Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,

улсын яллагч Л.Э,

хохирогч Л.С,

иргэний нэхэмжлэгч Г.Э, тэдгээрийн өмгөөлөгч Т.Э,  

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Р.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Б Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025000000399 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Б.Б 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Шанд багт “Шанд баг” гэсэн самбарын урд талын авто зам дээр Тоёота раш загварын 43-23ОРА дугаартай суудлын тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 38-76ОРА дугаартай иргэн Л.С-н жолоодож явсан бага оврын ачааны машинтай мөргөлдөж Л.С-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос нэхэмжилсэн 1.549.845 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Э-аас нэхэмжилсэн 1.706.350 төгрөгийг зөвшөөрөхгүй.” гэв.  

Хохирогч Л.С шүүхийн хэлэлцүүлэгт; “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нэг эмэгтэй мод ачсан, үнээ тохироод Шанд багт “Шанд баг” гэсэн самбарын урд талын авто зам дээр явж байтал ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй ирсэн машинтай мөргөлдсөн. Мөргөлдсөний дараа кабинд байсан утас олдоогүй, Б.Б гуай “ах нь зүүн талаа харсангүй, том тэрэгний урдуур амжих гэсэн юм” гэж хэлж байсан. Би ослын улмаас өөрийнхөө хөл, гар хугарсныг мэдээгүй, эмнэлэг дээр ирээд мэдсэн. Миний гар утасны дэлгэц хагараад мэдрэхээ больсон, одоо ажиллахгүй байгаа. Шүүгдэгчээс надад 1.379.700 төгрөг өгснийг авсан, одоо гар утасны засварын үнэ 350.000 төгрөг, гар утасны оношлогоонд төлсөн үнэ 20.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 500.000 төгрөг, биологийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 200.420 төгрөг, эм тарианы зардал 71.250 төгрөг, гэмтэл авсан үедээ цагдаа, хөрөнгийн үнэлгээний газар гэх мэт газарт ирж, очиход зарцуулсан шатахууны зардалтайгаа нийт 1.549.845 төгрөгийг гаргуулна. Би цэргийн байгууллагад ажилладаг, байнга бэлтгэл сургуулилт хийх шаардлага гардаг. Иймээс эмчилгээ хийлгэх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэв. 

Иргэний нэхэмжлэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт; “...Хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 2.395.000 төгрөгөөр машинаа завсарлахад хүрэлцэхгүй байна. Машин ачилтын мөнгө 40.000 төгрөг, машины үнэлүүлэхэд төлсөн 20.000 төгрөг, машины татварт төлсөн 41.350 төгрөг, үнэлгээр тогтоосон 4.000.000 төгрөгөөс шүүгдэгчийн өгсөн 2.395.000 төгрөгийг хасаад зөрүү 1.605.000 төгрөг нийт 1.706.350 төгрөгийг гаргуулна.” гэв.  

        Хохирогч Л.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим “Хүлэг” хүнсний захын гадаа зогсож байтал нэг эмэгтэй ирээд “ачаа ачих гэсэн юм” гэхээр нь үнэ тохироод “5-5 дугаар байрны тэндээс хаягдал мод ачаад “Шанд баг”-ийн 20 дугаар гудамжинд буулгана” гэхээр нь явж байтал Шанд багийн “Шанд баг” гэсэн самбарын урд төв замаар явж байхад хойноосоо урагшаа туслах замаар нэг машин төв зам руу нийлэх гээд зогсох үйлдэл хийчихсэн байсан. Тэгээд би “намайг харсан юм байх” гээд төв замаар чигээрээ явтал гэнэт хажуугаас орж ирээд мөргөлдсөн. Тухай үед гэгээ тасраагүй, би 30-40км цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед дуут дохиогоо өгч, тормозоо гишгэсэн боловч гэнэт хажуунаас хүчтэй орж ирээд мөргөсөн. Миний биеийн баруун өвдөгний тойг хугарсан, зүүн гарын сарвууны ар тал хугарсан, зүүн болон баруун гарт шилээр зүсэгдсэн өнгөц шархнууд байгаа. ...тухайн өдөр миний гар утас машины салон дээр байсан, мөргөлдөх үед урд салхины шилээр шидэгдэж, дэлгэц болон арын камер хагарсан, би мөргөлдөөд цагдаа дуудах гээд утсаа хайгаад олоогүй...миний гар утас гадаа зам дээр мөргөлдсөн машины доор унасан байсан, ...Б.Б-ээс эмчилгээний зардал, эвдэрсэн машины зардал, өвчтэй байх хугацааны цалин, гар утасны засварын мөнгө, амралттай байх хугацаандаа машинаараа ачаа ачиж олдог мөнгө, урсгал зардлын мөнгийг гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-26-27, 28/,

         Иргэний нэхэмжлэгч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17.40 цагийн үед нөхөр Л.С надруу утсаар ярьж, “...Шанд багийн “Шанд баг” гэсэн самбарын авто зам дээр хажуунаас машин орж ирээд мөргөлдчихлөө” гэж хэлсэн. 38-76ОРА улсын дугаартай Mitsubishi маркийн minicab загварын тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Би нөхөр Л.С-ын хамт 2019 онд Улаанбаатар хотоос худалдаж авахдаа өөрийн нэр дээрээ авсан тээврийн хэрэгсэл байгаа юм. ...би тээврийн хэрэгслийг нөхөр Л.С-т жолоодох эрхийг өгсөн, тээврийн хэрэгслийг мөргөж гэмтээсэн хохирлыг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-30-31/,

Гэрч Ж.Ж-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “ ...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Б.Б-ийн хамт Toyota маркийн Rush загварын 43-23ОРА дугаартай суудлын тээврийн хэрэгсэлтэй город орох гээд Шанд багийн авто зам дээр шороон гарцнаас төв зам руу нийлэх уулзварт зогсож байгаад нөхөр Б.Б хоёр тал руугаа хараад “баруун талаас том тээврийн хэрэгсэл ирж байна, зүүн талаас машин ирж байна уу” гээд надаас асуухаар нь зүүн тал руу харж амжаагүй байхад Б төв зам руу ортол цагаан өнгийн жижиг ачааны тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. ...төв замруу нийлэх гээд зогсож байгаад хөдөлсөн болохоор удаан хөдөлсөн, ойролцоогоор 20-30км цагийн хурдтай хөдөлсөн, ...гадаа үзэгдэх орчин гэгээтэй байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-36-38/,

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд “Хүлэг” хүнсний зах дээр очоод амьжиргаа цагаан ачааны машин хөлслөөд 5-5 дугаар байрны гаднаас хаягдал мод ачаад Шанд баг руу гэр лүүгээ харих гээд Шанд гэсэн самбарын урд авто зам дээр ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байтал авто замын хойд буюу шороон замаас саарал өнгийн суудлын авто машин зам руу нийлэх гэж байгаа бололтой явж байгаад замын хойно түр зогсохоор нь “энэ машин зогсох гэж байгаа юм байна” гээд жолоочтойгоо ярилцаад явж байтал нөгөө машин гэнэт зам руу зүүн тийш эргэх гэж байгаа бололтой орж ирж мөргөлдсөн. Тухайн үед бүрхэг, гэгээ тасраагүй. ...Миний сууж явсан машин 30-40км цагийн хурдтай явж байсан. ...би гомдол саналгүй. ...С осол болсны дараа цагдаа дуудах гээд утсаа хайгаад байсан, салон дээр утас байсан эсэх талаар би мэдэхгүй байна, ямар ч байсан урд салхины шил хагараад онгорхой байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 23-24, 39-40, 41-42/,

        Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-гийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 731 дугаартай, “...1.Л.С-ын биед баруун гарын сарвууны 4-р шивнүүрийн суурь хэсгийн зөрөө багатай ташуу хугарал, баруун тойгны ясны зөрүүгүй хугарал, баруун өвдөгт зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4.Шивнүүр яс болон тойгны хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр гэмтэлд хамаарагдана. 5.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6.Гэмтэл нь ослын үеийн гэмтэл байж болно.” гэсэн дүгнэлт /1-р хх 44-45/,

Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Даваат багийн 6-10-11 тоот гэрээсээ гараад город явж байгаад Шанд багийн нутаг дэвсгэр Шанд самбарын урд талын авто зам дээр туслах замаас төв зам руу орох гээд зогсож байгаад зүүн тийшээ хартал машин байхгүй байсан, баруун тийшээ харахад том оврын машин нилээн зайтай явж байсан, тэгээд “орох боломжтой юм байна” гэж бодоод ортол зүүн гар талаас 38-76ОРА улсын дугаартай Mitsubishi маркийн minicab загварын машинтай мөргөлдсөн. Осол болохоос өмнө гадаа үзэгдэх орчин харанхуй болоогүй байсан, гэм буруугаа зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-2-3/,

Иргэн Л.С-аас “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн Шанд самбарын баруун талын гарцан дээр Toyota маркийн Rush загварын 43-23ОРА дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь миний жолоодож явсан Mitsubishi маркийн minicab загварын 38-76ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн” гэх бичгээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-6-7/,

Иргэн Д.Б-аас Орхон аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан гомдол /1-р хх-8/,

Иргэн Л.С-аас Орхон аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /1-р хх-9/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р хх-10-16/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Ц.Э, Б.А, А.М, Л.Э нарын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай,

“...1.1.1. Автомашины ерөнхий байдал, жолооны механизм, цахилгаан, электрон систем /гэрэлтүүлэх хэрэгсэл/ явах эд ангийн гэмтэл нь стандарт шаардлага хангахгүй байна.

1.2.1, 1.3.1. 43-23ОРА улсын дугаартай Toyota маркийн Rush загварын суудлын автомашины эвдрэлүүд нь зам тээврийн ослын дараа үүссэн эвдрэлүүд болно.

Тухайн эвдрэл гэмтлийг тодорхойлсон боловч хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны системийн хэвийн ажиллагааг техникийн шинжээчийн дүгнэлт гаргахад тээврийн хэрэгсэл нь асаж, хөдлөх боломжгүй тул дүгнэлт гаргах боломжгүй байна.

Дээр дурьдсан эвдрэлүүдийг засаж, техникийн хяналтын үзлэгт дахин хамрагдаж стандартын дагуу тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулсны дараа замын хөдөлгөөнд оролцуулах бүрэн боломжтой.” гэсэн дүгнэлт /1-р хх-50-53/,

“Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1-р хх-54/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-55/,

Мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Ц.Э, Б.А, А.М, Л.Э нарын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 26 дугаартай,

“...1.1.1. Автомашины ерөнхий байдал, цахилгаан, электрон систем /гэрэлтүүлэх хэрэгсэл/ жолооны механизм, явах анги, хөдөлгүүр, хурдны хайрцагны гэмтэл нь стандарт шаардлага хангахгүй.

1.2.1, 1.3.1. 38-76ОРА улсын дугаартай Mitsubishi маркийн minicab загварын ачааны автомашины дээрх дурьдагдсан эвдрэлүүд нь зам тээврийн ослын дараа үүссэн эвдрэлүүд болно.

Тухайн эвдрэл гэмтлийг тодорхойлсон боловч хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны системийн хэвийн ажиллагааг техникийн шинжээчийн дүгнэлт гаргахад тээврийн хэрэгсэл нь асаж, хөдлөх боломжгүй тул дүгнэлт гаргах боломжгүй байна.

38-76ОРА улсын дугаартай Mitsubishi маркийн minicab загварын ачааны автомашины бүхээг, бүхээгний салон нь зам тээврийн ослоос үүссэн эвдрэл бөгөөд дахин ашиглах боломжгүй болно.” гэсэн дүгнэлт /1-р хх-61-64/,

“Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1-р хх-65/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-66/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №960 дугаартай, “...38-76ОРА улсын дугаартай Mitsubishi маркийн minicab загварын автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 2.395.000 төгрөг.” болохыг тогтоосон үнэлгээний тайлан /1-р хх-80/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-81-84/, засварын бүртгэлийн хуудас /1-р хх-85/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №200 дугаартай, “Япон улсад 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 12 дугаар сард Монголд орж ирсэн Mitsubishi minicab /бензин, автомат/ маркийн автомашин нь 2020 оны 10 дугаар сарын байдлаар манай улсын зах зээл дээр 4.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт /1-р хх-89/, 

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн, “...Iphone 10x маркийн гар утасны камер 100.000 төгрөг, дэлгэц 250.000 төгрөг, ...гар утасны дэлгэц болон камерын өнөөгийн зах, зээлийн үнэ 2020 оны 10 дугаар сарын байдлаар 350.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-95-98/, 

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн, “...Iphone x маркийн гар утас нэгжийн үнэ 1.250.000 төгрөг, нийт элэгдэл тооцсон үнэ 875.000 төгрөг, ...2018 онд худалдан авч байсан Iphone x загварын гар утасны өнөөгийн зах, зээлийн үнэ 2020 оны 10 дугаар сарын байдлаар 875.000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-100-103/, 

Зам тээврийн осол дээр тогтоосон 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай “...Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэсэн мөрдөгчийн магадлагаа /1-р хх-106-108/,

Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-117/, түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-118/,

         43-23ОРА улсын дугаартай Toyota маркийн Rush загварын суудлын автомашины техникийн тодорхойлолт /1-р хх-131/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-133/,

Б.Б-ийн жолоочийн лавлагаа /1-р хх-132/,

38-76ОРА улсын дугаартай Mitsubishi маркийн minicab загварын автомашины техникийн тодорхойлолт /1-р хх-134/,

Хохирлын баримтууд /1-р хх-136-250/,

Орхон аймгийн Цагдаагийн газраас өмгөөлөгч Р.Н-ийн хүсэлтэд өгсөн хариу /2-р хх-11/, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах дэвтэрийн хуулбар /2-р хх-12-13/,

Б.Б-ээс 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Л.С-т “машины эвдрэл 2.395.000 төгрөг, эмчилгээний зардалд 823.000 төгрөг, цалингийн зөрүү 556.756 төгрөг нийт 3.774.756 төгрөгийг шилжүүлсэн баримт /2-р хх-19/,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Л.С-аас шинээр гаргаж өгсөн “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгч Т.Э-д 500.000 төгрөг төлсөн баримт, эм тариа авсан зардал 71.250 төгрөгийн баримт,

мөн иргэний нэхэмжлэгч Г.Э-аас шинээр гаргаж өгсөн “автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн 31.250 төгрөгийн, автын агаарын бохирдлын төлбөр 9500 төгрөг нийт 41.350 төгрөг төлсөн баримт зэргийг тус тус  шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.Б 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багт “Шанд баг” гэсэн самбарын урд талын автозам дээр Toyota маркийн Rush загварын 43-23ОРА дугаартай суудлын автомашины жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс 38-76ОРА дугаартай иргэн Л.Сүхбаатарын жолоодож явсан Mitsubishi маркийн minicab загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж, Л.С-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, болон хохирогч Л.С-ын мэдүүлгээр, 

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Л.С-ын “...Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим...Шанд багийн “Шанд баг” гэсэн самбарын урд төв замаар явж байхад хойноосоо урагшаа туслах замаар нэг машин төв зам руу нийлэх гээд зогсох үйлдэл хийчихсэн байсан. ...гэнэт хажуугаас орж ирээд мөргөлдсөн. ...Миний биеийн баруун өвдөгний тойг хугарсан, зүүн гарын сарвууны ар тал хугарсан, зүүн болон баруун гарт шилээр зүсэгдсэн өнгөц шархнууд байгаа.” гэх мэдүүлэг,

         иргэний нэхэмжлэгч Г.Э-ын “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17.40 цагийн үед нөхөр Л.С надруу утсаар ярьж, “...Шанд багийн “Шанд баг” гэсэн самбарын авто зам дээр хажуунаас машин орж ирээд мөргөлдчихлөө” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

         гэрч Ж.Ж-ны “ ...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Б.Б-гийн хамт Toyota маркийн Rush загварын 43-23ОРА дугаартай суудлын тээврийн хэрэгсэлтэй город орох гээд Шанд багийн авто зам дээр шороон гарцнаас төв зам руу нийлэх уулзварт зогсож байгаад нөхөр Б.Б хоёр тал руугаа хараад “баруун талаас том тээврийн хэрэгсэл ирж байна, зүүн талаас машин ирж байна уу” гээд надаас асуухаар нь зүүн тал руу харж амжаагүй байхад Батцэрэн төв зам руу ортол цагаан өнгийн жижиг ачааны тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн.” гэх мэдүүлэг,

         гэрч Д.Б-ын “...Би 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд “Хүлэг” хүнсний зах дээр очоод амьжиргаа цагаан ачааны машин хөлслөөд 5-5 дугаар байрны гаднаас хаягдал мод ачаад Шанд баг руу гэр лүүгээ харих гээд Шанд гэсэн самбарын урд авто зам дээр ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байтал...нөгөө машин гэнэт зам руу зүүн тийш эргэх гэж байгаа бололтой орж ирж мөргөлдсөн.” гэх,

         Б.Б-ийн “...2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Даваат багийн 6-10-11 тоот гэрээсээ гараад город явж байгаад Шанд багийн нутаг дэвсгэр Шанд самбарын урд талын авто зам дээр туслах замаас төв зам руу орох гээд зогсож байгаад зүүн тийшээ хартал машин байхгүй байсан, баруун тийшээ харахад том оврын машин нилээн зайтай явж байсан, тэгээд “орох боломжтой юм байна” гэж бодоод ортол зүүн гар талаас 38-76ОРА улсын дугаартай Mitsubishi маркийн minicab загварын машинтай мөргөлдсөн.” гэх мэдүүлгүүдээр,

хэрэгт цугларсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 731 дугаартай дүгнэлт, иргэн Л.С-аас бичгээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, иргэн Д.Б-аас Орхон аймгийн Цагдаагийн газарт хандан гаргасан гомдол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Ц.Э, Б.А, А.М, Л.Э нарын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 25, 26 дугаартай дүгнэлтүүд, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №960 дугаартай үнэлгээний тайлан, 10 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээний дүгнэлтүүд, Зам тээврийн осол дээр тогтоосон 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай мөрдөгчийн магадлагаа зэргээр тогтоогдсон болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд;

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хохирогч Л.Сүхбаатар нь Б.Б-ээс эмчилгээний зардал, эвдэрсэн машины зардал, өвчтэй байх хугацааны цалин, гар утасны засварын мөнгө, амралттай байх хугацаандаа машинаараа ачаа ачиж олдог мөнгө, урсгал зардлын мөнгө нийт 15.481.560 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Э нь тээврийн хэрэгслийг мөргөж гэмтээсэн хохиролд 4.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Шүүгдэгч Б.Б 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Л.С эмчилгээний зардалд 823.000 төгрөг, цалингийн зөрүү 556.756 төгрөг нийт 1.379.756 төгрөг, иргэний нэхэмжлэгчид Г.Э машины эвдрэл 2.395.000 төгрөг нийт 3.774.756 төгрөгийг төлж барагдуулсан баримт 2 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Л.С нь “...шүүгдэгчээс надад  1.379.756 төгрөг өгснийг авсан, одоо гар утасны засварын үнэ 350.000 төгрөг, гар утасны оношлогоонд төлсөн үнэ 20.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 500.000 төгрөг, биологийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 200.420 төгрөг, эм тарианы зардал 71.250 төгрөг, гэмтэл авсан үедээ цагдаа, эмнэлэг, хөрөнгийн үнэлгээний газруудаар явахад зарцуулсан шатахууны зардалтайгаа нийт 1.549.845 төгрөгийг гаргуулна гэж,

иргэний нэхэмжлэгч Г.Э нь “...Хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 2.395.000 төгрөгөөр машинаа завсарлахад хүрэлцэхгүй байна. Машин ачилтын мөнгө 40.000 төгрөг, машиныг үнэлүүлэхэд төлсөн 20.000 төгрөг, машины татварт төлсөн 41.350 төгрөг, үнэлгээр тогтоосон 4.000.000 төгрөгөөс шүүгдэгчийн өгсөн 2.395.000 төгрөгийг хасаад зөрүү 1.605.000 төгрөг нийт 1.706.350 төгрөгийг гаргуулна гэж холбогдох баримтуудыг шинээр гаргаж өгсөн болно.

Шүүх 1 дүгээр хавтаст хэргийн 154-162, 196, 242-245 дугаар талд авагдсан 407.200 төгрөгийн шатахууны зардал, 95-98 дугаар талд авагдсан Ipone10x маркийн гар утасны дэлгэц болон камерын засварын үнэ 350.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинээр гаргаж өгсөн эм тарианы үнэ 71.250 төгрөг, 94 дүгээр талд авагдсан гар утас үнэлгээний төлбөр 20.000 төгрөг, нийт 848.450 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож,

хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчид төлсөн хөлс 500.000 төгрөг, биологийн нэмэлт бүтээгдэхүүний үнэ 200.420 төгрөг нийт 700.420 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрөө өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч сонгож авах, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хүсэл зоригийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгч заавал авах нөхцөл шаардлагад хамаарахгүй, мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгч сонгон авсан явдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцогдохгүй,

мөн хохирогч биологийн нэмэлт бүтээгдэхүүн зайлшгүй хэрэглэх шаардлагатай талаар эмнэлгийн байгууллагын албан ёсны баримтгүй, хохирогч өөрийн сайн дурын үндсэн дээр нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн байна гэж тус тус дүгнэсэн болно.

Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тухайд; 1 дүгээр хавтаст хэргийн 240 дүгээр талд авагдсан автомашин ачилтын хөлс 40.000 төгрөг, 90 дүгээр талд авагдсан автомашины зах зээлийн үнэлгээ гаргуулахад төлсөн 20.000 төгрөг нийт 60.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгож,

иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс шүүхийн хэлэлцүүлгийн үед шинээр гаргаж өгсөн 38-76ОРА улсын дугаартай автомашины татварт төлсөн 41.750 төгрөг,

автомашины зах зээлийн үнэ болох 4.000.000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 2.395.000 төгрөгийг хасаад зөрүү 1.605.000 төгрөг гаргуулах гэсэн нийт 1.646.350 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний нэхэмжлэгч Г.Э нь 38-76ОРА улсын дугаартай Mitsubishi маркийн minicab автомашины өмчлөгч тул татвар төлөх нь иргэний нэхэмжлэгчийн өөрийнх нь хуулиар үүрэг байна гэж,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №960 дугаартай үнэлгээний тайлангаар “...38-76ОРА улсын дугаартай Mitsubishi маркийн minicab загварын автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 2.395.000 төгрөг.” болохыг тогтоосон байхад шүүх “Япон улсад 1994 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 12 дугаар сард Монголд орж ирсэн Mitsubishi minicab /бензин, автомат/ маркийн автомашин нь 2020 оны 10 дугаар сарын байдлаар манай улсын зах зээл дээр 4.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолтоор хохирлын үнэлгээг тооцох боломжгүй гэж тус тус дүгнэв.

Харин хохирогч Л.С гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй талаар “цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” гэж мэдүүлж байх тул зөвхөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаас үүссэн эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Б.Б-г “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын 81 хувийг төлж барагдуулсан тул хөнгөн ял өгнө үү” гэсэн санал тус тус гаргав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний 81 хувийг арилгасан байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өндөр насны тэтгэвэрт байдаг, одоо 76 настай болон эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ялын төрөл хэмжээний талаарх дүгнэлтийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоов.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 50.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр заасан ба улсын яллагч дүгнэлт гаргахдаа эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх талаар санал гаргаагүй тул эрх хасах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлоос 3.774.756 төгрөгийг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

          Бусад асуудлын талаар;

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г овогт Б-ы Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 50.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б нийт 908.450 төгрөг гаргуулж хохирогч Л.С-т 848.450 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Э 60.000 төгрөгийг тус тус олгож,

хохирогч Л.С-ын нэхэмжлэлээс 700.420 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Э-ын нэхэмжлэлээс 1.646.350 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Б.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 3.774.756 төгрөг нөхөн төлсөн болохыг дурьдсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаас үүссэн эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Б.Б торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э