Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 28

 

 

 

 

 

Л.Ишхүүд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Л.Ишхүү түүний өмгөөлөгч Г.Батзаяа, прокурор Т.Жавхлантөгс, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолтой Л.Ишхүүд холбогдох эрүүгийн 1736000440078 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1951 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Лхамжавын Ишхүү  нь 2017 оны 08 сарын 06-ны орой 18 цагийн орчим Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэр “ Ишгэн толгой” гэх газар иргэн И.Хишигбаярын эзэмшлийн 72-22 ХОҮ улсын дугаартай Тоёото Приус маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 / а /-д  заасан...согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...10.1-д заасан... Жолооч гүйцэж түрүүлэх үйлдлийг гүйцэтгэхэд  хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг мэдсэн байвал зохино...гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан хохирогч Л.Жамсрангийн амь насыг хохироосон, иргэн Д.Баатардорж, Б.Батчимэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.    

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Тайж овогт Лхамжавын Ишхүүг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Тайж овогт Лхамжавын Ишхүүг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4-т зааснаар шүүгдэгч Тайж овогт Лхамжавын Ишхүүд  оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Л.Ишхүү нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цээпилд 4085700 төгрөг, хохирогч Б.Батчимэгт 592300 төгрөгийн хохирол  төлсөн болохыг дурдаж,  хохирогч Б.Батчимэг нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цээпил нь авто машиныг Улаанбаатар хотруу ачуулсан зардал, авто машиныг түр саатуулах газар саатуулагдсан  зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхтэй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Цээпилийн нэхэмжлэлээс оршуулгын зардал 7613350 төгрөг, машины үнийн зөрүү 4370000 төгрөг нийт 11983350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Тайж овогт Лхамжавын Ишхүүд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч  Тайж овогт Лхамжавын Ишхүүд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны үеэс эхлэн тоолж  шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Л.Ишхүү түүний өмгөөлөгч Г.Батзаяа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.

            Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасныг шүүх, прокурор анхаарч үзээгүйгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдсэн.

            Анхан шатны шүүх хуралдаан дээр прокурор шүүгдэгч Л.Ишхүүг согтуу байсан гэдгийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт, Л.Ишхүүгийн ял өөрчилж сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлгээр буюу хоёр ширхэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үздэг.

            Гэтэл уг шинжээчийн дүгнэлт засвартай байгаа үүнийг анхан шатны шүүх техникийн шинжтэй алдаа гэж үзсэн нь буруу юм. Шинжээчийн дүгнэлт нь ямар ч засваргүйгээр хэрэгт авагдсан байх ёстой. Л.Ишхүү замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироож, хоёр хүнд хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ял өөрчилж сонсгосон мэдүүлэгт архи уусан талаар нэг үг өгүүлбэр дурдаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Л.Ишхүүд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.                                                                                                                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хянан шийдвэрлэхдээ  мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Прокуророос шүүгдэгч  Л.Ишхүүг  2017 оны 08 дугаар сарыг 06-ны өдөр Ховд аймгийн  Манхан сумын  Төгрөгийн гол  багийн нутаг  дэвсгэрт “Ишгэн толгой” гэх газар иргэн И.Хишигбаярын эзэмшлийн 72-22 хоү улсын дугаартай Тоёото Приус маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/а/-д заасан ...согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно... мөн дүрмийн 10.1-д заасан Жолооч гүйцэж түрүүлэх үйлдлийг  гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг мэдсэн байвал зохино... гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан хохирогч Л.Жамсрангийн амь насыг хохироосон, иргэн Д.Баатардорж, Б.Батчимэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх шүүгдэгч Л.Ишхүүг  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд    тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж,нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэжээ.

            Шүүгдэгч  Л.Ишхүү  2017 оны 08 дугаар сарыг 06-ны өдөр Ховд аймгийн  Манхан сумын  Төгрөгийн гол  багийн нутаг  дэвсгэрт “Ишгэн толгой” гэх газар Тоёото Приус маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа    зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд  зорчиж явсан хохирогч Л.Жамсрангийн амь насыг хохироосон, 72-29 хоү улсын дугаартай Приус маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Д.Баатардорж, зорчиж явсан Б.Батчимэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

            Харин шүүгдэгч нь дээрх хэргийг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үйлдэл нь эргэлзээтэй байна.

            Нэгдүгээр хавтаст хэргийн 84 дүгээр тал дахь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн  Мөрдөгчийн тогтоолын 1 дэх заалтаар Эрүүгийн 173600044 дугаартай хэрэгт иргэн Хашхүүгийн биенээс авсан цусанд шинжилгээ хийлгэх шаардлагатай  байх тул Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчид даалгасан байна. Уг тогтоолын 3 дахь заалтын “а, д, 5”-д  шинжилгээ хийлгэх хүний нэрийг  эхний “И” үсгийг засварлаж, гараар Ишхүү гэж бичсэн байхаас гадна тогтоолыг яллагдагч Хашхүү эсхүл Ишхүү нарын хэн алинд танилцуулсан эсэх нь ойлгомжгүй  байна. Мөн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 91 дүгээртэй химийн шинжилгээ, 69 дугаартай биологийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтийн “И” үсэг нь бүгд засвартай  байх бөгөөд биологийн шинжилгээний “дүгнэлт хэсэгт: 1. Хашхүүгийн биенээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ.”гэжээ.

            Хэргийн 85 дугаар талд Л.Ишхүү 65 н ПЭ51030815 гэж хаягласан гэрэл зураг байх бөгөөд уг зураг дахь бичигт Хашхүүгийн цусны бүлэг тогтоох гэж бичсэн байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл  Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цэндхүү нь Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  9.2 дугаар зүйлд заасан эрх үүрэгтэйгээ танилцан тусгай мэдлэгийнхээ хүрээнд  Л.Ишхүүгийн биенээс авсан гэх хуруу шил бүхий цусанд эсхүл Хашхүүгийн цусанд шинжилгээ хийж 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 91 дугаартай химийн шинжилгээ, 69 дугаартай биологийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан эсэх нь тодорхойгүй  эргэлзээтэй  байна.

            Мөн Ховд аймгийн Цагдаагийн Газрын ЗЦТ-ын зохицуулагч албан тушаалтай, цагдаагийн ахмад М.Алтангэрэл шинжээчийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №28 дугаар шинжээчийн дүгнэлтийн “дүгнэлт” хэсгийн 3-т Л.Ишхүү нь МУ-ын ЗХД-ийн  2.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” Гэх заалтыг зөрчсөн гэжээ.       Шинжээчийн уг дүгнэлт нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Ишхүүг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл шинжээч нь уг дүгнэлтийнхээ эх сурвалж магадлах аргыг заагаагүй байгаа нь Л.Ишхүүг согтууруулах ундаа хэрэглэсэн   үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх боломжгүй байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батчимэгийн өгсөн “... Л.Ишхүү гуайн эхнэр нь эд нар ингэх гээд байсан юм. Аймгаас гарсан цагаас хойш ахынхаа хамт архи уусан. Би архины шилийг нь машины цонхоор шидсэн гэж байсан...” гэх мэдүүлэг нь Л.Ишхүүг согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг шууд нотлох баримт болохгүй дамжмал нотлох баримт байна. /2 дугаар хавтас хэргийн 205 дугаар тал/

            Дээрх үндэслэлээр гаргасан шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

            Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож дээрх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж үзээд шүүгдэгч Л.Ишхүүг 2017  08 дугаар сарыг 06-ны орой 18 цагийн орчимд Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт “Ишгэн толгой” хэмээх газар 72-22 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “... Жолооч гүйцэж түрүүлэх үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг мэдсэн байвал зохино...”гэх заалтыг зөрчиж эсрэг урсгалаас ирж байсан хохирогч Д.Баатардоржийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргаж өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Л.Жамсрангийн амь насыг хохироож, хохирогч Д.Баатардорж, Б.Батчимэг нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийг үйлдэхдээ согтууруулах ундаа  хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үйлдэл тогтоогдохгүй байна гэж  үзлээ.

            Иймд шүүгдэгч Л.Ишхүүд прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Хохирогч нь надад учирсан хохирлыг Л.Ишхүү төлж барагдуулсан тул гомдолгүй, хуульд зааснаар түүний ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгөхийг хүсэж байна гэх хүсэлт болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ишхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт:

            1. Шүүгдэгч Л.Ишхүүд прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй”.гэж,

            2. “Шүүгдэгч Тайж овогт Лхамжавын Ишхүүг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акныг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,хүний амь нас  хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Тайж овогт Лхамжавын Ишхүүг  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас  хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж, 1 дэх заалтыг:

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ишхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнэссүгэй.гэж, 2 дахь заалтыг:

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Ишхүүг оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. гэж 3 дахь заалтыг:

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхийг дурдсугай. гэж  4 дэх заалтыг: “4” дэх заалтыг “6” гэж, “5” дахь заалтыг “7” гэж, “6” дахь заалтыг “8” гэж, “7” дахь заалтыг “9” гэж, “8” дахь заалтыг “10” гэж,”9” дэх заалтыг “11” гэж  тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ишхүү түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсан болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Ишхүү нь 36 /гучин зургаан/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Ишхүүг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар магадлал хүчин төгөлдөр болтол Л.Ишхүүд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

            9. Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Л.Ишхүүгийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай      

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар  давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ДАМБА

                             ШҮҮГЧИД                                      Д.МӨНХӨ

                                                                                    Н.ТУЯА