Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/326

 

 

 

 

 

2021          05         17                                     2021/ШЦТ/326

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч А.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бд холбогдох эрүүгийн 2109000000551 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, каманд штабын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хотхоны 39 байр 41 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхоны 39-41 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Зуслангийн байранд шалтгаангүйгээр Т.Ариунзаяагийн толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “Баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2109000000551 дугаартай хэргээс:

 

Хохирогч Т.Ариунзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн үед манай найз Бааска над руу “Билгээгийн зуслан руу явах уу” гэсэн мессеж бичсэн. Би “тэгье” гэж хариу бичээд 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Билгээгийн зуслангийн байшин руу би найз Бааскагийн хамт очсон. Билгээ эхнэр хүүхэдтэйгээ, Батка нар байсан. Бид 5 хоол унд хийж идээд нэг шил 0,75 литрийн Эдэн хувааж уусан. Билгээгийн эхнэр Амраа бид 3 юм яриад сууж байтал Батка гэнэт уурлаад урд байсан ширээг хөмрөөд, намайг өшиглөөд унагаасан. Тэгээд араас нь би Батка дээр дахиад очтол Батка миний цээж рүү дахиад нэг өшиглөөд унагаасан. Батка миний нүүрний баруун нүд, баруун шанаа руу нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Дараа нь би Батка, Амараа нарын араас очиход Батка миний цээжин хэсэг рүү дахин нэг удаа хөлөөрөө жийж өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үдээс хойш найз Билгээгийн гэрт очиход Билгээ эхнэр Амараагийн хамт байсан. Бид гурав хоол унд хийж идээд байж байхад 18 цагийн үед араас Баасансүрэн, Ариунзаяа хоёр ирээд бид тав 0,75 литрийн эдэн 2 ширхгийг хувааж уусан. Ариунзаяа миний толгой руу чичээд намайг хэл амаар доромжлоод байсан. Би эхэлж ширээ цохиод уур гарахгүй болохоор нь Ариунзаяаг түлхсэн. Ариунзаяа цаад талд нь байсан хананы булан очиж мөргөсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

Гэрч М.Баасансүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Ариунзаяа нь Батмөнхийн толгой руу хуруугаараа чичлээд байж байсан. Батмөнх уурлаад ширээ цохиод сууж байгаад ахиж уурлаад ширээ хөмрөөд хаясан. Би Батмөнхийг бол хойш нь суулгаад байж байхад Батмөнх нь Ариунзаяаг түлхсэн. Ариунзаяа нь арк хэсгийг баруун талын нүдний хажуу талаараа очиж мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

           

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3057 дугаартай дүгнэлт:

1. Т.Ариунзаяагийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

           2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

            3. Дээр гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

            4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэжээ /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

            “Сорт чоно” ХХК, “Натур эмнэлэг” компьютерт томографийн оношилгоо /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч А.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Зуслангийн байранд шалтгаангүйгээр Т.Ариунзаяагийн толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “Баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Ариунзаяагийн мэдүүлэг, гэрч М.Баасансүрэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3057 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч А.Б нь хохирогч Т.Ариунзаяагийн биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч А.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Тодруулбал А.Б нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Т.Ариунзаяагийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн /хохирогчоос гомдол саналгүй талаар илэрхийлсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч А.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Т.Ариунзаяагаас “...хохирлыг барагдуулсан тул цаашид ямар нэг гомдол, санал байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 42 дугаар хуудас/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бөд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН