Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/329

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М-О

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ

Хохирогч Ц.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-т холбогдох эрүүгийн 2025000650080 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ц.Б-гийг 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байх “Согоот” гэх уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 1.452 м.куб мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Баян-Өндөр сум руу ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 156 816 /нэг зуун тавин зургаан мянга найман зуун арван зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-гийг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар

 

 

 

 

 

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ц.Х мэдүүлэхдээ “Ц.Б гэх иргэн мод хууль бусаар бэлтгэсэн. Гарсан хохирол нь 156 816 төгрөг болсон. Түүнийг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээний хохирлыг нэхэмжилж байгаа. Яллагдагч гэм буруугаа ойлгож ухамсарласан учраас мөрдөн байцаалтын мөрдөлтөнд гаргасан үнэлгээний дагуу хохирлоо барагдуулсан. Эд мөрийн баримтаар хураан авагдсан зүйлсүүдийг улсын яллагчын саналтай нэг байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 4-5-р хуудас/

 

         2. Хохирогч Ц.Хын “Согоот гэх уул нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрладаг. Аль ч газраас ямар ч нэр төрлийн модыг ямар ч зориулалтаар бэлтгэсэн бай төрийн эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх, тээвэрлэх зөвшөөрлийн бичиг авч байж мод бэлтгэх ёстой. Зөвшөөрөлд заасны дагуу модыг заасан хэмжээний дагуу бэлтгэж тээвэрлэх хугацааг нарийвчлан зааж өгсөн байдаг. Манай аймгийн тухайд Байгаль орчин аялал жуулчлалын газраас мод бэлтгэх эрхийн бичгийг авах ёстой юм. Шинжээчийн дүгнэлтээр иргэн Ц.Бийн тээвэрлэж явсан мод нь түлээний зориулалтаар бэлтгэсэн хуурай шинэс гэдэг мод байна. Экологи эдийн засгийн үнэлгээ гарсан учир шинжээчийн дүгнэлтэд заасан үнээр үнэлж байна. Энэ үйлдэлд миний зүгээс гарах гомдол санал байхгүй, хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-10, 155 дугаар хуудас/

3. Гэрч Б.Л-ийгийн “2020 оны 01 сарын 17-ны өдрийн орой аав Батзориг маань Булган аймгийн Сэлэнгэ сумаас өөрийн машинаар ирсэн. Тухайн үед манайх түлээний модгүй байсан учраас аав өглөө нь түлээний мод авчирна гээд машинаа асаагаад явсан. Өдөр 13 цагийн үед машиныг хашаа руу оруулж байхад цагдаа нар ирж шалгасан. Аль уул руу явж мод бэлдсэнийг мэдэхгүй, сүүлд ааваас асуухад Согоот уул руу явсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-р хуудас/

4. Гэрч Ч.Б-ын “2020 оны 01 сарын 17-ны орой хадам аав Батзориг Булган аймгийн Сэлэнгэ сумаас өөрийн машинаар ирсэн. Манайх түлээний модгүй байсан учраас маргааш нь буюу 01 сарын 18-ны өдөр хадам аав түлээ авчирна гээд машинаа асаагаад явсан. Өдөр 13 цагийн үед иртэл цагдаагийн машин хүрээд ирсэн. Мод хөрөөдсөн цахилгаан хөрөө манай хадам аавын хөрөө, аав маань түлээнд ганцаараа явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/

5. Гэрч Г.Ц-лын “51-98 ОРО улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгслийг 4 жилийн өмнө худалдаж авсан. Ноднин жил Ц.Б энэ машиныг надаас худалдаж авахаар болоод эхлээд 1 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрийг хавар ямаа самнасны дараа өгье гэж тохирсон. Би өөрөө унаж хэрэглэдэггүй учраас Ц.Бт өгсөн. Ер нь бол ноднин жилээс Ц.Б унаж хэрэглэж байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/

6. Гэрч Э.У-рын мэдүүлсэн “2020 оны 01 сарын 18-ны өдөр миний бие замын цагдаагийн тасгийн олон нийтийн цагдаа Б.Д-ренчины хамтаар Вокзалын орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 13 цагийн орчимд  ОРО улсын дугаартай Делика загварын тээврийн хэрэгсэл Вокзалын урд талын гармаар гараад урд талын гэр хороолол руу явсан юм. Тэгэхээр нь ан, гөрөө хийж яваад ирсэн хүмүүс байж магадгүй гээд шалгахаар араас нь дагаж явсаар нэг айлын хашаа руу орох үед нь очиж шалгаж үзтэл Ц.Б гэж иргэн машиндаа мод ачсан байсан. Зөвшөөрлийг нь асуутал зөвшөөрөл аваагүй гэж хэлсэн бөгөөд Согоот уулын наад хэсгээс ганцаараа явж модоо бэлдсэн гэж хэлсэн. Машинаа хашаанд оруулж байсан бөгөөд машин дотор Батзориг ганцаараа байсан. Биднийг шалгах үед хүү, бэр хоёр нь гэрээс гарч ирсэн. Машинд 15 ширхэг 1 метрээс 1.5 метрийн урттай моднууд байсан. Мөн машинд модны хөрөө байсан. Ингээд машиныг Цагдаагийн газар дээр авчирч илтгэх хуудас бичиж өгсөн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ жолоочид байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/

7. Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн №01 дугаартай “ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачсан 1,452 шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ, нийт ойн санд учруулсан хохирол 156 816 төгрөгөөр тогтоогдлоо” гэсэн дүгнэлт. /хх-ийн 19-20-р хуудас/

8. “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Delica загварын автомашин 2 500 000 төгрөг” гэсэн дүгнэлт. /хх-ийн 29-34-р хуудас/

9. “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн цахилгаан хөрөө 98000 төгрөг” гэсэн дүгнэлт. /хх-ийн 38-40-р хуудас/

10. оро улсын дугаартай MITSUBISHI DELICA загварын тээврийн хэрэгсэл нь иргэн Ш.Ц-лын нэр дээр бүртгэлтэй болно гэх Автотээврийн төвийн тодорхойлолт /хх-ийн 70-р хуудас/

11. Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоол /хх-ийн 85-87-р хуудас/

12. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 56-57/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ дүгнэлтдээ: “Ц.Б нь 2020 оны 01-р сарын 18-ны өдөр Согоот гэх нэртэй уулнаас хууль бусаар мод бэлтгэж гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэн ойн санд шууд төлөх хохирлоор буюу 156 816 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шинжээчийн дүгнэлтээр бодит хохирол 156 816 төгрөг гэж гарсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд ой санд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно гэж заасан байгаа. Байгаль орчин, аялал жйуулчлалын сайдын 2020 оны 03-р сарын 16-ны өдрийн А/176 дугаартай тушаалд мөн адил ингэж заасан байгаа. Сайдын тушаал, хуулийг хэрэгжүүлж 470 448 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч 156 816 төгрөгийг төлсөн учраас шүүгдэгчээс 313 632 төгрөгийг гаргуулах саналтай байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгуулах саналтай байна. Иймд Ц.Бийг гэм буруутайд тооцсон учраас ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал үүссэнгүй. Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал гаргаж байна. Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлсөн учраас бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэл байхгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна. Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийн тухайд 98 000 төгрөгийн үнэтэй хөрөө, 1.452 мкб модыг улсын орлого болгуулах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлого болгуулах саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Учруулсан гэм буруудаа шүүгдэгч өөрөө маргадаггүй. Анх шүүхэд энэ хэрэг шийдэгдэхдээ шүүгдэгчийг гэм буруутайд тогтоосон, мөн хохирол болох гэм хорын талаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээр энэ хэрэг дахин хэлэлцэгдэж байна. Цахилгаан хөрөө, тээврийн хэрэгслийг улсын орлого болгох тухай улсын яллагч санал хэлж байна. Уг тээврийн хэрэгсэл Ц.Б гэх хүний өмчлөлд байхгүй, өөр хүний өмчлөлд байдаг учраас улсын орлого болгох үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн 7.5.2-д Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан. Энэ гэмт хэргийн хувьд торгууль, нийтэд тустай ажил хийлгэх санкцтай. Үүнийг улсын орлого болгохгүй байх хууль зүйн үндэслэл байна. Хохирлын хувьд маргаантай байдаг. Хохирогч хэлэхдээ шинжээчийн дүгнэлтээр хохирлыг 156 816 төгрөг гэж тогтоосон. Байгаль орчны ногоон хөгжлийн сайдын тушаалын дагуу дээрх дүгнэлтийг шинжээч нар гаргасан. Нөхөн төлбөрийг хэн гаргах вэ? гэхээр байгаль орчны улсын байцаагч хохирлын хэмжээг гаргаж нэхэмжлэх эрх нь байгаа. Энэ шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтээр гараагүй хохирлыг төлөх боломжгүй. Гарсан бодит хохирол нь 156 816 төгрөг байгаа. Үүнийг бүрэн төлсөн. Гэм буруугийн шүүх хуралдаанаар Ц.Бийг гэм буруутайд тооцсон. Цахилгаан хөрөө, 1.452 мкб модыг улсын орлогод үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Ц.Бийн үйлдсэн гэмт хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-г хэрэглэж, тээврийн хэрэгслийг улсын орлого болгохгүй байх саналтай байна. Гэм буруутайд тооцоод байгаа гэмт хэргийн ангилал хөнгөн зэргийн ангилал байна” гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Хын “Шинжээчийн дүгнэлтээр иргэн Ц.Бийн тээвэрлэж явсан мод нь түлээний зориулалтаар бэлтгэсэн хуурай шинэс гэдэг мод байна. Экологи эдийн засгийн үнэлгээ гарсан учир шинжээчийн дүгнэлтэд заасан үнээр үнэлж байна. Энэ үйлдэлд миний зүгээс гарах гомдол санал байхгүй, хуульд заасны дагуу нөхөн төлбөрийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Л-дийгийн “2020 оны 01 сарын 17-ны өдрийн орой аав Б маань Булган аймгийн Сэлэнгэ сумаас өөрийн машинаар ирсэн. Тухайн үед манайх түлээний модгүй байсан учраас аав өглөө нь түлээний мод авчирна гээд машинаа асаагаад явсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Баасандуламын “2020 оны 01 сарын 17-ны орой хадам аав Батзориг Булган аймгийн Сэлэнгэ сумаас өөрийн машинаар ирсэн. Манайх түлээний модгүй байсан учраас маргааш нь буюу 01 сарын 18-ны өдөр хадам аав түлээ авчирна гээд машинаа асаагаад явсан” гэсэн мэдүүлэг, гэрч Цэцэгжаргалын “51-98 ОРО улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгслийг 4 жилийн өмнө худалдаж авсан. Ноднин жил Ц.Б энэ машиныг надаас худалдаж авахаар болоод эхлээд 1 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрийг хавар ямаа самнасны дараа өгье гэж тохирсон. Би өөрөө унаж хэрэглэдэггүй учраас Ц.Бт өгсөн. Ер нь бол ноднин жилээс Ц.Б унаж хэрэглэж байгаа” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Ууганбаярын “2020 оны 01 сарын 18-ны өдөр миний бие замын цагдаагийн тасгийн олон нийтийн цагдаа Б.Д-ренчины хамтаар Вокзалын орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 13 цагийн орчимд 51-98 ОРО улсын дугаартай Делика загварын тээврийн хэрэгсэл Вокзалын урд талын гармаар гараад урд талын гэр хороолол руу явсан юм. Тэгэхээр нь ан, гөрөө хийж яваад ирсэн хүмүүс байж магадгүй гээд шалгахаар араас нь дагаж явсаар нэг айлын хашаа руу орох үед нь очиж шалгаж үзтэл Ц.Б гэж иргэн машиндаа мод ачсан байсан” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн №01 дугаартай дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт, Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлт, оро улсын дугаартай MITSUBISHI DELICA загварын тээврийн хэрэгсэл нь иргэн Ш.Цэцэгжаргалын нэр дээр бүртгэлтэй болно гэх Автотээврийн төвийн тодорхойлолт, эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоол, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Согоот” гэх уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 1.452 м.куб мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Баян-Өндөр сум руу ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 156 816 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бийг  яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ойн санд 156 816 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Ойн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч хохирлыг 3 нугалж буюу 470 448 төгрөгийг төлж, хохирол бүрэн төлөгдсөн байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирол төлсөн зэргийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хөрөө, 1452 м.куб шинэс модыг улсын орлого болгож, битүүмжилсэн ОРО дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Хангай овогт Ц-жийн Б-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, Орхон аймгийн Цагдаагийн газарт хадгалагдаж буй 1,452 м куб хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн иргэн Ш.Ц-лын өмчлөлийн ОРО  улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон чөлөөлж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.АЛТАНГАДАС