Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 532

 

 

 

 

 

 

 

  2021        05           10                                  2021/ШЦТ/532

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Батболд /томилолтоор/,

Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д холбогдох эрүүгийн 2006 00000 2852 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гутлын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, 3 хүүхэд, 2 зээгийн хамт Баянзүрх дүүргийн 4-р хороо Цэргийн хотхоны 198 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

           Холбогдсон хэргийн талаар

 

         Шүүгдэгч Н.Д нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Отог бууз” гэх цайны газрын хажуу талын такси зогсоол дээр хохирогч Г.Болормааг “миний газарт урдуур орж хүн авах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дух хоёр хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 500 төгрөгийн унаа явдаг зогсоол дээр зогсож байхад урд зогсож байсан охин над дээр ирээд урд хүн ачаад байна гэж хэлсэн. Би очоод цонхыг нь тогштол нэг хүүхэн байсан. Би эндээс гадны машин ачиж болдоггүй юм гэж хэлтэл чамд ямар хамаатай юм гээд хэл амаар доромжлоод байсан. Би эндээс ачиж болохгүй гэж хэлээд явсан. Нөгөө хүүхэн араас эргээд хартал миний нүүрийг маажсан. Тэр үед миний нүүрнээс цус гараад хорссон. Би өмнө нь маажуулж үзээгүй. Үүнээс болж хэрүүл болсон. Намайг банзал авгай гэх мэтээр доромжилсон. Тэр хүн их ууртай байсан. Яагаад бухимдсан гэдгийг нь ойлгохгүй байна...” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  хохирогч Г.Болормаагийн мэдүүлэг /хх-16-18/, насанд хүрээгүй гэрч Б.Хүслэнгийн мэдүүлэг /хх-39-40/, гэрч Н.Эрдэнэцэцэгийн мэдүүлэг /хх-43-44/, гэрч О.Эрдэнэбаатарын мэдүүлэг /хх-104-106/, гэрч Ж.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-107-109/, гэрч Б.Ууганзаяагийн мэдүүлэг /хх-111-112/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №12415 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23-24/, камерын бичлэгт хийсэн тэмдэглэл /хх-37-38/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Н.Д нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Отог бууз” гэх цайны газрын хажуу талын такси зогсоол дээр хохирогч Г.Болормааг “миний газарт урдуур орж хүн авах гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дух хоёр хацарт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Болормаагийн өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Отог” буузны замын эсрэг талд 500 төгрөгний унаа явдаг ил зогсоолд охин хичээл нь тарсан учир хүлээгээд явж байхдаа урдаас нь тосохоор очиж замаараа хүн байвал авчих санаатай очиж зогссон юм. 170 см өндөртэй 40 орчим настай бүдүүн эмэгтэй ирээд миний урдаас саарал куртикээр боосон. Тэгээд боолтыг тавиулах гэхээр гар хүрэхгүй байсан манай охин юу болж байна гэж орилоод бичлэг хийж эхэлсэн чинь тараад явцгаасан. Нүүр рүү цохиж толгойтой үснээс үстэж, нүүр рүү маажиж цохиж, өшиглөж байсан эмэгтэй мөн байна. Дэлгэрмаа нь намайг үстэж тархи толгой руу цохисон бусад нь тархи толгой руу цохиогүй. Миний газар зам гээд хэл амаар доромжлоод байхаар нь машинаасаа буух гээд хаалгаа онгойлгоод хөлөө газар тавиад босож байх үед хаалга руу түлхээд миний цээж хэсгээр машины хаалгаар цохисон. Би буугаад чи яаж байгаа юм бэ гээд араас нь түлхээд Дэлгэрмаа эргэж хараад намайг үстээд тархи толгой хэсэг рүү цохисон. Энэ үед Дэлгэрмаа бид хоёрын хажууд хүмүүс байгаагүй...” /хх-16-18/ гэх мэдүүлэг,   

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Хүслэнгийн өгсөн “...Намайг очиход нэг эгч ээжийн толгой руу цохиж байхыг харсан тойроод орон эгч нар байсан сүүлд мэдэхэд ээжийн толгой руу цохисон хүнийг Дэлгэрмаа гэдэг талаар мэдсэн. Зодоон болох үед тэр эгч ээж рүү орилж дайраад бусад хүн нь Дэлгэрмаа гэж дуудаад байсан. Мөн тэр эгчийн биед миний ээж ямар нэг байдлаар гар хүрээгүй бие муутай. Зодоон болж байхад яг бичлэг хийгээгүй дараа нь үйл явдал болж дууссаны бичлэг хийсэн. Тэр бичлэг дээр зодоон харагдахгүй тэнд байсан ганц хоёр л хүн харагдаж байсан...” /хх-39-40/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Эрдэнэцэцэгийн өгсөн “...Би Дэлгэрмаа болон Болормаа гэж хүмүүсийг маргалдаж байх үед Болормаа гэх эмэгтэйн охин нь утас дээрээ бичлэг хийгээд байсан учраас би очоод яагаад миний бичлэгийг хийгээд байгаа юм бэ, би хэрүүл уруулд оролцоогүй чи наадхаа устга гэж хэлсэн. Тийм айхтар зодоон болоогүй...” /хх-43-44/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Эрдэнэбаатарын өгсөн “...Дэлгэрмааг би танина. Би өөрөө хааяа оройн цагаар 2-р хороонд таксинд хүн зөөдөг. Дэлгэрмаа хамт зогсдог. Одоо миний санаж байгаагаар 2020 оны 10 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Таксинд явж байгаад хүнээ буулгачхаад зогсоол дээр очиход Дэлгэрмаа улаан приустэй нэг эмэгтэй болон Эрдэнэчимэг нар маргалдаад хэрэлдээд байсан. Анх намайг очиход эмэгтэй бол ямар нэг зодоон цохион болоогүй хоорондоо хэрэлдээд байсан. Намайг очоод зогсоход бол Дэлгэрмаагийн машин, Эрдэнэцэцэг, Эрдэнэчимэг хоёрын машин зогсож байхаар нь хажуугаар нь шахаж ороод буусан. Дэлгэрмаагийн хувьд тухайн таксинд зөвшөөрөлгүй явж байгаа хүмүүстэй маргалдах хөөж туух үйлдэл гаргадаг юм...” /хх-104-106/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Эрдэнэчимэгийн өгсөн “...Тэр өдөр машины зогсоол руу ороход улаан өнгийн 86-19 УБТ улсын дугаартай автомашин зогсож байсан. Дэлгэрмаа тухайн улаан өнгийн машины жолоочтой яриад энд гадны машин явахгүй бүртгэлтэй машин явдаг талаар хэлээд хоорондоо маргалдсан. Энэ үед би бичлэг хийсэн Болормаа хэл амаар доромжлоод маргалдаж байгаад машиндаа суусан. Бичлэг байгаа тэр үед гар утсаараа бичлэг хийж авсан. Гэхдээ яг маргаан зодоон болох үеийг бичиж авч чадаагүй дараах маргааныг бичиж авсан...” /хх-107-109/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ууганзаяагийн өгсөн “...Одоо бол өдөр сарыг нь сайн мэдэхгүй байна. Отог буузны хажуу талд зогсоол дээр оочирлоод зогсож байсан юм. Би Дэлгэрмаа эгчийн машины урд талд зогсож байхад улаан өнгийн приус-20 маркийн автомашин зогсчихсон хүн ачих гэж байхаар нь гадны машин бүртгэл зөвшөөрөлгүйгээр хүн ачих гэж байна гээд Дэлгэрмаа эгчид хэлсэн. Дэлгэрмаа эгч тухайн хүнтэй очиж уулзаж байгаа харагдсан. Би машин дотроо цонхоо онгойлгосон хараад сууж байсан. Улаан машинтай хүн нэг харахад машин дотроосоо буугаад ирчихсэн байсан. Хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан...” /хх-111-112/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №12415 дугаартай “...Г.Болормаагийн биед тархи доргилт, дух, хоёр хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-Т.Шинэбаяр зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-23-24/ гэх дүгнэлт,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Тус бичлэгт үзлэг хийхээр бичлэгийг эхлүүлэхэд “Саарал өнгийн куртиктэй эмэгтэй хүн байх ба түүний хажууд яллагдагч Н.Д хар өнгийн урт савхин хүрэмтэй зогсож байгаа байдалтай харагдах, саарал хувцастай эмэгтэйн хажууд хохирогч Г.Болормаа зогсон хоорондоо зодолдож байгаа нөхцөл байдал бичлэг эхэлж байв. Бичлэгт ямар нэг байдлаар хоорондоо зодолдож байгаа нөхцөл байдал бичигдээгүй байх ба саарал хувцастай эмэгтэй хохирогч Г.Болормаад хандан архичнаас доор цартай хогийн тамтан шиг авгай лааз түүж явсан юм уу гэх мэтээр хэл амаар доромжилж байгаа байдал, түүний хажууд яллагдагч Н.Д мөн хохирогчид хандан чи бүр аймар харагдаж байна одоо боль улаан цагаан ачна гээд зогсож байдаг нүүр ам урчихсан гэх мэтээр хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаа нөхцөл байдал бичигдсэн байв...” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

  

   Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.Дгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч нь Н.Д нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Н.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Д нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Си Ди байгаа болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Н.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Н.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Си Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА