Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/333

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эд холбогдох эрүүгийн 2025000000373 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч А.Э нь согтуурсан үедээ, 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн нутаг дэвсгэрт болон гэртээ Д.Н-эгийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Д.Н “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Нийн “2020 оны 09 дугаар сарын 05-ны өглөө 04 цагийн үед манай нөхөр шууд намайг 2-3 удаа нүүрэн тус газар алгадаад, үснээс зулгаасан. Тэгэхээр нь би шууд машинаас буугаад хажуу талын хөрш айлын хашаанд дотор орж нуугдсан. Хэсэг хугацааны дараа манай нөхөр намайг олоод Чи яасан их хүнээс нуугддаг юм гээд миний цамцнаас зулгааж байгаад нүүрлүү дахиад алгадахаар нь би айсан даа хөрш эгчрүү туслаарай гээд орилсон чинь хөрш айлын эгч гарч ирээд Юу болоод байна гэхэд манай нөхөр юу ч болоогүй гэж хэлсэн. Хөрш айлын эгч манай нөхрийг гэрлүү нь оруулчихаад намайг гэрлүүгээ аваад орсон. Нөхөр маань унтсан байх гэж бодоод гэртээ иртэл намайг элдэв янзаар хэлж байснаа босч ирээд толгойруу гараараа нэлээн олон удаа цохиж байснаа болиод унтаад өгсөн” гэсэн мэдүүлзг /хх-ийн 9-10-р хуудас/

 

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 664 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “...Д.Нийн биед 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, зүүн шанаа, дух, баруун мөрөнд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зөөлөн эдийн цус хуралтууд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...”гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/

 

3. Гэрч Г.Э-лын “Тухайн үед би гэрт нь байгаагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Урьд нэг эхнэрээ цохиж зодож байсан. А.Э архи согтууруулах ундааны зүйл нээх их хэрэглэдэггүй. Түргэн зан ааштай эхнэрээ харддаг гэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хүн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

 

4. Гэрч Н.Т-гын “Тухайн үед би гэрт нь байгаагүй болохоор юу болсон талаар мэдэхгүй байна. Эхнэрээ зодож цохиж байхыг нь харж байгаагүй. Архи ууж байхыг нь харж байгаагүй. А.Э даруухан эхнэр хүүхэддээ халамжтай амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй залуу” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Энхтайван дүгнэлтдээ “     ” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Нийн “2020 оны 09 дугаар сарын 05-ны өглөө 04 цагийн үед манай нөхөр шууд намайг 2-3 удаа нүүрэн тус газар алгадаад, үснээс зулгаасан. Тэгэхээр нь би шууд машинаас буугаад хажуу талын хөрш айлын хашаанд дотор орж нуугдсан. Хэсэг хугацааны дараа манай нөхөр намайг олоод Чи яасан их хүнээс нуугддаг юм гээд миний цамцнаас зулгааж байгаад нүүрлүү дахиад алгадахаар нь би айсан даа хөрш эгчрүү туслаарай гээд орилсон чинь хөрш айлын эгч гарч ирээд Юу болоод байна гэхэд манай нөхөр юу ч болоогүй гэж хэлсэн. Хөрш айлын эгч манай нөхрийг гэрлүү нь оруулчихаад намайг гэрлүүгээ аваад орсон. Нөхөр маань унтсан байх гэж бодоод гэртээ иртэл намайг элдэв янзаар хэлж байснаа босч ирээд толгойруу гараараа нэлээн олон удаа цохиж байснаа болиод унтаад өгсөн” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Эл, Н.Т нарын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 664 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.Э нь согтуурсан үедээ, 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн нутаг дэвсгэрт болон гэртээ Д.Нандинцзцэгийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч А.Э-лгын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Э-гыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Намид овгийн А-гийн Э-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-гыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550 000  /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан 550 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 110 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС