Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1001

 

Б.Даваадоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00524 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Даваадоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Хонгорзулд холбогдох

 

2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээнээс татгалзаж, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ногоон нуурын гудамжны 29 дүгээр байрны 2 тоот 97.17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Б.Даваадоржийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд,

Хариуцагч Н.Хонгорзул,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган, Г.Энхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2013 оны 12 дугаар сард интернэтээр зар үзэж байтал Санзай 1,5 га газрыг зарна, үнэ 250 000 төгрөг гэсэн зар байсан. Очиж үзэхэд хариуцагчийн нөхөр торлогтой газар ирж зогсоод эндээс эхэлж байгаа, ингээд дуусгавар болж байгаа гэж газраа үзүүлсэн. Үнийг асуухад 250 000 ам.доллар гэхэд нь бид 3 өрөө байраар тулахаар яриад зөвшөөрсөн. Уг газар хариуцагчийн эгчийн нэр дээрх газар байсан бөгөөд эгч Д.Намжиндуламтай гарын үсэг зурж тохиролцоо хийж, 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилээр эзэмшихээр болсон. Байраа 150 000 000 төгрөгөөр үнэлээд худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Би маргааш нь 3 000 000 төгрөгийн татвар төлсөн. Одоо байгаль орчны үнэлгээ гарсан учир би энэ хүмүүсээс байраа авах хүсэлтэй байна. Худалдах, худалдан авах гэрээнд заасан 150 000 000 төгрөгийг Н.Хонгорзул төлөөгүй тул гэрээнээс татгалзаж байна. Шилжүүлж өгсөн газар нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй газар байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай хадам эгч Д.Нанжиндулам газраараа наймаа хийгээд байр авсан. Анх эгч бид хоёр Налайхад наймаа эрхлээд уурхайн барилга трестээс худалдаж аваад оёдлын цех байгуулж байсан. Эгч маань Эрдэнэтэд ломбард ажиллуулж байхдаа надаас хэдэн төгрөг зээлж авсан. 2010 оноос хойш эгч маань бидэнтэй байж байгаад өөд болсон. Газраар байраа солих боллоо гээд Эрдэнэт явж ирээд хотод компаниас бичиг баримт шилжүүлэх болоод өөр маягаар шилжүүлэхээр болсон. 3 дугаар сарын 10-ны өдөр нэг цэгийн үйлчилгээ ороод нотариатч дээр ирээд бид газар, байр хоёр солилцоо хийх гэж байна гээд газар шилжүүлэх маягтаар шилжүүлээд байрыг бэлэглэл, худалдах, худалдан авах гэрээ хийх хоёр хувилбар байна гээд газраа 150 000 000 төгрөгөөр үнэлээд худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нэхэмжлэгч татвараа төлөөд би улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл одоо ийм нөхцөл байдал бий боллоо. Надад хүндрэлтэй байна.

Миний худалдаж авсан гэх байрны төлбөр бол газраар хийгдсэн. Д.Нанжиндулам эгч газрын оронд авч байгаа байраа надад өгнө гээд өгсөн гэжээ.

 

Гуравдагч этгээд Капитрон банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Хонгорзул, Б.Даваадорж, Оркад ХХК-ийн хооронд газар, орон сууц шилжүүлэх асуудал яригдсан. Орон сууцны оронд Д.Даваадорж газар авсан. Одоо газар ашиглах боломжгүй гээд орон сууцаа буцааж авна гэсэн ойлголт байхгүй. Мөн уг орон сууц нь тус банкны барьцаанд байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Хонгорзулд холбогдох нэхэмжлэгч Б.Даваадоржийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээнээс татгалзаж, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ногоон нуурын гудамжны 29 дүгээр байрны 2 тоот 97.17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Б.Даваадоржийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 00524 дугаартай шийдвэрийг 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хууль буруу хэрэглэж тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, маргааны үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй зэрэг үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа бэлэглэх гэрээ, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, Байгаль орчин ногоон хөгжлийн газрын 2015 оны 6 дугаа сарын 26-ны өдрийн 1/855 дугаартай албан бичиг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 262 дугаартай магадлал, хэргийн оролцогчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэнгүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд орон сууцны төлбөрийг 150 000 000 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулсан өдөр төлбөрийг төлж дуусгахаар, ингэхдээ /мөнгөн хэлбэрээр/ төлнө гэж тохиролцон талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан. Шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний агуулгыг тайлбарлах боломжтой байсан боловч хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч миний бие энэхүү орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулах болсон гол нөхцөл нь “...анх 2013 оны 12 дугаар сард Санзайд 1.5 га газар зарна гэсэн Д.Энхболдын зарын дагуу түүнтэй хамт анх очиж үзсэн. түүнээс хойш дандаа уулзаж ярилцдаг болсон. 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Д.Энхболд нь өөрийн төрсөн эгч Д.Нанжиндуламын хамт уулзаж Д.Нанжиндуламыг таних болсон. Нотариат дээр худалдах, худалдан авах гэрээ. газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулсан...”. Гэрээ байгуулах үед Д.Энхболд, эгч Д.Нанжиндулам, хариуцагч Н.Хонгорзул, манай эхнэр Ч.Насанжаргал бид 5 байсан бөгөөд эдгээр хүмүүс нь болсон нөхцөл байдлын талаар лавтай сайн мэдэж байгаа юм. Ялангуяа Д.Энхболд нь “Оркад” ХХК-ийн талаар сайн мэдэж байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Энхболдыг шүүхэд гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй. Анх Д.Энхболд нь Санзай 1.5 га газрыг зарна гэсэн зарыг гаргасан бөгөөд тухайн газрыг өөрөө дагуулж явж үзүүлж байсан тул энэ хэргийн талаарх бодит үйл явдлыг Д.Энхболд нь сайн мэдэж байгаа юм.

Түүнчлэн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 150 000 000 төгрөгийг огт төлөөгүй, гэрээний үүргээ шударгаар биелүүлээгүй бөгөөд Д.Нанжиндуламтай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу байрыг газраар сольж авсан гэсэн тайлбарыг өгдөг.

Бодит байдалд Д.Энхболд нь эгчийнхээ компанийн нэр байдаг газрыг надад шилжүүлэх нэрийдлээр өөрөө байртай болох гэсэндээ өөрийн эхнэр Н.Хонгорзултай худалдах, худалдан авах гэрээ, Д.Нанжиндуламтай газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулж намайг хууран мэхэлсэн гэж үзэж байна.

2. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор надтай газар эзэмших гэрээг давхар байгуулан итгэл үнэмшил төрүүлсэн гэж үзэхэд хүргэж байгаа ба энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийхийн тулд шүүх дахин хэрэг шийдвэрлэх ажиллагааг хийх ёстой гэж үзэж байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б.Даваадорж миний нэр дээр гэрчилгээ гарсан бөгөөд уг газартаа сувиллын газар байгуулахаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хүсэлт гаргасан боловч тус газраас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1/85 дугаартай албан тоотоор миний эзэмшилд байгаа газрын байршил нь мод, бут, торлог орсон Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.0 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж байгаа тул үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн хариуг өгснөөр уг газрыг ашиглах ямар нэгэн боломжгүй гэдгийг мэдэж, Д.Энхболд, Д.Нанжиндулам, Н.Хонгорзул нарт хууртагдсанаа мэдэж 2015 оны 7 дугаар сард шүүхэд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргийг эд хөрөнгөөр буюу газраар төлсөн гэж үзсэн дүгнэлттэй зөрчилдсөн дүгнэлтийг хийсэн. Хэрэв шүүхийн дүгнэснээр газрыг төлбөрт тооцож байгаа бол газар эзэмших гэрээний эрх зүйн харилцааны талаар дүгнэлт өгөх ёстой байсан. Харин ч газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний талаар дүгнэлт хийгээгүй, маргах эрх нь нээлттэй болно гэсэн дүгнэлт нь ойлгомжгүй болсон гэж үзнэ.

4. Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас ирсэн хуулийн этгээдийн лавлагаанаас үзэхэд тухайн хуулийн этгээд татан буугдаагүй байгаа нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд уг компанийн үйл ажиллагааг явуулдаг гэх Д.Энхболд нь манай байрны хаягаар амьдарч байгаа болно.

Нэхэмжлэгч Б.Даваадорж нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, харин Н.Хонгорзул нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж хууль бус шийдвэр гаргалаа.

Гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх тул уг газрыг сувиллын зориулалтаар ашиглах боломжгүй гэдэг нь Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас ирүүлсэн албан бичгээр хангалттай нотлогдож байгаа тул биет байдлын доголдолтой гэж үзэж уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж ойлгож байгаа болно. Анх гэрээ байгуулах үед хариуцагч нь тухайн газрыг ашиглах боломжгүй гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулан эд хөрөнгөөр солилцсон гэж үзэхээр байна.

Нэгэнт Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас уг газрыг сувиллын зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн тул гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлэн авч газрыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 00524 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Даваадорж нь хариуцагч Н.Хонгорзулд холбогдуулан 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж,Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ногоон нуурын гудамжны 29 дүгээр байрны 2 тоот 97.17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Б.Даваадоржийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлсэн тул зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Даваадорж нь “Оркад” ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18641337331284 нэгж талбарын дугаар бүхий 15795 м.кв, Санзай сувиллын зориулалттай, “Оркад” ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, уг газар эзэмших эрхийн төлбөр буюу 150 000 000 төгрөгт тооцон нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Ногоон нуурын гудамжны 29 дүгээр байрны 2 тоот 97.17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч Н.Хонгорзулын өмчлөлд шилжүүлжээ.

 

Дээрх гэрээ, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Даваадорж нь хариуцагч Н.Хонгорзулд худалдан борлуулсан дээрх 3 өрөө орон сууцны төлбөрт 15795 м.кв, Санзай сувиллын зориулалттай, “Оркад” ХХК-ийн эзэмшлийн газрыг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авсан хөрөнгийн хэлэлцэн тохирсон үнийг худалдан авагч хариуцагч Н.Хонгорзул нь нэхэмжлэгч Б.Даваадоржид төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан үндэслэлээр дуусгавар болно” гэж зааснаар Б.Даваадорж нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнд заасан 150 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн оронд “Оркад” ХХК-ийн дээрх газар эзэмших эрхийг хүлээн авснаар тэдгээрийн хоорондох гэрээний үүрэг дуусгавар болжээ.

 

Түүнчлэн, орон сууц худалдах, худалдан авах гэрээний мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч Б.Даваадорж “Оркад” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний зүйл болох 15795 м.кв, Санзай сувиллын зориулалттай газрыг хүлээн авсан, үүнийгээ баталгаажуулж Н.Хонгорзул, “Оркад” ХХК нартай дээрх тус тусдаа гэрээ байгуулсан бөгөөд нэг гэрээний үүргийн гүйцэтгэлд нөгөө гэрээний зүйлийг шилжүүлэн авч байгаа нь тухайн үед талуудын сонгосон төлбөр барагдуулах харилцаа юм.

 

“Оркад” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Д.Жавзандулам нь газар эзэмших эрхийн төлбөрт шилжүүлэх орон сууцыг хариуцагч Н.Хонгорзулд хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид зөвшөөрсний дагуу түүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг шилжүүлснийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд заасан үүргийг хүлээн авах эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Оркад” ХХК-иас шилжүүлж өгсөн газар нь мод, бут, сөөг, торлог ургамалтайн улмаас зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон, эд хөрөнгийн хувьд доголдолтой газар гэж тайлбарлаж байх бөгөөд Б.Даваадорж, “Оркад” ХХК-ийн хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд хүлээн авсан газрын доголдлыг зөвхөн газар эзэмших эрхийг шилжүүлэгч буюу “Оркад” ХХК хариуцахаас, уг газрыг эзэмших эрхгүй, уг гэрээгээр үүрэг хүлээгээгүй Н.Хонгорзул хариуцах үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “Оркад” ХХК нь нэхэмжлэгчтэй Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тул уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд томилогдоогүй байгаа нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлд хамаарахгүй болно.   

 

Нэхэмжлэгч Б.Даваадорж нь “Оркад” ХХК-тай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний доголдлын талаар шаардлага гаргах эрх нь нээлттэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00524 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Даваадоржийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

 

                                    ШҮҮГЧИД                                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ   

                   

                                                                                                      С.ЭНХТӨР