| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00466/И |
| Дугаар | 00466 |
| Огноо | 2017-05-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 00466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1964 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, РБ64032602 дугаар регистртэй, Анчин овогт Алтангэрэлийн Жаргалын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2017/00401/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч А.Жаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Жаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 онд 8 дугаар анги төгсөөд, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Мандал” нэгдэлд эр сувай болон 1 наст хонийг 1.000 толгойгоор суурилж малладаг байсан. Мал маллаж сумын аварга малчин болж байсан боловч авч байсан шагналын баримтуудаа алга болгосон. Миний хөдөлмөрийн дэвтэр нэгдлийн боловсон хүчин Гарамхандад байсан бөгөөд авч чадалгүй байсаар үрэгдүүлсэн, мөн архиваас баримт шүүлгэхэд миний ажилласан талаар ямар ч баримт гарч ирээгүй. Би улсаас нөхөн олгож байгаа 11 жилийг ажилласан жилээр тооцуулж авсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл баримт дутуу учир ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Мандал” нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
А.Жаргал нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Жаргал Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Мандал” нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн А.Жаргалын 1980 оны 7 дугаар сараас 1990 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Мандал” нэгдлийн даргын 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Нярай хүүхдээ 6 сар хүртэл асрах тэтгэмжтэй чөлөөг... 1-р бригадын... А.Жаргал ... 8-р сарын 12-ноос 10-р сарын 24 хүртэл тэтгэмжтэй чөлөөг олгосугай...” гэх бичилттэй “Цалинтай чөлөө олгох тухай” №77 дугаартай тушаалын хуулбар, гэрч Б.Дэнсмаагийн “...А.Жаргал нь сургуулиас гараад Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Мандал” нэгдэлд 1980 оны 07 сараас 1990 он хүртэл хугацаанд тасрахгүй...туслах малчин, сувай хонь маллаж хоньчин, саальчнаар ажиллаж байсан...1987 онд айлын хүн болоод, 1988 онд нэг хүүхэд гаргасан. Түүнээс бусад хугацаанд тасрахгүй ажиллаж байсан... цалин хөлс нь тасалдаж бичигдсэн талаар мэдэхгүй байна... би тус нэгдэлд 1955 оноос эхлэн 1991 он хүртэл фермийн саальчнаар ажиллаж байсан. 1991 онд аймгийн төвд ирээд Хөгжимт драмын театрт дуучнаар ажилласан...” гэх мэдүүлэг, гэрч П.Наранцэцэгийн “...А.Жаргал нь 1980 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр мал дээр гарч Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Мандал” нэгдэлд 1980 оны 06 сараас 1990 он хүртэл тасрахгүй хоньчин, саальчин, эр сувай мал маллаж байсан... А.Жаргал нь эцэг, эхийн хамт 500-600 толгойгоор суурилсан хонин суурь хариуцан ажиллаж байсан. Сүүлд гэр бүл болж тусдаа гараад мөн хоньчноор ажиллаж байсан... Би “Мандал” нэгдэлд 1976 оноос 1990 он хүртэл саальчнаар, мөн нарийн мал болон төллөх мал ч хариуцан маллаж байсан... А.Жаргал нь 1984 онд сумын аварга малчин, социалист хөдөлмөрийн гавшгайч зэрэг болж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо. Иймд А.Жаргалын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Мандал” нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
А.Жаргалын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Мандал” нэгдэлд ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Мандал” нэгдлийн даргын 1980-1989 оны тушаал шүүж үзэхэд А.Жаргалыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/275 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Анчин овогт Алтангэрэлийн Жаргалын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Мандал” нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА