| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0062/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/64 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт А-ы У-т холбогдох эрүүгийн 2135000000042 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Харагчууд ургийн овогт Арцаны У 1984 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл долоо, эхнэр, таван хүүхдийн хамт Увс аймгийн Хяргас сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ор84122118,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.У нь Увс аймгийн Хяргас сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хар ам гэх нэртэй газрын ойд 2020 оны 11 дүгээр сарын эхээр зөвшөөрөлгүйгээр 1.5145 метр куб хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж байгаль экологид 299’216 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн ............ дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн “...Би 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Увс аймаг дахь Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан албан хаагчтай тус сумын 02 дугаар багийн Билүүгийн гол дагуу хяналт шалгалт хийж байхад тус багийн Хар ам гэх газарт нойтон мод бэлтгэсэн байсан ба тухайн модыг тус сумын Хайрхан багийн малчин А-ы У бэлтгэсэн байсан. Тухайн газарт цагдаагийн албан хаагч нар үзлэг шалгалт хийж тухайн моднуудыг битүүмжилж надад хүлээлгэн өгсөн. Манай сумын хэмжээнд 2020 онд нэр бүхий 24 иргэнд хэрэглээний зориулалтаар шинэс төрлийн мод бэлтгэхээр зөвшөөрөл олгосон. ...А.У гэгч нь 2019, 2020 онуудад хэрэглээний зориулалтаар мод бэлтгэхээр ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байсан...” гэх мэдүүлэг[1],
Дахин өгсөн “...Санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мэргэжлийн байгууллагын шинжээч 9 ширхэг модыг хуурай гэж дүгнэж байгаа болохоор надад хэлэх зүйл байхгүй. А.У нь зохих зөвшөөрөлгүй, бэлтгэсэн 1.5145 метр куб шинэс модны нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээ 299’216 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[2]
2. Гэрч Б.Э-ийн “...2020 оны 10 дугаар сарын сүүлээр манайх намаржааны бууринаасаа Билүүгийн голд байх өвөлжөөнд буусны дараахан 2020 оны 11 дүгээр сарын эхээр манай нөхөр А.У Хар амны доод зурайд байх модноос хэсэг мод түлшинд зориулж бэлтгэсэн. Би тухайн үед өөрийн нөхөр А.У-ыг унанги мод бэлтгэсэн байх гэж бодсон. Тэгээд цас орчихсон болохоор Хар амны бэлээс авч чадаагүй тэндээ үлдээчихсэн байсан...” гэх мэдүүлэг[3],
3. Гэрч Б.А-ын “...2021 оны 02 дугаар сард сумын Байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Б цагдаагийн байгууллагын алба хаагч нартай хамтран шалгалт хийж байгаад Хяргас сумын 2 дугаар багийн Хар ам гэх газарт А.У гэгч нь хэрэглээний нойтон мод бэлтгэсэн байсныг илрүүлсэн байсан. А.У нь 2020 он болон 2021 онд түлшний мод болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. 2021 онд ямар ч хүнд мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй байна. А.У-ын мод бэлтгэсэн Хар ам гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй...” гэх мэдүүлэг[4],
4. Шинжээч Д.А-гийн “...Би тухайн үед 2021 оны 3 дугаар сарын 10-ны үед Хяргас сум руу явж үзлэг хийж экологи эдийн засгийн үнэлгээг гаргах гэсэн боловч хүчтэй цасан шуургатай байсан тул тухайн модонд очиж үзлэг хийхгүйгээр мөрдөгч Р.Ч-ын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан. Мөрдөгч Р.Ч-ын модонд үзлэг хийсэн тэмдэглэл фото зургаар уг 9 ширхэг модон нойтон залуу мод гэж харагдаж байсан тул нойтон модоор экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан. Нэмэлт шинжилгээгээр уг 9 ширхэг модыг өөрийн биеэр очиж үзэхэд уг 9 ширхэг мод нь хуурай, хэрэглээний гоолин байсан...” гэх мэдүүлэг[5],
5. 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай “...Уг мод бэлтгэсэн N 490 333772, Е 09130 439369 солбилцолд орших Хяргас сумын 2-р багийн нутаг Хар ам гэх газраас 9 ширхэг мод бэлтгэсэн байна. Уг бэлтгэсэн 9 ширхэг мод нь хуурай мод байна. Уг мод амьдрах чадваргүй. Мод нийтдээ 1.5145 метр куб болж байна. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь шинэс мод байна. Дээрх мод нь хэрэглээний хуурай мод байна. 1.5145 м3 шинэс модны нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээ 299’216 төгрөг болж байна” гэх шинжээчийн дүгнэлт[6],
6. 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаартай “...2020 оны 11 дүгээр сарын байдлаар хуучин аварга хөрөөний зах зээлийн үнэ цэнийн баримжаа 5’000 /таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт[7],
7. Шүүгдэгч А.У-ын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны үед би Хар ам гэх газрын ойгоос зургаан ширхэг ургаа модыг тайрч бэлтгэсэн. Хоёр ширхэг унанги байсныг авсан. Мөн ой дотор тайрчихсан богинохон нэг мод байсныг авсан. Би нийт есөн ширхэг мод ойгоос авч ганцаараа бэл рүү чирч буулгасан. ...Би 2020 онд түлшний мод болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг аваагүй...” гэх мэдүүлэг[8] зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
2020 оны 11 дүгээр сарын эхээр шүүгдэгч А.У нь Увс аймгийн Хяргас сумын 02 дугаар багийн нутаг “Хар ам” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр, түлшний зориулалтаар 1.5145 метр куб хуурай шинэс мод бэлтгэсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрч Б.Э, Б.А, шинжээч Д.А нарын мэдүүлэг, Шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 3 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн” гэх шинжийг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.1-д “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн”, 35.4.3-д “засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” гэж тус тус зааснаар ойлгоно.
Дээр дурдсан шүүгдэгч А.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.У нь ойгоос мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж 1.5145 метр куб шинэс мод бэлтгэж байгаль экологид 299’216 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасны дагуу шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон 1.5145 м3 хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 299’216 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцно.
Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг” Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тус тус хуульчилжээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ /299’216₮х3/=897’648 /найман зуун ерэн долоон мянга зургаан зуун дөчин найм/ төгрөг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан ба уг гэмт хэргийн улмаас /897’648₮(хохирол, хор уршиг) - 299’216₮(хохирол)=/ 598’432 төгрөгийн хор уршиг учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд хоёр удаагийн гүйлгээгээр 897’000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар[9] тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.У-аас /897’648₮-897’648₮=/ 648 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож гаргуулах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч А.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Р.Ц-гийн “...Зан аашийн хувьд төлөв даруй зантай, зан харьцааны хувьд сайн. Хүнтэй сайхан харилцдаг. Амьдралын хувьд боломжийн, амьдралын төлөө зүтгэж яваа залуу юм. ...Архи, дарс нэг их уугаад байдаггүй. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг[10], гэрч М.Ц-ын “...Хөдөө мал маллаж амьдардаг. Нийт 500 орчим тооны малтай. Бага боловсролтой, цэргийн алба хаасан. Зан аашийн хувьд төлөв даруй зантай, илүү дутуу зан байхгүй. Амьдралын төлөө зүтгэж яваа залуу юм...” гэх мэдүүлэг[11], Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багийн Засаг даргын тодорхойлолт[12] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч А.У нь эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, мал аж ахуй эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, хохирол байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хувийн байдал, олон хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэдэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хэргийн хувьд урьдаас төлөвлөөгүй, гэнэтийн нөхцөл байдлын улмаас тэрхэн агшинд гэмт санаа төрж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учруулсан нөхцөл байдлыг ойлгох тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тус хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх үндэслэлгүй байна. Харин шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгаас 648 төгрөгийг дутуу төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа ойлгож ухамсарласан зэргийг харгалзан, өмгөөлөгчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч А.У нь шинэс модыг хөрөөгөөр /аварга/ тайрч бэлтгэсэн байх тул уг хөрөөг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж, мөн хууль бусаар бэлтгэсэн 1.5145 метр куб шинэс модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэж тус тус хураан авах үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаас 648 төгрөг нөхөн төлөгдөөгүй байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5’000 төгрөгийн үнэ бүхий хөрөө нэг ширхгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 1.5145 метр куб шинэс модыг тус тус худалдан борлуулж, уг борлуулсан орлогоос 648 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, илүү гарсан орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, гэмт хэрэг үйлдэж олсон 9 ширхэг буюу 1.5145 м.куб шинэс модыг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт А-ы У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-ыг 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.У нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч А.У нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 5’000 төгрөгийн үнэ бүхий хөрөө нэг ширхгийг, гэмт хэрэг үйлдэж олсон есөн ширхэг буюу 1.5145 м.куб шинэс модыг тус тус хураан авч, худалдан борлуулж,
- худалдан борлуулсан орлогоос 648 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, илүү гарсан орлогыг улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, гэмт хэрэг үйлдэж олсон есөн ширхэг буюу 1.5145 м.куб шинэс модыг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч А.У-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 26-27 дугаар хуудас
[2] хх-ийн 28 дугаар хуудас
[3] хх-ийн 32 дугаар хуудас
[4] хх-ийн 34 дүгээр хуудас
[5] хх-ийн 51-52 дугаар хуудас
[6] хх-ийн 67-68 дугаар хуудас
[7] хх-ийн 75 дугаар хуудас
[8] хх-ийн 86 дугаар хуудас
[9] хх-ийн 128-129 дүгээр хуудас
[10] хх-ийн 36-37 дугаар хуудас
[11] хх-ийн 40-41 дүгээр хуудас
[12] хх-ийн 93 дугаар хуудас