн. Энэ үед манай найзууд болох Очироо, Амка, Бука, Мөнхөө, Сүлдээ нар хойноос гүйлдэж гарч ирээд Д.Ц гэх залуу дээр очсон. Тэд нараас хэн нь Д.Ц гэх залууг цохисныг бол хараагүй, сүүлд сонсоход Мөнхсүлд хоёр удаа нүүр лүү нь цохисон гэж байсан. Мөн манай найз А араас нь нэг удаа толгой хэсэг рүү цохисон гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 32х/,

 

6. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7327 дугаартай:

1. Д.Ций биед тархи доргилт, хоншоор ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын төвгөр, баруун шанаа, баруун чих, уруул, баруун чих, зүүн бугуйн үе, дагзны хуйх, зүүн гуя, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, баруун тохойны зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх, нэг шүдний эмтрэл    бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 44-46х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийг байцаасан тэмдэглэлд:

“...Д.Ций биед учирсан гэмтлүүдээс хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд болох баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын төвгөр, баруун шанаа, баруун чих, уруул, баруун чих, зүүн бугуйн үе, дагзны хуйх, зүүн гуя, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх зэрэг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үүнээс бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хоншоор ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар цохих, хөлөөр өшиглөх аль алинд нь үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54х/,

 

8. Хохирогч Д.Ц нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 45-55х/,

 

9. “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай прокурорын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоол /хэргийн 128-1129х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Агийн гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Тухайн өдөр Буян-Өлзий, Хүслэн, Мөнх-Эрдэнэ, Золбоо, Мөнхсүлд, Мөнхбат, Түмэнхүслэн, Орчлон, Очироо бид хэд “Атилла” спорт зааланд тоглоод, харихдаа Орчлонтой юм ярьж яваад нөгөө хэдээсээ хоцроод үлдчихсэн. Тэгээд би Орчлонгийн хамт явж байгаад Д.Ц, О.У нартай таарсан.

О.У энэ үед нилээн согтчихсон байсан ба “эгч нь хэцүүдчихсэн байна, эгчийгээ гэр лүү оруулаад өгөөч” гэж хэлсэн. Орчлон тэр эгчийг сугадаад аваад явахад араас нь Д.Ц гэх залуу гарч ирээд Орчлон бид хоёрт “гөлөгнүүдээ, би найзыгаа оруулаад өгчих чадалтай байна, өнөө шөнө” гэж хэлээд О.Уг бэлхүүсээр нь тэврээд машин руу аваад явж байхдаа “гөлөгнүүдээ цаашаа байгаарай” гээд байсан. Тэгээд Орчлон бид хоёр Нутгийн буян руу явж байх үед Орчлон “буцаж очоод эгчийгээ авчихдаг юм уу” гэсэн.

Тэгэхэд Орчлон, Очироогийн гэрээс Аамкаг дагуулаад гарсан. Би Очироогийн гэрт ороход Буян-Өлзий, Хүслэн, Мөнх-Эрдэнэ, Золбоо, Мөнхсүлд, Мөнхбат, Түмэнхүслэн нар байсан. Тэгээд 10 минутын дараа Орчлон бусдыг нь дагуулаад гарсан ба би ганцаараа үлдсэн. Нөгөө хэд дээр араас нь очиход бөөнөөрөө хэрэлдээд зогсож байсан. Энэ үед Д.Ций баруун нүүр нь шалбараад цус гарчихсан байдалтай байсан. Д.Ц агсарсан байдалтай “нэг нэгээрээ үзчих, та нарыг яасан ч яадаг юм” гээд хашгирах үед О.У Д.Цийг гараас нь хойшоо татсан боловч дийлэлгүй алдчихсан.

Би Д.Цийг хойшоо болгох гээд хүзүүнээс нь татсан, гэхдээ дийлээгүй. Д.Ц бид нарт агсраад Орчлон руу “за саарал хувцастай залуу минь хоёулаа тэгж байгаад тааралдана аа” гээд занасан байдалтай хоёр тийш болоод салсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30х, 67х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 86х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 123х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Агийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Тухайн хэргийн нөхцөлд 2020 оны 6 дугаар сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Сааралын 4 дүгээр байрны гадна “О.Уг гэрт нь оруулж өгнө” гэснээс болж хохирогч Д.Ц нь Э.Энх-Орчлон, Б.А, Б.Мөнхсүлд нартай маргалдаж, улмаар Б.А нь Д.Ций толгойн ар хэсэгт нь тохойгоороо цохиж, эрүүл мэндэд нь “...тархи доргилт” бүхий хөнгөн хохирол, өсвөр насны Б.Мөнхсүлд нь Д.Ций нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь “хоншоор ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:  

- хэрэг учрал гарсан гэх Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Сааралын 7 дугаар байрны хяналтын камерын бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 14х, 15-16х/,

- хохирогч Д.Ций: “...Тухайн залуучууд нь О.Уг авч явах гээд байхаар нь “ахын дүү яасан юм бэ, ах нь гэрт нь оруулаад өгчихнө” гэж хэлсэн.

Тэгэхэд О.У хажуунаас “зүгээрээ, эгч нь гурван найзтайгаа сууж байгаад орчихно” гэхэд нөгөө хоёр залуу цаашаа явсан. Бид хоёр ч машиндаа суугаад 10 алхам явалгүй зогсоод, орцны үүдэнд О.Угийн хамт сууж байхад нөгөө хоёр залуу өөр нэг залуугийн хамт хүрээд ирснээ нэг нь үдээсээ чангалаад, нөгөө хоёр нь О.Уг аваад яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь “хөөе, ахын дүү нар” гээд явж байхад байрны цаагуур ороод, буцаад зургаа долуулаа болоод гүйгээд гараад ирсэн ба над руу сарвагнаад байхаар нь би буцаж зугтаж байгаад зогсоолын тэнд байсан жижиг гинжинд бүдэрч унасан. Тэгэхэд хоёр хүүхэд ирээд шууд толгой руу өшиглөсөн, мөн араас дахин хэдүүлээ нэмэгдэж ирсэн. Би газар уначихсан байсан учраас яг хэн намайг цохиж зодоод байгаа нь мэдэгдэхгүй байсан.

...Би эмчилгээ хийлгэсэн зардал болон ирээдүйд гарах эмчилгээний зардлыг нэхэмжилмээр байна, өөр гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х/,

- гэрч О.У /хэргийн 25х/, гэрч Б.Түвшинтөр /хэргийн 27-28х/, гэрч Э.Энх-Орчлон /хэргийн 32х/ нарын мэдүүлэг,  

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7327 дугаартай:

1. Д.Ций биед тархи доргилт, хоншоор ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын төвгөр, баруун шанаа, баруун чих, уруул, баруун чих, зүүн бугуйн үе, дагзны хуйх, зүүн гуя, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, баруун тохойны зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх, нэг шүдний эмтрэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна..

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 44-46х/,

- шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: “...Д.Ций биед учирсан гэмтлүүдээс хоншоор ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд болох баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын төвгөр, баруун шанаа, баруун чих, уруул, баруун чих, зүүн бугуйн үе, дагзны хуйх, зүүн гуя, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх зэрэг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үүнээс бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хоншоор ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар цохих, хөлөөр өшиглөх аль алинд нь үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54х/,

- хохирогч Д.Ций эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтууд /хэргийн 45-55х/ болон шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 30х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Тухайн хэргийн хүрээнд хохирогч Д.Ций эрүүл мэндэд хоншоор ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан өсвөр насны яллагдагч Б.Мөнхсүлд нь 2004 оны 11 сарын 24-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдсэн 2020 оны 6 сарын 23-ны өдрийн байдлаар 15 нас 06 сар 29 хоногтой, 16 насанд хүрээгүй болох нь хэргийн 79, 81 дугаар талд авагдсан төрсний гэрчилгээний хуулбар баримт, нас тоолсон баримтаар тогтоогдсон тул түүнд холбогдох үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр прокурорын 2021 оны 02 сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор /хэргийн 128-129х/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх”-ээр заасан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүнийг эрүүгийн хариуцлагад татаж болох нийгмийн хор аюулын шинж, үйлдэгдэх байдал нь түгээмэл тодорхой төрлийн гэмт хэргийг тухайлан нэрлэн зааж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тодорхой нэрлэн заасан гэмт хэргийн төрөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тусгагдаагүй болно.

 

Хэргийн хохирогч Д.Ций биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан “...тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.А нь түүний толгой тус газарт гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Б.Агийн дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн үндэслэл бүхий байна.

 

Хэргийн шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Иймд шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Тухайн хэргийн нөхцөлд хохирогч Д.Ций биед учирсан “...тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зайлшгүй зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.  

 

Хохирогч Д.Ц нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон учирсан гэмтлийг эмчлүүлэх, шинжилгээ оношилгоо хийлгэх, эм тарианы зардал гэх зэргээр гэм хорын хохиролд тооцон нийт 867.250 төгрөгийг шүүгдэгч Б.Агаар нөхөн төлүүлэхээр нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах “Саруул” эмийн сангаас булчин суллах, тархины цусан хангамж сайжруулах, тархины хавдар буулгах эм худалдан авсны зардал 356.100 төгрөг, хамрын салст угаах угаалга, давс, тосон түрхлэг зэрэг эмчилгээнд “ЭМЖЖ” чих хамар хоолойн эмнэлгээс худалдан авсан эмийн зардал 116.850 төгрөг, тус эмнэлгийн эмчийн үзлэгийн 35.000 төгрөг, “Гранд мед” эмнэлэгт тархинд үзлэг хийлгэж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан зардлын 40.000 төгрөг, “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн 50.000 төгрөг, “Натур” эмнэлэгт тархи толгойны КТГ зураг авхуулсан зардлын 120.000 төгрөг, бүсэлхий нурууны КТГ зураг авхуулсан зардлын 120.000 төгрөг, “Индра мед дентал” шүдний эмнэлэгт үзүүлсэн эмчийн үзлэгийн төлбөр 30.000 төгрөгийн баримтыг /хэргийн 159-163х/ тус тус хэрэгт хавсаргуулахаар шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хохирогч Д.Цээс өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримттай гарсан эмчилгээ оношилгооны болон эм тариа худалдан авсан талаарх хэргийн 159-163 дугаар талд авагдсан баримт нотолгоог нэг бүрчлэн шинжлэн судлаад:

- Бүсэлхий нурууны Компьютер томографын зураг авхуулсан 120.000 төгрөг,

- “ЭМЖЖ” эмнэлэгт чих, хамар, хоолойн үзлэгт орсон 35.000 төгрөг,

- “ЭМЖЖ” эмнэлгийн эмийн сангаас эм худалдан авсан 116.850 төгрөг,

- “Индранил дентал” шүдний эмнэлэгт эмчийн үзлэгт орсон 30.000 төгрөг, нийт 301.850 төгрөгийн эмчилгээний зардлын баримт нь шүүгдэгч Б.А хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан  үйлдэлтэй шууд холбоотой гарсан эмчилгээний зардал гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлээс 301.850 төгрөгийн шаардлагад хамаарах хэсгийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.

 

Дээрх шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн хохирогч Д.Ц нь “хоншоор ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан өсвөр насны яллагдагч Б.Мөнхсүлд, түүний хууль ёсны төлөөлөгчөөс жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

  

Харин хохирогчийн “Гранд мед” эмнэлэгт тархины үзлэг хийлгэж, мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан гэх зардлын 40.000 төгрөг, “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлсэн гэх үзлэгийн 50.000 төгрөг, “Натур” эмнэлэгт тархи, толгойны КТГ зураг авхуулсан гэх зардалд 120.000 төгрөг, “Саруул” эмийн сангаас булчин суллах, тархины цусан хангамж сайжруулах, тархины хавдар буулгах эм худалдан авсан гэх зардлын 356.100 төгрөг, нийт 566.100 /таван зуун жаран зургаан мянга нэг зуу/ төгрөгийг шүүгдэгч Б.Агаар нөхөн төлүүлэхээр хохирогчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэв.  

 

Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийн шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” /хэргийн 86х/ гэж тэмдэглэгдсэн тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан болон өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Б.Ад торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

 

ТОГТООХ нь:

 

1. Ч овогт Б-ийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон Б.Агаас 566.100 /таван зуун жаран зургаан мянга нэг зуу/ төгрөг гаргуулж, хохирогч тоотод оршин суух, РД:, Дуут овогт Д-гийн Цд олгож, нэхэмжлэлээс үлдэх 301.850 төгрөгийг хангахгүй орхисугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шаардлагатай гэж үзвэл хохирогч Д.Ц нь цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний болон бусад зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт Б.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД