Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 769

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                               

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн . регистрийн ........ дугаартай, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 603 дугаар байр 7 тоотод оршин суух ................ нэхэмжлэлтэй,    

 Хариуцагч: Монгол улсын иргэн ................ регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баянзүрх хотхон, 110 дугаар байр 13 тоотод оршин суух ............... холбогдох

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон 110 дугаар байрны 13 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

                       

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* би хариуцагч *******тай байгуулсан 2015.09.21-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээгээр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8-р хороо, Баянзүрх хотхон, 110-р байрны 13 тоотын 2 өрөө орон сууцаа хариуцагч *******ын эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, хариуцагч ******* нь гэрээний үүрэгт 1 сард 500.000 төгрөгөөр тооцож, улирал тутам 1.500.000 төгрөг төлж байхаар тохиролцож, тус тус үүрэг хүлээсэн. Гэрээний хугацаа 2015.09.21-нээс 2016.09.20-ны өдрийг хүртэл 1 жил байсан. Би гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, өөрийн емчлөлийн орон сууцаа хариуцагч *******ын эзэмшилд шилжүүлсэн билээ. Харин гэрээний хугацаанд хариуцагч ******* нь үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, удаа дараа зөрчиж байсан тул нэхэмжлэгч ******* би гэрээний хугацааг цаашид сунгах боломжгүй гэж үзэж, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт хариуцагч *******аас 2.150.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан юм. Ингээд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авч, 2016.11.01-ний өдрийн 101\ШШ2016\06419 дугаартай шийдвэрээр нэхэмжпэлийн шаардпагыг хангаж шийдвэрлэсэн. 2016.09.21-ний өдөр орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болсон, мөн гэрээний хугацааг цаашид сунгахгүй гэдгээ хариуцагчид өөрт нь удаа дараа мэдэгдэж орон сууц чөлөөлж өгөхийг шаардсаар байхад тэрээр миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Баянзүрх хотхон, 110-р байр, 13 тоотын 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгөхгүй, мөн ямар ч төлбөр төлөхгүй байгаа нь орон сууц өмчлөгч миний хувьд хохирч байгаагаас гадна өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэхэд хариуцагч *******ын зүгээс илэрхий саад болж байна. Иймд нэхэмжлэгч ******* би зөрчигдөж байгаа уг эрхээ сэргээлгэх зорилгоор өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Баянзүрх хотхон, 110-р байр,13 тоотын 2 өрөө орон сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс шаардаж, орон сууцнаас түүнийг албадан гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч ******* нь орон сууц хөлслөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, удаа дараа зөрчиж байсан нь гэрээний хугацааг цаашид сунгах үндэслэлгүй бөгөөд энэ тухай би түүнд удаа дараа мэдэгдсэн. Гэвч хариуцагч ******* ямар ч хөлс, төлбөр төлөхгүй дээрээс нь орон сууц чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрч байгаагаас миний хувьд олох байсан орлогоо алдаж, хохирч байна. Тухайлбал нэг талаар хэрэв ******* нь орон сууц хөлслөх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелуүлж байсан бол гэрээний хугацааг цаашид сунгаж, би хөлсөө түүнээс авч байх байсан, нөгөө талаар хэрэв ******* нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдөр орон сууцыг чөлөөлсөн бол би бусдад орон сууцаа хөлслүүлж, ашиг, орлогоо бодитой авах байсан. Хариуцагч ******* нь дээр дурдсаны аль нэг үүргээ биелүүлсэн бол надад хохирол учрахгүй байсан. Иймд нэхэмжлэгч ******* би дээр дурдсан үндэслэлээр олох байсан орлогоо хохирол гэж үзэж, хариуцагч *******аас 2.400.000 төгрөг гаргуулж, орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэв.

            Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            ******* нь анх надад Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Баянзүрх хотхон 110-13 тоот 39м2 талбайтай ордер дээрээ 43м2 талбайтай гэх 2 өрөө орон сууцаа худалдахаар тохиролцон 2014 оны 9 дүгээр сард уулзсан. Тухайн үед “Монь ивээл” ХХК барилгын ажил авсан их хэмжээний мөнгө ашигтай ажил хийж байсан боловч яг тэр үед тооцоо хийж эцсийн ашигаа авах болоогүй байсан болохоор түрээсийн мөнгө болох 2 сая төгрөг өгсөн тэгээд байрандаа иртэл хүн амьдрах нөхцөлгүй анх манайх байхад л байсан хулдаас тэр нь цавуу нь салаад ховхорсон, гал тогооны тэр хавиар үхсэн жоомтой, обой нь энэ тэнд хууларсан, тортог тогтсон, хана тааз цуурсан нэг л харанхуй цонх нь салхи сийгдэг болчихсон давхар пролон наасан байдалтай байсан би Төгсөөд өө энд хүн суух аргагүй болчихжээ би нэгэнт худалдаж авах юм чинь засвар хийчий чи надад түрээсийн хугацаандаа засварын хоног 14 хоног нэмж өгөөрэй гэхэд за гэсэн ингээд би уг байранд иж бүрэн сүпер засвар буюу 6 сая гаран төгрөгийн эд материал авч 4 хүнээр ажлын хөлс нь 2.700.000 мянган төгрөгөөр засварын ажил хийлгэсэн 2015 оны 2 сард би Төгсөөд за миний тооцоог хийх гэж байна гэхдээ “Монь ивээл” ХХК намайг 2 өрөө байр ав гэнээ би үгүй бэлэн мөнгө авна гэж хэлсэн тэгвэл жоохон хүлээж байгаарай гэж байна гэж хэлсэн. ******* би наад байрыг чинь авчихъя тэгээд энэ байрны нэрээ чамд шилжүүлье гэсэн. Би *******г зөрүү мөнгөө надад өгөөд тэгээд тохирох нь гэж бодоод, ирээд дуртай давхарт дуртай өрөөгөө үз гэсэн. ******* үзчихээд ахтайгаа зөвлөлдөнө гээд явсан, гэвч ах нь өөр байр авах болчихсон байна. Би мөнгөгүй байна, цагаан cap болох гээд ээждээ бас юм бэлдэж өгөх ёстой чи 5 сая төгрөг өгчих, дараа нь тооцоо хийхдээ хасаад тохирчье. Эсвэл түрээсийн мөнгөнд оруулчихъя гэсэн. Би хэлэхдээ “түрээсийн мөнгө дуусаагүй байгаа биздээ” гэсэн чинь сарын 600.000 төгрөг шүү дээ гэж өөрийнхөөрөө тулгасан. Би “чи ёстой аймар юм аа, за за би З.0 сая төгрөг өгье” гээд өгсөн. Дараа нь худалдах, худалдан авах дээрээ тултал анх зарах гэж байсан үнээсээ илүү мөнгө буюу 8.0 сая төгрөг нэмсэн байсан. Би ийм үнээр авч чадахгүй, энэ чинь хуучин байр бас “Эко констракшн” ХХК-ийн байрыг ингэж үнэлэж банк авахгүй. Чи жоохон бодитой бай гэсэн чинь ийм үнээр л өгнө, тэгэхгүй бол танайх зүгээр л түрээсэл гэсэн. Ингээд би дандаа түрээсийн мөнгө л өгч байсан. Нэг удаагийн түрээсийн мөнгө жоохон хойшилсон чинь гар гээд хаалганы гол солиод хөөгөөд унасан. Би *******д “за би авахаа больсон юм чинь засвар хийсэн мөнгөө авна эсвэл тэр мөнгөндөө сууна, чи урд нь намайг ингээд л хөөж гаргаж байсан” гэсэн чинь за яахав гэхдээ би 100 хувь төлж чадахгүй чамайг ийм аймар гоё болгоод ийм их мөнгө зарчихна гэж бодоогүй тийм болохоор талыг нь л төлнө гээд 2.500.000 мянган төгрөгийг тэр ажлын хөлс өөр бусад жижиг юмыг тооцохгүй бас бөөн суутгаж чадахгүй. Танайх одоо 2.0 сая төгрөг өг гээд 2.0 сая төгрөг бэлэн аваад, бичгийн цаасан дээр энэ нөхцлөө бичээд гарын үсгээ зурсан. Тэгээд би авч яваад канондаад аваар ирье гээд явахад нь би итгээд эх хувийн цаасаа өгөөд явуулсан. Гэтэл гэнэт Баянзүрхийн шүүх дуудаж байна гэхээр нь очтол огт мөнгө өгөөгүй мэтээр өргөдөл бичээд 2.0 сая төгрөг нэхэмжилсэн байсан. Би тэр үед нь хөдөө ажиллаж байсан болохоор шүүх хуралд орж чадаагүй зүгээр л *******гийн өөрийн гараар бичсэн засварын мөнгө суутгах тохиролцсон бичгийг аваачиж өгсөн ер нь энэ ******* урд нь манайхыг 2010-2013 оны хооронд түрээслэж байхад зарна гэчихээд л байнга үнэ ханшаа нэмнэ. Манайх энэ байрыг анх 250.000 төгрөгөөр түрээсэлдэг, авбал 45.0 саяаар авна гэж байсан. Жил ирэх тусам түрээс нь нэмэгдсээр 500.000 төгрөг болж зарах үнэ нь 80.0 сая төгрөг болж байсан. Гэтэл доор нь үйлчилгээний зориулалтын байрыг сарын 500.000 төгрөгөөр түрээслэж байсан юм. Сүүлдээ бүр түрээсийн мөнгөө урьдчилан төлчихөөд байхад ээжийгээ дагуулж ирээд “бид нар суухгүй бол болохгүй нь хөдөөнөөс орж ирэхээр болчихлоо орох газаргүй байна гээд ээж нь уйлаад манай хөгшиний бие муу байна" гээд байхаар нь би итгээд урьдчилаж өгсөн мөнгөө буцааж аваад гарахаар болсон. Тэгтэл хаалганы гол сольсон 27.000 төгрөг, дүш солихоор болчихож гээд баахан мөнгө суутгаад л 720.000 төгрөг л буцааж өгч байсан.... Би одоо дахиж *******д чадуулж чадахгүй засвар хийсэн мөнгө, мөн энэ авна гэж бодоод гал тогооны тавилга булангын шүүгээ хүртэл хийлгэсэн энэ тавилга нь өөр газар ашиглах боломжгүй учир тавилгын мөнгийг хүртэл авна, эсвэл энэ тавилгын болон засвар тохижилтын мөнгийг түрээсийн хөлсөнд тооцох юм уу эсвэл бэлнээр авч байж гарна гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон 110 дугаар байрны 13 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 2.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч ******* нь түрээсийн байранд хийсэн засварын зардлын төлбөрийг өгөөгүй тул орон сууцыг чөлөөлөхгүй, сарын 600.000 төгрөгөөр 2.400.000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулж Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо Баянзүрх хотхон 110 дугаар байр 13 тоот орон сууцыг нэг жилийн хугацаагаар хөлслүүлэх, улиралд 1500.000 төгрөг, жилд 6.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, уг гэрээний дагуу 2016 оны 6 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэл 4 сарын хугацааны хөлс 2.000.000 төгрөгийг хариуцагч төлөөгүй улмаас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гарган Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 06419 дугаар шийдвэрээр түрээсийн төлбөр 2.000.000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 150.000 төгрөг нийт 2.150.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг нотлохгүй” гэж зааснаар дээрх үйл баримтыг шүүх нотлох шаардлаггүй болно.

            Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ 2016 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд хариуцагч ******* нь орон сууцанд хийсэн засварын хөлсийг нэхэмжлэгч төлөөгүй гэх үндэслэлээр уг орон сууцыг эзэмшиж байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

            Хариуцагч нь уг орон сууцанд 12.700.000 гаруй төгрөгийн засвар хийсэн тул уг зардлыг нэхэмжлэгчээс гаргуулах эсхүл орон сууцны түрээсийн хөлсөнд суутган 2017 оны 7 дугаар сарыг хүртэл орон сууцыг эзэмших эрхтэй гэж татгалзалын үндэслэлээ тодорхойлж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна энэ тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

            *******, Т.Живээ нар нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон, 110 дугаар байрны 13 тоот 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204036650 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8 дугаар тал/

            Дээрх үндэслэлүүдээр хариуцагч *******ыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар маргаж буй орон сууцны шударга эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй түүнийг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлтэй.

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, мөн зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус зохицуулсан.

            Нэхэмжлэгчийн орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” иргэний эрх зүйн хамгаалалтын аргаар хангагдах боломжтой тул Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон, 110 дугаар байрны 13 тоот 43 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч ******* нь хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй юм.

            Харин нэхэмжлэгч ******* нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдөр орон сууцыг чөлөөлсөн бол би бусдад орон сууцаа хөлслүүлж, 2.400.000 төгрөгийн орлого олох байсан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй энэ талаар орлого, татварын болон үйл ажиллагаа явуулж байсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул хангах үндэслэлгүй байна.

            Иймд нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Баянзүрх хотхон 110 дугаар байрны 13 тоот орон сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,  нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой байсан орлого 2.400.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Баянзүрх хотхон 110 дугаар байрны 13 тоотод байрлах 43 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой байсан орлого 2.400.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123.550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.ЭНХЖАРГАЛ