Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0701/З |
Дугаар | 221/МА2023/0097 |
Огноо | 2023-02-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2023/0097
“У И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0840 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “У И” ХХК,
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У
Гуравдагч этгээд У И ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У
Хэргийн индекс: 128/2022/00701/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0840 дугаар шийдвэрээр “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.5, 161 дүгээр зүйлийн 161.1, 161.2-д заасныг баримтлан “У И” ХХК-ийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ут холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Уын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01-06-092/86 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
Хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль эрх зүйн үндэслэлийг тодорхой тусгаж өгөөгүй, ажил үүрэг гүйцэтгэх байршлыг тусгаагүй гэх зөрчлийн тухайд:
Шийдвэрийн үндэслэх хэсэгт "6. Нэхэмжлэгч талын "хөдөлмөрийн гэрээ, түүний нөхцөлийн талаар" хариуцагч нь албан шаардлага тавих үндэслэлгүй, хэргийн харьяалал зөрчигдсөн" зэргээр маргасныг хүлээн авах боломжгүй, учир нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн хууль тогтоомжид тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх, мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан өргөдөл, хүсэлт гомдол зэргийг үндэслэл болгон хяналт шалгалт явуулах бүрэн эрх хариуцагчид байна" гэж дүгнэсэн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (2021) (Хөдөлмөрийн хууль)-ийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д "Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээний нөхцөл, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн тухай ажилтны гомдлыг шүүх шууд хянан шийдвэрлэнэ" гэж заасан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний нөхцөлтэй холбоотой маргаан нь шүүхийн онцгой харьяаллын маргаан бөгөөд энэ асуудалд хяналт шалгалт хийж, түүнд дүгнэлт өгөх эрх Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хуулиар олгоогүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь илтэд хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ уг хуульд тусгайлан заасан хэргийн харьяаллыг баримтлах үүрэгтэй юм. Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн гэрээний нэг төрөл болохын хувьд Монгол Улсын Иргэний хууль (2002) (Иргэний хууль)-д заасан ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ . Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ" гэж заасан. Тиймээс хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийхдээ тухайн асуудлын хэргийн харьяаллыг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн хуулийн 158 дугаар зүйлийг баримтлах ёстой байсан. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шүүхийн онцгой харьяалал зөрчсөн хэмээн үзэж маргасан. Тиймээс энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн хууль болон Иргэний хуульд нийцэхгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "7. Энэ тохиолдолд Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хороо (МЭХГУУҮЭХ)-ны 2022 оны 4 сарын 19-ний өдрийн "Хяналт шалгалт хийлгэх тухай" 35 дугаар албан бичиг болон 2022 оны 4 сарын 21-ний өдрийн 37 дугаар албан бичгээр: Уул уурхайн салбарын ажилчдаас тэндийг төлөөлөх эрх бүхий үйлдвэрчний эвлэлийн анхан шатны хороодоос илүү цагийн хөлс олгохгүй байгаа талаар хүсэлт ирүүлсээр байгаа тул уул уурхайн аж ахуй нэгжүүд тэр дундаа эхний ээлжинд “У И” ХХК-д хяналт шалгалт хийж өгөхийг хүссэн байх бөгөөд хууль зөрснийг тогтоож, уг зөрчлийг арилгуулахаар албан шаардлага гаргасан улсын байцаагийн үйлдэл хууль зүйн үндэслэлтэй байна" гэжээ. 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлсэн гомдолд компанийн үйл ажиллагаатай холбогдуулж илүү цагийн хөлс олгохгүй байгаа талаар огт дурдаагүй, энэ талаар хяналт шалгалт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй. Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хороонд гомдолд компанийн Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн хүсэлт дээр үндэслэн дараах асуудлыг шалгахыг хүссэн:
(a) Ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн хугацаатай гэрээнд хугацаатай байгуулах болсон шалтгаан, нөхцөлийг тусгадаггүй;
(b) Ажилчдын хоолны завсарлагын цагийг ажилласан цагт тооцдоггүй; болон
(c)Ердийн ажлын цагийг 2,080 цагаар тооцож байгааг өөрчлөх.
Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч дээрх асуудлаас зөвхөн ердийн ажлын цагтай холбоотой асуудлыг шалгаж, Албан шаардлага гаргасан. Энэхүү маргаантай зэрэгцээд компаниас үндсэн цалинг жилийн фонд цаг болох 2,080 цагт үндэслэсэн тооцоололтой холбоотой асуудлаар компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Д.Ж-ийн нэхэмжлэлтэй Компанид холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс компанийн баримталж буй жилийн ердийн ажлын 2,080 цаг нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянагдаж буй дээрх хэргийн талаарх мэдээлэл, холбогдох баримт бичгүүд (нэхэмжлэл, хариу тайлбар, шүүгчийн захирамж гэх мэт)-ийн хуулбарыг Компанийн зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч М.Ут гаргаж өгсөн /хх 29, 34/. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь шүүхээр хянагдаж буй маргааныг давхар шалгаж, түүнд дүгнэлт хийж, албан шаардлага гаргасан нь шүүхийн бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдох баримт бичгүүдийг сайтар нягтлан шалгалгүйгээр гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Үүнд Анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "8. Нэхэмжлэгч “У И” ХХК-ийн тухайлсан ажлын байрны тодорхойлолтын 2 дах хэсгийн 2.1 -т "О төслийн талбай" гэсэн нь, бидний зүгээс алгасуулан иш татсан, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт хоёуланд нь ажилтнаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан" гэх тайлбар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2 "ажил үүрэг гүйцэтгэх байршил" гэж заасантай нийцээгүй, өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуульд ямар нэгэн хоёрдмол санаагүйгээр хөдөлмөрийн гэрээнд шууд тусгахыг хуульчилсан байгааг хэрэгжүүлээгүй, үүгээрээ "хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгаж өгөөгүй гэх" агуулгатай хариуцагчийн албан шаардлага үндэслэлтэй байна" гэжээ.
Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Хариуцагч болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн зүгээс "хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэлийг тодорхой тусгаж өгөөгүй гэх" үндэслэлээ тайлбар болон холбогдох баримтаар нотолж чадаагүй байхад Анхан шатны шүүхээс тус зүйлийг хариуцагчид ашигтай байдлаар өөрөө тайлбарлаж дүгнэлт хийж байгаа нь хууль нийцээгүй байна. Хөдөлмөрийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээнд тусгах шаардлагатай гол нөхцөлүүдийг, талууд харилцан тохиролцсоноор тусгаж болох нэмэлт нөхцөлүүдийг тус зүйлийн 49.2 дах хэсэгт тус тус заасан. Эдгээр нөхцөлүүдэд болон Хөдөлмөрийн хуулийн бусад зүйл, заалтад хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тухайн гэрээ байгуулах хууль эрх зүйн үндэслэлийг заавал ишлэх шаардлага огт байдаггүй. Түүнчлэн, энэ тухайд хууль зүйн үндэслэлийг ишлээгүй байгаа нь хуулийн ямар зүйл заалттай нийцэхгүй, зөрчсөн болох нь тодорхойгүй байна. Өөрөө хэлбэл, Нэхэмжлэгч нь албан шаардлагад дурдсанаар хөдөлмөрийн гэрээнд ямар зүйл заалтыг тусгах ёстой байсан нь ойлгомжгүй байна. Дээрх зөрчлийг тогтоосон гэх Албан шаардлага нь Захиргааны ерөнхий хууль (2015)-ийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан "Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна" гэсэн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан зөвлөмжид "Хөдөлмөрийн гэрээнд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил түүнд хамаарна " гэж заасан. Гэрээний чөлөөт байдлын зарчмын агуулга нь талууд гэрээний агуулгыг хуульд нийцүүлэн чөлөөтэй тодорхойлох эрхтэй байх явдлаар тодорхойлогддог . Иймд ажилтан, ажил олгогч талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээг хуульд тусгайлан заасан шаардлага байхгүй атал хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "9. Ажлын байрны тодорхойлолт гэх ойлголтын талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 49 дүгээр зүйлийн 49.1.1, 103 дугаар зүйлийн 103.3.2, 109 дүгээр зүйлийн 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 зэрэг заалтуудад туссан байгаа нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт хоёр агуулгын хувьд зөрүүтэй ойлголт болохыг харуулж байна. Иймээс ажил үүрэг гүйцэтгэх байршлыг ажлын байрны тодорхойлолтод алгасуулан иш татах хэм хэмжээг хэрэглэж зохицуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй" гэжээ.
Компани ажилтнуудтай байгуулдаг хөдөлмөрийн гэрээндээ ажилтны ажил үүрэг гүйцэтгэх байршлыг дараах байдлаар тусгасан байдаг:
(a) хөдөлмөрийн гэрээний 5 дах зүйл (Ажлын байр)-ийн (а) хэсэгт "Ажилтан нь Ажлын байрны тодорхойлолтод заасан нэг буюу хэд хэдэн газарт энэхүү Гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэнэ";
(b) Ажлын байрны тодорхойлолтын 2.1 дах хэсэг (ажлын байрны байршил)-т "О төслийн талбай" эсхүл "Улаанбаатар хотын оффис" зэргээр ажил үүрэг гүйцэтгэх байршлыг тодорхой тусгасан байдаг.
Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээний 1.2 дах хэсэгт "Ажлын байрны тодорхойлолт нь энэхүү Гэрээний салшгүй хэсэг болно" гэж тусгайлан тодотгон заасан. Ажилтнууд нь хөдөлмөрийн гэрээ, мөн ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зурж, баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, ажлын байрны тодорхойлолтыг хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болгон хавсралтаар баталж, түүнд ажилтны ажил үүргийн онцлогт тохирсон нөхцөлүүд (үүнд ажил үүрэг гүйцэтгэх байршлыг оруулан)-ийг ажилтанд ойлгомжтой байлгах үүднээс тусгаж өгсөн нь Хөдөлмөрийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2 дах хэсэгт заасантай нийцсэн гэж үзэж байна. Дээрх үйл баримтыг Анхан шатны шүүхээс анхаарч үзэлгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.
Цалин хөлсний журам баталж мөрдүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд тусгасан цалин хөлс хуульд нийцээгүй, хэрхэн тооцож тогтоосон аргачлал нь ойлгомжгүй гэх зөрчлийн тухайд:
Шийдвэрийн үндэслэх хэсэгт "11. Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч У И ХХК нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн "Нэмэгдэл хөлс олгож журам"-аар цалин хөлсний харилцааг зохицуулдаг болохоо илэрхийлсэн ба хариуцагч болон гуравдагч этгээдийн "цалин хөлсний журам, цалин хөлсийг ил тод байлгах журмыг баримтлаагүй, түүнийг баталж мөрдүүлээгүй" гэх тайлбар үндэслэлтэй. Хөдөлмөрийн хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д "Ажилт олгогч хууль, тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн цалин хөлсний талаар дараах хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлнэ", 103.3.4 "цалин хөлсний журам" гэж заасныг зөрчсөн" гэжээ. Компани нь 2022 оны 1 сарын 1-ний өдөр Нэмэгдэл хөлс олгох журам (МОН-СҮАЖ 622) (Нэмэгдэл хөлс олгох журам)-аа шинэчлэн баталсан байдаг. Тус журамд үндсэн цалин, дундаж цалин хөлсийг тодорхойлох, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох, түүний нөхцөл шалгуурыг тогтоох, аргачлалуудыг тус тус тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Нэмэгдэл хөлс олгох журам нь нэрээсээ үл хамааран хуульд заасан цалин хөлсний журмаар зохицуулах харилцааг бүрэн тусгаж, зохицуулсан. Гэтэл Анхан шатны шүүхээс Компани цалин хөлсний журам баталж мөрдүүлээгүй гэж дүгнэхдээ ямар үндэслэлээр Нэмэгдэл хөлс олгох журам нь Хөдөлмөрийн хуулийн 103 дугаар зүйлийн 103.3.4 дах хэсэгт заасан цалин хөлсний журам биш гэж үзсэн нь тодорхойгүй байна. Тодруулбал, Нэмэгдэл хөлсний журамд юуг тусгалгүй орхигдуулсан, аль хэсэг нь хуульд нийцээгүй гэх талаар огт тайлбарлаагүй атлаа цалин хөлсний журам баталж мөрдүүл гэсэн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Түүнчлэн, Компани нь ажил, амралт, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, гомдол шийдвэрлэх зэрэг журмуудыг тус тусад нь баталж мөрдүүлдэг болно. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "12. Өөрөөр хэлбэл, өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр нарийвчлан зохицуулсан ялангуяа хуулийн аль зүйл заалтыг дэлгэрүүлж зохицуулж байгаа нь журмаас харагдахгүй, хуулийн зүйл заалтыг тодорхойлж бичээгүй нь ойлгомжгүй, судлан шалгах боломжгүй, үүгээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.5 "цалин хөлсийг тооцох аргачлал ил, тод ойлгомжтой байх" зарчмыг хангаагүй талаар дүгнэж, албан шаардлага бичсэн хариуцагчийн хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй байна" гэжээ.
Хөдөлмөрийн хуульд ажил олгогч нь цалин хөлсний журам батлахдаа Хөдөлмөрийн хуулийн аль нэг заалтыг дэлгэрүүлэх талаар шаардлага огт байхгүй атал Анхан шатны шүүхээс дээрх дүгнэлтийг хийж Албан шаардлагыг үндэслэлтэй гэж үзсэн нь өөрөө үндэслэлгүй, хуульд нийцээгүй болжээ. Цалин хөлсний журмыг аж ахуйн үйл ажиллагааны онцлогт тохируулан ажил олгогч баталдаг. Нэхэмжлэгч нь О ХХК-ийн гүний уурхайн барилга, байгууламж, дэд бүтцийн төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ажилтнууд нь уртын ээлжийн хуваариар ажилладаг. Уртын ээлжээр ажиллах ажилтны хувьд илүү цагаар ажилласны болон нийтээр амрах баярын өдөр ажилласан болон бусад нэмэгдэл хөлсийг хэрхэн тооцох нь нэн тэргүүний асуудал байдаг тул Компани үйл ажиллагааны онцлогтоо нийцүүлэн Нэмэгдэл хөлс олгох журмыг баталсан. Дээр дурдсанчлан тус журамд цалин хөлсний журмаар зохицуулж болох бүх асуудлыг бүрэн тусгасан байгааг Анхан шатны шүүхээс сайтар анхаарч үзээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх үүрэгтэй. Гэтэл Анхан шатны шүүхээс Компанийн гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудыг бүрэн үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулаагүй тухайд:
Төрийн хяналт шалгалтын тухай хууль (2003)-ийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт "хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, улсын байцаагчийн болон шалгуулагч этгээдийн санал хүсэлт зэргийг тусгана" гэж заасан. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалтын тэмдэглэлийн хувийг компанийн огт өгөөгүй байдаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зарим зүйл, заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжид улсын байцаагчийн бичсэн дүгнэлт, албан шаардлага, актын талаарх маргааныг шүүхүүд хянан шийдвэрлэхдээ хяналт шалгалт хийсэн байгууллага, албан тушаалтнууд хуулийн 5 дугаар зүйлд заасан хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмыг хэрхэн хангасныг голлон анхаарах нь зүйтэй талаар дурдсан.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн шалгалтын тэмдэглэлд дараах зүйлсийг дурдсан:
(a) Шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал: Уртын ээлж, илүү цаг, нэмэгдэл хөлстэй холбоотой асуудал шүүх дээр явж байгаа тул шалгах шаардлагагүй байна.
(b) Улсын байцаагчийн санал дүгнэлт: Холбогдох бичиг баримтыг шалгуулах.
Улсын байцаагчийн тэмдэглэлээс үзэхэд шалгалтаар илэрсэн гэх зөрчлүүдийн талаар огт дурдаагүй, тэдгээрийг хэзээ яаж, хэрхэн шалгасан нь тодорхойгүй байхад Анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй орхисон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн, үнэхээр шалгалт хийгээд зөрчил тогтоосон бол "санал дүгнэлт" гэсэн хэсэгт дурдах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас албан шаардлагыг ямар баримт бичигт үндэслэн гаргасан нь тодорхой бус процессын илэрхий алдаа гарсан нь илтэд тодорхой байхад Анхан шатны шүүхээс хяналт шалгалт нь хуульд нийцсэн бөгөөд Компанийн хууль ёсны эрх зөрчигдөөгүй талаар дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 14-ний өдрийн Дугаар 128/ШШ2022/0840 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Уын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №01-06-092/86 тоот албан шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/шш2022/0840 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113, 114 дүгээр зүйлийг үндэслэн нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Тус шүүхээс “У И” ХХК-ийн нэхэмжлэлтэй., улсын ахлах байцаагч М.Ут холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
0840 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт 6. Нэхэмжлэгч талын /хөдөлмөрийн гэрээ, түүний нөхцөлийн талаар/ хариуцагч нь албан шаардлага тавих үндэслэлгүй, хэргийн харьяалал зөрчигдсөн зэргээр маргасныг хүлээн авах боломжгүй, учир нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн хууль тогтоомжид тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх, харин Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан өргөдөл, хүсэлт, гомдол зэргийг үндэслэл болгон хяналт шалгалт явуулах бүрэн эрх хариуцагчид байна. ...” гэжээ. /ху-9/ “Шүүхийн харьяаллыг хамгийн энгийнээр авч үзвэл шүүхэд харьяалагдах эрх зүйн маргаан, түүний төрөл, хэргийн оролцогчид, нэхэмжлэлийн шаардлага зэргийг ангилан зэрэглэх явдал мөн.” “Хэргийн харьяалал гэдэг нь эрхийн болон бусад асуудлаарх маргааныг төрийн зохицуулалтаар шийдвэрлэх төрийн болон төрийн бус байгууллагын бүрэн эрхээр тодорхойлогдсон хамаарлыг хэлнэ.
а. Тухайн хэрэг маргааныг зөвхөн шүүх шийдвэрлэхээр хуульд заасан бол уг маргаан шүүхийн харьяалалд хамаарна. (тусгай харьяалал)...”
Дээр дурдсан тайлбар, тодорхойлолтоос харахад иргэн, хуулийн этгээдийн зүгээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл хаана, хэзээ, хэрхэн хандаж түүнийгээ сэргээлгэх нь дур зоргоороо шийдвэрлэх асуудал биш, өөрөөр хэлбэл тогтсон дүрэм журамтай байгаа болно. Тухайлбал: хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т: хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээний нөхцөл, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн тухай ажилтны гомдлыг шүүх шууд харьяалан шийдвэрлэхээр заажээ. Бодит байдал ийм байхад анхан шатны шүүх хариуцагч буюу хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Уыг “У И” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ., хөдөлмөрийн гэрээний нөхцөл нь хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн тухай гомдлыг хянан шалгасныг хууль зөрчөөгүй гэж үзсэнд гомдолтой байна. Нөгөө талаас анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэглэсэн. Харин нэхэмжлэгч тал маргаж буй харилцааг илүү нарийвчлан зохицуулсан, сүүлд хүчин төгөлдөр болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байгаа болно. Хариуцагч улсын ахлах байцаагч М.У нь хэргийн харьяалал зөрчиж хяналт шалгалт явуулан 01-06-092/86 тоот албан шаардлага гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч “У И” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Уын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 01-06-092/86 дугаар албан шаардлагын 1 дэх заалтаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу ажил үүрэг гүйцэтгэх байршил, хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль эрх зүйн үндэслэлийг тодорхой тусгах, 2 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.5, 103 дугаар зүйлийн 103.1.4-д заасны дагуу цалин хөлсний журам баталж мөрдүүлэх, цалин хөлс тооцох аргачлал ил тод, ойлгомжтой болгох”-ыг тус компаниас шаардсан байна.
2. Хариуцагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн ...биелэлтэд хяналт тавих”, 10.9.8-д “хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, ...шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт ...албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг хариуцах” зэрэг бүрэн эрхүүдийг хэрэгжүүлж, нэхэмжлэгч “У И” ХХК-д Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, нэмэгдэл, нэмэгдэл хөлстэй холбоотой асуудлаар хяналт шалгалт хийж албан шаардлага үйлдсэн нь хууль зөрчөөгүй, уг албан шаардлагын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “....хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийхдээ тухайн асуудлын хэргийн харьяаллыг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн хуулийн 158 дугаар зүйлийг баримтлах ёстой, .... үйл ажиллагааны онцлогтоо нийцүүлэн Нэмэгдэл хөлс олгох журмыг баталсан бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, ...мөн шалгалтын тэмдэглэлийн хувийг компанид өгөөгүй, санал, дүгнэлтэд зөрчлүүдийг хэзээ, яаж хэрхэн шалгасан нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх компанийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй...” гэжээ.
4. “У И” ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээний 4 дэх зүйлд “Ажлын байр а/ ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заасан нэг буюу хэд хэдэн газарт ажил үүргийг гүйцэтгэнэ” гэж, уг Хөдөлмөрийн гэрээний хавсралт болох Ажлын байрны тодорхойлолтын 2.1 дэх хэсэгт “О төслийн талбай” гэж ажил үүрэг гүйцэтгэх байршлыг тусгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.1.2 гэж тус тус заасныг зөрчсөн байна.
4.1. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана:”, 49.1.2-т “ажил үүрэг гүйцэтгэх байршил” гэж тодорхой заасан байхад “хөдөлмөрийн гэрээ”-нд тусгалгүй, “ажлын байрны тодорхойлолт”-од заасныг хуулийн энэхүү шаардлага хангагдсан гэж үзэхгүй.
4.2. Хөдөлмөрийн гэрээг ажилтан тус бүртэй байгуулдаг тул тухайн гэрээнд тухайн ажилтны ажил үүрэг гүйцэтгэх байршлыг тодорхой тусгахыг хуульд заасан, харин “ажлын байрны тодорхойлолт” гэдэг нь ажилтан тус бүрт зориулагдан гардаггүй, зөвхөн “ажлын байр” буюу тухайн албан тушаал, ажлын байрны зорилго, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын байран дээр гүйцэтгэх ажил, үүрэг, ажилтанд шаардагдах мэдлэг, ур чадвар зэргийг тусгадаг, хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай ойлголт тул тухайн нэг ажилтны “ажил үүрэг гүйцэтгэх байршил”-ийг хөдөлмөрийн гэрээнд заавал тусгахаар хуульчилсныг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
5. Түүнчлэн нэхэмжлэгч “У И” ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Нэмэгдэл хөлс олгох журам”-аар цалин хөлсний харилцааг зохицуулдаг болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед тайлбарлаж байх ба дээрх журмыг баталсан байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
5.1. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд зөвхөн цалин хөлсний бүрэлдэхүүн болох “нэмэгдэл хөлс” олгох журмыг нийт цалин хөлсний талаарх хэм хэмжээг агуулсан гэж үзэх үндэслэлгүй.
5.2. Хэрэгт авагдсан тус компанийн Нэмэгдэл хөлс олгох журмын 1-д заасан зорилгод “...ажилчдад нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох, түүний шалгуур нөхцөлийг тогтоох, компанийн хэмжээнд нэмэгдэл хөлсийг тогтмол, үр дүнтэй удирдан зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө” гэж зааснаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д “Ажил олгогч хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн цалин хөлсний талаар дараах хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлнэ”, 103.3.4-д “цалин хөлсний журам” гэж заасны дагуу баталсан журам гэж үзэх үндэслэлгүй, уг баримтыг үнэлээгүй гэж анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.
5.3. Энэ талаар анхан шатны шүүх “...өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхээр нарийвчлан зохицуулсан ялангуяа хуулийн аль зүйл, заалтыг дэлгэрүүлж зохицуулж байгаа нь журмаас харагдахгүй, хуулийн зүйл заалтыг тодорхойлж бичээгүй нь ойлгомжгүй, судлан шалгах боломжгүй, үүгээрээ Хөдөлмөрийн тухай 102 дугаар зүйлийн 102.1.5-д “цалин хөлсийг тооцох аргачлал ил тод, ойлгомжтой байх зарчмыг хангаагүй...” гэж зөв дүгнэжээ.
6. Энэ маргааны тухайд захиргааны хэргийн шүүх нь хөдөлмөрийн улсын байцаагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан албан шаардлага буюу захиргааны акттай холбогдох маргааныг шүүх хянан шийдвэрлэсэн, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д “Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ”, 158.1.3-т “хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээний нөхцөл, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн тухай ажилтны гомдол” гэж зааснаар байгууллага нь хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний нөхцөл хуульд нийцээгүй гэх зэрэг маргаантай холбогдох нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр заасан харьяаллыг улсын байцаагч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
7. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “... хэргийн харьяаллыг зөрчсөн, маргаж буй харилцааг нарийвчлан зохицуулсан, сүүлд хүчин төгөлдөр болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийг хэрэглэх ёстой” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
8. Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0840 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “У И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140400 /зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ