Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/325

 

 

 

 

 

 

 

 

 

2021        05        17                                  2020/ШЦТ/325

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч Х.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Мд холбогдох эрүүгийн 2109004060546 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 05 дугаар сарын 10-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар дүүргийн Тамгын газарт үйлчлэгч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 6 дугаар гудамж 230 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-р гудамж, 1230б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Х.М нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Я.Мөнгөнцэцэгийн эзэмшлийн ай фоне 10 маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2109004060546 дугаартай хэргээс:

 

Хохирогч Я.Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийн данснаас бэлэн мөнгө авах гэж Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын Хаан банкны салбар руу ороод хамгийн зүүн талын АТМ дээр очоод картаа хийгээд 5.000.000 төгрөгийн гүйлгээ 2 удаа хийгээд 3 дахь удаагаа картаа дахин хийгээд 5.000.000 төгрөгийг авах гэсэн боловч болохгүй байсан учир цүнхний дотор талаас өөрийн Айфоне-10 маркийн гар утсыг гаргаж ирээд зарлагын гүйлгээ болон дансны үлдэгдлээ шалгаад АТМ-ны тавцан дээр гар утсаа тавьсан байсан. Тэгээд АТМ-аас мөнгө гарч ирэхгүй болохоор нь карт болон цүнхээ аваад гар утсаа мартаад явсан байсан. Би гар утсаа мартсан талаараа мэдээд АТМ руу очсон боловч миний гар утас байхгүй байсан ба жижүүрт хэлсэн чинь таны ар талын үйлчлүүлэгч таны гар утсыг авсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Х.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...АТМ-ны тавцан дээр нэг хөх өнгийн хавтастай гар утас байсан. Тэгэхээр нь тухайн гар утсыг аваад гартаа бариад нөгөө АТМ дээр очоод картаа уншуулаад гүйлгээ хийгээд гарсан. Намайг гүйлгээ хийх хооронд тухайн гар утсыг хүн асууж орж ирээгүй болохоор аваад явчихсан юм. Тэгээд би АТМ-с гараад дэлгүүр ороод явж байтал нөгөө миний олсон гар утас руу хүн залгаад байсан. Тэгэхээр нь би тэр дуудлагыг аваагүй, салгасан. Тэр гар утсыг хадгалж байгаад олсноосоо бараг 10 хоногийн дараа мөнгөний хэрэг гарахаар нь Хүчит шонхор зах дээр аваачаад тэнд явж байсан танихгүй эрэгтэй хүнд нөгөө гар утсаа үзүүлээд 200.000 төгрөгөөр зарчихсан юм. Өөрийнхөө үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Дунрэгзэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би Хаан банкны 5065340093 дугаарын данс эзэмшдэг ба надад 2 карт байдаг бөгөөд нөгөө картыг манай бэр Х.М нь ашигладаг юм. Мөнхцацрал нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний Хаан банкны картаар 45.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийх үедээ гар утас олсон гэсэн. Тэр гар утсаа мөнгөний хэрэг болоод 200.000 төгрөгөөр хүнд зарсан гэж хэлж байсан. Би өөрийн бэр Мөнгөнцацралын 99553837 дугаарын утас руу залгаж хэлсэн чинь Мөнхцацрал гар утсыг нь зарчихсан. Зарчихсан хүнээ танихгүй. Хэдэн төгрөгийн хохирол учирсан юм бол, хохирол мөнгийг төлж барагдуулах хүсэлтэй байна гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Дүрс бичлэгийг тоглуулахад 2 ширхэг АТМ харагдаж байх ба зүүн талын АТМ дээр хар өнгийн пальто өмссөн, хар оруулгатай улаан цүнхтэй эмэгтэй /гомдол гаргагч Я.Мөнгөнцэцэг/ нь ирээд АТМ руу картаа хийгээд бэлэн мөнгө авч байгаад 03 цаг 27 минутад цүнхнээсээ хар саарал өнгийн хавтастай, Ай фоне маркийн гар утас гаргаж ирээд оролдож байгаад АТМ-ны тавцан дээр тавиад дахин АТМ-аас бэлэн мөнгө авч уутанд хийгээд картаа дахин АТМ руу хийж уншуулаад юм шалгаж байгаад картаа болон цүнхээ аваад гар утсаа үлдээгээд 05 минут 8 секундэд явж байгаа харагдаж байна. Түүний дараа 05 минут 32  секундэд улбар шар үстэй, хар өнгийн куртиктэй /Мөнхцацрал/, эмэгтэй зүүн талын АТМ дээр ирээд АТМ-ны тавцан дээр байсан хар саарал өнгийн хавтастай, Айфоне маркийн гар утасны дэлгэцийг нээж үзэж байгаад зүүн гартаа бариад баруун гараараа АТМ руу картаа хийгээд гүйлгээ хийж мөнгө аваад дахин өөр карт хийж байгаа дүрс бичлэг харагдаж байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь I phone X маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Х.Мын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Х.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.М нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 хорооллын Хаан банкны АТМ-ны тавцан дээр байсан хохирогч Я.Мөнгөнцэцэгийн эзэмшлийн “Ай фоне 10” маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 960.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Я.Мөнгөнцэцэгийн мэдүүлэг, гэрч Б.Дунрэгзэнгийн мэдүүлэг, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.М нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр авч, хувьдаа завшсан болох нь нотлогдсон байх ба түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Х.Мыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Мөнхцэцэгээс “...Хохиролд 960.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 49/ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Х.Мыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо буцаан  төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                   ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х.Мыг гээгдэл эд хөрөнгө болох мөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

5. Шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН