| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/00567/И |
| Дугаар | 764 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 764
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн .............. регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг 7 дугаар хороо Хилчин хотхон 12 дугаар байрны 43 тоотод оршин суух ................. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ............... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 27-р хороо Дунд дарь эхийн 32 дугаар гудамж 1742 тоотод оршин суух ....................холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2015 оны 9 дүгээр сард төрсөн дүү *******д мөнгөний хэрэгтэй байна орон сууцаа эгч ******* нөхөрт барьцаанд тавьж 5.000.000 аваад өгөөч, танд шагнал болгож 1.000.000 төгрөгийг өгье гэж тохиролцсон. Ингээд 5.000.000 төгрөгийг Түмэн-Өлзийд авч өгөөд 1.000.000 төгрөгийг авснаар 12 дугаар сард энэ зээлийн гэрээний харилцаа дууссан. 2015 оны 12 сард ******* мөнгө зээлдэг ******* гэгч хүнийг авчраад *******г өөрийн орон сууцаа *******ын барьцаанд тавиад 14.000.000 төгрөгийг зээлж авч өгвөл чамд шагналд нь 1.000.000 төгрөгийг өгье гэж зээлийн гэрээнд зуучилж өгсөн юм. 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Эрхэмбаяр Хилчин хотхоны 47.52м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж 14.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай, 1 сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож авахаар зээлийн гэрээг надтай байгуулж, 14.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* *******гийн 500555951 дансны дугаартай Хас банкны дансанд 14.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ******* 1.000.000 төгрөгийг буцааж *******д өгсөн. Зээлийн гэрээний байгуулагдаж нэг сарын хугацаа өнгөрөхөд 1 сарын хүү болох 1.400.000 төгрөгийг Галя төлөөгүй. ******* 400.000 төгрөгийг өгсөн боловч Галя өгөөгүй байдаг. Үүнийг бид нэхэмжлэх болно. Үндсэн гэрээ байгуулагдснаас хойш өдийг хүртэл зээлийн гэрээний хүү огт төлөгдөөгүй. н.Эрхамбаяр Ганжилмаагаас зээлийн гэрээний дагуу гэрээний үндсэн төлбөр, хүү, алданги болох нийт 35.200.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ганжилмаа Галятай амаар зээлийн гэрээ байгуулсан учраас Иргэний хуулийн дагуу хүү алданги нэхэмжлэх эрхээ алдсан. Иймд зээлсэн 14.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлатаа:
Манай төрсөн дүү ******* Ганжилмаа гэх хүнтэй хамт ирж мөнгө хэрэгтэй байна гэхэд нь би өөрийн нөхөрт хэлж орон сууцыг нь барьцаалан 5.000.000 төгрөгийг нөхрөөсөө зээлдүүлж өгсөн. Ганжилмаа зээлсэн 5.000.000 төгрөгийнхөө эхний 2 сарын хүүг өгсөн. Би 3 дахь сараас мөнгөө авах гэтэл Ганжилмаа энэ 5.000.000 төгрөгийг би Түмэн-Өлзийд авч өгсөн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд мөнгөө өгсөн юм чинь чамаас авна гэж хэлсэн. Гэтэл Ганжилмаа надаас миний орон сууцны гэрчилгээг өгчих өөр хүнд барьцаанд тавиад таны мөнгийг өгье гэж гуйсан учраас би нөхрөөсөө гэрчилгээг нь Ганжилмаад авч өгсөн. Ганжилмаа сонингийн зараас Эрхэмбаяр гэгч мөнгө зээлдэг хүнийг олж, 10 хувийн хүүтэй, 14.000.000 төгрөг зээлж, миний нөхрөөс зээлсэн 5.550.000 төгрөгөө өгсөн. Надад мөнгө хэрэгтэй байсан учраас Ганжилмаагийн зээлсэн мөнгөнөөс 5.750.000 төгрөгийг гуйж зээлж авсан. Энэ 14.000.000 төгрөгөөс Ганжилмаа өөрөө 2.500.000 төгрөгийг зээлж авсан. Би хүнд мөнгө зээлээд аваад өгчих чамд 1.000.000 төгрөг өгье гэж хэлээгүй. Ганжилмаагаас 5.750.000 төгрөгийг 1 сард аваад 2 сард хүү болох 600.000 төгрөгийг нэг удаа Ганжилмаад өгсөн. Ганжилмаа Түмэн-Өлзий 2 эгч дүү хоёр биш. Түмэн-Өлзий миний төрсөн дүү. Ганжилмаа өөрөө урьд авсан зээлээ дарах гэж л 14.000.000 төгрөгийг зээлсэн. Би зээлсэн 5.750.000 төгрөгөө хичээж байгаад төлнө гэж бодож байгаа. Ганжилмаа Эрхэмбаяр гэж хүнээс 14.000.000 төгрөгийг зээлээд зах дээр бэлнээр авч ирээд энэ мөнгийн таны данс руу оруулаад эргүүлж аваад мөнгөө гурвуулаа хувааж авъя гээд миний данс руу хийсэн юм гэв. Тэгээд бид 3 зах дээр мөнгөө хувааж аваад өр зээлээ хуваалцаж авсан юм. Би Ганжилмаагаас 14.000.000 төгрөгийг аваагүй. Би өөрөө 10 хувийн хүүтэй мөнгөний өрөнд орсон. 50.000.000-60.000.000 төгрөгийн шүүхийн шийдвэртэй, чадахаараа би эхнээс нь төлж байгаа.
Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 5.750.000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч ******* 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ц.Эрхэмбаяраас 14.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатайгаар, 10 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон /18140/ Баянхошууны гудамж 12 дугаар байрны 43 тоот 47.52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 5-6 дугаар тал/
Дээрх зээлийн гэрээгээр хүлээн авсан 14.000.000 төгрөгийг нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч *******гийн Хас банкны 5000555951 тоот дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Хас банкны орлогын маягтаар нотглогдож байна./х.х-ийн 3 дугаар тал/
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д шилжүүлсэн 14.000.000 төгрөгөөс шагналд 1.000.000 төгрөгийг өөрөө авсан гэж тайлбарлаж байх тул талуудын хооронд 13.000.000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэгдсэн байх ба хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага байхгүй тул зохигчдын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.
Хариуцагч нь татгалзалын үндэслэлээ “... нэхэмжлэгч надаас урьд нь зээлсэн 5.000.000 төгрөгийг төлөхийн тулд уг 14.000.000 төгрөгийг Ц.Эрхэмбаяраас зээлсэн, зээл авсан өдрийнхөө маргааш 14.000.000 төгрөгийг миний дансанд оруулаад буцаан гаргаж 5.750.000 төгрөгийг *******, 2.500.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* өөрөө тус тус авсан, 5.750.000 төгрөгөөс 600.000 төгрөгийг төлсөн” гэж тайлбарлаж байх боловч татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзалаа үндэслэж байгаа ... бодит нөхцлийг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн зүйлийн 37.2-д “хэргийн нотлох баримт нь зохигч, ... тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг ... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгсэлээр тогтоогдоно” гэж заасан.
Хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн *******гийн шүүхэд гаргасан тайлбарт дурдсан үйл баримт нь хуульд заасан нотолгооны хэрэгсэлээр тогтоогдохгүй байх тул шүүх уг тайлбарыг эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт 13.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч нь *******д холбогдох үүргийн гүйцэтгэлийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 13.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 222.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ