Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1284

 

 

 

 

МАГАДЛАЛ

 

2017.05.31                                                Дугаар 1284                             Улаанбаатар хот

 

 

Ц.Мөнх-Өнөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00852 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Мөнх-Өнөрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Өсөх зоос” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Одбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Наранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ хийгээгүй бөгөөд туршилтын 3 сарын хугацаанд 1 200 000 төгрөг үндсэн ажилтан болоход 1 600 000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон. Өмнөговь аймгийн гурван тэс суманд ажилладаг байсан бөгөөд 20 хоног ажиллаад 10 хоног амардаг байсан. 2017 оны 1 дүгээр сарын 07-ны орой ажлаа хийж байгаад хамт ажилладаг хүнтэйгээ ажлаас болж маргалдсан. Маргааш нь буюу 1 дүгээр сарын 8-нд өдөр ээлж буугаад Улаанбаатар хотод ирсэн. Ажилд явах хугацаа 1 дүгээр сарын 18-ны өдөр байсан. Гэтэл 1 дүгээр сарын 15-ны өдөр хүний нөөцийн ажилтан н.Одбаяр утсаар залгаад энэ удаа өөрийг чинь явуулахгүй асуудал шийдэгдтэл түр хүлээж байгаарай гэсэн. 1 дүгээр сарын 18-нд оффис дээр очиход ажлаас халсан тушаал өгсөн. Тушаалтай танилцахад ажлын байран дээр зодоон хийсэн, эмх замбараагүй байдал үүсгэж ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн байсан. 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/135 дугаартай тушаалаар ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй, ямар үндэслэлээр халаад байгаа нь тодорхойгүй байна. Иймд үндэслэлгүйгээр ажлаас халсан тул “Өсөх зоос” ХХК-ийн Хүрэншандын уурхайн уулын хэсэгт экскаваторын операторын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:     Ц.Мөнх-Өнөр нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны орой ээлжинд ажиллаж байх үедээ хамтран ажиллагч нартайгаа станцаар хэрэлдсэн, хэл амаар доромжилсон, шөнийн хоолны цагаар маргаан үүсгэсэн, зодоон хийсэн, ажлын байранд эмх замбараагүй байдал үүсгэн бусад ажилтнуудад буруу үлгэр дууриалал үзүүлэх ноцтой зөрчил гаргасан. Улсын дээд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан тайлбарын 15.4-т зааснаар сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргахыг ойлгоно. Зөрчил тус бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж байгаа юм. Хэрэгт Ц.Мөнх-Өнөр, н.Энхсайхан нарын гараар бичсэн талаар тайлбар байгаа энэ тайлбарт зодолдсон, хэрэлдсэн талаар тайлбарласан. Түүний зөрчлийн хуудас гээд 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гараар бичсэн баримт хэрэгт байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Мөнх-Өнөрийг “Өсөх зоос” ХХК-ийн Хүрэншандын уурхайн уулын хэсэгт экскаваторын операторын ажилд эгүүлэн тогтоож, “Өсөх зоос” ХХК-иас 3 278 012 төгрөг гаргуулан Ц.Мөнх-Өнөрт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнх-Өнөр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72 198 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Гэрч н.Чинсанаагийн өгсөн мэдүүлэгт зодоон болсон шалтгаан, н.Батсайханыг өмнө нь сануулж байсан тухай шүүх хуралд мэдүүлсэн мэдүүлэг, н.Аянгын шүүхэд өгсөн мэдүүлэг, Ц.Мөнх-Өнөр, н.Энхсайхан нарын өөрсдийнх нь зодоон болсон өдөр бичиж өгсөн тайлбар мастерийн бичсэн "зөрчлийн тэмдэглэл", Хөдөлмөрийн дотоод журмын /хөдөлмөрийн харилцааг дарааж үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар цуцална/ 5.4.4-т заасныг зөрчсөн зэрэг олон баримт байгаа. Хөдөлмөрийн хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарт ажлаас халсан тушаалыг гаргахдаа хуулийн заалтыг л дурдахыг анхааруулсан байдаг. Ц.Мөнх-Өнөрийн зөрчил гаргасан нь хангалттай нотлогдож байгааг анхан шатны шүүх анхаарч үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.

Олон залуучуудыг нэг дор ажилуулдаг онцлогтой ажлын байранд, ганц нэг хүний зан суртахууны доголдолтой байдал олон сөрөг үр дагаварыг авчирдаг гэдгийг харуулж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Иймд хэргийг дахин тал бүрээс нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Мөнх-Өнөр нь хариуцагч “Өсөх зоос” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих шимтгэлийг төлүүлж бичилт хийлгэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...сахилгын зөрчил, ноцтой зөрчил гаргаагүй байхад ажлаас халсан...” гэсэн ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ...” Ц.Мөнх-Өнөр ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ц.Мөнх-Өнөрийг хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5.4.4 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна.

Хариуцагч нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил”-д ямар зөрчил хамаарахыг талууд тохиролцоогүй гэж үзэх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд хуулийн холбогдох зохицуулалтыг заагаагүй, компанийн хөдөлмөрийн дотоод журамд “ноцтой зөрчил” гэж үзэх нөхцлүүдийг заасныг “хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/00852 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 72 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

                                   

                                         ШҮҮГЧИД                              С.ЭНХТӨР                                                  

 

                                                                                       М.НАРАНЦЭЦЭГ