Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/251

 

 

 

 

 

 

 

  

     2021            05           17                                      2021/ШЦТ/251                                

                                                                                                                     

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Г-ын Г.Ц-д холбогдох эрүүгийн 21100 0705 0318 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зенитийн артилер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 325 дугаар ангид салаан захирагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г-ын Г.Ц- /РД:хххх/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино амралтын газарт М.Чтэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ц нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Ций шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогчтой нэг байгууллагад ажилладаг, хохирогч холын операторын ажил хийдэг. Бид хоёр хоёулаа согтуу маргалдаад, би түүний нүүрэн тус газар нь цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би тус байгууллагад ажиллаад 2 жил болж байна. Хохирогч тухайн үед эхлээд надтай зүй бус харьцаад, дараа нь манай салааны хүүхдийг /Сандагдорж/ дээрэлхээд байхаар нь болиулах гээд ийм асуудал үүссэн.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 21100 0705 0318 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Чий хохирогчоор өгсөн:

“...Өнөөдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тараад ажлын хүмүүстэй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах амралтын газарт очиж цэргийн баяр тэмдэглэж амарсан. Гэтэл манай салааны дарга, дэслэгч Г.Ц архи ууж согтоод, үл ялих зүйлээр шалтаглан намайг зодож, биед маань гэмтэл учруулсан.

Одоо миний хамар гэмтэж, уруул дотор талдаа язарч, үүдэн шүд хөндүүртэй, хүзүүний зүүн талд шалбарсан байгаа. Би салааны дарга Г.Цд “та миний хамрыг гэмтээчихлээ, Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөч, би таньд ямар нэгэн гомдолгүй” гэхэд “чи яах гээд байгаа юм бэ, тэр цагдаа шүүхээрээ явахгүй юу” гэж хэлсэн. Тухайн үед манай эхнэр Н.Алтжин надтай хамт байсан. Тэгэхэд манай эхнэрийг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн.

Г.Ц, А.Гантулга хоёр гадаа юм яриад зогсож байхаар нь тэр хоёр дээр очоод “би удахгүй явлаа” гэхэд салааны дарга Г.Ц “та нар ер нь яах гээд байгаа юм бэ” гээд шууд миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Би нүүрээ дараад доошоо суухад гараараа юм уу хөлөөрөө юм уу мэдэхгүй, 3-4 удаа миний толгойн тус газарт цохиход хажууд байсан А.Гантулга салгасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Гантулгын гэрчээр өгсөн:

“...2021 оны 3 дугаар сарын 17-ны орой 18-19 цагийн үед Биод байх голын ар талын Сонгино гэх газарт цэргийн баяр тэмдэглээд Цэрэнбат, Батзаяа, Ариунбат, Батдөлгөөн, Галхүү, М.Ч, Алтжин, Сумъяарагчаа, Мөнх-Очир, Сандагдорж нарын хамтаар нэг гэр түрээслээд авсан. Бид нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд сууж байгаад нилээн орой болсон санагдаж байна, Г.Ц, М.Ч нар нь гэрийн гадаа маргалдаж байхаар нь би гараад 00 явсан. Тэгээд удалгүй эргээд ирэхэд М.Чий хамраас цус гарчихсан байдалтай байсан ба Г.Ц зүгээр байсан. Г.Ц надад “наадахыг чинь нэг удаа цохисон” гэхээр нь бид нар нээх юм бодолгүй, тэр хоёрыг салгаад дахин ууж эхэлсэн. Тэгээд удалгүй юм хумаа цэгцлээд харьцгаасан. Тэр хоёр юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Алтжингийн гэрчээр өгсөн:

“...2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр М.Ч ажлын хамт олонтойгоо цэргийн баяр тэмдэглээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонгино гэх амралтын газарт амарсан. Гэтэл амарч байсан хүмүүс нилээн согтоод, цаг орой болсон байхаар нь би нөхөртөө “гэртээ харъя, явах цаг болсон байна” гэхэд манай нөхөр “одоохон, салааны дарга намайг буруу ойлгосон тул би зөвөөр тайлбарлаад ойлгуулъя” гэхээр нь “танай салааны дарга А.Гантулга ахтай юм яриад гэрийн гадаа зогсож байна, хурдан уулзаарай” гэж хэлээд гэр лүү орж хувцсаа аваад буцаад гараад ирэхэд манай нөхөр М.Ч салааны дарга Г.Цд цохиулсан байдалтай, хамраас нь цус гарчихсан зогсож байсан. Тэгээд нөхөртөө “гэртээ харъя” гэхэд манай нөхөр “энэ асуудлыг ингээд орхиж болохгүй” гээд цагдаад мэдэгдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2421 дугаартай:

1. М.Ч-н биед хамар яс, таславчийн хугарал, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 20-21х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ций яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би хамт ажилладаг М.Чийг гэмтээхийг огт хүсээгүй. Тухайн үед М.Ч тавьсан шаардлагыг эсэргүүцээд миний цээжин тус газарт баруун гараа атгаж байгаад нэг удаа цохиод, дахин цохих гэж байхаар нь би зөрүүлээд нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Би дээрх үйлдэлдээ гэмшиж, өөрийн буруу үйлдлээ ухамсарлаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 37х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 24х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 26х/, шүүгдэгч Г.Цээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорт гаргасан хүсэлт /хэргийн 40х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч Г.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч М.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр хүлээж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн баримттай ба Г.Ц нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 40х/ 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар прокуророос Г.Цд холбогдох эрүүгийн 21100 0705 0318 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ций гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино амралтын газарт хамт ажилладаг М.Чтэй “тавьсан шаардлага эсэргүүцлээ” гэх үл ялих шалтгааны улмаас үл ойлголцол, таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...хамар яс, таславчийн хугарал, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч М.Ч /хэргийн 09-10х/, гэрч А.Гантулга /хэргийн 14х/, Н.Алтжин /хэргийн 16х/ нарын мэдүүлэг,  

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2421 дугаартай:

1. М.Ч-н биед хамар яс, таславчийн хугарал, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 20-21х/, мөн шүүгдэгч Г.Ций мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хэргийн 37х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч М.Чий биед учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...хамар яс, таславчийн хугарал, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.Ц түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Ций дээрх гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч Г.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч М.Чий биед учирсан “...хамар яс, таславчийн хугарал, баруун зовхи, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад шарх, цус хуралт, хүзүүнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Энэ хэргийн хохирогч М.Ч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр прокурорын хяналтын шатанд “...Г.Ц нь хохирол төлбөр нөхөн төлсөн, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” хэмээн хүсэлт гаргаж /хэргийн 41х/, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

 

Иймд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзэх ба хохирогч нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээ үйлчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Ц нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 58 дугаар талд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт авагдсан ба энэ нь түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт Г.Ц нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Ч нь “хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.        

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

   ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г-ын Г.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд 470 /дөрвөн зуун дал/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Г.Ц нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Ч нь “хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД