Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 14

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ж.Н-ийг  регистрийн дугаараар улсын бүртгэлд бүртгэж, иргэний үнэмлэх олгохгүй байгаа Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, бүртгэлд бүртгэж, иргэний үнэмлэх олгохыг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Н нь 1973 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн. 1981 оноос 1989 онуудад Архангай аймгийн Хангай сумын 8 жилийн сургуульд суралцаж, тэр цагаас хойш Хангай сумандаа ажиллаж амьдарч байгаад 2010 оноос хойш Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Ж.Н-ийн төрсөн эх нь Д-н О бөгөөд өөрийн төрсөн эгч Д-н Т-д Ж.Н-г үрчлүүлсэн. Ингээд үрчилж авсан эцэг Ж-гээр овоглогдож иргэний үнэмлэх авч, тухайн бүртгэлээр регистрийн дугаар олгогдож байсан. Үрчилж авсан эцэг нь түүнийг бага байхад нас барсан тул “Т-н Н” гэж нутгийнхан хэлдэг байжээ. Иймээс Үндэсний төв Архиваас гарч байгаа хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаанд Т-н Н гэж бүртгэгдсэн байгаа. Ж.Н нь 16 насандаа иргэний үнэмлэх авч,  регистрийн дугаар авсан. Мөн 2004 онд иргэний цэнхэр үнэмлэх авч байсан. Цэнхэр үнэмлэхээ 2007 онд хаяж үрэгдүүлээд дахин үнэмлэх авах гэтэл бүртгэлгүй, ХААТР маягт олдохгүй байна гэсэн. Тэр үед Улсын бүртгэлээс иргэний үнэмлэх олгосон үндсэн мэдээллийг гаргаж өгсөн. Тэгж байгаад иргэний үнэмлэх цахим болж солигдоход цахим үнэмлэх авах гэтэл регистрийн дугаар бүртгэлд ороогүй, ХААТР маягтууд байхгүй байна гэсэн. Энэ цагаас хойш иргэний үнэмлэх олгогдохгүй бүртгэлгүй иргэн болж хохироод байна. Ж.Н нь иргэний улаан үнэмлэх, цэнхэр үнэмлэхүүдийг  дугаарын регистрээр авч байсан, одоо тэдгээр нь өөрт нь байхгүй үрэгдүүлсэн болно. Ж.Н нь Улсын бүртгэлийн хэлтэст удаа дараа хандаж байсан боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Түүнд регистрийн дугаар олгож бичсэн ХААТР маягт олдохгүй байгааг Улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Иймд Ж.Н-г  регистрийн дугаараар улсын бүртгэлд бүртгэж, иргэний үнэмлэх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, бүртгэлд бүртгэж, иргэний үнэмлэх олгохыг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Н нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус хэлтэст улсын бүртгэлд бүртгэж өгнө үү гэсэн өргөдөл гаргасан. Түүний өргөдлийн дагуу архивын эх нотлох баримтаас шүүж үзэхэд ХААТР-1 маягт, төрөлтийн бүртгэлийн маягтууд олдохгүй байгаа. Мөн Ж.Н нь үрчлүүлж байсан гэх боловч тухайн баримтыг нь мөн шүүж үзэхэд гарч ирэхгүй байсан. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт иргэн эрх зүйн ач холбогдол бүх баримтаа шүүхэд гаргаж тогтоолгож болно гэсний дагуу манай хэлтсээс Ж.Н-г шүүхэд хандахыг зөвлөсөн. Ж.Н-н анх авсан  регистрийн дугаар нь анхны программ болох Civilreg программд бүртгэлтэй, шинэчилсэн санд бүртгэлгүй байсан учраас 2 программ хөрвөхдөө мэдээлэл нь шилжиж ороогүй учраас энэ хүн бүртгэлгүй яваад байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ж.Н-с Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Ж.Н-г  регистрийн дугаараар улсын бүртгэлд бүртгэж, иргэний үнэмлэх олгохгүй байгаа Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, бүртгэлд бүртгэж, иргэний үнэмлэх олгохыг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчээс: “ ... Ж.Н нь 1973 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн. Иргэний улаан паспорт, цэнхэр үнэмлэхүүдийг  дугаарын регистрээр авч байсан, улсын бүртгэлийн хэлтэст удаа дараа хандаж байсан боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Түүнд регистрийн дугаар олгож бичсэн ХААТР маягт олдохгүй байгааг Улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна ...” гэж;

Хариуцагчаас “ ... Ж.Н-н төрсний бүртгэлтэй холбоотой материал, регистрийн дугаар олгож байсан ХААТР-1 маягт иргэний бүртгэлийн архиваас гарахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ...” гэж маргаж байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүх 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 182 дугаар албан бичгээр  Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газраас Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэл явагдахаас өмнө ашиглаж байсан иргэний бүртгэлийн программд иргэн Ж.Н-н талаарх үндсэн мэдээлэл хадгалагдсан байхад одоо ашиглаж байгаа программд Ж.Н-н талаарх мэдээлэл байхгүй байгаа нь ямар шалтгаантай болохыг тодруулж тайлбар ирүүлэхийг хүсэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2/6637 дугаар албан бичгээр  “Архивын материалаас тухайн иргэнд холбогдох материалыг шүүлгэхэд 1991 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн паспорт авах өргөдөл, 1997 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн гэрлэлтийн бүртгэл, 2001 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн иргэний үнэмлэх авах өргөдөл тус бүр цаасан хувиар хадгалагдаж байна. ХААТР-1 маягт болон төрөлтийн бүртгэлийн мэдээлэл бүртгэлгүй байна. Хуучин програмаас тухайн иргэнд холбогдох мэдээллийг шалгахад дугаартай цэнхэр иргэний үнэмлэх авсан талаархи мэдээлэл иргэний бүртгэлийн Civilreg програмд бүртгэлтэй байна. Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.11-д “1988 оноос өмнө төрсөн, Иргэний баримтын архивт ХААТР1 маягт байхгүй иргэний төрсний бүртгэлийг төрсний бүртгэлийн дэвтэр, эсхүл Маягт7, ХААТР21 маягтыг үндэслэн нөхөж хөтөлнө” гэж заасны дагуу ХААТР1 маягт бүртгэлгүй учир одоо ашиглаж буй програмын нэрийн санд иргэн Ж.Н-н мэдээлэл бүртгэгдээгүй болно“ гэх тайлбар ирүүлжээ.

Дээрх тайлбараас үзвэл иргэн Ж.Н-д регистрийн дугаар олгож байсан ХААТР1 маягт байхгүйн улмаас иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд улсын бүртгэлийн байгууллагын өмнө ашиглаж байсан /Civilreg/ иргэний бүртгэлийн программд байсан Ж.Н-д холбогдох бүртгэл, мэдээлэл нь шинэчилсэн программд хөрвөөгүй болох нь нотлогдож байна.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8. дахь хэсэгт “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам болон иргэний төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээний загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, гэж заасан бөгөөд Хууль зүйн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр баталсан А/207 дугаартай Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.11.-т “1988 оноос өмнө төрсөн, нэрийн санд бүртгэлгүй, Иргэний баримтын архивт ХААТР1 маягт байхгүй иргэний төрсний бүртгэлийг төрсний бүртгэлийн дэвтэр, эсхүл Маягт7, ХААТР21 маягтыг үндэслэн нөхөж хөтөлнө”, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн даргын 2007 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 8 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Иргэний баримтын төв архивын зааврын 1.9.2-т “1980-1996 оны иргэний паспорт олголтын зурагтай /маягт 7, ХААТР21/ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ж.Н-н тухайд регистрын дугаар авсан ХААТР1 маягт байхгүй боловч 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан /улаан/ пасспорт авах өргөдөл /ХААТР-21(Б)маягт/, 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан /цэнхэр/ иргэний үнэмлэх авах өргөдөл /ХААТР21(А) маягт/ тус тус хэрэгт авагдсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.-т “иргэний улсын бүртгэл” гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг”; Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7.-д “регистрийн дугаар” гэж Монгол Улсын иргэний төрсөн он, сар, өдөр, хүйсийн талаарх мэдээллийг тусгасан 2 үсэг, 8 орон бүхий тооноос бүрдсэн, үл давхардах нийлмэл кодыг., 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт “Монгол Улсын 16, түүнээс дээш насны иргэн иргэний үнэмлэхтэй байна”, 16.2. дахь хэсэгт “Иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэн анх удаа, 25, 45 нас хүрсэн иргэнд сольж олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Н-н төрөлт, регистрийн дугаартай холбоотой дараах баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

Архивын ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 03-6/2544 дугаартай лавлагаанд: Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын бүртгэлийн 136 дугаар дансанд: өрхийн тэргүүн Т-н Н, 15 настай, эрэгтэй  гэж, мөн өдрийн 03-6/2545 дугаартай лавлагаанд: Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 2 дугаар хуудсанд: Архангай аймгийн Хангай сумын Чандмань багт оршин суугч: Өрхийн тэргүүн Ж-гийн Н, 1973 оны 2 дугаар сард төрсөн, 26 настай, эрэгтэй  ...” гэж, 

Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн төв архивын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 103/016072 дугаартай Төрөлтийн бүртгэл гараагүй тухай лавлагаанд “ ... Ж-гийн Н ... 1973 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн ... 1973, 1974, 1975 онуудын төрөлтийн бүртгэлд тухайн иргэний мэдээллийн дагуу шалгаж үзэхэд төрөлт нь гарахгүй байна ” гэж тус тус тэмдэглэгдсэн байна.

2007 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн иргэний бүртгэл, мэдээллийн албаны ажилтан иргэн Ж.Н-д үндсэн мэдээлэл бүхий лавлагаа олгожээ.  Уг лавлагаанд: “ ... РД:, С овогт Ж-гийн Н, халх, эрэгтэй, ИҮ дугаар:, төрөл:шинэ, олгосон огноо:2001 оны 7 дугаар сарын 23, хүчинтэй хугацаа 2018 ...” гэж тэмдэглэжээ.

Мөн 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан пасспорт авах өргөдөл /ХААТР-21(Б)маягт/-д Архангай аймгийн Хангай суманд 1973 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Ж-гийн Н, РД: ... төрсний гэрчилгээ олгосон он, сар өдөр: 1973 оны 4 дүгээр сарын 20 ... 14 дугаартай ...”  гэж;

1997 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан Гэрлэснийг бүртгэх анкет /ХААТР15/-д “ ... РД: ... Ж-гийн Н ... Архангай аймгийн Хангай сум, Чандмань баг ... малчин ...  паспортын № ...” гэж ;

2001 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан Иргэний үнэмлэх авах өргөдөл /ХААТР21(А) маягт/-д “... С овогт Ж-гийн Н ... 1973 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ... Архангай аймгийн Хангай сум төрсөн ... регистрийн дугаар  ... олгосон иргэний үнэмлэхний АР /сери/,      /дугаар/ ... 2018 /хүчинтэй хугацаа/ ...” гэж  тус тус тэмдэглэгджээ.

Дээрх нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ж.Н 1973 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн,  регистрийн дугаартай байсан бөгөөд улсын бүртгэлийн байгууллагын өмнө ашиглаж байсан /Civilreg/ программд Ж.Н-д холбогдох бүртгэл мэдээлэл хадгалагдаж байсан боловч одоо ашиглаж байгаа программаас Ж.Н-тай холбоотой бүртгэл гарахгүй /өмнө ашиглаж байсан программын мэдээллийг шинэ программд бүртгээгүй/ байгаа нь улсын бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байна. 

Иймд Ж.Н-г регистрийн дугаараар улсын бүртгэлд бүртгэж, иргэний үнэмлэх олгохгүй байгаа Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Түүнчлэн хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нэхэмжлэгч Ж.Н-г иргэний шинэчилсэн бүртгэлд нөхөн бүртгэхдээ хуулиар тогтоосон шаардлагыг хангуулж бүртгэлийн ажиллагаа явуулахыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2., Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7., 16 дугаар зүйлийн 16.1., 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж.Н-г  регистрийн дугаараар улсын бүртгэлд бүртгэж, иргэний үнэмлэх олгохгүй байгаа Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ж.Н-г  регистрийн дугаараар иргэний шинэчилсэн бүртгэлд хуульд заасан журмын дагуу бүртгэж, иргэний үнэмлэх олгохыг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс/ 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Н-д олгосугай.      

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ӨЛЗИЙЖАРГАЛ