| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00480/И |
| Дугаар | 00480 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 00480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багт оршин суух, РЖ62100101 дугаар регистртэй, Онход овогт Цэрэндоржийн Оюуны
Талийгаач нөхөр Б.Лхагвасүрэнг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2017/00424/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Ц.Оюун нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюун шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Б.Лхагвасүрэн бид хоёр 1980 онд гэр бүл болж байсан ба 2007 онд бага охин Энхжинг үрчилж аван өсгөсөн бөгөөд нөхөр маань 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Бага охин Энхжинд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл түүний ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр нэрний зөрчилтэй тул шүүхэд хандах шаардлагатай боллоо. Миний нөхөр Б.Лхагвасүрэнг нутгийн болон ойр дотны хүмүүс нь Лхагваа гэж дууддаг байсан бөгөөд түүний ажиллаж байх хугацаанд олгосон хөдөлмөрийн дэвтэрт Банзрагчийн Лхагваа гэж бичсэн байсан. Тэрээр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1975 оноос эхлэн манаачаар ажиллаж байгаад дараа нь “Баян-Уул” хоршоонд манаачаар бас уурын зууханд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Бид хоёр хамт ажиллаж байсан. Иймд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1975 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Банзрагчийн Лхагваа” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Банзрагчийн Лхагвасүрэн мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Оюун нь талийгаач нөхөр Б.Лхагвасүрэнг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Талийгаач Б.Лхагвасүрэн, Ц.Оюун нар гэр бүл байсан, Б.Лхагвасүрэн 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нас барсан болох нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын орон нутгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны байцаагчаас олгосон “эрэгтэй: овог Банзрагч, нэр Лхагва, эмэгтэй овог: Цэрэндорж, нэр Оюун нар 1986 оны 11 сарын 15-ны өдөр гэр бүл болсон учир 1986 оны 11 сарын 11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв” гэх бичилттэй №16 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний болон №0000163480-5 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрч Ц.Ичинхорлоогийн “...Б.Лхагвасүрэн, Ц.Оюун нар 1980 онд гэр бүл болж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Дашдаваагийн “...Б.Лхагвасүрэн, Ц.Оюун нар манайд ажиллаж байгаад гэр бүл болсон хүмүүс...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1975 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Банзрагчийн Лхагваа” гэсэн нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч “Банзрагчийн Лхагвасүрэн” мөн болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “эцгийн: эцэг, эхийн нэр Лувсан, нэр Банзрагч, эхийн: эцэг, эхийн нэр Саваан, нэр Мягмар нарын гэр бүлд 1954/08/01-нд төрөхөд төрүүлсэн Банзрагчийн Лхагвасүрэнг 1954/08/09-нд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 26-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа...” гэх бичилттэй 00/002384 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “РЖ54080116 регистрийн дугаараар хайлт хийж үзэхэд иргэний бүртгэл мэдээллийн цахим санд Банзрагчийн Лхагвасүрэн гэсэн төрсний бүртгэлийн мэдээлэл гарч ирж байгаа бөгөөд Банзрагчийн Лхагваа /РЖ54080116/ гэсэн төрсний бүртгэлтэй иргэн байхгүй болно” гэх бичилттэй 1/487 тоот тодорхойлолт, Монгол улсын иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №00857890 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэр, №А0116518 дугаартай тэтгэврийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрч Ц.Ичинхорлоогийн “...Б.Лхагвасүрэн нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1975 оноос эхлэн манаачаар 1990 он хүртэл ажиллаж байсан... Банзрагчийн Лхагвасүрэн гэдэг юм. Бид нар хэлж сурснаараа Лхагваа гэж хэлдэг юм. Ажлын хүмүүс, гэр бүлийн хүмүүс ч Лхагваа гэж дууддаг... Лхагвасүрэн нь эцэг эхээс 4-үүлээ. Ах Наранцогт, эгч Хандсүрэн, дүү Доржсүрэн, тэгээд өөрөө Лхагвасүрэн юм. Гэрийнхэн дотор нь өөр Лхагва-тай нэртэй хүн байхгүй...хамт ажиллаж байсан хүмүүс дотор нь тийм ижил овог нэртэй хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Т.Дашдаваагийн “...Б.Лхагвасүрэн нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1975 оноос 1990 он хүртэл манаачаар надтай хамт ажиллаж байсан. Би тоо бүртгэгч, барааны нярав ажил хийж байсан. Ц.Оюун нь цэвэрлэгчээр ажилладаг байсан... манайд ажиллаж байгаад гэр бүл болсон хүмүүс... Банзрагч нь мөн Худалдаа бэлтгэлийн ангид манаачаар ажиллаж байгаад нас барсан юм. 1975 оноос Банзрагчийн хүүхэд Лхагвасүрэн нь тус ангид манаачаар орсон юм. Банзрагчийн Лхагвасүрэн гэдэг юм. Улсууд Лхагваа гэж дууддаг болохоор нь тэр нэрээр нь биччихсэн байх... Лхагвасүрэн нь нэг ах, нэг эгч, нэг дүүтэй, тэднийхэн дотор Лхагва нэртэй хүн байхгүй... хамт ажиллаж байсан хүмүүс дотор Банзрагчийн Лхагваа нэртэй хүн байхгүй, Банзрагчийн Лхагваа гэвэл Банзрагчийн Лхагвасүрэн гэж ойлгох байх... би 1961 оноос Худалдаа бэлтгэлийн ангид тоо бүртгэгч, барааны нярав зэрэг ажил хийж байсан. 1991 он хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо.
Иймд “Банзрагчийн Лхагваа” гэсэн нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Банзрагчийн Лхагвасүрэн мөн болохыг тогтоох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1975 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Банзрагчийн Лхагваа” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь РЖ54080116 дугаар регистртэй, Онход овогт Банзрагчийн Лхагвасүрэн мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА