Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 845

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                          

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ........... регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Пийс таур барилгын 7 давхарт байрлах “В. ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монгол улсын иргэн .................. регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 127/5 байр 41 тоотод оршин суух ..................... холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 28.531.870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О., хариуцагч *******, түүний өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                   

Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч ******* нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Вишнфанд ББСБ” ХХК-ийн Улаанбаатар-2 салбараас 10221089 тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 11 сарын 15-наас хойш зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй. Иймд үндсэн зээлийн төлбөр 27.430.400 төгрөг, зээлийн хүү нь 1.089.970 төгрөг, нотариатын хөлс 11.500 төгрөг, нийт 28.531.870 төгрөгийг төлөхөөр байна. Иймд зээлийн гэрээний 5.1.3 дах хэсгийг үндэслэн, зээлийн гэрээг цуцалж байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Барьцаа хөрөнгө нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй, гэрээ байгуулах үеийн хашаа байшингийн үнэ одоо буурчихсан байгаа гэв.

 

Хариуцагч ******* болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Вишнфанд ББСБ” ХХК-иас 30.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Гэвч н.Батбаяр гэгч *******тэй хамт амьдарч байсан, хүүхдийнх нь эцэг гэх хүн байдаг. Батбаяр нь тодорхой эрхэлсэн ажилгүй, ******* нь Япон хэлний сургалт ажиллуулдаг. Батбаяр нь “бизнес эрхлэх гэж байна, надад туслалцаа хэрэгтэй байна” гэж хэлээд *******тэй хамт амьдарч байх хугацаандаа банк бус санхүүгийн байгууллагыг олж, өөрөө банк бус санхүүгийн байгууллагатай тохиролцож, *******ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, зээл авч өгөхийг гуйж, зээл авахуулсан байдаг. ******* нь хамт амьдарч байсан учраас Батбаярт итгээд өөрийн нэр дээр зээл авч өгсөн. ******* нь зээлийн талаар мэдлэг мэдээлэл бага байсан учраас гарын үсэг зурсан. Гэхдээ зээл авсан гэдгээ ойлгож байсан. Зээлж авсан мөнгөнөөс ******* нэг ч төгрөг ашиглаагүй. Батбаяр нь 2016 оны 7 дугаар сарын эхээр зээлсэн мөнгөө авч Япон улс руу адууны өөх экспортлох бизнес эрхлэх гэж байна гэж хэлсэн юм. Үүнтэй холбоотой нотлох баримтуудаа банк бус санхүүгийн байгууллагад гаргаж өгсөн байдаг. Одоог хүртэл мөнгөө авчихаад алга болчихсон. Энэ хугацаанд хэд хэдэн удаа холбогдсон боловч Батбаяр нь “би төлнө” гэх тайлбарыг өгдөг хэрнээ өдийг хүртэл төлөөгүй, Саранчимэгийн итгэлийг эвдэж, залилан мэхлэсэн байна. Энэ талаар эрүүгийн журмаар Батбаярт хэрэг үүсгэсэн боловч хүлээлт үүссэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч шүүхэд хандсан байсан. ******* уг зээлийг өөрөө захиран зарцуулаагүй учраас ямар тайлбар гаргахаа мэдэхгүй байсаар өдийг хүрсэн. Батбаярыг хүрээд ирэх байх, мөн зээлийн эргэн төлөлтийг төлөхгүй бол дахин зээл авахад хар дансанд орж, бүтэхгүй болох байх гэж бодсны үндсэн дээр 11 сар хүртэл зээлийн эргэн төлөлтийг төлсөн. Зээлийн хугацаа дуусаагүй, н.Батбаяртай “Вишнфанд ББСБ”-аас одоог хүртэл холбогддог. “Вишнфанд ББСБ”-аас уг зээлийг Батбаярыг авсан гэдгийг мэддэг. *******ийг “Вишнфанд ББСБ”-аас гэрт болон ажил дээр нь очиж, цагдаа дагуулан ирж дарамт үзүүлэн, сэтгэл санааны хохирлыг удаа дараа учруулж, нэр хүндэд нь халдаж байсан. Сүүлд нь ******* аргаа барж, барьцаанд тавьсан эд хөрөнгө болох зуслангийн хашаа, байшинг өгье гэж шийдсэн. Уг байшин нь Бэлхэд байрладаг, төв зам, худаг усандаа ойр, 2 давхар, нийт 7 өрөө, дээр давхарт 4 өрөө, доод давхарт 3 өрөө, 1 давхарын халаалт болон дулааныг шийдсэн, граштай байшин юм. Мөн “Вишнфанд ББСБ”-аас зээлдэгчдэд барьцаа хөрөнгийн нийт үнэлгээний 60 хувьд тэнцэх зээл олгодог. Иймд ******* нь илүү мөнгө өгч чадахгүй, зээлийн бүх төлөх дүндээ барьцаа хөрөнгөө өгч асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Барьцаа хөрөнгийн гэрээний 2 дахь хэсэгт барьцаа хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулна, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж заасан байдаг.  Иймд шүүхийн шийдвэрт зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг тусгаж өгөхийг хүсэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/10221089 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 27.430.400 төгрөг, зээлийн хүү 1.089.970 төгрөг, нотариатын хөлс 11.500 төгрөг нийт 28.531.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгөөр үүргийг хангуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж маргаж байна.

Хариуцагч ******* нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Вишнфанд ББСБ” ХХК-тай ЗГ/10221089 тоот зээлийн гэрээ, БГ/10221089 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 30.000.000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо бэлхийн даваат 1 дүгээр хэсэг 188 тоот үл хөдлөх эд хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо цээнэд байрлах 700 м.кв газрыг тус тус барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 7-13 дугаар тал/

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулж, гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Гэрээний дагуу нэхэмжлэгч 30.000.000 төгрөгийг хүлээн авсан, 7.400.000 төгрөгийг буцаан төлөлт хийсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийг буцаан төлөх үүргээ зөрчсөн тул талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.3-т заасныг үндэслэн гэрээг цуцлана гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байх бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэхүү татгалзал нь гэрээ болон холбогдох хуулийн зохицуулалтад нийцсэн байх шаардлагатай.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 5.1.3-т зааснаар “зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлөлгүй 2 сараас илүү хугацаагаар хэтрүүлсэн” бол зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсонд тооцон, зээлдүүлэгч гэрээнээс татгалзан нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн нийт төлбөрийг нэн даруй төлөхийг зээлдэгчээс шаардана гэж тохиролцжээ.

Хэрэгт авагдсан зээлийн төлбөрийн хуваариар хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.480.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч уг үүргийг 12 хоногоор хэтрүүлж гүйцэтгэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөх үүргийг биелүүлээгүй талаар талууд маргахгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1.3-т зааснаар зээлдэгч нь үүргийг 2 сараас илүү хугацаагаар хэтрүүлсэн гэж үзэн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл талуудын тохиролцоо нь үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй 2 сар буюу түүнээс илүү хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд нэг талын санаачлагаар гэрээг цуцлах эрхтэй байхаар тохиролцсон агуулгаар тодорхойлогдохоор байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т “үүргийг ялимгүй зөрчсөн” бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан хуулийн зохицуулалтын агуулгаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлөх 1.480.000 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн хэдий ч гэрээний үүргээ зохих хэмжээгээр биелүүлсэн, мөн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөх 1.480.000 төгрөгийг үүргийг хугацаандаа биелүүлээгүй нь үүргийн зөрчил мөн боловч хариуцагч үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч үүргээ биелүүлэхийг шаардаж байсан гэж тайлбарлаж байх боловч хугацаа хэтрүүлсэн талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т заасан журмын дагуу хариуцагчид үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

            Иймд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/10221089 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 27.430.400 төгрөг, зээлийн хүү 1.089.970 төгрөг, нотариатын хөлс 11.500 төгрөг нийт 28.531.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан маргааныг хянан шийдвэрлэсэн энэхүү шүүхийн шийдвэр нь дурдсан хугацаанаас хойш талуудын хэн аль нь гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд мэдүүлэхэд саад болохгүй болохыг дурдав.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

   

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасныг тус тус баримтлан 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч *******ээс 28.531.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300.610 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.ЭНХЖАРГАЛ