| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00482/И |
| Дугаар | 00482 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 00482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багт оршин суух, РЖ63113001 дугаар регистртэй, Тасран бишрэлт овогт Дэшзэвэгийн Баясгалангийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2017/00397/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Баясгалан нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баясгалан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 онд 10 дугаар анги төгсөөд намар нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд цэвэрлэгчээр ажилд орж улмаар лаборантаар 1985 оны 12 сар хүртэл ажиллаж байсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Саруул амьдрал” нэгдэлд 1986 оноос 1988 он хүртэл хонь маллаж байгаад, Түнэл сумын “Ялалт” нэгдэл рүү шилжиж 1989 оноос 1992 оныг дуустал хонь маллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр огт аваагүй, ажилд орсон гарсан тушаал бүрэн олдохгүй байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал цэвэрлэгч, лаборантаар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Саруул амьдрал” нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдэлд 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Баясгалан нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Баясгалан Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгч, лаборант, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Саруул амьдрал” нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдэлд 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1982 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Нэг. Доорхи хүмүүсийг зааврын хугацаанаас эхлэн үйлчлэх ажилчнаар авч ажиллуулсугай. Үүнд: ... 3. Дашзэвэгийн Баясгалан 1982 оны 09 сарын 01-нээс эхлэн цэвэрлэгчээр...” гэх бичилттэй “Ажилд авах тухай” 26 дугаартай тушаалын хуулбар, 1983 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “...Хоёр. Дараахь хүмүүсийг дор дурдсан ажилд томилон ажиллуулсугай... 7. Баясгаланг 1983 оны 10 сарын 15-наас химийн лаборантаар...” гэх бичилттэй “Ажилчдыг ажил авах ба өөр ажилд томилох тухай” №52 дугаартай тушаалын хуулбар, 1985 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “ Нэг. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр мартын найманыг тохиолдуулан... хүмүүсийг хавсралт 1-ээр шагнаж урамшуулсугай...” гэх бичилттэй “Шагнах тухай” №19 дугаартай тушаалын хуулбар болон тус тушаалын “...6. Баясгалан /лаборант/ Шагнал: хүүхдийн гутал” гэх бичилттэй 1 дүгээр хавсралтын хуулбар, 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Нэг. Отор саалийн нөхөрлөлд үр бүтээлтэй ажилласан 6 ангийн хамт олон, туршлагын талбайд сайн ажиллаж өндөр ургац авсан лаборант Д.Баясгалан... нарыг хавсралтаар шагнаж урамшуулсугай...” гэх бичилттэй “Шагнах тухай” №96 дугаартай тушаалын хуулбар болон тус тушаалын “Шагнагдагсдын нэр...8. Лаборант Баясгаланд, шагнал: халуун сав, тоо ширхэг: 1, үнэ: 18 төгрөг...” гэх бичилттэй 1 дүгээр хавсралтын хуулбар, 1985 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Нэг. Тус сургуульд химийн лаборантаар ажиллаж байсан Д.Баясгалангийн хүсэлт, өргөдөл, үйлдвэрчний эвлэлийн хорооны зөвшөөрлийг үндэслэж 1985 оны 12 сарын 02-ны өдрөөр ... тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх тухай” №100 дугаартай тушаалын хуулбар, 1985 оны чанарын аттестат, Хөвсгөл аймгийн Тариалан сумын сургуулийн Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Баясгалангийн 1982 оны 9 дүгээр сараас 1985 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Баясгалангийн 1986 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарыг дуустал, 1988 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Саруул амьдрал” нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “1. ...1987 оны сүү хүлээн авах, цөцгий тос бэлтгэх, цагаан идээ боловсруулах ажилчдыг 06 сарын 01-ний өдрөөс эхлэн доорх хуваариар батлан ажиллуулсугай. б/ цагаан идээ боловсруулагчаар: ...Д.Баясгалан... нарт хийснээр нь... тус тус цалинжуулахыг ня-бо /Д.Сэмжид/-д зөвшөөрсүгэй...” гэх бичилттэй “Түр хугацаагаар ажилд томилох тухай” №29 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Баясгалангийн 1989 оны 1 дүгээр сараас 1992 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, 1987 оны 11 дүгээр сард төлчдийн чуулганаар авахуулсан гэрэл зураг, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлийн даргын 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “...Зуны гол хэсгийн саальчнаар Д.Баясгалан... нарыг 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус томилсугай...” гэх бичилттэй “Ажилд томилох тухай” №7 дугаартай тушаалын хуулбар, 1989 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “1. Нэгдлийн үйлдвэрлэлд тасралтгүй ажиллаж байгаа 78 хүнд ээлжийн амралт олгосон 1-р хавсралтыг баталсугай...” гэх бичилттэй “Ээлжийн амралт олгох тухай” №42 дугаартай тушаалын хуулбар болон тус тушаалын “...40. Д.Баясгалан, эрхэлсэн ажил: саальчин, ажилласан сар: 12 сар, амрах хоног: 15” гэх бичилттэй хавсралтын хуулбар, 1992 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “... Д.Баясгалан... нарт хүүхдээ асрах чөлөөний тэтгэмжийг 1-р хавсралтаар баталсугай...” гэх бичилттэй “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” №72 дугаартай тушаалын хуулбар, гэрч Д.Доржпагмын “...Д.Баясгалан нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн сургуульд 1982 оны 09 сард хичээл эхлэхэд цэвэрлэгчээр орж, улмаар 1983 оноос лаборант болж 1985 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Тэгээд Их-Уул суманд шилжсэн... Тасрахгүй ажиллаж байсан. Хоёр сургуулийн байртай, бага ангийн хүүхдүүдийн ангийг цэвэрлэдэг байсан юм. Лаборант гэдэг нь химийн багшийн туслах бөгөөд хичээлд хэрэглэх багаж, бодис хариуцан ажилладаг байсан юм... Би Тариалан сумын 10 жилийн сургуульд 1977 оноос 1985 оныг дуустал хугацаанд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Сэр-Одын “...Д.Баясгалан нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Саруул амьдрал” нэгдэлд 1986 оны 01 сараас 1988 оныг дуустал хоньчноор ажиллаж байсан. Тариалангаас ирээд л ажилласан юм... Тасрахгүй ажиллаж байсан. Манай сумын хүүхэд байгаа юм. Аав нь Дашзэвэг гэж хүн байсан. Ээж нь бага байхад нь өнгөрөөд тэгээд аавынхаа хамт нэгдлийн мал маллаж байсан. Тэгээд хүнтэй суугаад Түнэл сум руу явчихсан юм... Би Их-Уул сумын “Саруул амьдрал” нэгдэлд саальчнаар 1960 оноос 1990 он хүртэл 30 жил ажилласан. Саальчин, малчин гээд тасрахгүй ажилласан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цэрэндолгорын “...Д.Баясгалан нь манай сумын Цэрэндоржтой гэр бүл болоод “Ялалт” нэгдэлд 1989 оны 01 сараас 1993 он хүртэл хугацаанд хоньчин, төлчнөөр ажиллаж байсан. Нөхөр нь мөн хоньчноор ажиллаж байсан... Тасрахгүй ажиллаж байсан. Нэгдэл тарах хүртэл ажилласан. “Ялалт” нэгдэл 1993 оны сүүлээр тарсан. Одоо ч хувийн малаа маллаад Түнэл суманд байдаг. Уг нь бол өөрөө Их-Уул сумын хүн байгаа юм... Би Түнэл сумын “Ялалт” нэгдэлд саальчнаар 1962 оноос 1993 он хүртэл туслах малчин, төлчин, хоньчин, саальчин зэрэг олон ажил хийж байсан. Нэгдлээс өөр газарт ажиллаж байгаагүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Д.Баясгалангийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1982, 1983 оны тушаал шүүж үзэхэд Д.Баясгаланг цэвэрлэгчээр томилж чөлөөлсөн, мөн захирлын 1985 оны тушаалд лаборантаас чөлөөлсөн тушаал, мөн Их-Уул сумын “Саруул амьдрал” нэгдлийн даргын 1986-1988 оны тушаалд малчнаар томилж чөлөөлсөн, Түнэл сумын “Ялалт” нэгдлийн даргын 1992 оны тушаал тус тус байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/194 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тасран бишрэлт овогт Дэшзэвэгийн Баясгалангийн Баясгалан Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд цэвэрлэгч, лаборант, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Саруул амьдрал” нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдэлд 1989 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА