Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/327

 

 

 

 

 

2021         05         17                                   2021/ШЦТ/327

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч С.Болорзул,

            Шүүгдэгч П.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Дд холбогдох эрүүгийн 2109003560493 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Аз Транс” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, 4 охины хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 хороолол 111 байр 49 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 220К-ийн 9а байр 504 тоотод оршин суух, урьд:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч П.Д нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 220К байрны А блокийн 304 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ч.Бат-Эрдэнийг зодож биед нь өвчүүний бүдэрхий буулганы сэтэрхий хугарал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, цээж, баруун бугалганд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2109003560493 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ч.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 03 дугаар сарын 27-ны орой хамтран амьдрагчтайгаа маргалдсан. Цагийг нь санахгүй байна. Тухайн байрны том өрөөнд миний нүүр рүү гараа атгаж байгаад цохиод унагаасан. Тэгээд газар унасан чинь миний толгой дээр хөлөө тавиад намайг хөдөлгөхгүй байсан. Босох гэсэн чинь миний толгой хэсэг болон цээж рүү дэвсэж эхэлсэн. Тэгсэн чинь би манараад аймар өвдсөн. Дахиад босох гэсэн чинь намайг үсдэж дараад дахиад дэвсэж эхэлсэн. Би “утсаараа бичлэг хийж байна шүү” гэж хэлсэн. Тухайн үед манай 9 настай хүү хажууд байсан болохоор “гар утсаа ээждээ өгчих ээж нь цагдаа дуудлаа” гэж хэлсэн чинь бас булаагаад авсан. Тухайн үед манай нөхөр нэлээн галзуурсан байсан. “Чамайг алаад өгье” гээд байсан. Гэрт зүүн талаас шанаадаад унагаасан. Дээрээс нь цээж толгой руу дэвссэн, би босох гэсэн чинь хөлөөрөө толгой дээр дараад байсан. Би арай гэж босоод гараад зугтаасан чинь лифтэнд ортол араас орж ирээд толгой руу гараа зангидаж байгаад цохисон. Би унасан чинь дээрээс хөлөөрөө дэвсээд байсан. Хажууд 9 настай хүү Баясгалан байсан, хүү хараад ааваа та болиоч ээ, ээжийг аллаа гээд уйлаад байсан. Тэгээд би гараад хамгаалалтын ажилтны утсаар дүү Батсайханд хэлээд, дүү охин Тэргэл рүү яриад охин цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-8, 11-12 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч П.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Манай хамтран амьдрагч Бат-Эрдэнэ уурлаад намайг элдэв үгээр хэлээд хараасан. “Би явлаа чиний хүүхэд миний хүүхэд биш” гээд байсан.... Намайг баахан харааж байгаад хүүхдээ дагуулаад гараад явсан. Би уурлаад араас нь гараад цахилгаан шатан дотор гараа далайсан чинь тэр хүн суухаар нь би толгой хэсэгт нь 2-3 удаа хөлөөрөө жийсэн. Тэвчээр алдаад ийм асуудал гаргасан. Би өөрийгөө барьж дийлээгүй тэвчээр алдагдаад ийм асуудал гаргасандаа гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Тэргэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн үед төрсөн ээж Бат-Эрдэнэ утсаар залгаад “нөхөр Дэлгэржав, намайг зодоод байна, ээжийгээ ирээд авчих” гэсэн Манай гэрт дүү Тэмүүлэн байсан тул ээж рүү явуулсан...” гэсэн мэдүүлэг зөрчлийн хэрэгт /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Цэлмэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед Бат-Эрдэнэ эгч гаднаас орж ирсэн. Би зөрж гараад аавын ажил дээр очсон. 19 цаг өнгөрөөгөөд ажлаа дуусгаад аав гэр рүүгээ явсан. 20 цагийн үед би гэртээ очсон чинь байрны гадаа Бат-Эрдэнэ эгч нэг шилтэй дарс шилээр нь уугаад зогсож байсан.  10 алхамын цаана дүү Баясгалан зогсож байсан. Би дүү дээр очоод “та хоёр гадаа юу хийж байгаа юм орох юм уу” гэсэн чинь “аав, ээж хоёр муудалцаад” гэсэн....” гэсэн мэдүүлэг зөрчлийн хэрэгт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Долгион мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...20 цагийн үед гэрийн гадаа ирээд байрны гадаа зогсоолд машинаа байрлуулж байхад Бат-Эрдэнэ эгч орцны үүдэнд ногоон шилтэй пиво амсраар нь уугаад зогсож байсан. Бага дүү Баясгалан Бат-Эрдэнэ эгчийн ойролцоо ийш тийшээ алхаад байж байсан. Би хараад байж байтал Бат-Эрдэнэ эгчийн улаан ягаан үстэй охин 4 залуугийн хамт цайвар өнгийн приус маркийн машинтай хүрээд ирсэн... Тэгж байтал цагдаагийн машин ирсэн. Цагдаа, Бат-Эрдэнэ эгч, Баясаа нар орц руу орсон...” гэсэн мэдүүлэг зөрчлийн хэрэгт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2663 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ч.Бат-Эрдэнийн биед өвчүүний бүдэрхий буулганы сэтэрхий хугарал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, цээж, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч П.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, “Аз транс” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 46 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.Д нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 220К байрны А блокийн 304 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ч.Бат-Эрдэнэтэй зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд “өвчүүний бүдэрхий буулганы сэтэрхий хугарал, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, цээж, баруун бугалгад цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Бат-Эрдэнийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2663 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

П.Д нь хохирогч Ч.Бат-Эрдэнийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч П.Дын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Тодруулбал П.Д нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас Ч.Бат-Эрдэнийн биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч П.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Бат-Эрдэнээс “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлтээ /хх-ийн 48 дугаар хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч П.Дыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд П.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

                                                                                                         

1. Шүүгдэгч П.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН