Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1000

 

М.Ууганбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00494 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Ууганбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдох

 

Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1350 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Болдбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн  төлөөлөгч П.Эркебулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банкны Тэргүүн орлогч захирал Б.Ганбаатараар ахлуулсан бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал М.Ууганбаярын ажлыг ажлаас халсан, чөлөөлсөн тушаал, шийдвэргүйгээр хүлээж авсан атлаа Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1350 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Төрийн банкны зохион байгуулалтын бүтцээр Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал гэх албан тушаал байхгүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн 118 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Төрийн банкны зохион байгуулалтын бүтцээр Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал гэх албан тушаал байхгүй болсон гэсэн нь үндэслэлгүй. Банкинд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан таамаглах, олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиглэл бүхий газар, хэлтэс, нэгж арилжааны банкинд үйл ажиллагаа явуулдаг. Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын нэр Эрсдэлийн удирдлагын газар гэж өөрчлөгдсөн нь тус газрын захирлын ажил, албан тушаалыг байхгүй болгох үндэслэл болохгүй. Төрийн банкны ажилчдын хувьд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор сайн дураараа эвлэлдэн нэгдэж 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үйлдвэрчний эвлэлийг байгуулж холбогдох төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж үйлдвэрчний эвлэлийн гишүүд нь М.Ууганбаярыг даргаар сонгож ажиллуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд М.Ууганбаяр нь Төрийн банкны үйлдвэрчний эвлэлийн даргын сонгуульт ажлыг хийж гүйцэтгэсэн хэвээр байгаа. Гэтэл Төрийн банк нь Үйлдвэрчний байгууллагын эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах заалтаар хамгаалагдсан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтаны баталгааг зөрчиж М.Ууганбаяр болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр захиргааны санаачилгаар ажлаас халсан нь илтэд хууль бус гэж үзэж байна. Төрийн банкны Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, ажилчдыг хөдөлмөрлөх эрхээ хууль ёсны дагуу хэрэгжүүлэх, хамгаалах боломжгүй болгож, ажил олгогчийн дураараа авирлах нөхцөлийг бүрдүүлж байгаа болохыг анхаарч үзэхийг хүсэж байна. Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1350 тоот хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Төрийн банк” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Н.Батгэрэл нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн банк” ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батласан. Мөн ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 125 тоот тогтоолоор М.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зөвшөөрлийг гүйцэтгэх захиралд олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын албан тушаалд ажиллаж байсан М.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гардуулсан. Улмаар банкны үйл ажиллагааг тасралтгүй явуулах, Банкны нууцлалыг хангах зорилгоор Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/312 тоот тушаалыг үндэслэн М.Ууганбаярын ажлыг хүлээлцсэн. Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1350 тоот тушаалаар М.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан ТУЗ-ийн 118 тоот тогтоолоор батлагдсан Төрийн банкны шинэчилсэн бүтцээр Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газар нь банкны зохион байгуулалтын бүтцээс хасагдаж, Эрсдэлийн удирдлагын газрыг шинээр байгуулж, түүний харъяанд зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтэс, Зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтэс хамаарч, Тусгай активын хэлтэс нь Хууль, эрх зүй хариуцсан захирлын харьяанд шилжсэн. Түүнчлэн бүтцийн шатлалын хувьд Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал нь өөрийг нь харъяалах шууд удирдлага буюу гүйцэтгэх захирлын орлогчид ажлаа тайлагнадаг байсан бол шинэ бүтэц зохион байгуулалтаар Эрсдэлийн удирдлагын газар нь Эрсдэл хариуцсан захирлын харъяанд орж, түүнд шууд ажлаа тайлагнаж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр өөрчлөлт орсон. Мөн Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын чиг үүргээс Бодлого зохицуулах чиг үүрэг нь Бүртгэлийн газарт шилжсэн зэргээр Төрийн банкны зохион байгуулалтын бүтцээс Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын ажил, албан тушаалын ажлын байр хасагдсан болох нь нотлогддог. М.Ууганбаяр нь Сонгинохайрхан дүүргийн Төрийн банкны салбарын эрхлэгч байхдаа 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банкны Улаанбаатар хотын салбар нэгжүүдийн үйлдвэрчний хороог байгуулж даргаар нь томилогдсон байдаг. Төрийн банкны дотоод журамд зааснаар Улаанбаатар хотын салбар нэгжүүдэд Төв банкны буюу газар хэлтэсүүд хамаарагддаггүй тул М.Ууганбаяр тухайн үйлдвэрчний эвлэлийн дарга байх, өөрийнхөө эрх ашгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5-д Үйлдвэрийн газар, байгууллагын захиргааны удирдах албан тушаалтан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй гэж заасан байна. М.Ууганбаяр нь дээрх хуулиар хориглосон үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Төрийн банкны удирдлагад 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болон Хүний нөөцийн хороонд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтдээ М.Ууганбаяр миний бие Төрийн банкинд Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөх болсон тул нэг сарын цалин 4 сарын тэтгэмж авч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Ажилтны тусгай нөхцөлтэй зээлийн 19 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд тэтгэмжээрээ тус зээлийг хаах хүсэлтэй байна. Миний хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн аваад Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцэх 3 дахь асуудал болгож, Эрсдлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байсан М.Ууганбаярын өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, тэтгэмж хүссэн хүсэлтийг хэлэлцсэн. М.Ууганбаярыг албан тушаалаас нь чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох, нэг сарын цалинг ирцийн бүртгэлээс үл хамааран тооцож олгох, Тусгай нөхцөлт орон сууцны зээлийн хүүг хэвээр үлдээхээр 100 хувийн саналтайгаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Төрийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1350 тоот тушаалыг хүчингүй болгож, М.Ууганбаярыг “Төрийн банк” ХХК-ийн Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20 801 886 төгрөгийг “Төрийн банк” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч М.Ууганбаярт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч “Төрийн банк” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Төрийн банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 261 960 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Н.Батгэрэл нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00494 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй учир түүнийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд :

1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлээгүй нь дараах байдлаар тогтоогдож байна. ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 118 дугаар тогтоолын хавсралтаар Эрсдэл хариуцсан захирал нь Эрсдэлийн удирдлагын газар, Зээлийн бодлого зохицуулалтын газрыг шууд харъяалан удирдаж, уг харъяаллын хүрээнд тус газруудын үйл ажиллагааг хяналт тавих, оновчтой зөв зохион байгуулах, зээлийн эрсдлийг тодорхойлох, банкны үйл ажиллагааны эрсдлийг тодорхойлох, хөрөнгийн үнэлгээ тогтоох, зээлийн бодлого боловсруулах, зохион байгуулах зэрэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх, санал хүсэлттэй танилцах зэрэг чиг үүрэгтэйгээр бий болсон албан тушаал байтал үүнийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын албан тушаал гэж үзэж, дүгнэсэн нь хууль, эрх зүйн үндэслэлгүй шийдвэр болсон нь харагдаж байна.

2. Шүүхийн шийдвэрийн мөн хэсэгт “Ажилтан М.Ууганбаяр Төрийн банкны удирдлагад 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, хүний нөөцийн хороонд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтпээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасан гэж мэтпгэлцэж байгаа боловч ... орон тoo хасагдсан гэх үндэслэлээр ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах санаачлагыг бие даан гаргасан гэж үзнэ” гэсэн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч М.Ууганбаярын хүсэл зориг болох 2 удаагийн хүсэлт, түүнийг хэлэлцсэн Төрийн банкны Хүний нөөцийн хорооны шийдвэр түүнийг үндэслэн Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг харилцан зөвшилцөж цуцалсан дараах байдлыг зөв үнэлээгүй байна.

Бодит байдал дээр М.Ууганбаяр нь өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан бөгөөд тэрээр Төрийн банкны удирдлагад 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болон Төрийн банкны Хүний нөөцийн хороонд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтдээ “М.Ууганбаяр миний бие Төрийн банкинд ЭУБЗГазрын захирлаар ажиллаж байсан бөгөөд бүшцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөх болсон тул 1 сарын цалин 4 сарын тэтгэмж авч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна. Ажилтны тусгай нөхцөлтэй зээлийн 19.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд тэтгэмжээрээ тус зээлийг хаах хүсэлтэй байна. Миний хүсэлтийг хүлээн авч нааштайгаар шийдэж өгнө үү.” гэсэн байдаг. Уг хүсэлтийг хүлээн аваад Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар Хэлэлцэх №3 дахь асуудал болгож: Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байсан М.Ууганбаярын өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, тэтгэмж хүссэн хүсэлтийг хэлэлцэж:

“... М.Ууганбаярыг албан тушаалаас нь чөлөөлж, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох.., мэдэгдэх хуудаст заасан 30 хоногийн хугацааны цалинг ирцийн бүртгэлээс үл хамааран тооцож олгох, тусгай нөхцөлт орон сууцны зээлийн хүүг хэвээр үлдээх”-ээр 100 хувийн саналтайгаар шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн харилцаа нь Иргэний эрх зүйн салбар харилцаа бөгөөд ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэгт хамаарагдах Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдаг талуудын хүсэл зоригт үндэслэгдсэн хэлцэл билээ.

Мөн Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-т заасны дагуу ажилтны хүсэлт зоригийг ажил олгогч хүлээн авснаар хэлцэл буюу Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон.

3. Мөн хэсэгт “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /4 900 00 х 90/ тооцож нийт 20 801 886 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож,...” гэсэн нь үндэслэлгүй байна. Бодитоор тогтоовол: сарын цалин 4 900 000 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын цалингаа ажлын 22 хоногт тооцоод /4 900 000 : 22 хоног/ 222 727 төгрөг болж байх бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 09-нийг хүртэлх хугацааны цалин нь /ажлын 84 хоног х 222 727 төгрөг/ 18 709 068 төгрөг болж байгаа юм.

Мөн нэхэмжлэгч талд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг үндэслэн олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг суутган тооцоогүй байгаа зэргээс анхан шатны шүүх үндэслэл муутай шийдвэр гаргасан нь харагдаж байна.

Дээр дурдсан байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч М.Ууганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр нь үндэслэлтэй төдийгүй хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлага хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч М.Ууганбаяр гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар салбар, нэгж татан буугдсан, ажилтны орон тоо хасагдсан гэж маргаж байна.

 

Хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/1350 дугаар “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төрийн банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9,2,13, 9.2.20 дах заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 118, 125 дугаар тогтоолууд, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 68 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал М.Ууганбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хэргийн 16 дугаар тал/

 

Хэрэгт “Төрийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Төрийн банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” 118 дугаар тогтоолоор тус банкны бүтэц зохион байгуулалтыг баталж, зээлийн эрсдэлийн хэлтэс, үйл ажиллагааны эрсдэлийг хэлтэс, тусгай активын хэлтсийг тус тус харъяалан ажиллаж байсан Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрыг зээлийн эрсдэлийн хэлтэс, зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын хэлтсийг харьяалсан Эрсдэлийн удирдлагын газар болон Зээлийн бодлого хэрэг бүртгэлийн газар болгон өөрчилжээ. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирал нь гүйцэтгэх захирлын орлогч захиралд ажлаа тайлагнадаг байсан бол шинээр зохион байгуулагдсан Эрсдэл хариуцсан захирал нь мөн л гүйцэтгэх захирлын орлогч захиралд ажлаа тайлагнадаг нь хэвээр байна. /хэргийн 38-53, 111 дүгээр тал/

 

Уг тогтоолоор өмнөх Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг нь шинэ бүтцэд байгаа Эрсдэл хариуцсан захирал гэх албан тушаалд хамаарахаар болсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.” гэсэн үндэслэлд хамаарахгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын захирлын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ болон шинээр бий болсон Эрсдэл хариуцсан захирлын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заагдсан үндсэн зорилго, чиг үүргийг хооронд нь харьцуулж үзэхэд найруулгын хувьд өөрчлөлт орсноос бус агуулга өөрчлөгдөөгүй буюу нэхэмжлэгч М.Ууганбаярын хийж гүйцэтгэж байсан ажил, үүрэг хариуцагч байгууллагад хэрэгцээ шаардлагагүй болж, түүний ажлын байр үгүй болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын нэр өөрчлөгдсөнөөр тухайн ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдөж, түүнд нэхэмжлэгч М.Ууганбаяр ажиллах боломжгүй болсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрсдэлийн удирдлага, бодлого зохицуулалтын газар татан буугдаж, түүний захирлын орон тоо хасагдсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлж тогтоосонтой холбоотойгоор, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт шүүх 20 801 886 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь зөв ба нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөд олгосон тэтгэмжийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч гаргах эрх нь нээлттэй юм.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00494 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 960 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА   

 

                            ШҮҮГЧИД                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ    

                       

                                                                                             С.ЭНХТӨР