Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 101/шш2017/00460

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2017/00460

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,  

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Дэнжийн 4-26 б тоотод оршин суух, Монгол тайж овогт Нүрдэвдашийн Энхчин /регистрийн дугаар ЦБ64102162/-ийн нэхэмжлэлтэй,

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Энхчин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Энхчин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Цэрэн-Очирын Өлзийтэй 1992 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр танилцаж, 1993 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс хамтран амьдарч эхэлсэн. Тэр цагаас хойш бид 2 нэг гэрт хамтран амьдарч байх хугацаандаа 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдөр охин Э.Энхгэрэлийг төрүүлсэн. 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр нөхөр Ц.Өлзий өвчний улмаас нас барсан. Бид 2 энэ хугацаанд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 40 дүгээр байр 17 тоотод 23 жил, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4-2 Б тоотод 10 сар амьдарсан. Гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Охин Э.Энхгэрэлд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид 2-ыг 1993 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

 Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай Н.Энхчингийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Н.Энхчин, Ц.Өлзий нар нь 1992 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр танилцаж, гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр 1993 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хамт амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ц.Өлзий нас барсны №0000193074 дугаартай гэрчилгээ, талийгаач Ц.Өлзийгийн дүү Ц.Өлзийцэцэгийн бичгээр гаргасан тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, гэрч Н.Энхжаргалын бичгээр гаргасан тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт, мөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч Н.Энхчин, талийгаач Ц.Өлзий нарыг 1993 оны 6 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон 

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн    135.2.14-т зааснаар Монгол тайж овогт Нүрдэвдашийн Энхчин /регистрийн дугаар ЦБ64102162/, Очир овогт Цэрэн-Очирын Өлзий /регистрийн дугаар ХЛ53022217/ нарыг 1993 оны 6 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Энхчингийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.УНДРАА