Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 110/2022/0065/З |
Дугаар | 221/МА2023/0121 |
Огноо | 2023-02-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2023/0121
“С К” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2023/0001 дүгээр шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч “С К” ХХК
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч О.Ё
Шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч “С К” ХХК-ийн ерөнхий захирал Ж.С
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, О.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
Хэргийн индекс: 110/2022/0065/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2023/0001 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 6-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С К” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0012679 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гаалийн агуулахад байгаа 2784 ширхэг шоколадны кремийг нийлүүлэгч Турк улсын М компанид буцаан явуулахыг даалгах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. “С К” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... “С К” ХХК нь Бүгд найрамдах Турк улсын “М A.S” компанитай байгуулсан гадаад худалдааны гэрээний дагуу 2784 ширхэг шоколадны крем худалдан авахаар болж харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “М A.S” компани нь Монгол улсын холбогдох хууль журамд нийцсэн хүнсний бүтээгдэхүүнийг Монгол улсын “С К” ХХК-д нийлүүлсний дараа хэлэлцэн тохиролцсон үнэ төлбөрийг шилжүүлэн ажиллахаар болсон. Гэтэл “М A.S” компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж Хүнсний тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй бараа бүтээгдэхүүнийг явуулсан байжээ.
1. Гаалийн газраас залгаж байгаа хэмээн Л.М гэдэг хүн 89830660 гэсэн утаснаас залгаж “...танай компанид гааль дээр бараа ирсэн байгаа, гаалийн мэдүүлгийг өгчихлөө, татварыг тооцож гаргасан байгаа учраас цахимаар татвараа төлж бараагаа гаргаж аваарай” хэмээн мэдэгдсэн байна. “С К” ХХК-ийн зүгээс ямар нэгэн гаалийн мэдүүлэг гаргаагүй, ямар бараа ирснийг ч мэдээгүй байхад гаалийн газраас залгаж байгаа хэмээн Л.М гэдэг хүн “С К” ХХК-ийг төлөөлөн мэдүүлэг гаргаж, татвараа төлөхийг шаардсан байна. “С К” ХХК-ийн зүгээс нэгэнт гаалийн газраас залгаж барааг чинь гаалиас гаргах гэж байгаа татвараа төл гэхээр нь татвараа төлсөн байсан. “С К” ХХК-ийн зүгээс Л.Мт гаалийн бүрдүүлэлт хийх, мэдүүлэг гаргах итгэмжлэл олгоогүй байсан ба түүнд 2021 онд өөр бараа оруулахад зориулж олгосон итгэмжлэлийг ашиглаж, компанийн зүгээс гаалийн мэдүүлэг гаргасан байжээ. М A.S” компанийн явуулсан барааг гаальд мэдүүлэх эрхийг шилжүүлсэн итгэмжлэлийг тээвэрлэгч С.Цогтбаатарт олгосон байхад эрх олгоогүй этгээд болох Л.Мын гаргасан гаалийн мэдүүлгийг гаалийн газраас хүлээн авсан нь хууль бус юм.
2. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/*** дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын 5.32-т “Улаан төлөв, сонгогдсон тохиолдолд бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч бичиг баримтын шалгалт хийсний дараа хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, зөрчил илрээгүй тохиолдолд хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэж, гаалийн улсын ахлах байцаагч “Зөвшөөрөх” товч дарснаар гаалийн мэдүүлэг хүчин төгөлдөр болно”, 5.33-т “Шалгалтаар гаалийн хууль тогтоомж зөрчсөн зөрчил илрээгүй бөгөөд улаан төлөв сонгогдсон гаалийн мэдүүлгийг мэдүүлэгч хэвлүүлэх хүсэлт гаргасан бол гаалийн хяналт шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч мэдүүлгийг хэвлэж, гаалийн мэдүүлгийн 1 дүгээр хүснэгтэд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодод хамаарах хяналтын тэмдгийг гаалийн мэдүүлэгт дарж, гаалийн, гарын үсэг зурж, хяналтын тэмдгийн баруун доод буланд хувийн дугаар бүхий тэмдгийг тод дарж баталгаажуулан, гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэнэ”, 5.34-т “Үндэслэл бүхий мэдээлэл, сэжиг байгаа бол гаалийн хилээр нэвтрэх бараа тээврийн хэрэгсэлд шалгалт дахин хийх асуудлыг хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, шаардлагатай тохиолдолд удирдах албан тушаалтантай хамтран шийдвэрлэж, шалгалт дахин хийх гаалийн улсын байцаагчийг томилно”, 5.35-т “Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авсан үеэс гаалийн хяналтаас гаргахыг зөвшөөрөх хүртэл хугацаанд бараа, тээврийн хэрэгсэлд хийж байгаа гаалийн хяналт, шалгалтад зөрчил, хэрэг бүртгэлт хариуцсан гаалийн улсын байцаагч, албан тушаалтан оролцохгүй” хэмээн заасан. Үүнээс үзвэл гаалийн хяналтын бүсэд байгаа, гаалийн хяналтаас гарахыг зөвшөөрөх хүртэлх хугацаанд бараа, тээврийн хэрэгсэлд хийж байгаа гаалийн хяналт, шалгалтад зөрчил, хэрэг бүртгэлт хариуцсан гаалийн улсын байцаагч, албан тушаалтан оролцохгүй байхаар маш тодорхой зохицуулсан. Өөрөөр хэлбэл гаалийн хяналтын бүсэд байгаа хилээр оруулахыг зөвшөөрөгдөөгүй бараатай холбоотой мэдүүлгийг дахин засаж янзлах эрхтэй бөгөөд, хэрэв хилээр оруулахыг хориглосон барааг хууль зөрчиж гаалийн хяналтаас гаргасан тохиолдолд зөрчил, хэрэг бүртгэлт хариуцсан гаалийн улсын байцаагч хяналт шалгалт хийж зөрчилд хариуцлага тооцохоор заасан байгаа юм. Гаалийн газрын зөрчил, хэрэг бүртгэлт хариуцсан хяналтын байцаагч бөгөөд, гаалийн улсын ахлах байцаагч О.Ё нь дээрх журмын 5.35-т заасныг зөрчиж гаалийн хяналтаас гаргахыг зөвшөөрөөгүй байхад буюу хилээр оруулахыг хориглосон бараатай холбоотой мэдүүлгийг засварлах боломж олгохгүйгээр хяналтын бүсэд байхад зөрчлийн хэрэг үүсгэж, хариуцлага тооцсон нь хууль, журамд нийцээгүй.
3. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг Гаалийн газрын зөрчил, хэрэг бүртгэлт хариуцсан хяналтын байцаагч бөгөөд гаалийн улсын ахлах байцаагч О.Ё болон Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасан зөрчлийн объектив талыг “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол...” хэмээн заасан юм. “С К” ХХК нь Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон үйлдэл гаргаагүй. Гаалийн хяналтын бүст ирсэн барааны хувьд Монгол улсад импортлогдоогүй. Өөрөөр хэлбэл гаалийн нутаг дэвсгэр гэсэн ойлголтыг анхан шатны шүүх буруу ойлгосон. Харин хариуцагч Гаалийн газрын зөрчил, хэрэг бүртгэлт хариуцсан хяналтын байцаагч бөгөөд, гаалийн улсын ахлах байцаагч О.Ё нь “С К” ХХК-ийг Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг импортлохыг завдсан тул Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д зааснаар хариуцлага тооцсон хэмээн тайлбарласан. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасан зөрчлийг үйлдэхээр завдсан тохиолдолд буюу зөрчилд завдсан тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээлгэж болохгүй. Гэтэл шүүхээс гаалийн хяналтын бүс гэдгийг ойлгохгүйгээр буруу шийдвэр гаргасан.
4. Зөрчил гаргасан Турк улсын “М A.S” компанийн “бараагаа буцаан татаж авъя, бидний буруугаас болж шаардлага хангахгүй бараа явуулсан” гэсэн утгатай бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр, зөрчил гаргаагүй “С К” ХХК-ийг шийтгэсэн. Худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ “М A.S” компани хүлээн зөвшөөрч, зөрчлийг арилгах талаар хүсэлтийг гаалийн байгууллагад гаргасан. Гэтэл тухайн хүсэлтийг огт шийдвэрлээгүй. Зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцохгүйгээр зөрчил гаргаагүй “С К” ХХК-ийг торгосон нь хууль ёсны болоогүй.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2023/0001 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож гомдол гаргагчийн Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын хяналтын байцаагч, гаалийн улсын ахлах байцаагч О.Ёын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0012679 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Гаалийн агуулахад байгаа 2784 ширхэг шоколадны кремийг нийлүүлэгч Турк улсын “М” компанид буцаан явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүх хэргийн зарим үйл баримтыг дутуу үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
1. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0012679 дугаар шийтгэлийн хуудсаар “С К” ХХК-ийг Хүнсний тухай хуулийн 11.2.3 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй 2784 ширхэг шоколадны кремийг импортолсон зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасны дагуу 10,000,000.0 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, уг 350 граммаар савлагдсан 2784 ширхэг шоколадны кремийг хураах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
2. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д “Энэ хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна”, 11.2.3-т “импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” гэжээ.
3. Гомдол гаргагч “С К” ХХК нь Турк улсаас 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үйлдвэрлэгдсэн, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хадгалах хугацаатай, 350 граммаар савлагдсан 232 хайрцаг буюу хайрцаг бүртээ 12 ширхэгтэй нийт 2784 ширхэг шоколадны кремийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр импортлон оруулж ирсэн нь Хүнсний тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.
4. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
5. Анхан шатны шүүх гомдол гаргагчийн Хүнсний тухай хуулийн 11.2.3 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй 2784 ширхэг шоколадны кремийг импортолсон зөрчил гаргасан талаар хэрэгт авагдсан баримтуудыг зөв үнэлж, улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0012679 дугаар шийтгэлийн хуудсаар тус компанийн гаргасан дээрх зөрчилд нь 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн талаар дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
6. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “.... эрх олгоогүй этгээд болох Л.Мын гаргасан гаалийн мэдүүлгийг гаалийн газраас хүлээн авсан нь хууль бус...” гэжээ.
6.1. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.8-д "мэдүүлэгч" гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтийг гэрээний үндсэн дээр гаалийн зуучлагчаар гүйцэтгүүлж болно”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Гаалийн зуучлагч энэ хуулийн 57.2-т зааснаас гадна дараахь үүрэг хүлээнэ: 69.2.2-т “гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох” гэж тус тус заасан байна.
6.2. Анхан шатны шүүх “гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Л.М нь “С К” ХХК-аас олгосон хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1122/01 тоот итгэмжлэлийн дагуу тус компанид илгээсэн барааг гаальд мэдүүлж, хэд хэдэн удаа мэдүүлэгчээр оролцож байсан болох нь тогтоогдож байх ба уг итгэмжлэлийг тодорхой нэг компаниас илгээсэн 1 төрлийн барааг тодорхой хугацаанд гаальд мэдүүлэхээр олгосон 1 удаагийн итгэмжлэл гэж үзэх үндэслэлгүй бөгөөд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн Л.М нь “С К” ХХК-аас 2021 оны 11 сарын 22-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар олгосон итгэмжлэл, тус компаниас цахимаар явуулсан болон тээвэрлэгчээс өгсөн барааны дагалдах бичиг баримтуудыг үндэслэн Modern Cikolata Gida Sanayi Ve Tikaret A.S компаниас илгээсэн барааны гаалийн мэдүүлгийг гаргасан үйл баримт тогтоогдож байна” талаар зөв дүгнэжээ.
6.3. Түүнчлэн Л.Мын мэдүүлсэн мэдүүлгийн дагуу дээрх зөрчилтэй бараанаас бусад төрлийн барааг мэдүүлснийг гомдол гаргагч зөвшөөрсөн атлаа зөвхөн тухайн барааны хувьд мэдүүлгийг хүлээн авсан нь буруу гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
7. Мөн гомдолд “...гаалийн хяналтаас гаргахыг зөвшөөрөөгүй байхад буюу хилээр оруулахыг хориглосон бараатай холбоотой мэдүүлгийг засварлах боломж олгохгүйгээр хяналтын бүсэд байхад зөрчлийн хэрэг үүсгэж, хариуцлага тооцсон нь хууль, журамд нийцээгүй, зөрчилд завдсан тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээлгэж болохгүй. Гэтэл шүүхээс гаалийн хяналтын бүс гэдгийг ойлгохгүйгээр буруу шийдвэр гаргасан, Худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ “М A.S” компани хүлээн зөвшөөрч, зөрчлийг арилгах талаар хүсэлтийг гаалийн байгууллагад гаргасан бөгөөд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцохгүйгээр зөрчил гаргаагүй “С К” ХХК-ийг торгосон нь хууль ёсны болоогүй..” гэжээ.
7.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.11-д “гаалийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн... 6.14 дүгээр зүйлийн 1, 6 дахь хэсэгт заасан зөрчил” гэж заасны дагуу анхан шатны шүүх энэ талаар “... хариуцагч аймгийн Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын ахлах байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөрчлийг харьяаллын дагуу шалган шийдвэрлэх, хуулиар харьяалуулсан зөрчилд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авах эрхтэй...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
7.2. Түүнчлэн “...Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.9, , 3.1.11, 3.1.12, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, 58 дугаар зүйлийн 58.2, 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.1.1, 232 дугаар зүйлийн 232.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 234.1.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу тухайн бараа, тээврийн хэрэгслийг Монгол улсын буюу гаалийн нутаг дэвсгэрт Монгол улсын буюу гаалийн хилээр оруулан гаалийн хяналтын бүсэд байрлуулж, мэдүүлэгчээс барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах горим сонгон мэдүүлэг гаргаснаар гаалийн хяналт шалгалт гаалийн нутаг дэвсгэрт хийгдэж, зөрчлийг илрүүлсэн байх тул “С К” ХХК-ийн хуульд заасан шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон зөрчил тогтоогдож байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
7.3. Худалдах-худалдан авах гэрээний талууд гэрээгээ хэрхэн биелүүлсэн, биелүүлээгүйгээс гарах үр дагавраа хэрхэн тохиролцсон эсэхэд гаалийн байцаагч хяналт тавьж, нэгэнт мэдүүлсэн зөрчилтэй барааг худалдагчид буцаах зэрэг үйл ажиллагаа явуулах үүрэггүй тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.
8. Харин анхан шатны шүүх улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар авсан “хураах” албадлагын арга хэмжээг хэрэглэх зайлшгүй нөхцөл байдал байсан эсэх, энэ талаар зохицуулсан Зөрчлийн тухай хуулийн заалтыг улсын байцаагч нь зөв хэрэгжүүлсэн эсэх талаар дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.
8.1. Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана. Тайлбар: "Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж зөрчил үйлдэн олж авсан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг арилжаалж бий болгосон бусад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг түрээслэх, ашиглах замаар олсон бүх төрлийн орлогыг ойлгоно” гэж заажээ.
8.2. Эрх бүхий албан тушаалтан нь дээрх хуульд заасан энэхүү албадлагын арга хэмжээг хэрэглэх ерөнхий зохицуулалтыг тусгай ангийн зөрчил тус бүрийн онцлогтой хамааруулж, шинж байдалд нь тохируулж хэрэглэх үүрэгтэй.
8.3. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “хүнс импортлоход тавигдах шаардлага зөрчсөн” зөрчилд тооцогдох үйлдлийг ерөнхий байдлаар тодорхойлсон, өөрөөр хэлбэл Хүнсний тухай хуульд хүнс импортлоход тавигдах хэд хэдэн шаардлага байх бөгөөд аль шаардлагыг зөрчсөнөөс хамаарч дээрх хуульд албадлагын арга хэмжээ авах нөхцөлийг хангах “зөрчил үйлдэж олсон хөрөнгө”-д тухайн “бараа” хамаарах эсэхийг тухай бүр нь зөв тодорхойлсны үндсэн дээр уг арга хэмжээг хэрэглэхээр байна.
8.4. “С К” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаалийн хилээр нэвтрүүлэх үед тухайн бүтээгдэхүүний хадгалах хугацаа дуусаагүй, 9 сарын хугацаа үлдсэн байсан нь тогтоогджээ.
8.5. Үүнээс үзвэл тухайн бүтээгдэхүүнийг албан ёсны зөвшөөрөл, гэрээ хэлцлийн дагуу худалдан авч импортолсон, “хадгалах хугацаа нь 9 сар үлдсэн” буюу хэрэглэх, борлуулах боломжит хугацаа үлдсэн байхад зөрчил үйлдэж олж авсан хөрөнгө буюу зөрчилтэй бүтээгдэхүүнд тооцож “хураах” албадлагын арга хэмжээ авсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
8.6. Хуульд заасан хадгалах хугацаанд тавигдах шаардлага хангаагүй барааг импортолсон зөрчлийн үр дагавраар “хадгалах хугацаа нь дуусаж борлуулах хэрэглэх боломжгүй болсон” гэх мэт хүн амын аюулгүй байдалд сөрөг нөлөөлөх нь тодорхой болсон буюу “зөрчилтэй бүтээгдэхүүн”-д тооцох үндэслэлтэй үед “хураах” албадлагын арга хэмжээ авах нь тухайн арга хэмжээний зорилгод нийцнэ.
8.7. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг анхааралгүй, хэрэглэх ёстой дээрх хуулийг хэрэглэлгүй, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.
9. Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийтгэлийн хуудасны “хураах” албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийн талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2023/0001 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 6-д заасныг баримтлан “С К” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0012679 дүгээр шийтгэлийн хуудасны 6 дахь хэсгийг хүчингүй болгож, гомдлын шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ