Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 41

 

Д.Б-, С.Э-, З.Ц- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Д.Буянжаргал

Прокурор                                          О.Доржмаа

Шүүгдэгч                                           Д.Б-

                                                          С.Э-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч             Л.Оюунсувд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 111 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувдын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Ц-, Д.Б-, С.Э- нарт холбогдох эрүүгийн 201709000324 тоот 1 хавтас хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

- 2012 онд Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 270 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Б- овогт З-ын Ц- /РД: **********/

Шүүгдэгч  Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Х- овогт Д-ийн Б- /РД: ********** /

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

- Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх Х- овогт С-ийн Э- /РД: ********** /

Шүүгдэгч З.Ц- нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Ширээ нуруу гэх газарт оршин суух иргэн О.Б-ийн 1 толгой хээлтэй гүү хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулж улмаар шүүгдэгч Д.Б- нь түүний хулгайлсан гүүг тээвэрлэх, нядлахад оролцож, гарал үүслийн гэрчилгээ бусдаар бичүүлэх, борлуулахад хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн, С.Э- нь түүний хулгайлсан гүүг тээвэрлэх, нядлах, борлуулахад хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн, шүүгдэгч З.Ц- нь 2017 оны 02 дугаар сарын эхээр Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хавцал хэмээх газраас иргэн Д.Норов-Ишийн 4 толгой ямааг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас З.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар, Д.Б-, С.Э- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх З.Ц-, Д.Б-, С.Э- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд З.Ц- нь хэргийг шүүхэд ирсний дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад нас барсан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Б-, С.Э- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр 8 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... шүүгдэгч С.Э-, Д.Б- нар нь З.Ц-ын хулгайлсан 1 толгой хээлтэй гүүг нядалсных нь дараа тээвэрлэх, гарал үүслийн гэрчилгээ бусдаар бичүүлэх, худалдан борлуулах зэрэг ажиллагаанд оролцож, ингэснээрээ хамжигчийн үүрэг гүйцэтгэж  гэмт хэргийн хамтран оролцогчид болсон байдаг. Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэгт оролцсон нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлууд болон хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхгүйгээр хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Шүүгдэгч нар дахиад гэмт хэрэгт холбогдож хууль бус үйлдэл үйлдэж болохгүй гэдгээ ойлгож, гэмшиж байгаа тул хуульд заасан журмын дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд:  “Шүүгдэгч Д.Б-, С.Э- нарын өмгөөлөгчөөр анхан шатны шүүхийн шатнаас оролцож байна. 1 тооны адуу З.Ц- хулгайлсан үйлдэлд шүүгдэгч Д.Б-, С.Э- нар нь хамтран оролцсон. Шүүгдэгч нар эрх зүйн мэдлэггүйн улмаас “адуу хулгайлах үйлдэлд оролцоогүй” гэж хэлсэн байдаг бөгөөд анхан шатны шүүхийн шатанд тухайн хэрэгт хамтран оролцсон гэдгээ мэдэж өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, өндөр настай зэрэг хувийн байдлыг харгалзахгүйгээр, тэдгээрийг хөнгөрүүлэн үзэхгүйгээр хорих ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Шүүгдэгч нар нь дахин гэмт хэрэгт оролцож болохгүй гэдгийг ойлгосон. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор О.Доржмаа гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Шүүгдэгч Д.Б-, С.Э-, З.Ц- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Хуульд зааснаар “нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон” учраас улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тухайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуульд хамрагдаж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн учраас хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Шүүгдэгч нарын хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх асуудлыг давж заалдах шатны шүүх шийдвэрлэх эрх нь нээлттэй учраас улсын яллагчийн зүгээс хэлэх зүйлгүй гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч З.Ц- нь 2017 оны 04 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Ширээний нуруу гэх газар оршин суудаг иргэн О.Б-ийн хээлтэй гүү хулгайлж, 1.000.000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Хавцал хэмээх газарт оршин  суудаг Д.Норов-Ишийнхээс 4 толгой ямаа хулгайлж 400.000 төгрөгийн, нийт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч Д.Б-, С.Э- нарыг шүүгдэгч З.Ц-ын хулгайлсан гүүг тээвэрлэх, нядлах, гарал, үүслийн бичиг бусдаас авах, худалдан борлуулахад хамжигчийн үүрэг гүйцэтгэж гэмт хэрэгт хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч З.Ц- нь түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө буюу 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад нас барсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон дээрх үндэслэлээр шүүх талийгаач З.Ц-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Б-, С.Э- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тус  бүр 8 сарын хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б-, С.Э- нарт холбогдох хэргийн талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн боловч С.Э-, Д.Б- нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм бурууг ойлгож, гэмшиж байгаа энэ хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдсөн, хохирогч нар гомдол саналгүй болсон зэрэг болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 111 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дугаар заалтыг:

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр С.Э-, Д.Б- нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.”гэж;

“5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Э-, Д.Б- нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 зааснаар С.Э-, Д.Б- нарыг нэгдсэн тоо бүртгэлд бүртгэж, үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж тус тус өөрчлөн тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                       ШҮҮГЧИД                                        Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                Д.БУЯНЖАРГАЛ