Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0105

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга

Нэхэмжлэгч: “Д” ХХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Бат-Очир

Гуравдагч этгээд: “А” ХХК, “У” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэгч Э.Бат-Очирын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “А” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0847 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Б.О, өмгөөлөгч Д.Б, гуравдагч этгээд “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0599/З

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Бат-Очирт холбогдуулан “Улсын бүртгэгч Э.Бат-Очирын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “А” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 847 дугаар шийдвэрээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 22 дугаар зүйлийн 22.1 болон 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Д” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Бат-Очирт холбогдуулан “Улсын бүртгэгч Э.Бат-Очирын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “А” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Бид Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Бат-Очирт холбогдуулан түүний 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “А” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 128/ШШ2022/0847 дугаартай шийдвэр гаргаж, манай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн учраас уг анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

3.1. “А” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх этгээдүүд нь “А” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага гэх хууль бусаар томилогдсон этгээдэд үүрэг өгч хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулсан банкны дүрмийг Монголбанкны 2021 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 2549 дүгээрт бүртгүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлэн хуулийн этгээдийн гэрчилгээнд тэмдэглүүлсэн.

“А” ХХК нь үүгээр ч зогсохгүй ийнхүү хууль бус хурлын шийдвэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийг үндэслэн “А” ХХК-ийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх нэрийн дор банкны ажилчдын эрх ашиг сонирхлыг зөрчиж, ажлаас халах, тушаал бууруулах зэргээр дураараа авирласан бөгөөд энэ хууль бус үйлдлээс болж хувьцаа эзэмшигч “Д” ХХК-ийн эрх ашиг ноцтой хохироход хүрээд байна.

3.2. “А” ХХК нь Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.5-д “Энэ хууль болон компанийн дүрэмд зааснаас дээгүүр хувь тогтоогоогүй, эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар хүчин төгөлдөр болно”, 69.1-д “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно”, 68.2-т “Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож болно”, 69.3-д “Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно”, 69.4-т “Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-д заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно”, 69.5-д “Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хэлэлцэх хойшлогдсон хурал нь саналын эрхийн гуравны нэгээс доошгүй хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж заасан. Мөн “А” ХХК-ийн дүрмийн 8.11-д “Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхыг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно”, 8.12-т “Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ” гэх зэргээр хуульд заасан заалтыг зөрчиж хууль бус хувьцаа эзэмшигчдийн хурлаар хүчин төгөлдөр бус тогтоол гаргасан.

Тодруулбал, Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож болно” гэж заасны дагуу “А” ХХК-ийн дүрмийг батлахдаа дүрмийн 8.11-д “Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхыг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно”, 8.12-т “Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хуралд оролцсон хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус зааж өгснөөр 2 хувьцаа эзэмшигчтэй банкны хувьд 66.6 хувийн хувьцаа эзэмшигч буюу хувьцаа эзэмшлийн 2/3 нь оролцсоноор хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр байхаар зохицуулж өгсөн байдаг.

3.3. Нэгэнт хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах боломжгүй бол Компанийн тухай хуулийн 69.9-д “Хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал нь энэ хуулийн 69.6-д заасан хугацаанд хуралдаж чадаагүй бол шинээр хурал зарлах бөгөөд ирц /кворум/-ийг энэ хуулийн 69.1-д зааснаар тогтооно” гэж заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин зарлаж хуралдуулах нөхцөл үүссэн байхад хуулийн заалтыг баримтлалгүйгээр хууль бус тогтоолыг санаатайгаар гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Энэ нь мөн Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах болон хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг Компанийн тухай хуулийн 60-74 дүгээр зүйлийн зохицуулахаар заасан хуулийн холбогдох заалтыг зөрчсөн.

Нөхцөл байдал нэгэнт ийм байхад мөн Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаар тогтоолоор “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянан хязгаарлах” тухай зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон хязгаарлалт байсаар байтал улсын бүртгэгч Э.Бат-Очир нь дээр дурдсанаар хууль бус хурлаас гаргасан, хууль бус шийдвэрийг нягталж, хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийлгүйгээр, мөн хуулийн хориглолтыг зөрчиж зөвхөн Ариг банкны зүгээс гаргаж өгсөн хуулийг ноцтой зөрчсөн шийдвэрүүдийг үндэслэж хууль бус бүртгэлийг хийсэн.

3.4. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 6-д “... Иймд шүүх, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаар тогтоолоор “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянан хязгаарлах” тухай зөвшөөрөл нь “Д” ХХК-д хамааралтай болохоос бус “А” ХХК-ийн хөрөнгө, хувьцааг нэмэгдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаанд хамаарахгүй ... “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит бус хурал хууль ёсны байсан эсэх болон тухайн хурлаас гаргасан Х/03, Х/04 дүгээр тогтоолууд нь хуульд нийцсэн эсэхийг шалган шийдвэрлэх эрх хууль тогтоомжоор хариуцагчид олгогдоогүй ... “А” ХХК-иас гаргасан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэлд бүртгэх тухай хүсэлтийг түүнд хавсаргасан баримтыг хэлбэрийн хувьд шалган улсын бүртгэлд бүртгэсэн хариуцагчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй ...” гэж дүгнэж, манай гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байна.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчсөн, хэрэгт авагдсан баримтыг урдаас үнэн гэж үзсэн байгаа нь зүйд нийцэхгүй юм.

3.5. Улсын бүртгэгч Э.Бат-Очир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 18.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон хусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, 18.1.3-т “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн”. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж зааснаар банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзах үүрэгтэй байсан.

Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гэж заасан хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй буюу уг хуулийн 22.1.3-д заасан үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр, хурлын тэмдэглэлийг хүлээн авч, хуулийн шаардлага хангаж байгаа эсэх, шийдвэрт тухайн компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн гарын үсэг бүгд зурагдсан эсэх, тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол бүрэн хангагдсан эсхүл зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийх, холбогдох нэмэлт баримтыг шаардан гаргуулах зэрэг зайлшгүй үүргээ биелүүлээгүйгээр улсын бүртгэлийг хийсэн байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтын зөвхөн хариуцагч талд ашигтайгаар үнэлж дүгнэлт өгсөн, бидний эрхийг зөрчсөн болон баримт байхад тэдгээрт анхан шатны шүүхээс ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй юм.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 847 дугаартай шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                              

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “Д” ХХК-иас улсын бүртгэгч Э.Бат-Очирт холбогдуулан “Улсын бүртгэгч Э.Бат-Очирын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “А” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны А-276 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 100.0 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр шийдвэрлэсний дагуу “А” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Т/20 дугаар тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж тус хурлаас “... банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөө”-г батлан, “... энгийн хувьцаа нэмж гаргах замаар “А” ХХК-ийн зарласан хувьцааг нэмэгдүүлж, банкны дүрмийн 4.2 дахь заалтад өөрчлөлт оруулах”-аар шийдвэрлэсэн байна.

2.3. Улмаар “А” ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Дүрмийн өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг холбогдох баримтын хамт улсын бүртгэлийн байгууллагад гаргасныг улсын бүртгэгч Э.Бат-Очир хүлээн авч хянаад 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “А” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгэж, хуулийн этгээдийн гэрчилгээнд тэмдэглэгээ хийснийг нэхэмжлэгч “Д” ХХК эс зөвшөөрч маргаан эхэлсэн байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо “... Улсын бүртгэгч Э.Бат-Очир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 18.1.2-т үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, 18.1.3-д “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-т “улсны бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж зааснаар банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзах үүрэгтэй байхад анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийж чадаагүй ...” гэжээ.

3.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:” гэж заасны дагуу “А” ХХК-иас банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдуулан бүртгүүлэх өргөдөл УБ-03 маягт, дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, тэмдэглэл, шинэчилсэн дүрэм, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шинэчилсэн дүрэм бүртгүүлэх тухай Н.Цагаанхүүд олгосон итгэмжлэл, Монголбанкны дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэсэн тухай албан бичиг зэрэг баримтуудыг бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь мөн хуулийн 18 дугаар зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй гэж бүртгэсэн хариуцагчийн үйлдэл хууль зөрчөөгүй байна.

3.2. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан “Банкны эрх зүйн баримт бичиг бүртгэх тухай журам”-ын дагуу Ариг банкны Хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Х/04 тоот тогтоолоор “А” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг Монголбанкны эрх зүйн актын бүртгэлд бүртгэсэн болох нь тус банкны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-10/1158 дугаар албан бичгээр тогтоогдож байх бөгөөд энэ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл авч бүртгүүлдэг өөрчлөлтийн хувьд тухайн байгууллагын зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 10.3-д заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу Монголбанкны шинэчилсэн найруулгыг бүртгэсэн албан бичгийг хамт хүргүүлсэн нь хуульд нийцсэн байна.

3.3. Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаар “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянан хязгаарлах тухай” зөвшөөрөл олгохдоо эрүүгийн 1902005640238 дугаартай хэрэгт “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Д” ХХК-ийн хэрэг шалгагдах үеийн компанийн хувьцаа буюу хөрөнгийг бусдад шилжүүлэхийг хязгаарласнаас бус “А” ХХК, түүний хувьцаа эзэмшигч “У” ХХК-ийн хөрөнгө, хувьцааг нэмэгдүүлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаагүй болох нь Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/375 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байх тул улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх;” гэж заасныг зөрчөөгүй энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

3.4. Түүнчлэн улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагчийн өгсөн баримт материал өөр хоорондоо зөрчилтэй эсэх, хуульд заасан бүрдүүлбэрийг хангасан эсэхийг шалгаж, уг нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд бүртгэхээс татгалзах”-аар заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4. Мөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “... үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр, хурлын тэмдэглэлийг хүлээн авч, хуулийн шаардлага хангаж байгаа эсэх, шийдвэрт тухайн компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн гарын үсэг бүгд зурагдсан эсэх, тэдгээрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол бүрэн хангагдсан эсхүл зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт хийх, холбогдох нэмэлт баримтыг шаардах гаргуулах зэрэг зайлшгүй үүргээ биелүүлээгүйгээр улсын бүртгэл хийсэн байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг хариуцагч талд ашигтайгаар үнэлж дүгнэлт хийсэн” гэжээ.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл”, 112.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэнэ” гэж заасан.

4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдан тайлбарлаж буй асуудал нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан тул энэ талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийх боломжгүй.

Тодруулбал, Захиргааны хэргийн шүүх нь хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой асуудалд, тухайлбал хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр эсэх, төлөөлөн удирдах зөвлөл, компанийн гүйцэтгэх удирдлагатай холбоотой асуудалд дүгнэлт өгөхгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан биш тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй, харин нэхэмжлэгчээс уг асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхийг энэхүү магадлал хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

4.3. Түүнчлэн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1205 дугаар албан бичгээс үзэхэд “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “А” ХХК, Монголбанк ТБАГУТҮГ нарт холбогдох иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэж буй үйл баримт тогтоогдож байна.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0847 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ