Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101/шш2017/00405

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/00405

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 12 дугаар байр 42 тоотод оршин суух, Боржигон овогт Батын Цэцгээ /регистрийн дугаар НИ87021323/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 66 А байр 03 тоотод оршин суух, Боржигин овогт Пүрэвийн Энхмөнх /регистрийн дугаар ХД87012418/-т холбогдох,

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэцгээ, хариуцагч П.Энхмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

                                                                                                        

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цэцгээ би 2004 онд П.Энхмөнхтэй танилцаж гэр бүл болж, 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн байдлын 3084-т бүртгүүлэн гэрчилгээ авсан. Бидний дундаас 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр охин Э.Энх-Үжин төрж, Г-4023 тоот гэрчилгээ авч одоо эхийн асрамжид эрүүл энх өсч 4 нас хүрсэн. Бид хоорондын таагүй байдлаас үүдэн 2015 оны 9 дүгээр сараас тусдаа амьдрах болсон бөгөөд одоо тусдаа амьдралтай болсон тул бид эвлэрэн хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тиймээс охин Э.Энх-Үжинг би өөрийн асрамждаа авч гэрлэлтийн баталгааг цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар гэрлэгчидийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн хүүхдийн тэтгэлэг болон хөрөнгөө шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Хашаа байшингаа анх авахад миний зүгээс 9,000,000 төгрөг гаргасан тул дундын өмчлөлийн эд хөрөнгөөс 9,000,000 төгрөгөө авах хүсэлттэй байна. Хуульд зааснаар буюу гэр бүлийн гишүүн бүрт ногдох хэмжээгээр хөрөнгө хуваахаар шаардахгүй,  9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар бид тохиролцсон гэв.

 

Хариуцагч П.Энхмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Энхмөнх би 2009 онд Б.Цэцгээтэй гэр бүл болж 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Бидний дундаас 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр охин Э.Энх-Үжин төрсөн. Бид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2015 оны 9 дүгээр сараас тус тусдаа амьдрах болсон бөгөөд эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Иймд хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргааныг гэрлэгчдийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Хашаа байшингаа зараад 9,000,000 төгрөгийг охин Э.Энх-Үжин болон нэхэмжлэгч Б.Цэцгээ нарт өгнө. Гэрлэлтээ цуцлуулахын зөвшөөрч байна гэв.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Гэрлэлтийн баталгаа цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хөрөнгө шийдвэрлэх тухай бид дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: Б.Цэцгээ би 2004 онд П.Энхмөнхтэй танилцаж гэр бүл болж, 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн байдлын 3084-т бүртгүүлэн гэрчилгээ авсан. Бидний дундаас 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр охин Э.Энх-Үжин төрж Г-4023 тоот гэрчилгээ авч одоо эхийн асрамжид эрүүл өсч 4 нас хүрсэн. Бид хоорондын таарамжгүй байдлаас үүдэн 2015 оны 9 дүгээр сараас тус тусдаа амьдрах болсон бөгөөд одоо тусдаа амьдралтай болсон тул бид эвлэрэн хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тиймээс бид хоорондын харилцааг өөрсдийн хүсэлтээр харилцан тохиролцон дараах шийдвэрүүдийг гаргаж байна. П.Энхмөнх нь охин Э.Энх-Үжинтай сард 1 удаа заавал уулзаж байх, шүүхээс тогтоосон тэтгэмжийг Э.Энх-Үжингийн төрийн банкны 103800255028 тоот хүүхдийн хадгаламжийн дансанд хийж байх, хоорондын үл хөдлөх хөрөнгийн борлуулж 9,000,000 төгрөгийг үл маргах журмаар Цэцгээд гаргаж өгөх бөгөөд үүнийг шүүхээр баталгаажуулна. Б.Цэцгээ нь хоорондын тохиролцсон 9,000,000 төгрөгийг дүнгээс илүү мөнгө нэхэмжлэхгүй, охиноо өөрийн асрамжид байлгаж, эрүүл энх өсгөн хүмүүжүүлэх, охин Э.Энх-Үжинг аавтайгаа уулзахад саад учруулахгүй байх, П.Энхмөнхөөс шүүхээс тогтоож өгсөн тэтгэмжийг нэхэмжлэх эрхтэй гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цэцгээ нь хариуцагч П.Энхмөнхөд холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Гэрлэгчид болох П.Энхмөнх, Б.Цэцгээ нар нь 2004 онд танилцаж, 2004 оны 08 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсноо 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд тэд 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр охин Э.Энх-Үжинг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний Г№4023, №0000798900 дугаартай гэрчилгээнүүдийн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Зохигчид одоо тус тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь тэдний шүүхэд гаргасан тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Т.Гариймаагийн үйлдсэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 668 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл” зэргээр тогтоогдож байх тул гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Гэрлэгчид охин Э.Энх-Үжинг эхийн асрамжид үлдээхээр зөвшилцсөн байх тул хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасантай нийцнэ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” 38.3-т “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.” гэж тус тус заасны дагуу хариуцагч П.Энхмөнхөөс тэтгэлэг гаргуулж, охин Э.Энх-Үжинг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол Улсын иргэний журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т ”хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх ... ” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж тус тус заасны дагуу хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь эцэг П.Энхмөнхийн эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдүүдтэйгээ уулзах, хүмүүжүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Б.Цэцгээ саад болох, уулзуулахгүй байх, хориг саад болох үндэслэлгүй болно.

 

Зохигчид гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч П.Энхмөнх нь 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цэцгээ болон охин Э.Энх-Үжин нарт өгөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 103.2-т заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.Цэцгээ нь гэр бүлийн дундаа хамтан өмчлөх эд хөрөнгөөс зөвхөн 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна, харин өөрт болон охиндоо ногдох хэмжээ тус бүрээр шаардахгүй гэснийг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон 

 

 

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигин овогт Пүрэвийн Энхмөнх /регистрийн дугаар ХД87012418/, Боржигон овогт Батын Цэцгээ /регистрийн дугаар НИ87021323/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар, охин Э.Энх-Үжинг эх Б.Цэцгээгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар, 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Э.Энх-Үжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг П.Энхмөнхөөс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч П.Энхмөнх нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цэцгээ болон охин Э.Энх-Үжин нарт үл маргах журмаар олгохоор эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг П.Энхмөнхөд, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх Б.Цэцгээд тус тус даалгасугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Энхмөнхөөс улсын тэмдэгтийн хураамж 229,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэцгээд олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА