| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00475/И |
| Дугаар | 00475 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 00475
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 3 дугаар багт оршин суух, РН59062371 дугаар регистртэй, эрэгтэй, Хар дархад овогт Пунсалын Ганбаатарын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2017/00415/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нансалмаа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ганбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 сарын 19-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байгаад 1977 оны 06 сарын 20-ны өдөр цэрэгт татагдан явж, 1980 оны 06 сарын 20-ны өдөр цэргээс халагдаж ирсэн. Тэгээд 1980 оны 06 сарын 21-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байгаад нэгдэл тарж, нэгдэл тарснаас хойш одоог хүртэл хоньчноор ажиллаж байна. Гэтэл тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул тооцогдохгүй байгаа юм. Сумын архив шатсан. Иймд П.Ганбаатар миний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1975 оны 01 сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 сарын 19-ний өдөр хүртэл, 1980 оны 06 сарын 21-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1955 онд төрсөн, 62 настай, эмэгтэй, РИ55042509 дугаар регистртэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 23-03 тоотод оршин суух, Шарнууд овогт Цэдэнбалжирийн Нансалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ганбаатар нь 4 дүгээр анги төгсөөд эх Пунсал, эмээ Дэжгээ нарын хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд мал маллаж байснаа хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1975 оноос 1977 оны 06 сар хүртэл хонь маллаж байгаад цэргийн албанд явсан. Тэгээд 1980 оны 06 сард цэргийн албанаас халагдаж ирээд тус нэгдэлдээ 1990 оныг дуустал хоньчноор ажиллаж байсан. П.Ганбаатарын хөдөлмөрийн дэвтэр нь сумын архивт байсан боловч шатаж үрэгдсэн, мөн сумаас болон аймгийн архиваас түүнд холбогдох баримтыг шүүлгэхэд Пунсал, Дэжгээ, Дэжгээн Ганбат гэж эмэг эхээр нь овоглон нэрийг нь буруу бичсэн баритууд гарч ирсэн. Пунсал нь Ганбаатарыг төрүүлсэн эх, Дэжгээ нь Пунсалын төрүүлсэн эх, Ганбаатарын эмээ нь юм. Одоо П.Ганбаатар өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл түүний баримт бичиг овог нэрний зөрчилтэй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд П.Ганбаатарын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1975 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1980 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
П.Ганбаатар нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д
зааснаар шаардах эрхтэй байна. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч П.Ганбаатарыг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд ажиллаж байх хугацааны баримт бичигт “Дэжгээн Ганбат, Д.Ганбаатар” гэсэн нэрээр бүртгэж байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Иргэний бүртгэлийн цахим мэдээллийн санд рн59062371 регистрийн дугаараар хайлт хийхэд Пунсалын Ганбаатар нэртэй иргэн байгаа ба Дэжидийн Ганбат нэртэй рн59062371 дугаартай иргэн байхгүй байна” гэх бичилттэй 1/409 дугаартай тодорхойлолт, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “регистрийн дугаар рн59062371, овог: Хар дархад, эцэг эхийн нэр: Пунсал, нэр Ганбаатар, 1 дүгээр маягтын бүртгэлд: эхийн эцэг /эх/-ийн нэр: Дэжгээ, нэр: Пунсал, рд: рн37062061 гэж бүртгүүлсэн байна” гэх бичилттэй 00/002190 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа, гэрч Ц.Мөнхбаярын “...Пунсалын Ганбаатар гэдэг юм. Дэжгээ гэхээр Пунсалын ээж нь байгаа юм. Хөгшин ээждээ туслаад мал маллаж байсан байх. Тэгээд Дэжгээ гээд бичихсэн байх. Түүнээс Пунсалын Ганбаатар нэрээр нь мэднэ...” гэх мэдүүлэг, гэрч Н.Долгоржавын “...Пунсалын Ганбаатар гэдэг юм. Дэжгээ нь Пунсалын ээж нь юм. Пунсал нь өөр хүнтэй гэр бүл болоод Ганбаатар нь хөгшин эх Дэжгээ дээрээ л байдаг байсан. Ийм учиртай...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн гишүүдийн 1991 оны шинэчилсэн бүртгэлийн хуулбар, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.
Нэхэмжлэгч П.Ганбаатар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1975 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд, 1980 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн гишүүдийн 1991 оны шинэчилсэн бүртгэлийн “...Соёо хэсэг: ... 70. Дэжгээ Ганбат, нас: 32, хүйс: эр, нэгдэлд орсон он сар өдөр: 1975, нэгдэлд ажилласан жил: 14, ам бүл:5...” гэх бичилттэй архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн П.Ганбаатарын 1986 он, 1989 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ц.Мөнхбаярын “...П.Ганбаатар нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1975 онд 16 насанд хүрээд нэгдлийн дансанд бүртгэгдэж ажиллаж хөдөлмөрлөж эхэлсэн. Өмнө нь бол 4 дүгээр анги төгсөөд аав, ээжийн хамт мал маллаж байсан. 1975 оны 01 сараас 1977 оны 06 сард цэрэгт явах хүртлээ төллөх эм хонь маллаж байгаад цэрэгт явж 3 жил алба хааж ирээд мөн нэгдэлдээ ажилласан. 1980 оны 06 сард халагдаж ирээд 07 сараас нь эхлээд 1990 он хүртэл хугацаанд мөн хонин суурьт ажиллаж байсан. Ердөө малаас салаагүй хүн байгаа юм... ёстой тасрахгүй ажилласан... цалин хөлс нь яагаад тасалдсан талаар мэдэхгүй байна, 1984 онд гэр бүл болсон, түүнээс өмнөх нь эхийн нэр дээр гарсан байж магадгүй... Би “Жаргалант амьдрал” нэгдэлд 1971 оноос 1990 он хүртэл саальчин, хоньчноор ажиллаж байсан... Хувьчлалаас хойш хувийн малаа маллаж байгаад тэтгэвэрт гарсан... бид эвлэлийн хурал, малчдын хурал, тайлангийн хурал, төлчдийн семинар, туршлага солилцох уулзалт гээд хамт суудаг, отор нүүдэлд хамт явдаг, адилхан малчин байсан хүмүүс...” гэх мэдүүлэг, гэрч Н.Долгоржавын “...П.Ганбаатар нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1975 оны 01 сараас 1977 онд цэрэгт явах хүртлээ туслах хоньчин, 1980 онд цэргээс ирээд 07 сараас эхлэн 1990 он хүртэл хонин суурь хариуцан маллаж байсан. Энэ үед ээж Пунсал болон хөгшин эх Дэжгээ нарын хамт 500-гаар суурилсан хонин суурийг малладаг байсан... тасрахгүй ажиллаж байсан. 1975 оноос ч өмнө ажиллаж байсан. Бага сургууль төгсөөд тэгээд мал дээр гарсан... сумын архив шатсан гээд сумаас бичиг баримт гардаггүй юм... Түүнээс сайн малчин, тэргүүний ажилчин байсан. Гэр бүл болоод эхнэр П.Бямбаагийн хамт мөн хонин суурь малладаг байсан... Би “Жаргалант амьдрал” нэгдэлд 1973 оноос 1990 он хүртэл малчин, саальчин, төлчин, хоньчин, фермийн саальчин зэрэг ажил хийж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
П.Ганбаатарын ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын контор шатаж П.Ганбаатарт холбогдох бичиг баримт шатаж үрэгдсэн болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн даргын 1975-1990 оны тушаал шүүж үзэхэд П.Ганбаатарыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/183 дугаартай тодорхойлолт, Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ““..Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдсэн конторын санхүү, тасгийн өрөө 1984,12,25-ны өдөр шатаж 610000 төгрөгний хохирол учирсан галын хэрэг гарсан тухай 141/28 дугаар нотломж үйлдэж Цагдаагийн газар шилжүүлсэн” гэх тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “...Тус сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн өрөөнд гал гарч шатсаны улмаас 1981-1985 оны цалингийн лавлагааг гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 11/120 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хар дархад овогт Пунсалын Ганбаатарын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1975 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд, 1980 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдал тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА