Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 538

 

 

 

 

 

 

 

 2021        05          10                                  2021/ШЦТ/538

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Хохирогч Ч.Ганзориг,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тт холбогдох эрүүгийн 2106 00000 0241 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 430-63 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №16 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан

 

           Холбогдсон хэргийн талаар

 

         Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Баянмонгол хорооллын урд иргэн Ч.Ганзоригтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ганзориг мэдүүлэхдээ: “Би цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.Ганзоригийн мэдүүлэг /хх-07-08/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №783 дугаартай дүгнэлт /хх-23-24, яллагдагч Б.Тын мэдүүлэг /хх-46-47/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Баянмонгол хорооллын урд иргэн Ч.Ганзоригтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ганзоригийн өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цаг 10 минутын орчим кровн маркийн 00-14 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Баянмонгол хорооллын замд эхнэр Цэвэлмааг буулгаад хөдлөх гэтэл уулзварын хажуугаас орж ирж байсан. Тоёота Приус-30 маркийн авто машины жолооч сигналдаад, цонхоор “хөөе, чи зайлаач” гээд орилоод байхаар нь би “за сүртэй шүү дээ, одоо хөдөллөө” гээд хөдөлсөн. Баянмонгол уулзвараар буцаж эргэхдээ наад талд машин байхаар нь би цаашаа шахаад эргэсэн. Тэгтэл нөгөө машин шахаж орж ирээд жолооч нь буугаад над руу ирэхээр нь би машины цонхоо доош нь буулгаад ямар нэг үг хэлээгүй, миний уруул руу 2 удаа цохисон. Тэгээд би машинаас бууж ирээд барьцалдаж аваад цагдаа дуудсан. Дараа нь нөгөө ах намайг шахаж эргээд доромжиллоо гэж бодсон...” /хх-07-08/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №783 дугаартай “...1.Б.Тын биед уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын цус хуралт, зүүн чихний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-23-24/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Тын өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн орчим өөрийн Приус-30 маркийн машинтай Олимп хотхоноос гарч байхад гарц нь дээр  цагаан өнгийн машин зогсоод эмэгтэй хүн буулгасан. Тэгэхээр нь би сигналдаад яагаад гарц нь дээр хүн буулгаад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд жолооч “за юун сүртэй юм, одоо хөдөллөө”. Тэгээд уулзвараар эргэхэд над руу дарж шахахаар нь би машинаа урьд нь хааж зогсоод “чи яаж яваад байгаа юм бэ” гэхэд миний урдаас машины жолооч залуу “битгий солиор” гэж хэлээд машинаас бууж ирээд миний цээж рүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиж авсан. Тэгээд нөгөө залуу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хх-46-47/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

  

   Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нь Б.Т нь хохирогч Ч.Ганзоригт 223,900 төлөх төлбөртэй. Хохирогч Б.Ганзориг нь эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж хохирогч нь гэм хорын бусад хохирол, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Т нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си Ди байгаа болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Б.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т /РД:МЕ72061818/-аас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 233.900 /хоёр зуун гучин гурван мянга есөн зуун/ төгрөг гаргуулан хохирогч Ч.Ганзориг /РД:УХ89011918/-д олгосугай.

 

            7. Хохирогч Ч.Ганзориг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардал байвал холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

             9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цаглан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА