Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 302

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

              Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Дунд хороололд оршин суух, 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ80092834, Булгадар овогт Памаагийн Батсуурь,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Дунд хороололд оршин суух, 1984 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОВ84041708, Боролдой овогт Дашзэвэгийн Соёлмаа нарт холбогдох,

       Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 54.952.419 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 54.967.419 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаангом тооцооны төвийн эдийн засагч Б.Мөнгөнбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн П.Батсуурь, Д.Соёлмаа нар нь 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны Улаангом тооцооны төвөөс ЗГ7190 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 5.535.177,19 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 6.566.852,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2904,05 төгрөг, нийт 12.104.934 төгрөгийн төлбөр төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 513 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.1, 4.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр болон 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр зээлийг төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 44.464.822,81 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10.135.740,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 351.855,93 төгрөг, нотариатын төлбөр 15.000 төгрөг, нийт 54.967.418,77 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал болох улсын тэмдэгтийн хураамж 432.787 төгрөгийг нэхэмжилж байна. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж зээлийг төлүүлнэ. Мөн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ. 

            Хариуцагч П.Батсуурь, Д.Соёлмаа нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкны нэхэмжлэлийн шаардлага 54.967.419 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.

               Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч П.Батсуурь, Д.Соёлмаа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 54.952.419 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 54.967.419 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.          

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Батсуурь, Д.Соёлмаа нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 54.952.419 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 54.967.419 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч П.Батсуурь, Д.Соёлмаа нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 54.952.419 төгрөг, нотариатын зардал 15.000 төгрөг, нийт 54.967.419 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

     Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432.787 төгрөгийн тал хувь болох 216.394 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 216.394 төгрөг, хариуцагч П.Батсуурь, Д.Соёлмаа нараас 216.394 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Хариуцагч П.Батсуурь, Д.Соёлмаа нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 54.952.419 /тавин дөрвөн сая есөн зуун тавин хоёр мянга дөрвөн зуун арван ес/ төгрөг, нотариатын зардал 15.000 /арван таван мянга/ төгрөг, нийт 54.967.419 /тавин дөрвөн сая есөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун арван ес/ төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот 216.394 /хоёр зуун арван зургаан мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөг, хариуцагч П.Батсуурь, Д.Соёлмаа нараас 216.394 /хоёр зуун арван зургаан мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 216.394 /хоёр зуун арван зургаан мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.  

          3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.Батсуурь, Д.Соёлмаа нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ