| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0061/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/65 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Н-гийн Б-д холбогдох эрүүгийн ...........дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Н-гийн Б 1965 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, агротехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 024 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ..............,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 02 дугаар сарын эхээр тус аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Хөндлөнгийн гол гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.14 метр куб бургас мод хууль бусаар бэлтгэж ойн экологи эдийн засагт 269’172 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн ............. дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-н “...Би Н.Б гэх хүнийг танихгүй. Тухайн хүн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би тухайн мод бэлтгэх эрхийн бичиг авсан иргэдийн нэрсийг харахад Н-гийн Б гэх нэр байхгүй байсан...” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч М.Д-гийн “...Н.Б гэх хүн 2021 оны 02 сард надаас Улаангом сум 8 дугаар багийн нутаг дэвсгэр болох Хөндлөн гэх газраас бургас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй юм. Би энэ Н.Б гэх хүнийг танихгүй байна. Түүний эхнэр болох Д.С нь 2021 оны 02 дугаар сарын эхээр над дээр ирээд бичиг авъя гэсэн юм. Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичиг дууссан Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас бичиг ирээгүй байсан тул би тухайн үед “бичиг ирэхээр ав” гэж хэлээд явуулсан юм. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ерөнхийдөө надаас 8 хүн нойтон бургас мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Д.С-ын “...Манай төрсөн хүү Б.О нь Улаанбаатар хотод эхнэр хүүхэдтэйгээ хадмындаа амьдардаг юм. Тэгээд надад нэг гэрийн мод хийж намайг тусад нь гаргаж өгөөч гэж хэлсэн юм. Тухайн үеэс хойш би Улаангом сумын ЗДТГ-т байгаль хамгаалагч М.Д гэх хүнтэй уулзаж мод бэлтгэх эрхийн зөвшөөрлийн бичиг авах гэтэл тухайн М.Д гэх хүн одоо өгөх зөвшөөрөл байхгүй байна. Улаанбаатар хотоос ирнэ, ирэхээр нь ирж ав гэж хэлсэн. Дараа нь манай төрсөн дүү Д.О эмнэлэгт үзүүлэхээр хүргэн н.Цийн хамт ирсэн. Тухайн айлын мал харах хүн байхгүй гээд манай нөхөр Н.Б нь Улаангом сумын Хөндлөн гэх нэртэй газар хүргэн дүү н.Ц-ийн мал маллахаар явсан. Тухайн үед 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр яваад 2021 оны 02 дугаар сарын эхээр ирсэн. Яваад 13-14 орчим хоносон байх тэгээд Хөндлөнгөөс замын машин хөлслөөд хашаанд мод буулгасан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 21/16 дугаартай “...Шинжилгээ хийлгэх тогтоолоор ирүүлсэн хөрөнгийн зах зээлийн дундаж үнэ цэнэ Увс аймгийн Улаангом суманд 2021 оны 3 дугаар сарын байдлаар дараах үнэ ханштай байсан болохыг тодорхойлов. Үүнд: 1,14 метр куб бургас мод /хуурай, 1 гэрийн хананы/ 150’000 /нэг зуун тавин мянга/ төгрөг...” гэх дүгнэлт[4],
5. 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай “...Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь Бургас мод байна. Уг мод нь нойтон, амьдрах чадвартай мод байжээ. Тус аймгийн Улаангом сумын 8-р баг N 500 140 23.97, Е 0920 010 89.22, солбилцолд орших “Хөндлөнгийн гол” гэх газар нь 2020, 2021 онуудад ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах ажил хийгдээгүй газар байна. Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна. Мод нийтдээ 1.14 метр куб болж байна. Дээрх мод нь уламжлалт аргаар бэлтгэсэн хэрэглээний мод байна. Уг 1.14 м3 нойтон бургас модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 269’172 /хоёр зуун жаран есөн мянга нэг зуун далан хоёр/ төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт[5],
6. Гэрэгэ эстимэйт ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 21/16 дугаартай “...Шинжилгээ хийлгэх тогтоолоор ирүүлсэн хөрөнгийн зах зээлийн дундаж үнэ цэнэ Увс аймгийн Улаангом суманд 2021 оны 3 дугаар сарын байдлаар дараах үнэ ханштай байсан болохыг тодорхойлов. Үүнд: Модон бариултай төмөр сүх /хуучин/ 10’000 /арван мянга/ төгрөг...” гэх дүгнэлт[6],
7. Шүүгдэгч Н.Б-ын яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн “...2021 оны 01 сарын сүүлээр манай эхнэрийн дүү Д.О Улаангом суманд эмчилгээ хийлгэх гэж ирсэн. Тэр үед Д.О-гийн нөхөр н.Ц эхнэрийн хамт Улаангом суманд байх гэж ирсэн боловч тэдний малыг харах хүн байхгүй гээд би тухайн айл болох Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Хөндлөнгийн гол гэх газарт очиж 14 хоног мал маллаж байсан юм. Тухайн үед 2021 оны 02 дугаар сарын эхээр байх би малд явангаа өөрийн эзэмшлийн сүхээр тухайн газар байсан бургас модыг бага багаар тайрч хана хийх зорилгоор бэлтгэсэн. 2021 оны 02 дугаар сарын эхээр замаас пронтер загварын маркийн цагаан өнгийн авто машин гуйгаад үл таних залууг 30’000 төгрөгөөр хөлслөөд өөрийн хашаандаа тухайн модыг буулгасан...” гэх мэдүүлэг[7] зэрэг нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 02 дугаар сарын эхээр Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Хөндлөнгийн гол” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр гэрийн хана хийх зорилгоор 1.14 метр куб бургас мод бэлтгэсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрч М.Д, Д.С нарын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн “зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн” гэх шинжийг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.1-д “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн”, 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн”, 35.4.3-д “засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн” гэж тус тус зааснаар ойлгоно.
Дээр дурьдсан шүүгдэгч Н.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б нь ойгоос мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж 1.14 метр куб нойтон бургас мод бэлтгэж байгаль экологид 269’172 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасны дагуу шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон 1.14 м3 нойтон бургас модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 269’172 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцно.
Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг” Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар тус тус хуульчилжээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ /269’172₮х3/=807’516 /найман зуун долоон мянга таван зуун арван зургаа/ төгрөг байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан ба уг гэмт хэргийн улмаас /807’516₮(хохирол, хор уршиг) - 269’172₮(хохирол)=/ 538’344 төгрөгийн хор уршиг учирсан гэж үзнэ. Шүүгдэгч Н.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй байх тул түүнээс нийт 807’516 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Н.С-ын “...Н.Б-ын зан байдлын хувьд Улаанбаатар хотод цэргийн алба хааж байсан бөгөөд тэсвэр хатуужилтай, хүний үгнээс гардаггүй, уян зөөлөн сэтгэлтэй, ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл болон тамхи хэрэглэдэггүй, эхнэр хүүхдийнхээ төлөө хувиараа ажил хөдөлмөр эрхлээд явж байгаа хүн юм...” гэх мэдүүлэг[8], гэрч Н.Г-ийн “...Н.Б-ын зан байдлын хувьд 1984 онд Улаанбаатар хот руу цэргийн алба хаахаар яваад 1987 онд халагдаж ирсэн. Хүнтэй зөв харьцаатай, уян, дөлгөөн зантай ямар нэгэн уур уцаар гэх зүйлгүй, нийтэч, урьд өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан бөгөөд архинаас гараад одоогоор 3 жил гарам болж байгаа юм...” гэх мэдүүлэг[9], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10] Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт[11] зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтаар шүүгдэгч Н.Б эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг, шүүгдэгч “Би өөрөө зүрхний өвчтэй, группэд байдаг болохоор гэр зуур янз бүрийн ажил хийдэг. Миний энэ байдлыг та бүхэн харгалзаж надад доод хэмжээгээр торгох шийтгэл оногдуулахыг хүсэж байна” гэх саналыг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж заасан ба шүүгдэгчийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэх баримт авагдаагүй, мөн 60 нас хүрээгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч Н.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугаа ойлгож ухамсарласан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гэж, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Н.Б нь бургас модыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн сүхээр тайрч бэлтгэсэн байх тул уг сүхийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж, мөн хууль бусаар бэлтгэсэн 1.14 метр куб бургас модыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэж тус тус хураан авах үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг нөхөн төлөгдөөгүй байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10’000 төгрөгийн үнэ бүхий сүх нэг ширхгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 150’000 төгрөгийн үнэ бүхий 1.14 метр куб бургас модыг тус тус худалдан борлуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй. Тодруулбал дээр дурдсан сүх болон бургас модыг худалдан борлуулсан орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлж, уг орлогын үнийн дүнг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 807’516 төгрөгөөс хасаж, үлдэх төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийн хамт ирсэн хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, гэмт хэрэг үйлдэж олсон 1.14 метр куб бургас модыг битүүмжилсэн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Н-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-д тус тус зааснаар шүүгдэгч Н.Б-аас 807’516 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 10’000 төгрөгийн үнэ бүхий сүх нэг ширхгийг, гэмт хэрэг үйлдэж олсон 150’000 төгрөгийн үнэ бүхий 1.14 метр куб бургас модыг тус тус хураан авч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэргийн хамт ирсэн хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, гэмт хэрэг үйлдэж олсон 1.14 метр куб бургас модыг битүүмжилсэн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Н.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 23 дугаар хуудас
[2] хх-ийн 25 дугаар хуудас
[3] хх-ийн 33-34 дүгээр хуудас
[4] хх-ийн 40 дүгээр хуудас
[5] хх-ийн 50-51 дүгээр хуудас
[6] хх-ийн 57 дугаар хуудас
[7] хх-ийн 70-71 дүгээр хуудас
[8] хх-ийн 31 дүгээр хуудас
[9] хх-ийн 36 дугаар хуудас
[10] хх-ийн 73 дугаар хуудас
[11] хх-ийн 84 дүгээр хуудас