Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 537

 

                                                       

 

 

 

 

 

                                                        Ц.Тт холбогдох эрүүгийн

                 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч Ц.Тын өмгөөлөгч И.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ц.Тын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Тт холбогдох эрүүгийн 1705016590115 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Цолмонгийн Т, 1998 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Орхон” их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт .....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УШ98090519/,

 

Ц.Т нь  2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай байр болох “Эрхэс” зочид буудлын 203 тоот өрөөнд хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр нэвтэрч Э.Эы эзэмшлийн гар утас, бугуйн цагийг хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ц.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Цолмонгийн Тыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Ц.Тт оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, Ц.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Ц.Тын цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” зочид буудлын 203 тоот өрөө онгорхой байхаар нь сонирхоод ортол хүмүүс унтаж байсан ба ширээн дээр гар утас, бугуйн цаг байхаар нь аваад гарчихсан. Уг хэргийн улмаас Э.Эд 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлоо биет байдлаар буцаан өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн гадаадад суралцах хүсэлтэй байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Тын өмгөөлөгч И.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж  шийдвэрлэсэн. Харин шинэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан байх тул дээрх хуулийн заалтыг хэрэглэж, хүмүүжлийн чанартай албагдлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Т нь  2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай байр болох “Эрхэс” зочид буудлын 203 тоот өрөөнд хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр нэвтэрч Э.Эы эзэмшлийн гар утас, бугуйн цагийг хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Т /хх-ийн 11/, хохирогч Э.Э /хх-ийн 9/ нарын мэдүүлгүүд,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Шүүгдэгч Ц.Тын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг журамлан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

 Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилго, үндэслэл, журмыг тодорхойлон хуульчилжээ.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ц.Т нь хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байх тул дээрх хуулийн заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдалд тохирсон байна.

 

  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: