Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Л.Ж, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б ургийн овогт Л-ын Ж-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Б ургийн овогт Л-ын Ж, 1992 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, нөхөр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг Нэгдсэн эмнэлгийн 3 давхарын дотрын тасгийн эргэлтийн өрөөнөөс хохирогч Д.А-ийн эзэмшлийн Самсунг А50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Д.Аэд 683’400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135000000041 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “...уг эргэлт уулзалтын өрөөний зүүн талд модон /наар/ сандал болон зүүн талын буланд цагаан өнгийн модон ширээ байх ба уг ширээг хохирогч Д.А гараараа зааж хулгайд алдсан А50 загварын гар утсаа гаргаж тавьсан гэж заав...” гэх хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл[1],

2. Юнител ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 05-01/1046 дугаартай “...356644103838046 имэй кодтой утсанд 88909287 дугаарыг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хийж ашигласан байна. 88909287-Л Ж, оо92041701...” гэх албан бичиг[2],

3. 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “...Б овгийн Л-ын Ж-гаас 356644103838046, 356645103838043 гэсэн имей кодтой, R58M50NZ1WP гэсэн сериал дугаартай, хар өнгийн хүрээтэй, хамелеон гадаргуутай, Самсунг галакси /Samsung galaxy/ A50 загварын хэвийн ажиллагаатай гар утсыг хураан авав...” гэх эд зүйл хураан авсан тэмдэглэл[3],

4. Хохирогч Д.А-ийн “...Би 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд эхнэр Ө.Д, найз Н.Наранбилэг нарыг эргэхээр бэлтгэсэн хоолоо аваад гэрээсээ гарч эмнэлэг рүү явсан. Эмнэлгийн 3 давхарт явж гараад тэнд байсан ширээн дээр өөрийн авч очсон тортой хоолыг тавьсан. Эхлээд гар утаснаасаа эхнэр Ө.Д-гийн гар утас руу залгаж дуудсан. Эхнэрт хоолыг нь өгч оруулсны дараагаар найзынхаа гар утас руу залгаж “эргэлтийн хаалга дээр хүрээд ир” гэж хэлсэн. Удалгүй найз гарч ирэхээр нь авч ирсэн хоолоо торноос гаргахдаа өөрийн гар утсыг ширээн дээр тавьсан. Авч ирсэн хоолоо найздаа өгчхөөд гар утсаа авах гэтэл миний гар утас ширээн дээр байхгүй байсан ба найзынхаа гар утаснаас өөрийнхөө дугаар руу залгахад дуудаж байгаад холбогдохоо больчихсон...” гэх мэдүүлэг[4],

Хохирогчоор дахин өгсөн “...Тэгэхээр нь торноос авч очсон зүйлсээ гаргахдаа өөрийн гар утсыг ширээн дээр тавьсан. Ингээд найздаа ундаа, жимс, өгчхөөд 15 орчим минут юм ярьж зогссон. Бид хоёрыг юм ярьж байх үеэр эхнэр Ө.Долгормаа эргэлтийн хаалган дээр буцаж хүрч ирж надад хоолны саваа буцааж өгчхөөд өрөө рүүгээ явсан. Би хоолны савыг торондоо хийхээр ширээн дээр явж очиход миний гар утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг[5],

5. Гэрч Ө.Д-гийн “...Нөхөр Д.А-ийн гар утаснаас 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 18 цаг 10 минутын орчимд дуудлага орж ирсэн. Дуудлагыг авахад “Эргэлтийн хаалган дээр хүрээд ир. Ирчихлээ” гэж хэлсэн. Би өрөөнөөсөө гараад дотрын тасгийн эргэлтийн хаалган дээр явж очиход нөхөр Д.А надад савтай хоол, цай өгсөн. Уг хоол, цайг өрөөнд авч очиж өөр саванд хийж султгаад савыг нь буцааж өгөхөөр эргэлтийн хаалган дээр явж очиход нөхөр Д.А найз Н.Наранбилэгтэйгээ юм ярьсан зогсож байсан. Би нөхөртөө хоолны савыг өгчхөөд өрөө рүүгээ явсан. Өрөөндөө байж байтал Н.Наранбилэг гаднаас орж ирээд “танай хүний гар утас алга болчихлоо. Утас нь холбогдохгүй байна. Чамайг дугаар руу нь залгаад үзээд бай гэсэн шүү” гэж хэлчхээд өрөөнөөс гарч явсан. ...Миний нөхөр Д.А нь 2020 оны 5 дугаар сарын Мобиком ХХК-ий Увс аймаг дахь салбараас Самсунг галакси /Samsung galaxy/ А50 загварын гар утсыг 800’000 төгрөгөөр лизингийн гэрээ байгуулан авч байсан...” гэх мэдүүлэг[6],

6. Гэрч Н.Наранбилэгийн “...Тухайн өдөр манай найз Д.А нь дотрын тасгийн эргэлтийн хаалгаар ирж надад хуурай хоол, хүнс авч ирж өгсөн. Д.А нь надад торноос ундаа боорцог, тамхи гаргаж өгөхдөө өөрийнхөө гар утсыг тухайн эргэлтийн өрөөнд байсан ширээн дээр гаргаж тавьсан. Д.А бид хоёр эргэлтийн хаалган дээр 15-20 орчим минут ойр зуурын зүйл яриад зогссон. Тэр үед Ө.Д нь хоолныхоо савыг султгаад Д.А-д авч ирж өгчхөөд өрөө рүүгээ орсон. Д.А хоолны халуун саваа торондоо хийхээр эргэж ширээ рүү харахад ширээн дээр тавьсан байсан Самсунг А50 загварын гар утас нь алга болчихсон байсан. Тэгээд Д.А нь миний 99453037 дугаар утаснаас өөрийнхөө утас руу залгахад эхлээд дуудаж байснаа холбогдох боломжгүй болчихсон юм...” гэх мэдүүлэг[7]

7. Гэрч Я.Б-гийн “...Тухайн үед Л.Ж нь надад 2-3 хоног хоол цай хийж зөөж байсан бөгөөд би хэвтэрт байсан учраас гаднаас зөөсөн хүний хоол цайг манай нөхөр Н.Батмөнх нь эргэлтийн хаалгаар очиж авч зөөж байсан юм. Л.Ж нь яг хэднээс хэдний хооронд аймагт ирээд буцсан талаар өдрийг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг[8],

8. Насанд хүрээгүй гэрч Ц.О-ын “...2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шиг санагдаж байна. Тэр өдөр манай бэр эгч Л.Ж нь А50 загварын хар хөх өнгийн гар утас гаргаж ирж надад үзүүлээд “би энэ гар утсыг олж авсан, чи гар утасны код гаргаж чадах уу” гэж надаас асуусан юм. Тэр үед би уг гар утсыг авахад гар утас унтарчихсан байсан. Тэгээд би тухайн гар утасны хажуу талын товчлууруудтай оролдож байтал тэр гар утасны код арилаад утас ассан бөгөөд ямар нэгэн код нэхэхгүй асчихсан юм. Би тухайн үед гар утасны товчлуурыг санаандгүй дарж байхад утас нь форматлагдаад асчихсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг[9],

9. Увс Финанс-Аудит ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Улаангом суманд 7 сар ашигласан “Samsung galaxy A50” загварын гар утасны зах зээлийн үнэ цэний баримжаа 683’400 /зургаан зуун наян гурван мянга дөрвөн зуу/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 57 дугаартай дүгнэлт[10],

10. Шүүгдэгч Л.Ж-ы яллагдагчаар өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр замын машинд дайгдаж үдээс хойш аймгийн төв рүү орж ирсэн. Би аймгийн төвд орж ирээд Я.Б эгчийн гэрт очиж хоол цай хийгээд 18 цагийн үед нэгдсэн эмнэлэг дээр очсон. Би эмнэлэг дээр очоод эмнэлгийн 3 давхарт байх дотрын тасгийн эргэлтийн өрөөнд очиж хоол цайгаа Н.Б ахад өгч оруулчхаад буцаад гарах гэж байтал тухайн эргэлтийн өрөөн дотор байсан ширээн дээр хар хөх өнгийн Самсунг А50 загварын гар утас байсан ба өрөөн дотор хэдэн хүн байсныг би санахгүй байна. ...би мартаад явчихсан, орхичихсон гар утас байна гэж бодоод тухайн гар утсыг аваад куртикний халаасандаа хийгээд эргэлтийн өрөөнөөс гарсан юм. Би эргэлтийн өрөөнөөс гараад эмнэлгийн гадаа явж байхад гар утас дуугарахаар нь дуудлагыг нь таслаад унтраачихсан...” гэх мэдүүлэг[11] зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Ж нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой Увс аймгийн Улаангом 3 дугаар багийн нутаг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 3 давхрын дотрын тасгийн эргэлтийн өрөөний ширээн дээрээс хохирогч Д.А-ийн Самсунг А50 загварын гар утсыг нууцаар авсан үйл баримт хохирогч Д.А, гэрч Ө.Д, Н.Н нарын мэдүүлэг болон шүүгдэгч Л.Ж-ы хэргээ хүлээсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Д.А-ийн гар утас 683’400 төгрөгийн үнэлгээтэй болох нь Увс Финанс-Аудит ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон ба хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Ж нь шунахай сэдлээр хохирогчийн гар утсыг авсан байна. Тодруулбал шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Ж-ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Л.Ж-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Д.А хулгайд алдсан 683’400 төгрөгийн үнэ бүхий Самсунг А50 загварын гар утсыг буцаан авсан болох нь гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр[12] тогтоогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Л.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Я.Б-гийн “...Л.Ж нь зан аашийн хувьд гэрийн ажил сайн хийдэг, мал сайн малладаг, янз бүрийн илүү дутуу ааш зан байдаггүй, үг дуу цөөтэй, төлөв даруй зантай, ажилсаг, хөдөлмөрч охин юм...” гэх мэдүүлэг[13], гэрч Б.Э-гийн “...Л.Ж нь ааш зангийн хувьд сайхан ааштай, хүнтэй зөв зүйтэй харилцдаг, хөдөлмөрч, эелдэг зөөлөн зантай хүнд тусархуу хүн юм...” гэх мэдүүлэг[14], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт[16], Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг[17] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн байна. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ж нь нөхөр, 5-11 насны гурван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суудаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Улсын яллагч “...Шүүгдэгч Л.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг нөхөн төлсөн буюу хохирогчийн гар утсыг буцааж өгсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж, миний үйлчлүүлэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээ 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Л.Ж-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгох нь зүйтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Л-ын Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Ж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Л.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Л.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХЗАЯА

 

 

[1] хх-ийн 6-9 дүгээр хуудас

[2] хх-ийн 16 дугаар хуудас

[3] хх-ийн 17 дугаар хуудас

[4] хх-ийн 25 дугаар хуудас

[5] хх-ийн 27-28 дугаар хуудас

[6] хх-ийн 30 дугаар хуудас

[7] хх-ийн 32 дугаар хуудас

[8] хх-ийн 37 дугаар хуудас

[9] хх-ийн 39-40 дугаар хуудас

[10] хх-ийн 49 дүгээр хуудас

[11] хх-ийн 62-63 дугаар хуудас

[12] хх-ийн 20-22 дугаар хуудас

[13] хх-ийн 37 дугаар хуудас

[14] хх-ийн 42 дугаар хуудас

[15] хх-ийн 81 дүгээр хуудас

[16] хх-ийн 83 дугаар хуудас

[17] хх-ийн 72 дугаар хуудас