| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00420/и |
| Дугаар | 135/шш2017/00549 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 135/шш2017/00549
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00420/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгойн 2 дугаар гудамж, 14 тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ********5/-ын хүсэлттэй
“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Ц.******* миний бие Батлан хамгаалах яамны сайдын 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Н/147 дугаар тушаалаар Дархан хотоос 1979 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс Барилгын цэргийн 017 дугаар ангид байлдагч жолоочоор ажиллаж байгаад ахлагч цолоор шагнагдан улирч 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ангийн захирагчийн жолооч, 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус ангид барилгын тайлбайд чирч зөөвөрлөн хүргэх, эргүүлэн татаж авчрах чирэгчийн жолоочоор ажиллаж байсан. Энэ хооронд орон тоо зохион байгуулалт өөрчлөлтийн улмаас цомхотголд орж мөн даргын 394 дүгээр тушаалаар 1987 оны 08 дугаар сарын 17-ны өдөр цэргийн албанаас бэлтгэл ахлагчаар халагдсан. Аймгийн архив болон Армийн архиваас зохих материалыг бүрдүүлсэн боловч халагдсан тушаал огт олдохгүй байна. Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримт, мөн тухайн үед хамт ажиллаж байсан *******, ******* нарын гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Барилгын цэргийн 017 дугаар ангид 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь тухайн үеийн нэрээр Барилгын цэргийн 017 дугаар ангид 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
Ц.******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх байгууллагад ажилд орсон тушаал болон ажлаас халагдсан тушаал байхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.******* нь тухайн үеийн нэрээр Барилгын цэргийн 017 дугаар ангид 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь Батлан хамгаалах Яам, Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 000002553 тоот Ц.*******ын 1985 оноос 1989 оны цалингийн тодорхойлолт /хх 4/, Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 15539 тоот лавлагаа /хх 5/, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ц.*******ын 1995 оны 01, 03, 04, 06, 08 дугаар саруудад Барилгын цэргийн 017 дугаар ангид нийгмийн даатгалд шимтгэл төлж ажилласан хугацаанд хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийн лавлагаа /хх 6/, сайшаалын үнэмлэх /хх 8/, гэрэл зураг /хх 8/, гэрч *******ы ... намайг барилгын цэргийн 017 дугаар ангид ажилд ороход Ц.******* камаз машинын жолоочоор ажилладаг байсан, намайг 1994 оны 12 дугаар сард орон тооны цомхотголоор ажлаасаа гарахад Ц.******* ажиллаад үлдэж байсан гэсэн мэдүүлэг /хх15/, гэрч *******ын ... Ц.******* намайг ажилд орсны дараа жил буюу 1979 оны хавар цэргийн албанд татагдаж ирээд ангийн захирагчийн машиныг барьдаг байсан, тэгээд жил гаран болоод ахлагч цолтой болж улираад 1981 оноос барилгын том камаз машины жолооч болсон. Би орон тооны цомхотголоор 1991 оны 11 дүгээр сард ажлаасаа халагдахад Ц.******* ажиллаад үлдэж байсан гэсэн мэдүүлэг /хх 16/ зэргээр тогтоогдож байна.
Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.
Хүсэлт гаргагч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн ******* ******* /РД:*******/-ыг тухайн үеийн нэрээр Барилгын цэргийн 017 дугаар ангид 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ