Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 101/2017/00857/и |
Дугаар | 1309 |
Огноо | 2017-06-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 1309
МАГАДЛАЛ
2017.06.05 Дугаар 1309 Улаанбаатар хот
Д.Уламбаяр, Ц.Эрдэнэбүрэн нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00857 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Д.Уламбаяр, Ц.Эрдэнэбүрэн нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ц.Борд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 42 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгч нарын гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Наранбулаг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Д.Уламбаяр, Ц.Эрдэнэбүрэн, Ц.Бор нар ажил ярилцаад Ц.Бор нь Д.Уламбаяр, Ц.Эрдэнэбүрэн нараас 28 000 000 төгрөг авсан. Тэгээд дараа нь боломжгүй болчихлоо, хүлээгээч, төлнө гэсэн байна. Ц.Бор нь 28 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр авсан бөгөөд олдохгүй алга болсон. Ц.Бор нь зээлийн гэрээ байгуулан, хугацаандаа төлье гэж тохиролцоод зээлийн гэрээ байгуулсан. Буцааж төлнө гэдгийг талууд тохиролцсон. Түүнээс биш нэг гэрээг нэг гэрээгээр халхавчилсан зүйл байхгүй. Талууд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй учраас зээлийн гэрээг байгуулсан гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 1 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгсөн. 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Д.Уламбаяртай зээлийн гэрээ байгуулж 28 000 000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 1 жил 10 сарын хугацаатай хүүгүй авсан юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас тус авсан мөнгийг төлөх боломжгүй байсан ба төлөх болно. Тиймээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 28 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги болох 14 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөнгийг зээлж аваагүй, ажил хэрэг яриад, ажил бүтээхээр мөнгийг авсан. Харин зээлийн гэрээг сүүлд хийсэн гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Ц.Бороос 26 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уламбаяр, Ц.Эрдэнэбүрэн нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бороос улсын тэмдэгтийн хураамжид 290 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Уламбаяр, Ц.Эрдэнэбүрэн нарт олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 4 дүгээр цахилгаан станцын тэнд газар авч хашаа хатгах гэсэн юм удахгүй мөнгө ороод ирэхээр өгчихнө гээд зээлж авсан. Ингээд сүүлдээ та хоёр 4 дүгээр цахилгаан станцын тэнд газар авахгүй юм уу би гэрчилгээ гаргаж өгч чадна гэсэн. Тэгээд яахав газар бүтвэл болохгүй юм байхгүй, газар авч болно гэсэн. Ингээд газар бүтэх гэж байна удахгүй бүтнэ гэсээр 2015 оны 09 дүгээр сарын 30 хүрсэн. Энэ хугацаанд заримдаа утасаа авахгүй зугтаах болсон. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэхэд төлнө гэхэд найз нөхөд байсан учир зөвшөөрөөд нотариатаар гэрчлүүлж гэрээ баталгаажуулсан. Бидний гэрээг нотариат уншиж танилцуулаад эрх үүргийг нь хэлээд , зээлээ хугацаандаа төлөхгүй бол алданги төлнө гэсэн байна зөвшөөрч байна уу гэж гэрээг тайлбарлаж өгөөд баталсан. Бас зээлсэн зээлийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлсэн тэгэхээр энэ өдрөөрөө бичиж болох уу гэж бид нар асуухад тэр өдрөөрөө бичих ёстой гэж гэрээндээ бичиж энэ гэрээг нотариат гэрч болоод баталсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй боловч давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.
Нэхэмжлэгч Д.Уламбаяр, Ц.Эрдэнэбүрэн нар нь хариуцагч Ц.Борд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, алданги 14 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд үндэслэсэн ба энэ гэрээгээр хариуцагч Ц.Бор нь 28 000 000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаагаар хүүгүй зээлж, зээлсэн мөнгийг тохирсон хугацааны эцэст төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна.
Зээлийн гэрээний зүйл болох 28 000 000 төгрөгийг хариуцагчид 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн талаар зохигчид маргаагүй.
Учир нь 28 000 000 төгрөгийг хариуцагч өөр хэлцлийн дагуу төлөх үүрэгтэй байсныг талууд тохиролцон зээлийн үүргээр сольсон гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар өмнөх гэрээний харилцаа дуусгавар болж, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа болон, үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол анз тооцохоор тохиролцон гэрээ байгуулсан нь хуульд харшлахгүй юм.
Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч нар шаардах эрхтэй.
Түүнчлэн хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хувь хэмжээгээр анз төлөх үүрэг хариуцагчид үүссэн гэж үзнэ.
Талууд анзын талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй байна.
Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд дүгнэж, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах боломжтой.
Тухайлбал, хариуцагчийн төлсөн 1 500 000 төгрөгийг үндсэн зээлийн дүнгээс хасч, 26 500 000 төгрөг, алданги 13 250 000 төгрөг, бүгд 39 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/00857 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Бороос 39 750 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Уламбаяр, Ц.Эрдэнэбүрэн нарт олгож, нэхэмжлэлээс 2 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...290 450...” гэснийг “356 700” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 235 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
М.НАРАНЦЭЦЭГ