Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 375

 

Иргэн Б.Болдбаатар, Д.Батсайхан,

Я.Алтанхундага нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Б.Болдбаатар, Д.Батсайхан, Я.Алтанхундага, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Дашням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтулга, Л.Даваасүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 438 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2016/0579 дүгээр магадлалтай, иргэн Б.Болдбаатар, Д.Батсайхан, Я.Алтанхундага нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 438 дугаар шийдвэрээр: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.6, 9 дүгээр зүйлийн 9.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т заасныг баримтлан иргэн Б.Болдбаатар, Д.Батсайхан, Я.Алтанхундага нарын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын орон сууцны 401-408, 410, 412, 414, 416, 418 дугаар байрны “Баянмонгол” сууц өмчлөгчдийн холбоог Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн үйлдэл болон сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/14, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар гэрчилгээг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2016/0579 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Б.Болдбаатар, Я.Алтанхундага, Д.Батсайхан нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 438 дугаар шийдвэр, нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2016/0579 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзсэн үндэслэлээ оршин суугчдын хурал хууль зөрчсөн байна, тодруулбал, 1390 айлын орон сууц бүхий 7 байрыг байнгын ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн байхад 159 оршин суугч хуралдаж байгуулсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9.2-д заасантай нийцэхгүй байна, 13 байрыг нэгтгэн нэг СӨХ-өөр бүртгэсэн нь оршин суугчдын эрх ашгийг хөндсөн, орон сууцны өмчлөгч биш этгээд хурлыг удирдан санаачлан зохион байгуулсан нь хууль зөрчсөн гэж үзсэн.

Нэгдүгээрт, давж заалдах шатны шүүх гомдлыг хангаагүй үндэслэлээ тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх байхад давж заалдах шатны шүүх тус гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. /Энэ талаар давж заалдах гомдолд тодорхой дурдсан/ Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн байна гэх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байхад шийдвэрийг зөвтгөсөнд гомдолтой байна.

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байхад түүнийг үндэслэлтэй гэж үзсэн. 1390 айлын орон сууцны оршин суугчдын 50 хувийг байлцуулж хурал хийвэл хуульд нийцнэ гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон.

Мөн ингэж дүгнэснээрээ Иргэний хуулийн 143.1-д “нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна" гэсэн заалт зөрчсөн ба энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлд хамаарч байна.

Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 438 дугаар шийдвэр, нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2016/0579 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтуудад буруу дүгнэлт хийж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, иргэний шүүхийн харъяалалд хамаарах маргааны талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Иргэн Б.Болдбаатар, Д.Батсайхан, Я.Алтанхундага нараас “... “Баянмонгол” сууц өмчлөгчдийн холбоог ... Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн үйлдэл болон /түүнд/ олгосон ... гэрчилгээг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “Баянмонгол” сууц өмчлөгчдийн холбоо байгуулсан хурал ... хүчин төгөлдөр бус”, “... “Баянмонгол” сууц өмчлөгчдийн холбооны дүрэм ... илт хүчин төгөлдөр бус”, “... “Баянмонгол” сууц өмчлөгчдийн холбоо нь ... сууц өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож байгаа” гэх зэргээр тайлбарлажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Баянзүрх дүүргийн 12 дугаар (тухайн үеийн нэрээр) хорооны нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон “Баянмонгол” хорооллын 159 оршин суугч 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, “Баянмонгол хороолол” сууц өмчлөгчдийн холбоо (цаашид СӨХ гэх) байгуулахаар шийдвэрлэсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Баянмонгол хороолол” СӨХ-г бүртгүүлэхээр хандсан, ингэхдээ Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20/20 дугаар “...СӨХ байгуулах хүсэлтийг дэмжих тухай” албан тоот, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, СӨХ байгуулах оршин суугчдын хурлын протокол, хуралд оролцсон 159 иргэний бүртгэл, гарын үсэг, тус СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 002 дугаар тогтоол, СӨХ-ны дүрэм, гүйцэтгэх захирал болон Удирдах зөвлөлийн гишүүдийн танилцуулга, анкет зэргийг хавсарган хүргүүлсэн, Баянзүрх дүүргийн Засаг дарга “...оршин суугчдын хурлын тогтоол, өргөдөл, холбогдох материалыг хянан үзээд” 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Баянмонгол” СӨХ-г Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 10/14 дугаартай гэрчилгээ олгожээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “...холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцох”, 18 дугаар зүйлийн 18.1.1-д “/сууц өмчлөгчдийн/ холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн … дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх” гэж заасан, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга дээрх байдлаар “Баянмонгол” СӨХ-г бүртгэсэн, гэрчилгээ олгосон үйлдэл нь уг хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, тус хорооллын оршин суугч 159 иргэн хуралдаж, СӨХ байгуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэр нь хэн нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаар өөр бусад этгээд маргаагүй байхад дүүргийн Засаг дарга түүнийг бүртгэхээс татгалзах эрхгүй, “...шийдвэрийг үндэслэн” СӨХ-г бүртгэх үүрэгтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нараас “Баянмонгол” СӨХ байгуулах талаар хуралдсан 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хурал болон тус СӨХ-ны дүрэм “хүчингүй” гэж маргасан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, уг хурал болон дүрэм нь хүчинтэй эсэх талаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэгч нар маргаагүй, ийм нөхцөл байдлыг иргэний шүүх тогтоогоогүй байхад хариуцагч Засаг даргыг “илт хууль зөрчиж бүртгэсэн” гэж буруутгах үндэслэлгүй юм.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “захиргааны акт хуульд нийцсэн эсэх”, “хүчинтэй эсэх”-ийг хянахдаа захиргааны хэргийн шүүхэд хуулиар харьяалуулаагүй асуудлаар дүгнэлт хийж, СӨХ-г бүртгэж, гэрчилгээ олгосон Засаг даргын үйлдлийг “илт хүчин төгөлдөх бус болох”-ыг хүлээн зөвшөөрөхдөө “... “бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно”..., ... “холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачлагаар хуралдуулна” гэсэн заалтууд зөрчигдсөн”, “... холбооны гишүүдийн өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгаагүй” гэх зэрэг үйл баримтыг тогтоож шийдвэрлэснээс гадна уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 3.1.7-д “... нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг /ойлгох/”-оор заасан тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны  12 дугаар сарын 12-ны өдөр “Баянмонгол” СӨХ-г Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 10/14 дугаартай гэрчилгээ олгосон үйлдэл нь нэхэмжлэгч Б.Болдбаатар, Д.Батсайхан, Я.Алтанхундага нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар шүүх зайлшгүй дүгнэлт хийх ёстой.

Нэхэмжлэгч Б.Болдбаатар, Я.Алтанхундага нар нь “...2012 оноос “Баянмонгол” хороололд байр өмчилсөн” байх тул 2010 оны 01 дүгээр сард зохион байгуулагдсан оршин суугчдын хурал, түүнээс гарсан шийдвэрийг үндэслэж 2010 оны 12 дугаар сард “Баянмонгол” СӨХ-г бүртгэсэн захиргааны акт нь эдгээр иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Д.Батсайхан нь “... 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн оршин суугчдын СӨХ байгуулах хуралд өөрийн биеэр оролцсон”, уг хурал нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар “гомдол гаргаж байгаагүй”, уг хурал, хурлаас гарсан шийдвэр, “Баянмонгол” СӨХ-г бүртгэсэн захиргааны акт нь түүний ямар хувийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаарх тайлбар, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдсан оршин суугчдын хуралд “...1830 өрхийн 50-иас дээш хувь нь оролцоогүй”, 159 иргэн оролцож шийдвэр гаргасан, уг шийдвэрийг дүүргийн Засаг дарга бүртгэсэн нь 2012 онд оршин суугч болсон нэхэмжлэгч Б.Болдбаатар, Я.Алтанхундага нарын болон хуралд оролцсон Д.Батсайханы эрхийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “... /СӨХ нь/ нийтийн зориулалттай орон сууцны байшин...-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог /ойлгоно/”, 5 дугаар зүйлийн 5.2-т “орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно”, 5.3-т “холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна...” гэж тус тус зааснаас үзэхэд СӨХ нь орон сууц өмчлөгчдийн сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдах, нийт сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах, сууц өмчлөгч, оршин суугчдын зохион байгуулалтын нэгдэл байна.

Маргааны үйл баримтуудаас үзвэл, “Баянмонгол” хорооллын нийт “13 байранд 1830 өрх амьдардаг” байхад тус хорооллын 408 дугаар байрны 8, 414 дүгээр байрны 188,  401 дүгээр байрны 7 тоотод тус тус амьдардаг гурван иргэнээс нийт хорооллын оршин суугчдыг төлөөлж буй “Баянмонгол” СӨХ-г бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг “илт хүчин төгөлдөр бусад тооцуулах” нэхэмжлэл гаргасан, шүүх маргааныг хянан хэлэлцэхдээ нэхэмжлэгч нар өөрсдийн амьдардаг байрны оршин суугчдыг төлөөлөх эрхтэй эсэх, нэхэмжлэгч нарын амьдардаггүй, бусад 10 байрны оршин суугчдын байгуулсан СӨХ-ийг дүүргийн Засаг дарга бүртгэсэн, түүнийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч иргэдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх эсэх, бусад оршин суугч, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхэд дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нарт өөрийн өмчилсөн орон сууцны байранд дангаараа СӨХ-г зохион байгуулах талаар санаачилга гаргах эрхийг дээрх хуулиар олгосон, сууц өмчлөгч СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэний шүүхэд маргах, СӨХ-ны үйл ажиллагааны улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нэхэмжлэх, хохирлоо шүүхээр тогтоолгох эрхтэй байхад “... /СӨХ-ны төлбөрийг/ СӨХ-ны дансанд бус /өөр/ дансанд төвлөрүүлэн захиран зарцуулж, сууц өмчлөгчдийн зүгээс тавих хяналтгүй болсон, ... оршин суугчдын эрх ашигт нийцсэн үйлчилгээ явуулдаггүй” гэх  зэрэг “үйл ажиллагаа нь таалагдаагүй” үндэслэлээр СӨХ-г бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг “илт хүчин төгөлдөр бусад тооцуулах”-аар маргасныг хүлээн авах үндэслэлгүй юм.

Шүүхүүд “Баянзүрх дүүргийн Засаг дарга 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Баянмонгол” СӨХ-г Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 10/14 дугаартай гэрчилгээ олгосон” захиргааны акт нь “илт хууль бус эсэх” маргааныг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг хэрэглээгүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтад хамааралгүй, хэрэглэх ёсгүй мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5.6, 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т заасныг баримталж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх хуулийг буруу тайлбарласан” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 438 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 221/МА2016/0579 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Болдбаатар, Д.Батсайхан, Я.Алтанхундага нарын “Баянзүрх дүүргийн 26/12/ дугаар хороо, Баянмонгол хорооллын орон сууцны 401-408, 410, 412, 414, 418 дугаар байрны “Баянмонгол” сууц өмчлөгчдийн холбоог Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн үйлдэл болон уг СӨХ-д олгосон захиргааны акт болох 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/14, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар гэрчилгээг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА